343
Нацагийн Багабанди ТИТЭМ ҮГ Эх сурвалж: Үндэсний Торрент Трекер Р2Р.МN [2007/03/01 - 2009/12/13]

титэм үг цуврал 1

Embed Size (px)

Citation preview

Нацагийн Багабанди

ТИТЭМ ҮГ

Эх сурвалж: Үндэсний Торрент Трекер Р2Р.МN

[2007/03/01 - 2009/12/13]

1. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ 2. Сайн төрийн толгойд хууль ноѐрхож байг 3. Өөрийгөө ялах нь 4. Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал 5. Хэмнэж, гамная 6. Өөртэйгөө ажиллах нь 7. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна 8. Сайнд хүрэхийн тулд муугаа хая 9. Гурван тахалаас хол байя 10. Сайн хүн 11. Мөс сайтын мөр цагаан 12. Хүн чанар 13. Номтой нөхөрлөе 14. Хүн сайтыг олж нөхөрлө 15. Сэтгэл ариун бол үйлс ариун 16. Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй 17. Үгний алдаанаас үргэлж хол яв 18. Тусыг тусаар 19. Ид хаваа гайхуулсан жил болоосой 20. Аз жаргалыг алсад хайх хэрэггүй 21. Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй 22. Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэе 23. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун 24. Чин сэтгэлээсээ талархаж суръя 25. Өөрийгөө хүндэтгэ 26. Эрхэлсэн ажилдаа эзэн бол 27. Итгэл 28. Бага боддог хүн их алддаг 29. Эр зориг

30. Эвлэвэл бүтнэ 31. Үнэн юм үнэнээрээ сайхан 32. Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго 33. Мэдлэг бол хүч 34. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн 35. Буурлын буян дундаршгүй 36. Бэрхийг давж амьдар 37. Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй 38. Сайн араншин 39. Цаг үетэйгээ хөл нийлүүлье 40. Өөртөө итгэ 41. Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн аз жаргалтай 42. Цаг заваа дэмий юманд бүү үр43. Өөрийн замаа өөрөө бүтээ 44. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг

хүнээс болгоомжил 45. Бусдыг аялдан дагалдагч салбадай

болох хэрэггүй 46. Оролдлого сайт оройд нь гарна 47. Сайн эхнэр амьдралын аврал 48. Нөхрөө харж биеэ зас 49. Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн

тэмүүл 50. Эх орноо хайрлая 51. Муу, муухайгаас салъя 52. Шунахай зан бол бүх муу муухайн

үндэс 53. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй,

галыг тосоор унтраадаггүй

54. Хүмүүжил хүнийг бүтээдэг 55. Урагшлах хүний санах сэдэх нь их 56. Хүний замаар хурдалж явснаас

өөрийн замаар гэлдэрч яв 57. Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана 58. Жаргах цагт ч нөхрийн чанар

танигдана 59. Хэлэх үгийг эзэнд нь

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ

2007 оны 03 сарын 01

Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. "Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал" гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. "Биеэ мэдэж, бяраа таних"-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ.

Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний

амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг. "Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа" гэж амжилтын оройд цойлсон эрхэмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий.

Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.

"Эрдэнэсийн арал", "Хар сум" зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны "Би зовлон зүдүүр нөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар ч нөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна" гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж, бэрхшээлийг сөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай. Суу билэгт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг. "Зоригловол бүтнэ" гэх үг тэдний сэтгэлийн мөнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч "Эр чадал, илд эзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч, бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ" хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэл хадгалагджээ. "Агуу их хатан зориг гэдэг бол агуу их

нинжин сэтгэл мөн" гэж америкийн яруу найрагч Г.Лонгфелло шүлэглэсэн.

Бүтээлч хүнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хөмрөг нь далай мэт баялагаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгүй ээ. Суу билэгт Шекспир "Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ" гэж сургасны учир ийм ажээ.

Зүрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм бүтээх гэж хүсэж мөрөөдөж яваа эрмэлзэл тэмүүлэлд чинь чөдөр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа үйлийг хийхдээ мохошгүй туйлбартай, няцашгүй хатан зоригтой байж, ухааны чадлаа дүүрэн ашиглахыг хичээцгээ.

Манай залууст би чадах болов уу, дийлэх болов уу, бүтэх болов уу гэсэн болгоомжлол түгээмэл. Шийдэмгий зоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хүлээс нь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосоо няцах, чадвараа мохооход хүргэнэ. Болгоомжлох нь нэг талдаа сэтгэлгээний залхуурал мөн. Болгоомжлол гэдэг нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийн архаг хомсдол гэж үздэг хүмүүс байдаг. Болгоомжлол нь яв явсаар хүнийг зориггүй, туйлбаргүй болгох нь бий. Гэхдээ болгоомжлох нь бүхэлдээ муу зүйл биш ээ. Эрүүл саруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтой хольж хутгаж, ад үзэж болохгүй. Эрүүл болгоомжлол нь ямар нэг шийдвэр гаргахдаа юмс үзэгдлийн наад

цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомж эргэлзээ нь нинжин сэтгэл, зөн билэг, зөв мэдрэмжээс эх сурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээс сэрэмж сургамж болдог учир эрүүл болгоомж ач тустай. Эрүүл болгоомжтой хүнийг хашир егзөр хүн гэж хүндлэн үгийг нь сонсож, зөвлөгөөг дагадаг нь монголчуудад эртнээс уламжлагдаж ирсэн хэв ѐсны нэг мөн билээ. Залуучууд Та нар элдэв шийдвэр гаргахдаа эрүүл болгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэг болгоомжийг таягдан хаяж, зориг золбоотой хичээнгүйлэн шамд. Эмгэг болгоомжлол даамжирвал айдас хүйдэс рүү хөтөлнө. Өөртөө итгэлгүй хүн л аймхай хулчгар байдаг. "Алив муу чанарын дотроос адгийнх нь айж хулчийх явдал мөн". Хийвэл бүү ай гэдэг. Аймхайчуул хүчээ үзэх, чадал заах, туршиж оролдох, бүтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн үйл амьдралд хүн шиг оролцох нь байтугай олигтойхон тэнүүн амьсгалж чадахгүй болтлоо доройтдог. Тэд үргэлж санааширч, ѐстой санаа нь сансарт сачий нь хатавчинд хэвтэнэ. Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийж чадахгүй, уруу доройхон, гутруу гундуухан насаа илээх болдог юм. Ийм дорой амьдралд өөрийгөө аваачиж хэрхэвч болохгүй.

Өөрийн хүчинд итгэл олох замд атаа жөтөө, эргэлзэл тээнэгэлзэл, болгоомжлол, айх сүрдэх зэрэг олон саад бэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааны үр, бусдын чадал эрдэмд хордож мөшөөрхсөн хуудуутай сэтгэл юм. "Атаа хорсол бол төмрийг идэх зэв" гэсэн үг

бий. Атаа хорсол өөрөө гүтгэлэг, бусармаг явдал, гэмт хэргийн үүсгүүр. "Атаат хүн хэзээ ч баяр баясгаланг эдэлдэггүй". Залуу хүн бусдын амжилтанд атаархан жөтөөрхөх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэй байх ѐстой. Хүний сайн чанарыг олж харж тусган авч чаддаг, түүнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чин зүрхнээсээ эрмэлзэх бодолтой хүн өөрийн хүч чадалдаа итгэж, хийсэн бүтээсэндээ урамшиж, улам урагшлах зориг хүчийг олж авна. Өөрийн сул талуудаа алхам алхмаар ялж сурах нь амжилтанд хүрэх урт аяны замд чинь найдвартай унаа хөсөг болж өгнө. "Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй гэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө 10 цагаас орой 6 цаг хүртэл өөр ажил хийх шаардлагатайгаа учирлав. Та өглөө 4-өөс 10 цаг хүртэл бүтэн зургаан цаг юу хийдэг вэ? гэж асуухад залуу зураач: "Унтдаг" гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъѐ гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө 4-өөс 9 цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ.

Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний 4-9 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа" гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалийг ѐсчлон биелүүлж, сул талаа засч залруулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг. Залуус Та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг

хичээцгээ. Ийм дэглэмд суралцахын тулд зүтгэл оролдлого зайлшгүй чухал. "Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай. Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүүлж байвал ер түүнээс хол гарахгүй. Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй" гэж хэлсэн зүтгэл оролдлогоо шахан дайчилж байж, хүн төрөлхтөнд давтагдашгүй бүтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хүний үгийг залуус Та бүхэн тусган авч, мөрдөөсэй гэсэн хүслээр дамжуулж байна. Зүтгэл оролдлоготойгоор хичээж чармайвал хэн ч хүсэж мөрөөдсөн том зорилгодоо хүрч чадна.

Сайн төрийн толгойд хууль ноѐрхож байг

2007 оны 03 сарын 05

Эртний Герегийн домогт жинлүүр барьсан, нүд боолттой нэгэн бурхны тухай өгүүлдэг. Тэр бол шударга ѐсны тэнгэр - Фемида гэгч билээ. Домгийн ѐсоор газар дэлхий, түүний баялгийг ертөнцийн хүн ард адилхан эзэмших эрхтэй гэнэ. Тийм учраас газар хуваарилахад алагчлах явдал гарч магадгүй гэж нүдийг боож, хүн бүрд тэгш оноохын учир жинлүүр бариулжээ. Домгийн баатар Фемидагийн жинлүүр хожим нь хууль шүүхийн билэгдэл, шударга ѐсны билэг тэмдэг болон хуулийн ертөнцөд тухлан заларчээ.

Арван таван жилийн өмнө улс төрийн хүчнүүдийн зөвшилцөлийн үндсэн дээр бүтээгдэн батлагдсан шинэ Үндсэн хуулийн тулгуур зарчим энэ домгийн гол үзэл санаатай үндсэндээ адил. Монголчууд Үндсэн хуулийнхаа заалт, үзэл баримтлалын дагуу улс орондоо эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн шинэчлэл хийх чиглэлд чамлахааргүй ахиц дэвшилтэй ажиллаа. Төр нийгмийг ардчилахад Үндсэн хууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Эдүгээ хүртэл ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хангахад болон улс орны хөгжил дэвшлийн зорилтуудыг шийдвэрлэх бүхий л үйлсэд Үндсэн хууль зүйрлэшгүй ач буянаа өгч ирэв.

Монгол оронд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Үндсэн хууль баталгаажуулсан. Харин өдгөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх алтан зарчим жинхэнэ ѐсоор хэрэгжиж чадаж байна уу? Надад мэдэгдэж байгаагаар бол нийгмийн гишүүдийн дийлэнх нь энэ зарчим шударгаар үйлчлэхгүй байгаа гэж үзэж байна. Олон жилийн өмнө АНУ-д "Талх нууж авбал шоронд орно. Төмөр зам хулгай хийвэл Сенатын гишүүн болно" гэсэн ѐгт үг гарчээ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсаныг хамгийн ойлгомжтой байдлаар ѐжлон хэлсэн санаа. Эдүгээ манайд Фемидагийн барьсан жинлүүр тэгш бусаар хувиарлан оноож, алагчлан ялгаварлаж, шударга биш байгаа тухай ам амандаа ярьж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн энэ тулгуур заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үгээ. Үндсэн хуулийн амин сүнс болсон заалтаас ишлэл аван олон дахин ярих нь чухал биш ээ, түүнийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь л гол зүйл. Монгол улсын иргэн олон улсын эрх зүйн баримт бичигт тунхагласан хүний эрх, эрх чөлөөг бүрнээ эдлэх эрх зүйн боломжийг Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон. "Амьдрал гав гинжнээс чөлөөтэй газарт, аху санаа айдас хүйдсээс ангид ертөнцөд..." хүн эрх чөлөөний хаант улсын иргэн байж чаддаг билээ. Үндсэн хууль монгол хүний амьдралыг гав гинжнээс эгнэгт салгаж өгсөн. Харин аху санаа айдас хүйдсээс ангид ертөнцөд чөлөөтэй байж хараахан чадахгүй байна. Хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй, ярья гэсэн бодлоо илэрхийлж чадахгүй айж бэргэн, өөр хоорондоо шивнэлдэж, зарим үед амандаа

ус балгасан мэт дөмбийж байсан он жилүүдийг Үндсэн хууль батлагдснаас хойш ч бид туулсан. "Үнэнийг сонсохыг хүсч байвал чөлөөтэй ярих боломж олго" гэсэн үг бий. Үнэнийг сонсох эрүүл саруул уур амьсгалыг нийгэм даяар тогтоож өгөөгүй, хардлага, хавчлага сүүдэр мэт дагасан хэвээр байгаа учир айдас хүйдэс, болгоомжлол арилахгүй байна. Чөлөөтэй дугарах иргэний эрх чөлөөг боомилохыг эрх мэдэлтнүүд, буруу явдалтнууд л улайран чармайдаг юм. Урвуу эрх мэдэл гэгч - буруу иштэй хар муна хүний толгой дээр далайж байгаа цагт аху санаа айдас хүйдсээс ангид, чөлөөт ертөнцөд орших аргагүй.

Үндсэн хууль төрийн эрх мэдлийг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт тулгуурлан зохистой, харилцан тэнцвэртэй, хяналттай байхаар хуваарилан бататгаж, эрх зүйт төрийн буурийг засаж өгсөн юм. Хуульд үндэслэсэн эрх чөлөөг дээдэлж, хуулийг сахихад үндэслэсэн эрхийг зөвшөөрч, хуулийг зөвхөн хуулийн аргаар тогтоодог, хуулийн аргаар өөрчилдөг төрийг л эрх зүйт төр гэдэг билээ. Улсын Их Хурал 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн. Өнгөн дээрээ хуулийн аргаар хийсэн өөрчлөлт боловч үндэс суурь нь улс төрийн хуйвалдаанаар тавигдаж Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үл хэрэгсэн батлагдсан юм. Энэхүү өөрчлөлт Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг гажуудуулж, Монгол төрийг доройтуулав. Хариуцлагын тогтолцоог алдагдуулан, хяналтыг үлэмж сулруулсан. Засаглалын эрх мэдлийн тэнцвэр алдагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нийтийн

эрх ашгийн төлөө бус нэг хэсэг бүлэг хүмүүсийн цаг зуурын ашиг сонирхлыг хангах зорилгоор хийгдсэний хор уршгийг одоо амсаж байна. Энэ өөрчлөлтийн ганц заалт нь ч өмнөхөөсөө дээрдээгүйг бодохоор гаслам харамсалтай.

Хуулийн бодлогыг ул суурьтай, ухаалгаар, шинжлэх ухаанд суурилан боловсруулж, зорилго чиглэлтэй хэрэгжүүлэхгүй бол ардчилалыг ардчилсан аргаар устгаж, эрх чөлөөг эрх чөлөөгөөр хөөн зайлуулах осолтой нөхцөл бүрдчихэж болох юм. Зарим улс орны түүхэнд ийм эмгэнэлт явдал тохиолдож байлаа. Түүнээс бид ямагт сургамж авах учиртай.

Хууль дээдлэх нь нийгмийн амьдралын хэм хэмжээ байх зарчмыг хэвшүүлэн тогтоох анхдагч нөхцлийг шинэ Үндсэн хууль бий болгосон юм. Үндсэн хууль бол эрх зүйн дээд хүчин чадал бүхий эцэг хууль, өөрөөсөө бусад хуулийг төрүүлж байдаг эх хууль мөн. Энэ хугацаанд нийгмийн олон талт харилцааг ардчилсан ѐсоор зохицуулах олон шинэ хуультай болж амжлаа. Хууль зөрчих эрх хэнд ч байж болохгүй нь тодорхой. Тэр тусмаа төрийн зүгээс хууль зөрчвөл иргэн хүн түүнийг яах ч аргагүй хүчин мөхөсдөж хохирох болно. Иймд бүхий л хуулийг чандлан сахих нь төрөөс иргэний өмнө, нийгмийн өмнө хүлээсэн зайлшгүй үүрэг.

"Муу хуультай боловч сайн түшмэдүүдтэй бол улс орныг удирдаж болно. Харин түшмэдүүд муу бол хичнээн сайн хууль байгаад ч нэмэргүй" гэсэн нэрт улс төрчийн хэлсэн үг бий. Иймд төрийн хуулийг ягштал баримтлан

ажилладаг сайн түшмэдүүдтэй байх нь сайн хуультай байхаас дутуугүй ач холбогдолтойг эрхбиш анхаарах цаг болсон. Эцэг хуульдаа хүү нь мэт захирагдан, эх хуулиа хүү нь мэт хүндлэн, дээдлэн сахиж, ѐсчлон биелүүлж явах нь иргэн ба төр, төрийн хүний аль алиных нь үндсэн болоод журамт үүрэг мөн билээ.

Цагийн аясаар төрийн хууль тогтоомжуудад өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байдаг нь жам юм. Манай Үндсэн хууль ч гэсэн энэхүү жам ѐсны гадна байж чадахгүй биз ээ. Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрвэл зайлшгүй анхаарч мөрдөх зүйл бий.

1. Шинэ Үндсэн хууль нийт ард түмний оролцоотой бүтсэн, ардчилсан уг чанартай. Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байгаагийн баталгаа нь Үндсэн хууль мөн тул түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь ард түмний мэдэлд байх ѐстой. Үндсэн хуулийг хөндсөн аливаа асуудлаар ард нийтийн санал асуулга буюу өргөн дэлгэр, чөлөөтэй, нээлттэй хэлэлцүүлгийн үр дүн болсон зүйлийг л УИХ хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд баталгаажуулдаг жишиг тогтох нь зүйтэй гэж би хувьдаа үздэг юм.

2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлага, үйл явц, дэс дараалал, дэг горим эхнээсээ эцсээ хүртэл цөм зөвхөн хуулийн дагуу байх учиртай.

3. Аливаа нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь бүтэц, амин сүнс, мөн чанарыг нь илэрхийлэгч эд эсийг гэмтээж болохгүй. Хэрэв тэгэх аваас Үндсэн хууль мөн чанараа алдаж, төрөл арилжих болно.

4. Үндсэн хуулийг явцуу бүлгийн ашиг сонирхолд тулгуурлан, улс төрийн хуйвалдаанаар өөрчлөх оролдлого гаргуулахгүй байх нь онцгой чухал.

Үндсэн хуулийг өөрчлөх зорилгоор нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн нь илт байна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид чанга дугарч, чанга дугаргах болов. Ерөнхийлөгчийн улс болохыг хүсэмжлэгчид хариуцлагыг УИХ-ын 76 гишүүнтэй бус нэг хүнтэй тооцох боломжтой болно гэж сэнхрүүлж байна. Хариуцлагын хомсдолд орчихсон монголын нийгэмд энэ үг тод сонсогдож, найдвар төрүүлэхийг тооцсон бололтой. Дэлхий ертөнцийн халуун цэг болж байгаа Ирак орон хүчтэйгээс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай байсан. Ерөнхийлөгч нь үндэсний удирдагч хэмээн цоллогдож, амьд сэрүүндээ хөшөө дурсгалаа сүндэрлүүлэн, магтуулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр ард түмэн нь аллага хядлага, тэсрэлт дэлбэрэлтийн айдас хүйдэс дунд өдөр өнгөрөөж байна. Үндэсний удирдагчаа цаазын тавцанд аваачиж "хариуцлага тооцлоо". Монголын ард түмэн ийм аймшигийг үзэх нь бүү хэл хар даран зүүдлэх ч үгүй гэж итгэж байна. Тиймээс хяналтгүй дарангуйлагч мөрөөдсөн өөрчлөлтийг яавч дэмжиж болохгүй. Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч ноѐрхож байдаг. Би Монгол орныхоо сайн төрийн толгойд хууль ноѐрхож байгаасай гэж хүсч байна.

Үндсэн хуулийг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд, төрийн зүтгэлтнүүд, хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутатууд, хууль тогтоомжийг Үндсэн

хуульд нийцүүлэн шинэчлэх ажилд хүчин зүтгэсэн үе үеийн парламентын гишүүд, хууль хэрэгжүүлэх, хууль ѐсыг сахиулахад оролцож ирсэн бүх хүмүүст төрт ѐсны энэ баярын 15 жилийн ойг тохиолдуулан хийсэн бүтээснийх нь төлөө баяр талархлаа илэрхийлэх ѐстой.

Төрийн минь сүлд Та биднийг ивээг!

Өөрийгөө ялах нь

2007 оны 03 сарын 19

Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. "Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм" гэж бусдын төлөө асаасан гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.

"Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг. Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал" гэж америкийн яруу найрагч Ж.Лоуэлл бичжээ. Давуу сайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, зан араншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээн зөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэх сэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм. Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутай хэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээ хөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртон дөхсөөр байх нь гарцаагүй.

Хүний оюун ухааныг хөглөж, эх орон нэгт иргэдээ зүгээр байлгахгүй хөдөлгөн сэрээдэг байсан Сократ "ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө" гэж хэлсэн. Гэтэл хорвоо ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү засаг

төрөө засаж сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Өөрийн сул тал, муу зуршлийг ялан дийлж чадвал түүний хоосорсон орон зайг давуу тал нь нөхөн эзэлж, сайн үйл бүтээх зай багтаамж уужран өргөсдөг жамтай.

Би хүүхэд, залуустай уулзахдаа байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг жишээ болгон ярьдаг юм. Тэр эрдэмтэн цаг гэдэг олдошгүй ховор эрдэнэ үлэмж хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хирнээ өглөө эрт босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг дэмий өнгөрөөдөг байжээ. Их унтдаг муу зуршлаа таягдан хаяхаар хатуу шийдэж, эрт босож байхаар сэтгэл шулуудсан ч нэг л болж өгөхгүй, унтчихаад байв. Ингээд өөрийн зарцаасаа тусламж гуйж, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь мөнгө өгч байхаар тохиролцов. Эхний үед нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван унтуулсангүй гэж уурлаж уцаарлаж байжээ. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ "Яагаад амласан цагтаа босгосонгүй вэ?" гэж үглэнэ. Энэ мэт байдалд зарцынх нь уур хүрчээ. Бас тохирсон ѐсоор мөнгөө авах сонирхол зарцад байлгүй яахав. Тэгээд цаг болохоор эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоѐр талаасаа хичээл зүтгэл гаргасны дүнд сайх эрдэмтэн өөрийгөө ялан муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босож судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь тавиу

болжээ. Хожим нь "Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь зарцын минь хүч юм" гэж эрдэмтэн дурсан бичсэн байдаг. Зовлон зүдүүрт нэрвэгдсэн хүн өөрийгөө ялж, сэтгэлд багтамгүй зориг тэвчээр заан байж, амжилтанд хүрч, алдар нэрээ мөнхөлсөн жишээ захаас аван олныг дурдах бололцоотой. Шулуун дардан замаар зогсолтгүй өгссөөр амжилт ололтын оргилд гарч чадсан гайхалтай жишээг харин олоход бэрх. Хүн унаж, босож байж юм бүтээдэг хойно арга ч үгүй биз. Амьдралын бэрхшээл саад хүний өсөж дээшлэх орон зайд хана хэрэм, хаалт саад биш, харин гишгэх шат, ширүүн урсгалт голын цаана гарах гүүр дамнуурга нь болно. Бэрхшээл хүнийг дардаг, харин хүн түүнийг ялж бүтээх туурвих хүсэл нь оргилдог.

Канадын уугуул иргэд - улаан арьстнаас гаралтай нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлсэн үнэн түүх сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр чулууны сийлбэрчин. Түүний бүтээсэн чулуун сийлбэрүүд ертөнцийн олон музей, цуглуулгад хүндтэй байранд байдаг гэсэн. Тэр барилгачин байгаад осолд орж бэртэн, эргээд мэргэжлийн ажлаа хийх чадваргүй болжээ. Түүнийг угийн авьяасгүй, жирийн нэгэн гэдэг байж. Эмнэлэгт хэвтэж байхдаа мод зорж өдрийн уртыг өнгөрөөн, азгүй хувь заяаны гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Дараа нь чулуу сийлэхээр зоригложээ. Эхлээд хоѐр сийлбэр урлаж тус бүрийг нь 50 доллараар зарахаар төлөвлөв. Эхнэр нь тал үнээр нь л хүн авч магадгүй гэж маргаж байсан гэдэг. Гэтэл худалдан авагч маргааныг таслан

нэг сийлбэрт нь хоѐр дахин өндөр үнэ өгч, нөгөөг нь арав гаруй дахин илүү үнээр дуртайяа худалдан авчээ. Арван жилийн дараа түүний сийлбэр 30 мянган доллараар үнэлэгдэх болов. Тэрээр удаан сэтгэж, ургуулан бодож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж, асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл гарган байж тахир дутуу болсон оюун сэтгэлээ ургуулан төлжүүлж, өөрийгөө ялж билгүүн эрдэм төгөлдөр, уран гартай сийлбэрч болж чадсан байна. Сайн үйл бүтээсэн хүн эрт орой хэзээ нэгэн цагт заавал ач буяныг нь үзнэ. Хүн биеэ мэдэж, эрдмээ ухаарч, сул талаа танин өөрийгөө ялж чадсан тэр цагт хүссэндээ хүрч, зорьсонтойгоо золгоно.

Хүн язгуураас хоѐр их төөрөгдөлд орсоор ирсэн. Нэг нь өөрийн гэмийг бусдаас хайдаг. Нөгөө нь золгүй явдлаа өөрөөсөө холдуулж заяа тавилан төөрөг гэж бодон сэтгэлээ хуурдаг. Өөрийн гэмээ ухаарч чадна гэдэг өөрийгөө ялж байгаа сэтгэл зоригийн тод илэрхийлэл. Гэмээ ухаарч байгаа хүн өөрийн хатгасан гадсанд дахин бүдрэхгүй урагшлах дархлаагаа бий болгож дөнгөж байгаа том ялалт юм. Золгүй явдлаа зохиомлоор холдуулахыг чармайх хэрэггүй. Золгүй явдлыг хүссэн хүсээгүй өөрийн биеэр туулна. Тэр бүгдийг заяа тавилан, төөрөг гэх зүйл рүү чихээд эвлэрээд суугаад байвал удахгүй түүндээ эргэлтгүй ялагдаж боол нь болон дарлуулна.

Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтой дайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэ цэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих,

зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаант өвгөд "залхуу хүнд маргааш олон" гэж шоглон, "залхуугаас заяа зайлна" гэж сургамжилж ирсэн. Залхуу занг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуу хүн ямагт сэтгэл дутуутай байдаг. Сэтгэлийн дутууг ялж нөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайн зүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урт насгүй, сайнаар хэлэгдэхгүй, эзэндээ баяр баясгаланг авчрахгүй, бусдад үнэлэгдэхгүй. Тийм болохоор монголчууд "сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно" хэмээн ярьж, хэрэгжүүлж байдаг юм.

"Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ" гэж Бурхан багш сургасан. Шуналын сэтгэлийг ялан дийлэх нь хүний өөрийгөө ялах баатарлаг зориг, аюул гамшгаас биеэ аврах авралын од гийсэн чөлөө учрал билээ. "Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болоод олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг" гэдэг. Атаа, жөтөө гэдэг нь муу хүний муухай араншингийн нэг, ажил амьдралын садаа, амар амгалангийн халгаа, ахиж дэвшихийн хаалт билээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь шүглэсэн бол түүнийг ялж дийлэн, салахыг бод. Атаархал бол ховлох, гүтгэхийн төрсөн дүү байдаг нь жам. Атаа жөтөө, хов жив, гүтгэлэг гүжирдлэг

хэзээ ч сайныг дагуулдаггүй тул энэ "ах дүүс"-ээс аль болох холхон байхыг хичээ.

Сэтгэл, үйлдэл, зан араншинд хургасан сөрөг бүхнээс салахын тулд өөрийгөө ялж чадах итгэлийн дархлааг залуу хүн бүр өөртөө ургуулан төлжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө ялах нь ухаантай хүний утга учиртай үйлдэл. Гэхдээ дайраад ирсэн саар бүхнийг ялах гэж зовж байснаас тойроод гарах, ойртуулж хавьтуулахгүй байхыг хичээх нь илүү чухал шүү.

"Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъѐ хэмээн хичээгтүн. Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээгтүн. Амандаа чалчаа шалигийг бүү өгүүлье хэмээн хичээгтүн. Санаандаа хортой сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээгтүн. Энэ дөрвөн зүйл хичээлийг хичээн чадваас хэдий бурхан эс боловч сайн хүмүүн болох нь магад болой" хэмээн сударт өгүүлсэн нь бий.

Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал

2007 оны 04 сарын 16

"Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй" гэсэн суу билэгтний үг бий. Авьяас билэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныг амсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийг шантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоо хүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийн хүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэж чадалгүй шантран орхих нь цөөнгүй. Том зорилго тавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч, сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замын хугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийн асар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтарт ажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саад бэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэн туулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийн хүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заан өндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүс байдаг.

Английн зохиолч Сомерсет Моэм бол өнгөрсөн зууны нэрт уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр багадаа хүнд өвчилж зовлон туулсан нь хожмын мэргэжлээ сонгох нэг шалтаг болсон гэдэг. Бие султай тэр залуу бэрхшээлийг сөрөн бүтээлч эрлийн их замд оржээ. Эцэг нь удам залгасан өмгөөлөгч байв. Харин

Моэм ээрч ярьдаг учир өмгөөлөгч болох тухай бодохын ч хэрэггүй байлаа. Тэгээд зохиолч болохоор шийджээ. Нялх балчир насандаа эхээсээ өнчирч, хүний зовлонг эрт амссан нь хожимын зохиол бүтээлийн нилээдийнх нь эх ундарга тэндээс эхтэй гэнэ. Тэрээр зожиг амьдралд өсөж торниж, юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж, гаднаас нь зураглан бичих аргад гойд мэргэшсэн зохиолч гэгддэг билээ.

Аливаа хүн насны бага, цусны шингэнд чадал эрдмээ таньж, тэрхүү эрдэнийн хосгүй чадлыг нээхийн тулд учир зорилготой, эцэлт цуцалтгүй хичээн зүтгэж ажиллавал амжилтанд зайлшгүй хүрнэ. Энд тэвчээр хатамж тань нөхөр, түшиг тулгуур чинь болно. Ер нь тэвчээр хатамж хүн юманд хүрэх, амжилт гаргахын зайлшгүй нөхцөл мөн. Тэвчээр хатамж залуу хүний зан чанар, зорилго эрмэлзэл болон зүрх сэтгэлд шингэн орсон цагт туйлын ирээдүйтэй, маш өгөөжтэй байх нь дамжиггүй ээ. "Хэн үл шантарна тэр олно".

Хүн ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ сэтгэлээ шингээж, чин зүрхнээсээ хичээж чармайвал үр дүн хэзээд өндөр, бусдаас хавьгүй илүү байх болно. "Сэтгэлээ өгсөн ажил тань хүссэн санаснаар чинь бүтнэ. Тэр цагт хэн хүн чамтай өрсөлдөх хүч чадал мөхөсдөнө" гэж хэлсэн ухаантны үгийг санаж явбал тустай. Сэтгэл гаргаж хэлсэн үг хүний зүрх сэтгэлд хоногшдог. Чин сэтгэлээ уудлан бичсэн зохиол бүтээл хүний чин зүрхэнд шингэдэг. "Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй билээ". Тоос арчсан ч, тогоо барьсан ч түүнийгээ сэтгэлээсээ

хийж чадвал эрхэлсэн ажлаасаа таашаал авч, сэтгэл ханамжийг дүүрэн эдлэх нь эргэлзээгүй. Хорслоор хийсэн хоол хүнд хор болно гэсэн үг бий. Оромдож хийсэн, нүд хуурсан, сэтгэл дутсан үйлдэл бүхэн аливаад сэтгэлээсээ ханддаг хүний нүдэнд орсон шороо мэт тээртэй байдаг юм. Тэгээд ч тийм зэргэмжийн ажил хэзээ ч үнэлгээгүй, шударга хүмүүст хогийн ургамал шиг ад шоод үзэгддэг билээ. Түүнчлэн "тулгатай гал шиг халуун сэтгэлээр хандаад байхад тулх муутай хүйтэн сэтгэлээр хариулах нь" сайн хүний төрх биш ээ. Тэгээд ч монголчууд "сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаав" гэж ярьдаг биз ээ. Английн их уран барилгач Кристофер Ренийн тухай ийм нэгэн яриа их алдартай. Та бүхэн сонссон байх аа. Тэр Лондонд ирээд өөрийн зураг төслөөр барьж буй нэгэн сүмийн дэргэдүүр өнгөрчээ. Барилгачдыг харснаа тэд юу бодож, яаж ажиллаж, хэрхэн аж төрж байдаг улс юм бол гэсэн бодол төрж тэдэнтэй уулзаж ярилцжээ. "Та юу хийж байна" гэж барилгачдаас асуув. Нэг нь "Тоосго өрж байна". Нөгөөх нь "Хоолныхоо мөнгийг олж байна". Гуравдахь нь "Энэ сайхан сүмийг байгуулах буянтай ажилд оролцож байна" гэж сэтгэл бардам хэлжээ. Энэ хүн эгэл аж төрлөөс дээш гарч, сайхныг хүсэн тэмүүлэх сэтгэлийн охиор амьдарч байгааг уран барилгач олж мэджээ. Өөртөө болон эргэн тойрондоо байгаа өөдтэй, өнгөтэй бүхнийг олж харан баясаад сэтгэлээ хөвчлөх, чадлаа дайчилбал үйлс заяа чинь өөдрөг сайн байх нь гарцаагүй ээ.

"Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана" гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь "Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа" гэж сургасан билээ. Хүний хийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээ илэрхийлэх нь туйлын чухал. Хүнд чин сэтгэлээсээ онож хэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зориг тэмүүллийг хайрладаг. Марк Твен "Нэг удаагийн магтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм" гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаа танихад хамгийн ойрын туслагч нь болдог. Нэгэн нэрт гэрэл зурагчны амьдралын түүх та нарт сургамжтай байх аа. Тэрээр нэг өдөр тавь гаруй зураг авснаас сайндаа л ганц хоѐр нь гайгүй болж. Эцэг нь үзээд "чадах юмаа оролдсон нь дээр биз дээ" гэж хэлжээ. Харин эх нь нэг зургийг зааж "энэ ганц чинь л бусдыгаа төлөөлж чадна" гэжээ. Эх нь хүүгийнхээ ганц зурган дахь авьяасын очийг олж харах уран сэтгэмж, тэр ялимгүй ололтыг тэтгэн дэмжих сэтгэлийн тэнхээтэй хүн байжээ. Тэр урмын хэдэн үг цөөдсөнгүй. Хүү нь урамшиж яв явсаар эрин үеийнхээ нэртэй гэрэл зурагчин болсон гэдэг. Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агууг шууд хүлээн зөвшөөрдөг билээ. "Үнэхээр ярих юм алга, Шубертын дотор бурхны дөл орогнож байна" гэж Бетховен дуу алдсан гэдэг.

Шинэ юм үүсгэж оролдож ядаж яваа хүнд нас биед хүрсэн ч байг ялгаагүй магтаалд урамших, шүүмжлэлд

гутах нь бүр хүүхэд шиг байдаг гээч. Хүмүүст шинэ санаа төрөх нь амархан, бас унтрах нь ч хялбар. "Шинэ санаа бүхэн эмзэг байдаг. Үл тоомсорлох, илт басамжлах аль нь ч хөнөөж чадна. Тэр ч байтугай нүдээ ирмэхэд л гэмтдэг юм" гэж сурталчилгааны нэртэй пүүсийн эзэн хэлжээ. Ингэхээр эелдэг харьцаа гэдэг бидний өөрсдийн төдийгүй, нөхрийн амь хүчийг сэлбэж байдаг байна. Хүнийг өөлөн гоочлох нь амь хүчинд халгаатай. Өрөөсгөл шүүмжлэл хүний сэтгэлийг мэрж, идэвхийг унтрааж, бүтээлч чадлыг сааруулдаг гэмтэй юм. Тийм болохоор залуус Та нар ойр тойрныхонтойгоо эелдэг харьцаж, сайн талыг нь үнэлэн, урам хайрлаж, магтах үйлийг нь магтаж урам зоригтой алхах цэнэг өгч бай. Гэхдээ энэ нь дутагдлыг нь нууж дуугүй яв гэсэн үг ердөө биш. Алдааг хэлэлгүй, амаа хамхиж суу гэсэн үг бүр биш. "Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл" гэсэн үг залуу хүн бүрийн дагаж мөрдөх сургаал болон хоногшин хэрэгжиг.

"Хүнд эрдэм мэдлэг хэрэгтэй гэж батлах нь хүнд нүд хэрэгтэй гэж ятгаснаас ялгаагүй" гэж хэлсэн нэгэн эрхэмийн үнэн үгийг саяхан уншлаа. Гэлээ ч гэсэн би хүүхэд залууст эрдэм мэдлэг туйлаас чухал хэрэгтэй шүү гэж давтан хэлсээр байх болно оо.

Хэмнэж, гамная

2007 оны 04 сарын 19

... Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. "Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно" гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг...

Одоогийн амьдрал чинь боломжийн, таатай байна уу? Тийм бол түүнийгээ тэтгэж, хадгалж, болбол улам сайжруулахыг хичээж амьдар. Сайн бус байгаа бол засан сайжруулахыг эрэгцүүлэн хичээнгүйлэн бод. Амьдралаа сайжруулахад баталгаатай арга зөвхөн ганц байдаг гэнэ. Тэр нь хичээл зүтгэл, хэмнэж гамнах, тэвчээр хатамж, тэгээд зөв сэтгэл хэмээх сайн суртахууныг дагах явдал. Өмнө нь би хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л шийддэг тухай ярьсан. Мөн тэвчээр хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг гэтлэн туулах сэтгэлийн асар их хүчний нөөц болох тухай хэлсэн. Бас аливаа ажил үйлд сэтгэлээсээ хандах талаар ярихдаа "Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй" гэдгийг дурдсан. Сайн бус амьдралыг өөд татахад зайлшгүй

хэрэгтэй гурван чухал асуудлыг хөндөөд ярьчихжээ. Одоо амьдралаа тэтгэхэд хэрэгцээт дөрөв дэх зүйл болох хэмнэж гамнах тухай ярья. Хэмнэж гамнах гэдэг нь хоорондоо холбоотой хоѐр зүйлийг нэгтгэж хэлсэн ойлголт билээ. Нэг дэх нь шоргоолж шиг хөдөлмөрлөн зүтгэж байж бий болгож, хураан хуримтлуулах бэрх хэцүү ажил. "Дуслыг хураавал далай" гэсэн монгол үг үүнийг хураангуйлан илэрхийлнэ. Нөгөөх нь буй болгосноо ухаантай бөгөөд ариг гамтай зарах бүр хэцүү ажил. Ер нь дутагдаж гачигдахын зовлонд хүлэгдсэн, дундуур сэтгэлээр дүүрсэн амьдралыг сэтлэн гарахад энэхүү дөрвөн сайхан чанарыг эзэмдэн байж, гүйцэтгэн биелүүлэхээс өөр дөт зам үгүй. Чин шударгаар мөнгө олж түүнийгээ арвилж хэмнэж хэрэглэх нь хүний насан туршдаа сахин дагах зарчим байх ѐстой. Чин шударгаар мөнгө хуримтлуулна гэдэг нь шунал хорхойдоо ялагдаж дийлдэлгүйгээр, хичээл зүтгэл гаргаж, хүсэл тэмүүллээ шавхахаас өөр зүйл биш. "Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас, ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр" гэдэг. Өмсөх хувцас, идэх хоол, амьдралдаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөрөө хөл дээрээ баттай босох сэтгэл зэрэг хүнд байх учиртай утга чанартай зүйлийг яах аргагүй мөнгөний хүчээр олдог билээ. Тиймээс хуримтлал бол зовлон бэрхшээлийн эсрэг босгох хаалт юм. Хуримтлалаар бид амьдралынхаа гишгүүр шатыг бат тогтвортой болгоно. Хуримтлал бий болгохдоо мөнгө олох бөөгнүүлэх хугацаа болоод боломж бага, үрэх зарах хугацаа хийгээд зарлага их байдгийг бодолцох

хэрэгтэй. Мөнгийг зарж сурна гэдэг олохоосоо дутуугүй ур ухаан шаарддаг ажил. Олсноо бүгдийг үрээд хаячихаж таарахгүй, аль болох хэмнэж гамнах, үр ашигтай зарцуулах хамгийн шалгарсан аргыг эзэмших хэрэгтэй. Энэ бол залуу хүн амьдралын их сургуулиар түргэвчлэн суралцвал зохих хосгүй эрдэм яах аргагүй мөн. Цалингаа буунгуут хэд хоног хамаа замбараагүй идэж уун, тооцоогүй үрж цацаад сарын эцэс рүү хүмүүсээс мөнгө зээлж, өр тавьж байдаг айлууд захаас аван бий. Мөнгөө тооцоотой, ариг гамтай зардаг бол яаж ийгээд хоосон хонохгүй, хоѐр идэхгүй, мөр бүтэн болоод байх амьдралаа зөв зохицуулж чадахгүй туйлдах өрх гэр элбэг. Хэзээ ямагт ядуугийн зовлон туулах амьдралд ээрэгдэж байх нь боолын байдлаас бараг өөрцгүй. Ийм хүн өөрийнхөө үйлдлийг хүртэл өөрөө шийдэхгүй, бусад хүнд тушигдаж, бусдын хэлснээр хөдөлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахад хүрдэг. Ийм өрөвдөлтэй байдлаас гарч, амь амьдралаа өөрөө залгуулаад, биеэ даагаад явья гэж хүсвэл ердөө хэмнэж гамнахыг л гүйцэтгэвэл болох нь тэр. Хэмнэж гамнахад гайхшрал төрөм зориг, шилдэг сайхан зан суртахуун ч хэрэггүй. Бага зэрэг санаа сэтгэлийн бэлтгэл, ердийн жирийн ухаан байхад л хангалттай. Хэмнэж гамнах гэдэг нь өрх гэрийн аж ахуй, санхүү зэрэг бүх ажлаа тооцоотой ѐс горимоор нь гамтай эрхэлж, элдэв долоон илүү дэмий зүйлийг хасч орхивол тэгээд л боллоо. Ялангуяа архи, тамхи зэрэг шал дэмий зүйлд үргүй зардал гаргах шаардлага байхгүй. Гартаа байгаа юуг ч гэсэн арвилан

хямгад. Хэмнэж гамнах болон нарийлах харамлах хоѐр тэс өөр юм. "Хэмнэлт чухал болоод ирэхээр жаахан ч гэсэн хурааж хуримтлуулах хэрэгтэй болно. Харин биеэ доош нь унагаах хүртлээ нарийлан байж мөнгөжихөөр зүтгэе гэж бодож бас болохгүй" хэмээн гүн ухаантан Ф.Бекон сургасан. "Хэмнэж гамнах гэдэг нь оюун ухааны охин, биеэ барьж тэвчихийн эгч, эрх чөлөөний ээж мөн" гэж номонд бичсэн байна. Хямгач сэтгэлгүй хүн эцэстээ унаж хаягддаг. Тэд цагийг ч, мөнгийг ч адилхан үргүй зардаг учраас тэр. Хураан хуримтлуулсан эд баялаг аз жаргалыг дуудахын хажуугаар зовлонгийн үрийг ч тарьдаг. "Баяны зовох ядуугийнхаас их, ядуугийн жаргах баяныхаас их" гэх. "Барж идсэн баянаас, мэрж идсэн ядуу дээр" гэсэн үг ч бий. Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. "Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно" гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг. Жаргал зовлон хосолсон, унаж босож байдаг хорвоогийн алаг эрээн амьдралыг туулахдаа бэрх хатууд нь сөгдөхгүй байх санамж, сэрэмж аваасай гэсэндээ энэ бүхнийг дурдаад байна.

Хэмнэж гамнах тухай хамгийн гол гэж үзсэн сургаалийг одоо та нарт хэлье. "Хааны хатан Бурхан багшийн хайртай шавь Анандад 500 хувцасаар өргөл барьжээ. Ананд дуртайяа гардан авсныг хаан сонсоод хамгаас ариун анд минь тийм олон хувцасаар яах гэсийм гэж асуув. - Олон хувраг ноорхой хувцастай, тэдэнд энэ хувцасыг өгч хуучныг нь солино гэв. - Тэгвэл хуврагуудын хуучин хувцасыг нь яах вэ? - Хуучин хувцасаар нь орны даавуу хийнэ. - Тэр орны хуучин даавуугаар юу хийхэв? - Түүгээр чинь би шаланд дэвсэх олбог хийх юм. - Тийм бол чи тэр хуучин олбогоо яахав? - Хөлний алчуур хийж тавина. - Тэгээд хуучин хөлний алчуураар чи бас юу хийхэв? - Тэр хуучин хөлний алчуураар шалны алчуур хийнэ. - Тийм бол шалны хуучин алчуурыг яах гэж байна? - Түүнийг цуучиж шавартай холин байшин шавна" гэжээ. Эд юмсдаа ариг гамтай, арвилан хэмнэлттэй хандаж хэрэглэх тухай Бурхан багшийн энэ сургаал хэдий үед ч, хэнд ч хэмнэж гамнахын мөнхийн дуудлага болон хөтөлнө. "Багыг гамнадаггүй хүн ихийг алдана" гэсэн үг бий. Хэмнэж гамнаж сурвал амьдрал чинь хүний дайтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Өөртэйгөө ажиллах нь

2007 оны 05 сарын 04

Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. "Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм" гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. "Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө" гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж

амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа. Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

2. Өөрийгөө ялна гэдэг бүхнийг ялахын үндсэн нөхцөл гэдгийг хүүхэд залуус санаж яв. Зөрүүд, адайр зангаа хязгаарлаж бай. Хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна. "Миний олимпийн ялалт бол өөрийгөө ямагт ялсных" гэж олимпийн нэгэн аваргын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр хүүхэд байхдаа сул дорой биетэй, бөгтөр нуруутай, спортоор төдий л хичээллэдэггүй ядмагхан хүү байсан гэнэ. Өөртөө том зорилго тавьж, уйгагүй ажиллахаар эрс шийдэв. Бие бялдарын дасгалжилтыг боломжийнхоо дээд хэмжээнээс давтал, бүр цөхөрч унаталаа хийдэг болов. Урьд урьдынхаас илүү хүч гаргаж идэвхтэй хичээллэсний үр дүнд спортын амжилтын оргилд дөхөж байлаа. Гэтэл гай дайрч бэртжээ. Мэргэжилтнүүд түүнийг цаашид илүү амжилт гаргахгүй хэмээн тооцож байв. Харин тэрээр сэтгэлээ хатуужуулах дасгал махран хийлээ. Бие бялдарын дасгалыг сэтгэл зүйн дасгалтай хослуулан хийсээр спортын амжилтаа сэргээн, улмаар ахиулж чаджээ. Шаргуу хичээл зүтгэлийн үрээр өөрийгөө ялж олимпийн үнэмлэхүй аваргын алдрыг хүртсэн юм. Ийнхүү үйл ажиллагаа зан үйлээ оюун санаа, бие бялдар, эр зоригийн хувьд нэгтгэн удирдаж байж өөрийгөө дасгалжуулах арга барил тогтдог байна.

3. Өөрөө шийдвэр гаргаж, түүнийгээ өөрөө биелүүлж бай. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод, эргэж буцахгүйгээр түс тас шийд, "шийдвэл бүү няц, зоривол бүү буц". Бусдын тусламж ашигтай хэрэгтэй боловч өөрөө хийх нь гол. Хүний хөдөлмөрийг завшиж, хоолны сав бүү бологтун. Ингэвээс уруудаж доройтохын их сургуульд сайн дураараа элсэн орлоо гэсэн үг. Бие даасан байдал, хөдөлмөрч чанар, идэвхи зүтгэл, хариуцлагатай байх энэ бүхэн хүний эрхэм шинж төлөвийн үндэс гэдгийг залуу хүн бүр ой ухаандаа тогтоож аваг. Хүн эрдэм чадлаа насан туршид сэлбэж сэтгэж байх учиртай. Тэр нь тухайн хүний зориг хүч, хүсэл эрмэлзэл, бодол ухаанаас шууд шалтгаалах боловч байнга суралцаж байх шийдвэрийг нэг удаа гаргаж, амьдралын турш биелүүлэх ѐстой. Хүн хэдэн жил суралцсанаараа юм уу, уншсан номынхоо тоогоор цэцэн болдоггүй. Суралцах арга өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу үгүй юу, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээл зүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал юм.

4. Зовох зүдрэх цагт үлбэгэр халирхай бус омог бардам хатуу байж, зовсны эцэст жаргана гэж өөрийгөө зоригжуулан хатууж. Ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд сүлд хийморио битгий буулга. Унжуу дорой байдал сэхэх өөдлөхөд садаа болно. Зовж үзээгүй хүн жаргахыг мэдэрдэггүй гэдэг. Бас зовсны эцэст ялж дийлж олсон зүйл л жинхэнэ үнэт эрдэнэ байдаг гэсэн үг

бий. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм. Харин зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Болж бүтээгүй ажлаа арав дахин хийхээр өөрийгөө албадаж сур, тэгээд сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй. Төрөлхийн билэг авьяастай төрсөн хүнд ч түүнийгээ хөгжүүлэн амжилт олохын тулд урт удаан жилийн уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Хүүхэд насандаа гоц авьяасыг нь магтан "тэнгэрийн хүү" мэтээр шагшуулж байгаад авьяасаа сэлбэж тордохоо алгуурлаж, магтаалын намагт шигдэн эцэст нь "жирийн хүн" болон хувирсан жишээ олон бий. Түүнчлэн хар бор орчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй, цөхрөлгүй оролдож хичээсээр агуу ихийн алдрыг хүртсэн хүн олон бий. Дарга нь цэрэгтээ тушаал өгч байгаагийн адилаар хүн өөртөө тушаал өгч чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа ядрал, залхуу, сул дорой, аймхай хулчгар байдал, тэнэг бодол, буруу зуршлаа давж гарахын тулд өөртөө тушаал өгч сурвал тун сайн. Даргын тушаал заавал биелүүлэх шийдвэр байдаг шиг өөртөө өгсөн тушаал зайлшгүй хэрэгждэг байх учиртай. 5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байж хүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно. Сахилгагүй, цэгцгүй хүн ѐроолгүй савтай л адил. Нэгийг хэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зан сахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барих сахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн

үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэн шинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавин залхуурах нь сахилгагүй хариуцлагагүй болохын анхны алхам. Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэс дараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл аль аль нь бэлэн бус байдаг. Сахилга дэггүй газрын бүх юм нь эмх замбараагүй, ундуй сундуй, амьсгаа давчдам бөглүү харанхуй. Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан, эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлд дотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журам тогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох нь хувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ. Монгол орны ирээдүй - хүүхэд залуус та нар өөртэйгөө ажиллаж сурахыг хичээгээрэй.

Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна

2007 оны 05 сарын 15

Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр "Эрхэм ноѐнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна" гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.

Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйл хэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосож байгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм.

Үүнийг зайлшгүй сурах ѐстой, заавал хийх ѐстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны

хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн "ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг" байж хэрхэвч таарахгүй.

Сурах, хийх аль алинд нь алгуурлан, азнан хойш тавьж хэрэггүй, шууд барьж аван хийж эхлэх хэрэгтэй. "Хэн эхэлнэв, тэр талыг нь хийчихлээ гэсэн үг" гэж эртний

Римийн яруу найрагч Ф.Гораций шүлэглэснийг санаж явахад нэн сургамжтай. Эхэлснээ заавал туйлд нь хүргэж дуусган, үр дүнг нь үздэг байх нь та нарын насан турш хазайлгүй мөрдөх дүрэм. Эхэлснээ дуусгалгүй замын хугаст зогссоноос эхлэхгүй байх нь ч дээр.

Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаа туйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон, амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаа гайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөн зориг баатарлагийн жишээ захаас аван бий. Хүүхэд насандаа ерийн биш асуудлуудыг байнга тавьдаг ер бусын сониуч хүү Жордано Бруно идэр насандаа "үнэн хаа байна" гэдэг асуултыг өөртөө тавьж, шинжлэх ухаанд "донтон", үнэний эрэлд мордсон юм. Бруно өөрийгөө дээд зэргээр эзэмдэн албадаж бие даан боловсрол олоход гол анхаарлаа хандуулан, оюун ухаанаа байнга төгөлдөржүүлж, хол ойрын хүмүүсийг мэдлэгээрээ хачирхуулж, сэтгэгч хүнийхээ хувьд өөрийгөө бий болгосон юм.

Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манай дэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг ба амьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц ч оршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсан суут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээ бурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгон Ж.Бруног түүдэг гал дээр шатаасан.

Хэдийгээр Ж.Бруног шатаасан боловч түүний нээсэн үнэн хэзээ ч шатаагүйгээр барахгүй хүн төрөлхтний нүдийг нээж, сансарт нэвтрэх замыг засч өгсөн юм. Бруногийн тэрс үзлийг буруутгасан нь сүм хийдийн алдаа байсныг 1979 онд Ромын пап II Ионн Павел өөрөө хүлээж, хүлцэл өчсөн билээ. Үхэвч үнэн ялна гэдэг энэ ажээ.

Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадаж сурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмших шаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур. Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй, бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөө сүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үе тохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэх хэрэггүй.

Хүндрэл бэрхшээл, хатуу бэрх чамайг сөгдүүлж сөхрүүлэх цаг мөч таарч мэднэ. Тэгсэн ч унаад босч чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. "Унагаасан нь хүчтэй, өндийн боссон нь бүр илүү хүчтэй" гэж ярьдаг яриа санамсаргүй зүйл бишээ. Зовлон бэрхшээл хүнийг

хөл дээр нь босгодог гэдэг. Унах бүрдээ улам чадалтай босож ирж байсан гайхамшигт хүмүүсийн тухай уншиж байсан. Санаанд байгаа нэгнийх нь тухай одоо та нартай хуваалцая.

Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийг найздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найз нь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоо

хоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийг нэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүй хуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.

Үүнийг сонссон түүхчийн бодол ухаан, сэтгэл дотрыг төсөөлөхөд нэн хүнд. Дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байсангүй. Тэр үед ямар одоогийнх шиг хувилах хэрэгсэл, санах хадгалах ойтой төхөөрөмж байсан биш. Бүр эхнээс нь дахин бичиж эхлэв. Анх туурвиж байхад үзэг нь баяр баясгалан, цог хийморь дагуулан гулсаж байсан бол дахин эхнээс нь бичиж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш байсан гэнэ.

Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахин бичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан. Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээ илүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.

Унаж доройтсон сэтгэл бүтээн туурвих гайхалтай эрч хүчээр сэлбэгдэн тэжээгдэж улам чадалтай босч ирсэн гунигтай мөртлөө сургамжтай тохиолдол энэ билээ. Нэрт түүхчийн бүтээлийн замд хөндөлсөн саад болсон

энэхүү учрал заавал хийх хатуу шийдвэр гарган зүтгэвээс зорилтоо хэзээд гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.

Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоо татгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чинь хүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан ч хэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.

Ашиггүй хий хоосон яриа дэлгэх, зорилгогүй цаг үрэхийг өөртөө хатуу хоригло. "Өдөр бүр нарийн тооцоотой байж, алдагдсан минут бүрээ бодож цэгнэж бай. Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм" гэж германы зохиолч Томас Манн-ы бичсэнийг цээжилж аваад үе үе эргэн санаж байхад илүүдэхгүй.

Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшиг болон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чиний өнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугаа их үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэнд үлгэр жишээ болох ѐстой гэсэн итгэл үнэмшилээр утга төгөлдөр амьдрах хэрэгтэй.

Сайнд хүрэхийн тулд муугаа хая

2007 оны 06 сарын 13

Зорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэн зорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болон дутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа их Аристотель сургамжилсан.

Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хорт муу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй. Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөг чанар, хорт зуршил, согог дутагдлыг хувийн мэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газар авахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ѐстой. "Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянт хүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутам өөрөөсөө асууж бай" хэмээн Энэтхэгийн бүр эртний туульст өгүүлсэн буй. "Хүнд хичнээн сайн чанар байна бас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутай болдог" гэнэ. Хүний амьдралаас шахан зайлуулбал зохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэн нитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамаж хаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаа сөрөг муу чанарыг үлдэн хөөснөөр өөрт байгаа мунхаг үйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанар эрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон

зайг чөлөөлж өгч буй нь тэр. Он жил солигдон амьдрал урагшлахын хирээр оюун санааны чинь нөөцөд юу нь хуучирч урагшлахад саад болж байгаа, юунаас татгалзах хэрэгтэйг мэдэж мэдрэх билгийн мэлмийтэй байвал туйлийн сайн. Зэвэрч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй, биеэ хянах чадваргүй болтлоо доош унасан бол туйлаас муу. "Зэвэрснээс хигдэс болсон нь дээр" гэсэн үг ч бий.

Өөрт байгаа согог дутагдлыг хэдий чинээ удаан хүлцэн тэвчвэл оюун санааны ертөнц чинь төчнөөн ядуурч, чиний хувьд төдий чинээ муу болно гэсэн эгэл үнэнийг үргэлж санаж яв. Хүн сул чанараа захирч чадахгүй болсон цагт хувь заяагаа засах чадвараа алддаг. Энэ үеэс эхлэн сохор учрал, үгүй бол зориг шийдмэг өөр хүмүүсийн сэргэг ухаан тэднийг залж жолоодох болдог. Ийм учраас өөрийн ухамсарт амьдралаар амьдрая гэж хүсч байгаа л бол хүн сул чанараа таньж мэдэн, захирч засч чаддаг байх ѐстой. Хөнгөн хялбар амьдрал хөөцөлдөх нь бүх гэмт хэргийн 91 хувийн эх үүсвэр болдог гэсэн судалгаа байхыг олж үзсэн. Салан задгай, болгоомжгүй, өөрийн зан үйлд бодолгүй хөнгөн гоомой хандах нь ахуйн осол гэмтлийн 70 хувийг төрүүлдэг гэнэ. Сул талаа засахгүй бол түүний цаана ийм аймшиг, гамшиг хүлээж байдгийг эрхбиш бодож тунгаан, сайн чанараа бэхжүүлэх нь хүн байхын утга учир билээ.

Өөрөөс чинь илүү сайн амьдарч, сурч, ажиллаж, хувцасласан хүнийг харах бүрд сэтгэл өвдөн атаархдаг

болсон бол санаа сэтгэл чинь хордож, бие сэтгэлд чинь муу авир шүглэсэн байна гэсэн үг. "Төмрийг зэв идэхийн адил санаа сэтгэлийг атаархал хордуулдаг" гэж хоѐр мянга гаруй жилийн өмнө нэг ухаантай хүн хэлсэн. Атаач муу чанар хоѐр мянган жилд өөрчлөгдсөнгүй, хорт нянгаа үе залгамжлуулан халдаасаар өдий хүрсэн нь тодорхой байна. Атаа хорсол хүний хүн чанарыг дотроос нь мэрж сүйтгэн доройтуулдаг олиггүй согог билээ. "Хүн, хүн чанараа алдвал араатнаас долоон дор болдог" гэнэ. Тэгэхээр атаа жөтөө ягуухан яв явсаар хүнийг араатнаас долоон дор болгон хувиргах адтай хор мөн ажээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь хургасан бол түүнийг ялан дийлэн салахыг бод гэж өмнө хэлснээ давтая. Санаа нь байгаад сачий нь хүрэхгүй атаач хүмүүс бусдын түвшинд хүрэхийг чармайхаасаа илүүтэй атаархаж суух нь хялбар байдаг бололтой. Өөрөө амжилт гаргах гэж хичээхээсээ өмнө бусдын амжилтыг сааруулж, хүний нэр төр дээр сүүдэр хаяж, шавхай цацаж байх нь илүү амар хялбар байдаг шиг ээ. "Атаархлын далбаан дор үзэн ядах, гүжир гүтгэлэг, урвалт, далд хорон санаа залран ирдэг" гэж хэлсэн гүн ухаантны үг маргашгүй үнэн буюу. Хутган үймүүлэх, гүтгэн гүжирдэх гэдэг хорон дорой санааны хувь тавилан бөгөөд харин тийм өөдгүй хүний нүүр царай илчлэгдэн зэс гууль нь цухуйхын цагт олны хүндлэлийг хүлээх заяагүй болон хаягддаг билээ. Хорон санаат, гүтгэгч, урвуу үзэлт өөдгүй амьтан болж нэр нүүрээ барахгүй байж чадна гэж залуус хатуу андгайлан

тангараглах хэрэгтэй. Бусдын ийм байдлыг үзэн ядаж, жигшин зэвүүцэхийн зэрэгцээ өөрийгөө ч тийм булай явдлын нянд бузарлагдахаас сэргийлж байвал зохино. Гүтгэлэгийг үл хэрэгсэн, хов живийг үл дамжуулан, түүгээр хоол хийж зугаагаа гаргагчдад тохирсон хариуг хатуухан өгч, няцааж сур. Энэ бол ойр орчноо бузарлах бусармаг үйлдлээс хүмүүсийн санаа сэтгэлийг сэргийлэн эмчлэх "өдөрт нь эдгээдэг өнөн цагаан эм" гэдэг шиг сайн эм юм. "Бусдад гүжир үг шивэгнэгч тэр хүнийг гэрээсээ хөөж гарга" гэж эртний грекийн долоон ухаантны нэг Фалес сургасан. "Хов жив, гүжир гүтгэлэгийг сарнай цэцэг дээр ассан хорт өт адил хяргах хэрэгтэй. Ийм өт бол сайхан цэцгийн нимгэн булбарай талд нь нуугддаг юм" гэж өөр нэг гүн ухаантан айлджээ. Хов жив, гүжир гүтгэлэг, атгаг санаа залуу хүний дөлж тойрч, хол явбал зохих муу араншин. Тэдгээртэй нэр төрөө бодон шийдвэртэй тулалд, муугаас салахад нь бусдад тусал, өөрийнхөө бүтэлгүй муутай байнга тэмц, тэгээд гай түйтгэрийн шалтгааныг өөрөөсөө эхлээд хайж сурах хэрэгтэй. Тэгж чадаж байвал зүрх сэтгэлд тань сайны үр үржин төлжсөөр байх болно. Нэгэн нэрт жүжигчнээс таны аз жаргалын нууц юунд байдаг вэ? гэж сэтгүүлч асуухад "Атгаг санадаггүйд" гэж хоѐрхон үгээр хариулсан байна. Атгаг санаагүй хүн аз жаргалдаа умбаж суудаг ажээ.

Өөрийгөө шинжин таньж, тааруу муу араншинг биеэсээ зайлуулж чадаж байвал сайн сайхныг зорьсон эрхэм

зорилгодоо хүрэх өргөн дардан замаа засч байна гэсэн үг ээ. Сайнд хүрэхийн тулд муугаа хая.

Гурван тахалаас хол байя

2007 оны 06 сарын 18

Монгол улсын Ерөнхийлөгч бөлгөө Нацагийн Багабанди манай сониноор дамжуулан хүүхэд залууст үгээ хүргэж байгаа билээ. Эрхэм уншигч танд Титэм үгийн ээлжит дугаарыг барья.

Залуу анд минь. Хүн төрөлхтний заналт дайсан гурамсан тахлаас од шиг хол бай гэж би чамд зөвлөх байна. Юун гурван тахал билээ? Цагаан тахал - хэмээх хар тамхи. Усан тахал - архи. Утаат тахал - тамхи.

Энэ гурвын аль аль нь жаргах замын чинь садаа, жаргалтай амьдралын чинь хөнөөл. Гурваланд нь шунан дурлаваас хүний төрлөө орхиж мал амьтнаас долоон дор амьд сүг болон хувирлаа гэж тооцож болно. Гайхал гурав хүмүүний ертөнцөд хөнөөлт хороо цацан, хэрэглэсэн хүнээ нэг мөр дуусгаж, хүрээгээ улам тэлсээр, аюул нь ихэссээр байна. Тахлын нян шинэ зуунд залуусын заналт дайсан болон тархаж олон толгойтой мангас шиг та нарыг залгихаар амаа ангайн, араа шүдээ ярзайлгаж байна. Энэ гурав хоорондоо тэс ондоо хор боловч хэрэглэсний дараа амсах хохирол нь нэг загвараар үйлдсэн юм шиг ижил байхыг нь яана. Хүний хамгийн нандин эрдэнэ болох эрүүл мэндийг түйвээж насыг богиносгоно. "Архи арван насыг авна. Тамхи таван насыг авна" гэж өвөг дээдэс сургамжлан үлдээсэн. Намба төрхийг алдагдуулна, зүс царайг

доройтуулна. Хэрэглэсэн хүнээ өөртөө зугуухан татаж чангаан, дасгаж уусган оруулсаар хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болгон донтуулдаг адтай, чөтгөрийн хүнс юм. Гэр бүлийн эдийн засагт учруулах хохирол нь даанч харамсмаар, огт хэрэггүй үрэлгэн. Өөрийн эрүүл мэндийг хохироохын зэрэгцээ гэр бүлийн хамгийн ойрын хүмүүсийнхээ сэтгэл зүйг хордуулагч, тайван амьдралыг бусинуулагч дайсан юм. Тийм болохоор залуус та нар тэдгээрийг шохоорхон сонирхох нь бүү хэл нэр гуншинг сонсохын ч хэрэг байхгүй, дөлж тойрч яв.

Эртний жүүдүүд хүний гэмт хэргийг ямаанд тохон ямааг золигт гаргадаг уламжлалтай байсан гэдэг. Хар тамхи, архи, тамхинд шунан дурлагч залуу золиосны "ямаа" болгох цаазын тавцан руу өөрийгөө хөтөлж яваагаа эрхбиш ойлгох учиртай. Хар тамхи гэгч тахлын сураг чимээ Монгол хүнд алсын алсад, долоон уулын цаана хуралдан буй аадрын үүл мэт төсөөлөгддөг байсан нь саяхан. Мансууруулах бодис гэгч аюул манай хаалгыг тогшиж эхэллээ шүү, аюулаас сэрэмжлээрэй гэж би хэдэн жилийн өмнө хэлж сануулж байлаа. Өдгөө зарим айлын гэрт ороод иржээ. Хэний хаяа хатавчинд, хэний гол хойморт хилэнц түйтгэрийг хоцроолгүй дагуулан тухалсан гэдгийг анзаарч мэдэж, айж түгшиж байгаа хүн байна уу? Хар тамхи гэгч шүд цагаанаас үс буурал хүртэл бүх насныхныг донтуулдаг ад зэтгэрийн хор билээ. Хамгийн түрүүнд юу ч мэдэхгүй, төлөвшиж томоожоогүй, цэцэг цэврүү шиг охид хөвгүүдийн гэнэн шохоорхол, гэмгүй цайлган зангаар дамжин нэвчиж,

хааш нь ч хөдөлгөхгүй занга мэт хүлж авдаг тамын ѐроол мөн юм. Хар тамхи газар авбал үүдээрээ оруулсан айл гэр бүү хэл угсаа, үндэстэнд аюул учрах гай барцад үүснэ. Түүний дагуулах хар мөр, гамшиг тахал хил хязгааргүй бөгөөд хэмжээ тооцоогүй. Хар тамхи үгүйрэл хоосролд хөтөлнө. Хүн чанарыг хордуулна. Хулгай зэлгий, дээрэм тонуул, хүчирхийлэл гээд ерөөс муу муухай болгоныг сүүдэр мэт дагуулдаг нүгэл үүрэн төрсөн ороолон гэлтэй. Ухаан мэдрэлтэй, нэр төр, удам судраа мэддэг, бас боддог залуу хүн энэ цагаан тахлын нянгаар халдварлахгүй байхыг эрхэмлэн хичээх хэрэгтэй. Чадах уу, эс чадах уу, хүн байх уу, араатан болох уу гэдэг нь зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Архи аминд харш. Архинаас аюул. Сархадаас самуун. Архичин хүний өвөр хоосон. Монгол зүйр цэцэн үгийн тунгаамал далайд энэ мэт үгс маш олон. Бидний ухаант өвөг дээдэс архины хор аюулыг сануулан сэрэмжлүүлэх оюуны өв сангаа үе дамжуулан үлдээжээ. Санаа сэдэл авч архинаас хол яваасай гэсэндээ залуус та нарт энэ бүхнийг хэлж байгаа хэрэг ээ. Сэтгэл зохист ааш хийгээд яриа хэл түвшин архичин байна гэж сонссон уу? Үгүй ээ. Харин ааш нь адсага, яриа хэл нь авах юмгүй, сэтгэлд өгүүлж гүйцэшгүй гачилант, хүн төрхөт адгуус архины лонх тэврэн сүүтгэнэхийг түүний зовлон гамшигийг ойроос амссан хүн бүхэн мэднэ. Өнөөдөр эрүүл ирэх болов уу, дахиад л согтуу ирэх болов уу гэж айж түгшин, царайгаа барчилган барайлгасаар хүлээх гэр бүлийн гишүүдийн мөнхийн дарамт хичнээн зовлонтой, бэрх хатууг өгүүлж баршгүй. Нийлж дарвин уулаа гэх. Уйдах

хийгээд магад гансрах үүднээс сэтгэл юугээ тайтгаруулан балгав гэнэ. Баяр ѐслол, хөөр цэнгэлээ тэмдэглэн, хавтгайран наргих нь нийтийг хамарсан ѐс бус заншил болон тогтов. Өвдөг сөхрөм зовлонд сэтгэл гутарснаа хөнгөлөн нимгэлэх зорилгоор архидсан гэж гэмээ цайруулахыг оролдоно. Жаргалдаа ташуурч, ужид самуунд автан согтуурах нь хавтгайрав. Гэр орны аар саархан үг сөргөлдөөнийг дааж чадахгүй тунирхан, гунигаа гашуун усаар тайлан замрах хөнгөн явдалтнууд хөлхөлдөнө. Аль нь ч өмөөрч өөгшүүлж боломгүй, амьдралаа уух хар замд ачаа бараагаа баглан гарч, гуйвж дайван гэлдэрч байгаа гунигт тавилангийн эхлэл. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэх магтах муулахыг хослуулсан цэцэн үг бий. Архи хийсэн лонх согтож гуйвсан удаа үгүй. Харин уусан хүнээ л согтоон дийлдэг шулмын унд бол архи билээ. Уудаггүй хүнд архи хамгийн намуун томоотой идээ. Хэтрүүлж хэрэглэвэл хор, байнга хүртвэл балаг, донтож уувал үхэл. Архи амьдралын дайсан. "Хундага сархадаас булш хүртэлх зам богинохон". Архины ид шид ийм болой. Ухаан санаа, эрүүл мэнд, мөнгөө архитай хамт уудаг. "Архичин хүний зүрх алаг цоохор. Тамхичин хүний уушиг тарлан цоохор" гэсэн үг бий. Ухаант залуус та нар усан тахал - архинаас алсын алс хол байж, түүний хорлонт, хөнөөлт аюулаас өөрийгөө өмгөөлөн хамгаалах чадвартай байгтун. Муу зуршлаа орхин, олхиогүй дадлаа хаяж, дутагдлаасаа салах нь хүний дайтай амьдрахын нэг гол үндэс билээ. Өөрийгөө зориуд хорлохоор санаатай зээлдэн авсан олиггүй согог бол тамхи татах хорт зуршил. Тамхинд

орсон учир шалтгаан янз бүр байдаг гэсэн. Дарвиж хөөрцөглөх, саваагүй аашлах, оройн цэнгээний газар маяглах, шалихгүй шалиг зангийн шохоорхол, том хүний хэмжээнд харагдах гэсэн хүсэл, заримдаа уйтгар гуниг, ганцаардал, турах хүслээр гэх мэт түмэн зүйл учир хэлэх. Харин шалтгаан нь ямар ч байсан төгсгөл нь ердөө л гуниг зовлон, багтраа, мэнгэр, ходоодны шарх, зүрх судасны доголдол, улмаар хорт хавдар. Тамхичин хүний гэдэс дотор бие, эд, мөнгө бүхэлдээ шатаж утаа болон замхарна гэж туркменчүүд зүйрлэн ярьдаг. Нэг хүний хорин жилийн татсан тамхины зардал сайн машины өртөгтэй тэнцэнэ гэж эдийн засагчид тооцсон байна. Та ч гэсэн хэдэн төгрөгний тамхи татав, дахиад 5-10 жил татахад хэдийг үрэх вэ? гэдгийг багцаалан тооцоод, түүгээрээ юу худалдан авч болохыг бодож үзээрэй. Энэ бол олиггүй дадлын чинь зөвхөн эдийн засгийн багцаа тооцоо. Дээр нь өөрийн эрүүл мэндийг сүйтгэж байгаа, бас хамгийн хайртай хүмүүсээ хордуулж байгаагаа нэмээд бодоорой. Янжууртай хамт амьдралынх нь мөрөөдөл утаа болон хэрхэн хувирсныг олж харсан үедээ хүмүүс тамхийг хаядаг гэж сэтгэл судлаачид өгүүлдэг. Өөрийгөө тэвчин барих аргыг тууштай эзэмшиж чадвал мулгуу тэнэг зуршлыг хаяж орхих замыг чинь лавтай заагаад өгнө. Өвчтөн эм уухыг хүсэхгүй байгаа бол хамгийн сайн эм байлаа ч түүнд тус болж чадахгүй. Түүний нэгэн адил хорт зуршлаасаа салая гэж өөрөө хүсэхгүй бол хамгийн ухаантай зөвлөгөө ч тус болж эс чадна.

Гурван тахлаас хол байя гэж залуу анд минь өөрийгөө чандлан, хичээгээрэй.

Сайн хүн

2007 оны 07 сарын 31

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. "Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм". Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.

Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.

"Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй" гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан

турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. "Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна" гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.

Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? "Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа". Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоѐр багана, тулах бат тулгуур мөн. "Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм". Санаа сайтай хүн - сайн хүн. Эртний Герегийн нэгэн сэтгэгч "Хамгаас сайн үйл юу вэ?" гэдэг асуултыг өөртөө тавиад "Хийж байгаа ажлаа сайн хийх" гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ѐсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн - сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. "Хий ярихаас хийж үйлдэх нь чухал". Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн - сайн хүн. Германы гүн ухаантан

А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий. "Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс". Өөрт сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. "Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн" гэж А.Линкольн тодорхойлжээ. "Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ѐстой" гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан.

Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ѐс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоѐрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг.

"Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй". Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноѐн

оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа. Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. "Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ". Энэ бол гайхамшигт "Үүлэн зардас"-ыг бичсэн суут Калидасын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна. Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ.

Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй.

Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно. Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. "Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй" гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз. Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус,

сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн. Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү.

Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ. Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.

Мөс сайтын мөр цагаан

2007 оны 08 сарын 07

Үүний өмнө сайхан сэтгэлийн тухай ярьсан. Өнөөдөр хүний мөстэй байх талаар ярина. Сайхан сэтгэл, хүний мөс хоѐр төрсөн ах дүү, эгч дүүс юм. Сайхан сэтгэлт хүмүүс хүний мөстэй байх нь саруул орчлонд сар, од хоѐр хамт гэрэлтдэгтэй адил. Хүний мөстэй хүн сайхан сэтгэлтэй байх нь маргааш өглөө наран мандана гэдэгтэй ижил, хувиршгүй үнэн билээ.

Хүний мөстэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, сайн хүн. Хүн чанартай, ханилгаатай нөхөр. Хүний мөсийг төрмөл, заяамал шилдэг шинж чанар гэж үзэх нь бий. Эцэг эх, байгаль эхтэй хамтран харамгүй хайрладаг дээд араншин бол хүний сайн мөс чанар мөн. Төрмөл заяамал хүний мөстэй хүн ямар ч үед үл хувиран, нэг л шилмэл төрхөөр хорвоог туулах тавилан тэгш хүмүүн билээ. Хүний мөс гэдэг нь олдмол араншин гэж үзэх нь ч бий. Хүмүүс хатуу хорвоогийн бэрх замыг туулан шигшигдэхдээ хүний мөс сайтай, хүний мөсөөр барагтайхан гэсэн хоѐр хэсэгт хуваагдах мөртлөө хоорондоо холилдон сүлэлдэн амьдрах бөлгөө. Хонгорхон булбарай цэцэгсийн дунд хогийн ургамал соѐолдогтой адил хүний мөстэй хүмүүсийн дунд хүний мөсөөр барагтайхан нь бас хөлхөлдөнө. "Өөдтэй гэдэг бүхнээ уруугийн сүүдэрт хиртээсэн" хэсэг нь хүний мөсгүй авирлах болдог. Өс атаанд хорлогдсон хүнийг мөсгүй сэтгэлтэн болох гунигт тавилан угтан тосч

байдаг. Сэтгэлийн буруу муруйгаа тэгшлэхгүй зөнд нь орхисноос хүний мөс цөвтөх хүсэшгүй зам руу хальтран орох нь түгээмэл.

Дэм дэмэндээ амьдарсаар ирсэн нүүдэлчин удамт монголчуудын дийлэнх нь мөс сайтай. Арын мод алагтай цоогтой, аавын хүү сайнтай муутай байдаг болохоор хүний мөсгүй загнах хүйтэн цэвдэг араншинтан хорвоод бас цөөнгүй. Хүний мөс хэмээх шилдэг зан араншин бол амьдралд олдох хамгийн дээд үнэт эрдэнэс мөн. Хүүхэд залуус Та нарыг хүний мөс сайтай, хамгийн дээд үнэт эрдэнэсийн эзэд байгаасай гэж хүсэж байгаа юм.

Монголчууд сайн хүний үр, саальтай гүүний унага гэж ярьдаг нь учиртай. Удмаараа хүний мөс сайтай хүмүүс хүндлэл сайтай, хүрээлэл өргөнтэй. Тэд голцуу удам залгасан төрмөл заяамал хүний мөстэй хүмүүс. Удам дамнасан шилдэг зан араншин удавч өнгө нь үл хувирах шижир алт лугаа. Ах сайтын дүү цэцэн гэдэг билээ. Сайн санаат ах нь сургаж сайн оюут дүү нь сонссоор цэлмэг ухаантай, цэцэн билэгтэй болох ѐсон бий. Хүний сайн чанаруудыг өөрт шингээх хичээл оролдлого гаргаж хураан хуримтлуулсаар мөс сайт хүн болох боломж залуу хүн бүрийн гар хүрэх газарт хүлээж байгаа. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Хаяж гээх муу зан надад юу бий билээ, хамаж цуглуулах сайн араншинг хаана хэнээс зээлдэхэв гэдгээ сайтар бодож тунгаасан байх шаардлагатай. Сайн санаатныг бурхан дагаж, муу санаатанд чөтгөр шадарлаж явдаг гэдэг болохоор

бурханд ойр байх уу, бугтай нөхөрлөх үү гэдгээ шийдэх нь эрхбиш өөрийн чинь хийх сонголт.

Нийгмийн байр суурь нь ямар ч байлаа гэсэн сайн авир араншинт хүн зөвхөн түүгээрээ хүндлэл хүлээмүй. Зан араншингийн хүч эд баялгаас ч илүү. Шилдэг мөс чанар нь хорвоогийн итгэлийг гартаа оруулах өв хөрөнгө юм. Мөс сайт эрхэм булт олныхоо бахархал байдаг нь асч буй галыг харахаас ч илүү тов тодхон үнэн билээ. Хүний мөс гэдэг гайхалтай эрхэм нандин чанар, хамгийн сайн онцгой шинж мөн. Аливаа юм элэгдэх хорогдох, өвөгрөх ховордохын босгыг үргэлж алхаж байдаг бол мөс сайтын хүн чанар мөлийж хорогдоно, элэгдэж хуучирна гэж үгүй билээ. Хүний мөстэй хүн бусдын төлөө өөрийгөө зориулахад ямагт бэлэн. Бусдад туслах нь тэдний заяамал ариун үүрэг мэт. Тэдний санаа сэтгэл нь хүний төлөө байнга хөглөгдөж байдаг. Тэд ямар ч үед түшиж тулах, найдаж хандаж болох найдвартай хүмүүс. Итгэл даах эрхэм хүн. Хүний итгэлийг хүлээнэ гэдэг амаргүй. Итгэж явсан нөхөр нь итгэл алдах шиг аймаар зүйл энэ хорвоод үгүй. Хүний халуун цэвэр сэтгэл рүү хүйтэн бохир ус цацаж буй мэт итгэсэн хүн нь худалдах шиг аюултай дайсан үгүй. Харин мөс сайт хэзээ ч, хэрхэвч ийм үйлдэл хийдэггүй юм. Хүний мөстэй хүмүүс бусдад тусалснаа мартаж, харин бусдын тусыг үргэлж санаж байдаг. Тэд хүний хийснийг үнэлж, өөрийн хийснийг чамлах хачин гэмээр зантай ч хайрлахгүй байхын аргагүй, онцгой хүмүүс.

Ядарсан нэгнээ түшин тулж, зовсон нөгөөгийнх нь зовлонг хуваалцаж, тус дэм хэрэгтэйд тусалж дэмнэн, урагштай ахицтайг нь урмаар тэтгэж байдаг нь мөс сайтуудын нийтлэг шинж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг монголчуудын нөхрөө таних шалгуур үг. Чадал бололцоотой мандаж явахад ч, чадруу бололцоогүй гундуу үед ч нэг л аашаараа, байсан төрхөөрөө хандах нь мөс чанар сайтын төрөлх зан бөлгөө.

Мөстэй хүн ширүүн хатуу үгээр нөхдийн сэтгэлийг сандаагаад байдаггүй, сэтгэлд шингэх үнэн үгтэй. Зөв итгэл баримтлалтай. Эрүүл саруул сэтгэлгээтэй. Ихэд хичээнгүй, илүү дутуу авиргүй. Гүйлгүү хэрсүү ухаантай.

Шилдэг авир араншин асар их нөлөөлөх хүчийг өөртөө агуулж байдаг. Сайныг дагавал сарны гэрэл гэж ярьдаг нь ийм учиртай. Тэд шилдэг сайн чанаруудаараа хүмүүсийн хүндлэлийг хураан цуглуулж чаддаг юм. Тэдний үйлдэл, хөдлөл бүхэн чухам энэ үнэнийг батлахын тулд төрсөн мэт байх нь үзтэл бахархам, өгүүлтэл бахдам.

Цаг хугацаа, цаг үе хүний мөсийг шалгана. Цөвүүн цаг хүний мөс чанарт цөв суулгах нигууртай. Жинхэнэ яс мөс сайтай хүн цагийн саальтад ааш зангаа хувиргахгүй, авир араншингаа өөрчлөхгүй ээ. Цагийн аясаар өнгө төрхөө хувилгаад байгаа бол уг язгуур нь тийм байжээ гэж л ойлго. Сайтар халхалсан багтай байсныг нь цаг үе хуу татан хаяж байгаа болохоос цаг үе хүний мөсийг тэгтлээ өөрчилж байгаа биш байж магад. Ер нь улааныг

үзээд урвагнах, шарыг үзээд шарвагнах нь сайны шинж огт биш.

Хүний мөс чанар муудаж байна гэж хавтгайдаа ярих болж. Олны үг ортой гэдэг. Тийм бол юутай их харуусал. Хүн мөсөө алдуул мал шиг өөрөөсөө дайжуулж болохгүй, алдаж гээх ѐсгүй гэдгийг дотор сэтгэлдээ шившин шивнэн хэлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний мөс хэмээх аугаа их, ариун тунгалаг орон зайд хүн байхын гол үнэт зүйлс чандмань эрдэнэ мэт хадгалаастай байдаг юм. Хүний мөсөө гээгээгүй хүн бусдын өмнө нүүр бардам, олны дунд толгой цэх алхана. Бусдаас ичихгүй, хүний нүүр эгц харахтайгаа амьдарна гэдэг бол хүний нэр төрийн хамгийн наад захын хэмжүүр билээ. Би ч хүнээ алджээ, хүний мөсөө гөвж гүйцлээ гэж бодож чадаж байгаа бол муу биш, харин ч боломжийн бодол. Чиний толгойд хүний мөсөө сэргээх саруул ухаан урсан орж ирж байна гэсэн үг. Зүүний сүвэгчин чинээ нүхээр ч нарны гэрэл тусдаг шиг дотор сэтгэлд чинь итгэл найдварын дөл бадарч эхэлж байна гэж сайнаар бод. Сайн мөс чанараа эргүүлэн авчирч чадаж байгаа чамайг "харах гээд зовхи нь даагдахгүй" байсан ойр тойрныхон чинь бахархалын харцаар цоо ширтэхийг мэдрэнэ аяндаа^үд хардаг хирнээ толины тусламжгүйгээр духаа харж чаддаггүйтэй адил хүн гэмээ мэдэхгүй байх нь түгээмэл. "Өрөөл бусдын алдаа мадаг нүдэнд шууд тусдаг бол өөрийнхөө алдаа мадгийг олж харах хэцүү. Өөлж бусдын нүглийн цууг, дорхноо л тараачихдаг мөртлөө өөрсдийнхөө нүглийг бид, гартаа буй даалууг

нуух мэт хав дардаг билээ". Тийм болохоор нөхрийн алдаа мадгийг нүүрэн дээр нь шууд ил хэлж сур. Үнэн үг гашуун ч гэсэн эм гэдэг шиг тус болно. "Алаг эрээн хорвоод, амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл" гэж сургасан ухаантны үгийг амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Хүний мөсөө гээхгүй амьдрах шиг аз жаргал хүй хорвоод үгүй билээ. Мөс сайтын мөр цагаан.

Хүн чанар

2007 оны 08 сарын 29

"Байгаль дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм". Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд "хугараагүй ноѐн нуруутай" аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай. Хүн чанараа гээгээгүй хүмүүн чухам аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох юм.

Хатуу хүтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүдчин туулахдаа хүн чанараа дусал дуслаар, ямх сөөмөөр хаяж гээн, нөхөж авалгүй дутаасаар төрөлх хүн чанар нь төрөл арилжиж, нүгэлт ертөнцийн сүүдэрт нуугдан хоргодон амьдрах дутуу тавилан цөөнгүй хүнд тохиодог. Энэ бол харамсавч үл барах үйл лай ажээ. Тэд аз жаргалын гайхамшигийг хүний дайтай амсаж чаддаггүй нь харамсалтай. Яагаад гэвэл "Хүн чанараа алдсаны шарх хэзээ боловч аньж эдгэдэггүй". Аньж эдгээгүй шархтан аз жаргалыг эдлэх нь бүү хэл үргэлжийн зовлон шаналан дунд шар өдөр, бор

хоногийг гунигтайхан өнгөрөөх нь ойлгомжтой. Хүн чанар гэдэг нь хүний сэтгэл, үйлдэл дэх сайн сайхан бүхний цогц, хэм хэмжээ юм. Хүн чанарыг хуульчлан тогтоож, тунгаар хэмжиж, жингээр тодорхойлж болохгүй ч амьдралын бичигдээгүй хууль хүн чанарын үнэлгээг алдаа мадаг багатай тодорхойлж өгдөг нь бодитой юм. Хүн чанараа гээгээгүй тэр эрхэм хүн, хүний дээд билээ. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсч, даван гарч чадсан нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлдэнэ. Амьдрал баян, жаргал зовлон хослон байдаг болохоор жаргалдаа ташуурч хүн чанараа алдах нэгэн байхад, зовлонд сөхөрч хүн чанараа баллах нөгөө нь тааралдана.

Жаргал даахгүйн зовлон гэж бий. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь халагламаар. Хэтэрхий тансаг амьдрал хүн чанарыг өгөршүүлэн өмхрүүлдэгийг чадал бололцоондоо эрдэж яваа залуу хүн бүр санаж сэрж байгууштай. "Алган дээр бэлхнээ чулуудаад өгсөн аз жаргал гэдэг аюултай, бүү автугай". Бага залуудаа "ѐстой хөөрхөн хүүхэд" байснаа өнгө мөнгө, эрх мэдэлд хууртан хүн чанараа гээж орхин томорсоор "ѐрын муухай амьтан" болох ч учрал бий. Мөнгө гэдэг адтай. Нанчид ахиу хүртдэг хүмүүс архинд донтдогийн нэгэн адилаар мөнгөнд хэт шунавал донтон, хүн чанараа

алдах аюултай. Мөнгөнд шунан дурлаж, олсон хэдийгээ буруу зүйлд заран замарвал хүн чанар сэвтэх зам руу хальтран гулсан орох болно. Өчигдөрхөн сайн хүмүүжилтэй, боловсон мэт байсан хүмүүс араатны шинжтэй, шуламын төрхтэй, хуурч дээрэмдэхэд бэлэн этгээдийн дүрд нүд ирмэх зуур хувилах нь хүн чанараа алдсаны шинж. Тэд нүдний өмнө цатгалан ихэмсэг царайлан төрөл арилжиж, нүглийн эзэд болон тодрох нь харамсмаар. Ийм муу юмны ад шүглэсэн хүмүүсийн харц нь хүртэл нэг л ондоо, харваас хуурамч, хорон муу санаатай, бүхнийг үл тоомсорлож, өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, цаанаа л нэг чөтгөрийн гэмээр төрхтэй болж догширдог. Өөрийн хэрэг бүтэж байвал өөр бусдынх хамаагүй гэж үздэг болсон бол хүн чанар чинь хол орхигдон хаягджээ гэж мэд. Хүмүүс өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ өрөөл бусдын амьдралд өөрийнхөө сүүдрийг унагахгүй байхыг чармайх хэрэгтэй аж.

Эрх мэдэлд бялууран, түүний боол болсон хүмүүс хүн чанараа хүсэшгүй муухайгаар доройтуулдаг. Гагцхүү эрх мэдэл, ямар ч үнээр хамаагүй олж авсан эрх мэдлээс өөр юм бодолгүй ангасан мал ус руу гүйж байгаа шиг зүтгэвээс хүн чанараа хөсөр хаяж орхино. Ер нь эрх мэдлийн амтыг мэдэрсэн хүн баланд дурлах зөгий мэт түүнээс буцдаггүй гэдэг. Эрх мэдлээ хуулийн гадуур ашиглагчид хуулийн дээгүүр алхан байж хүсэл шуналаа гүйцэлдүүлнэ. Тэдний эрх мэдлийн хадуурын ирэнд гэм зэмгүй, мөрөөрөө хүн ард хуурай өвс адил хяргуулан хохирох нь түүнд юу ч биш мэтээр хүн чанар нь

доройтдог. Эрх мэдлийн залуур дээр суугаа хэн боловч түүнийгээ буруу тийш нь залваас бусдад нөхөж баршгүй гай тарьж, өөрийн хүн чанарыг шавар шавхайтай хутгана. Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана. Хүн чанараа гээсэн этгээд энэ яваа насныхаа намтарт адгийн муугийн тамга даруулдаг нь харамсалтай. Адгийн муугийн "хар тамгатай" хүмүүсийн гол шинж нь шунал юм. Тэгэхдээ бүр арвич хямгач ч биш, тооцоотой ч биш, харин төрсөн эхээ ч мөнгөний төлөө худалдаж чадах гаж шунал. Ийм төрлийн хүмүүсийн хүн чанар шалдаа унаж, өөрийгөө тамлан зовоох түвшинд хүрэх нь элбэг. Тэд буруу замаар мөнгөжих, дахин дахин луйвардан цуглуулах шуналт хүсэлдээ бүрмөсөн автан уусаж, өөрөөсөө ч бүхнийг харамлан, хав дарна. Эд нар мөнгөөр эрх мэдэл олж авах, улмаар эрх мэдлээ мөнгөөр аргамжиж авахыг хүснэ. Мөнгөнд мөргөн сөгдөж, эмэгтэй хүнийг хайрлах хайр хажууд нь исгэрээ мэт хоосон санагдахуйц тачаан, хамаг хайраа мөнгөнд зориулна.

Шунал бол бурханы ном сургаалд ч, хүний ѐсонд ч харш, сэтгэлийн өвчин. Шунаг хүн тачаангуй халуунаар хайрлах чадвартай ч түүний энэ хайр нь бурханы бүтээсэн бусдыг хайрлах ариун ѐсноос тэс ондоо, гажууд байдаг. Шуналтан бурханы талаар өөд уруугүй ярьж, тэр ч бүү хэл бурханы сургаалиас ишлэл аван цэцэрхэж, бусдыг зүй ѐсоор амьдрахад сургамжлах боловч жинхэнэ бурханд биш, өөрт нь эрх мэдэл, баялгийг

дуудан авчрахыг мөрөөдөн буй "мөнгө хэмээх хуурамч цаасан бурханд" сэтгэл итгэлийн угаас хайртай болсон байдаг. Тэд яваандаа нүглийн тулам болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, удирдах байр суурьтай эдгээр нүгэлтний учруулах хор хөнөөл хэд дахин, үсрэн дүүлэн өсдөг учраас нэн осолтой. Шуналын гаж дон, хомхой сувьдаг сэтгэл нь хүн чанарыг доройтуулан мөхөөх аймшигт хор мөн тул түүнийг хар дарсан зүүдэндээ ч үзэхгүй тайван амьдрах эрүүл бодол залуу хүн бүрийн ухаан санаанд мөнх хадаастай байг.

Юу ч тохиолдлоо гэсэн хүний үнэргүй новш гэж хэлэгдтэлээ хэтэрхий доош унах хэрэггүйг хүн байна даа эрхбиш бодож явбал зохилтой. Сэвтсэн хүн чанарыг бурханы гэсгээл ч гэж нэрлэх нь бий. Хүн чанараа сэвтээснийхээ төлөөх гэсгээлийг амьд ахуйдаа хүртдэг нь тойрон өнгөрөхгүй, дайран гарах гунигт тавилан юм.

"Хэнийг ч үл ойшоон, хэнийг ч үл тоомсорлон, хүн бүхнийг буруутайд үздэг тийм хүмүүсийг та сайтар ажвал тийм л хүмүүс хэнд ч тоогддоггүйг мэдэх вий". Яагаад гэвэл тэд хүн чанараар тун дульхан болчихсон байдаг юм. Хүн чанараар дульхан хүмүүс хүндлэл хүлээнэ гэж үгүй, хэнд ч тоогдохгүй, хорхойд идэгдэн өгөрч хатсан ганц мод шиг торойн хоцорно. Тийм болохоор л хүн чанараа яасан ч сэвтүүлж болохгүй гэж хэлээд байна.

Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд чанар билээ. Нинжин сэтгэл - хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга.

"Нинжин сэтгэл бол зөөлөн, намуухан эрхэм чанар юм". Зүйрлэн хэлэх юм бол эхийн сэтгэл л гэсэн үг. "Нинжин сэтгэл нинжин биш сэтгэлийг заавал ялна. Энэ бол ус галыг ялахтай адил. Харин эдүгээгийн нинжин сэтгэл гаргагчдыг хараад байх нь ээ, нэгэн дусал ус барьчихаад асч буй нэг тэрэг модны галыг унтраах гээд байх юм". Өрөвч сэтгэл нь нинжин сэтгэл хэмээх өргөн дардан замын эхлэл. Монголчууд зовсноо өрөвдөж, жаргалыг билэгдэн "жаргал зовлонгоо хуваалцах" хэмээн ѐс зүйн гүн ухааны ундаргыг тодорхойлдог. Энэ нь ардын гүн ухааны торгон шүүлтүүрээр шүүгдэн тунгаагдаж, олон үе дамжин зөвхөн хэлэгдэн яригдах биш, хэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн ѐс зүйн хэм хэмжээг тодорхойлогч хэллэг болон хөдөлшгүй тогтсон авай. Адам Смит ѐс зүйн гүн ухааны эхлэл суурийг "зовлонг хуваалцах" гэж нэрлэсэн. Тэгвэл түүнээс аль эрт дорнын нэгэн гүн ухаантан "Нинжин сэтгэлтэй хүн зовж шаналсан хүнийг хэзээд өрөвдөнө" гэж хэлсэн байна. Хүн чанартай эрхэм хүн өрөвч, нинжин сэтгэлтэй байх нь маргашгүй үнэн бөлгөө. Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар орчлонд хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалж явцгаа!

Номтой нөхөрлөе 2007 оны 09 сарын 12 - Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол... - Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу?

- Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу?

Хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчид эрдэм номын гэрэлт өргөөндөө цуглан буй цаг мөч дор номтой нөхөрлөх тухай бүхний мэдэх сэдвээр ярьюу гэж зориглов.

Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соѐлын асар их хөгжлийн эхийг тавьсан гэгээн түүхтэй. Номын нэр нь "Алмаазан судар". Энэ үеэс ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор ирэв. Бидний үеийнхэн "ном бол ертөнцийг харах цонх мөн" гэдэг үгийг шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Зөвхөн цээжээр хэлж цэцэрхэх төдий ч биш ном хэмээх гэрэлт цонхоор ертөнцийн түмэн зүйлийг харж мэдэхийг хичээдэг байлаа. Олон ном уншсан хүүхэд "номын сайн нөхөр болно. Түүнээсээ ахиад "Д.Нацагдорж тэмдэгтэн" болчихвол бүр ч мундаг. Номтой нөхөрлөхийг ийнхүү

хөхүүлэн дэмжиж, урамшуулан тэтгэдэг байж. Бахархан дурсмаар зөв бодлого. Хүүхэд, залуус ном унших нь багаслаа гэж багш нар сэтгэл зовнин өгүүлэх болов. "Уншихаа боливол сэтгэхээ болино". Сэтгэхээ боливол хөгжил зогсоно. Үндэстэн доройтно.

Залуу андууд минь ном амтархан уншицгаа. Гэхдээ тааралдсан ном болгоныг толгой дараалан уншаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгтэй номоо уншиж, хэрэг болох зүйлээ авч сурах тухай зөвлөж байна. Ийм чадварыг номтой найзалсан залуу хүн болгон аяндаа чадамгай эзэмшинэ. "Ертөнцөд сайхан ном олон байдаг. Гэвч тэдгээр нь гагцхүү түүнийг уншиж чаддаг хүмүүст сайхан юм". Ном, шимтэн дурласан, уншиж нөхөрлөсөн хүндээ юугаар ч орлуулашгүй үнэт эрдэнэс. Тиймээс ч аугаа их В.Шекспир "Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй" гэж хэлсэн биз ээ.

Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол номтой хамгийн ойр шадарлан нөхөрлө!

Ухаан далай номноос эхтэй. Ном хэмээх хөлөг онгоцонд тухлан сууж ухааны хөлгүй далайгаар хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин, цэнгэлийг эдлэх боломж өдгөө залуу хүн бүрт тэгш заяасан байна. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаа. "Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн" гэж гүн ухаантан Ф.Бэкон хэлсэн. Эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны энэ хосгүй хөлөг онгоцны зорчигч байж

чадахгүйгээр бага, залуу насаа илээвэл чиний амьдрал бүхэлдээ утга учиргүй, баяр цэнгэлгүй өнгөрнө.

Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу? Ном дотор ариун эрдмийн тариа будаа халиуран шаргалтан найгаж байдаг юм. Болц нь гүйцсэн тэрхүү тариа будааг гагцхүү номын садан болсон ухаант хүн л хурааж нөөцөлж авна. Номноос мэдэхгүйгээ олж мэднэ. Сонсоогүйгээ сонсоно. Амьдралын гэрэл гэгээ, эрээн бараан бүхнийг ном чамд таниулна. Ухаарал өгнө. Тунгааж эргэцүүлэх, жишин харьцуулах, ургуулан сэтгэх зай цэнэгийг номноос хураан цуглуулна. Гоо сайхны үлэмжийн таашаал хүртэнэ. Ном шинжлэх эрдмийн мэдлэг хайрлана. Номонд байхгүй юм гэж үгүй.

Ном хүн төрөлхтний яндашгүй баялаг. Өмнө өрөөстэй байгаа хоолыг харж суугаад цаддаггүйтэй адил хажууд өрөөтэй байгаа номыг харж суугаад тусыг эс олно. Хоолыг идэж байж цаддагтай адил номыг уйгагүй уншин судлаж байж л эрдэм мэдлэгийг чамбай хуримтлуулж авна. Ном, нөхөрлөсөн бүх хүнийхээ багш нь юм. "Багш гэдэг бол залуу оюуныг соѐн гийгүүлэгч юугаар ч сольж болшгүй нарны шим тэжээлт туяа" байдаг билээ. Хүн бүр багштай. Багшийн багш нь яах аргагүй эрдмийн их далай - ном гэдэгтэй хэн маргах вэ?

Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу? Мэдэхгүй, дутуу бүхнээ номноос асуу. Бүгдийг ой тойнд чинь ортол хэлээд өгнө. Нэгэн гүн ухаантнаас хэрхэн их эрдэмтэй болсныг нь асуухад "эс мэдсэнээ би ичихгүй асуудаг байсан" гэж хариулжээ. Юм мэдэхгүй

байна гэж ном хэзээ ч чамайг элэглэн шоолохгүй. Чиний, мэдэхгүй байсан тухай хэнд ч өөнтөглөн ярихгүй. Гэсэн хэрнээ дутуу дулимаг бүхнээ ичиж зовохгүй, залхуурч назгайралгүйгээр асууж, шимтэн уншваас бүхнийг гүйцээн хэлж, гүйцэд туслах нэвтэрхий суутан ганцхан ном билээ. Баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгалгүй хүн бүхний оюуны хэрэгцээг ижил тэгш хангаж чаддаг алагчлалгүй шударга мөртлөө шавхагдашгүй ундаргат эрдмийн эх булаг бол ном. "Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт..." гэж ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай зүйрлэн хэлсэн байна. Тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөхийг хүсэмжлэх омголон дэврүүн залуу насны чинь онгод хийморийг хөглөгч агуу гайхамшиг ном мөн тул салшгүй сайн анд нөхөр чинь чухам ном байх учиртайг сэтгэл зүрхэндээ гүн бат тогтоож авцгаа. Ном бол мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Номын ид шидийг амсаж мэдэрсэн хүн Соломон хааны нуусан эрдэнэсээс илүү баялгийг эзэмшиж, Монте Кристо гүнгээс баян болсондоо хөөрөн баясч, хөгжин бахдах нь урамтай.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл номын санд морилон тухлаарай. Номын сан бол өмнөх үе, одоо цагийн оюун

ухааны дархчуулын туурвин бүтээсэн мэдлэг оюуны дээжис хадгалаастай ариун номын газар орон, хүн болгонд нээлттэй эрдэм мэдлэгийн сан хөмрөг, ирээдүйд хураан үлдээх дээдийн дээд өв хөрөнгийн ордон мөн. Залуус та нар хамгаас түрүүн, хэний ч урилга заллага, шахалт шаардлагагүйгээр яаран очих саруул өргөө нь номын сан болсон цагт тэрхүү гэгээн саруул өргөөнд тоосонд дарагдан цагийн аясаар шарлан хэвтэх ном хэмээх ид шидтэн мэдлэг боловсролын гэрэлт оргил өөд замыг чинь заан найдвартай хөтлөх болно.

Өөрөө уранхай, нөхөөстэй дээл эгэлдэргэлэх мөртлөө гэртээ байх ном судраа торго хоргойгоор баринтаглан дээдэлдэг судар номын өндөр соѐлтой монгол түмний үр сад гэдгээ хүүхэд залуус та нар үргэлж санаж, сайн уламжлалыг тасалж болохгүй гэдгээ эгнэгт ухаарч явах хэрэгтэй. Ямар ч хүн хэрэгцээнийхээ хэрээр ашиглаж болох үнэт зүйлс ном шүү гэдгийг эрхбиш мэдэж, мэдрэх цаг болсон. "Хүн төрөлхтний бүх амьдрал номонд хуран цуглажээ. Овог, аймаг, хүмүүс, төр мөхөж байхад ном л хоцорч үлддэг. Ном бол хүн төрөлхтний хамт өсч, номонд оюун ухаан донсолгосон хамаг сургаал тогтнож, зүрх догдлом хүсэл эрмэлзэл шингэжээ." Шилдэг сайн ном туурвин, оюуны сац суварга босгосон ном бүтээгч ухаантан мэргэдийг хүндлэн дээдэлье. Шимтэн уншиж, ширээний болгон хэрэглэх номыг зохиогчид нь өнөө, ирээдүй үеийнхэний өмнө зүйрлэх ижилгүй гавьяат үйлсийг бүтээн, оюуны өв болгон үлдээж байгаа мөнхөд дурсагдах буянтнууд. Тэднийг хайрлахгүй, хүндлэхгүй, бишрэхгүй байхын аргагүй.

Та нарын шимтэн дурлаж байгаа компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн Е-Ьоок буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн. Энэ бол ном соѐлын салбарт гарсан хувьсгал байв. Энэ гайхалтай номыг орон зай, цаг хугацааны ялгаагүйгээр уншигчдад маш түргэн шуурхай хүргэх шинэ зам зурайн тодорлоо. Та нар дэлхийн аль ч өнцгөөс дөнгөж хэвлэгдсэн номыг ямар нэг татвар, төлөөс, тээвэрлэлтийн зардалгүйгээр цахим хэлбэрээр унших боломж бүрдсэн. Түүнчлэн ямар ч үнэ хөлсгүй мянга мянган цахим ном тараах эрхтэй интернэтийн урьд хожид байгаагүй үйлчилгээ бий болсныг олзуурхан хэрэглэж, оюунаа цэнэглэх бүхэнд нээлттэй алтан боломжийг бололцоогоороо ашиглах хэрэгтэй. Цахим ном өмнө төрсөн ах, эгч нараасаа олон давуу талтай. Хэрэгцээт мэдээллийг нүд ирмэх зуур хайж олж чадна. Цахим номыг хадгалахад илүү дутуу орон зай, шүүгээ тавиур хэрэггүй. Түүнээс гадна цахим номыг бага гэрэл, тэр ч бүү хэл харанхуй орчинд уншиж болно. Нүд чинь ядраад, залхуу чинь хүрвэл цахим номыг уншигч програм нь чанга дуугаар уншаад өгнө. Гагцхүү ашиглаж хэрэглэж сурах хэрэгтэй. Хүүхэд залуус та нар компьютерт шамдан суралцахтайгаа хамт гадаад хэлийг шимтэн сурах нь зайлшгүй чухал. "Олон хэл мэднэ гэгч нэг цоожинд таарах олон түлхүүртэй болно гэсэн үг" гэдгийг битгий мартаарай.

Ном уншихад гурван янз байдаг гэнэ. "Нэгдүгээрт уншаад үл ойлгох, хоѐрдугаарт уншаад ойлгох, гуравдугаарт уншаад ойлгох төдийгүй бүр бичигдээгүйг

ургуулан ойлгох". Хүүхэд залуус та нарыг дор хаяж номыг уншаад ойлгодог, улмаар бичигдээгүйг ургуулан бодож ойлгодог чадвартай болоосой гэж хүсэж энэ бүхнийг яриад байгаа юм.

"Чин сэтгэлээсээ номыг эрхэмлэгтүн. Ном бол таны зөвхөн шилдэг нөхөр төдийгүй, хэзээд хамт байх үнэнч хань мөн".

"Ном дор мөргөмү" гэсэн дээдсийн сургаалийг дээдэлж явцгаая.

Хүн сайтыг олж нөхөрлө

2007 оны 10 сарын 10

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.

Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. "Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой" гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай.

Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. "Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө" гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. "Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ" гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ѐсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж "Барсан хэвнэгт баатар" хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. "Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах".

Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. "Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно". Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн.

Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. "Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх" гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. "Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр" гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. "Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна" гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ѐсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь "Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө". Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүүрнээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурханы сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоѐр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй. Бул хар чулуу үүрээд будан манант уул

өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. "Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр" гэсэн үнэн үг бий. "Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ". Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө.

Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй. Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсөгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл

нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. "Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн зангаар удаан ханилж үл болох" гэж монгол ардын сургаалд өгүүлдэг. Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу. Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод. Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. "Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас чинь хавьгүй дээр" гэдгийг санаж яваарай. "Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш. Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр,

надад хэн зусарднав тэр миний дайсан" гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. "Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу". Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.

Сэтгэл ариун бол үйлс ариун

2007 оны 11 сарын 13 Түмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм. Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна. Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг

анагааж эдгээх хэцүү. Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал. Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урьдах замыг чинь засч, угтах

ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ. Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шальдир бульдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам. Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. "Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг" юм. Залуус та нарын сэтгэл ариун, үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишигийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. "Хүчирхэгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг". Ариун итгэл - амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон

зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. "Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй" ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшигийг ч бүтээж болно. "Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана" гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ. Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ѐстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. "Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдрана. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй" хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ. Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг

шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугатан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай бид. Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ.

Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй 2007 оны 12 сарын 07

Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлж эрдэж явахдаа дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ. Аавын хүү аагинд дийлдэнэ. Ааг омогтоо дүрэлзэн шатаж, дүүлэн хөөрөх нь сайн сайханд хөтлөхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж дэврэх, дэвэргэх аль аль нь зуурдын л хөөрөл болохоос мөнхөд хөхөөх дуудлага биш. Хөнөгөндөө багтаж ядан хөөрөн дэврэх хорслын ааг хавьтснаа хаман урсах үерийн ус мэт гашуун зовлонг зөгнөн, бусдад гай тарьж, хор хүргэхдээ өөрийг чинь живүүлэн сүйтгэх гаслангийн үрийг суулган үлдээдэг юм. Гаслангийн үр цацчихаад авралын хишиг хүлээнэ гэдэг нь овьѐос тариалчихаад буудай хураан авахыг мөрөөдөхтэй л адил. Ааг омгоор бусдыг дийлж чадах мэтээр сагсууравч адаг сүүлдээ хорслын аагиндаа дийлдэн шалчийна аяндаа. Атаа жөтөөний ааг, аюулын хорыг ялгаруулна. "Атаат санаа алаг нүдэнд торсон өргөс, аюулт түүнээс болж саруул мэлмий сохорч мэднэ". Атаа жөтөөнд ааглуулсан

хүн өөрөө өөртөө дайсан болж, өөрийгөө тамлан зовоон амьдрах нь харамсмаар. Атаа хорсол ухаант хүмүүнийг ирлэн хурцалж, ухаан муутыг илээн мохоодог эд шидтэй. Зөв замаар яваа хүнийг буруу тийш нь залж, буртаглан эвдэх зүсэн зүйлийн хорлол дотроос эрх мэдэл, хөрөнгө мөнгө хоѐр эрлэг лугаа хүчтэй. "Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн" гэдэг. Нэгэнт сайн дураар хагацаж чадахгүй болохоор ямар ч үнээр атугай байр сууриа хадгалан хоргодохыг оролдох нь тэдэнд бүхнээс чухал үйлс мэт. Эрх мэдлийн аагинд хүлүүлсэн хүн буруу үйл хийхээ бурхнаас заяасан тавилан мэтээр аашлана. Эрх мэдлийн аагинд халуурч яваа хүн түүнийгээ ашиглан юу хийхээс ч буцахгүй болтлоо өөрийгөө бусдын өмнө доошлуулан, зэрлэгшинэ. Өчигдөрхөн сайн үнэлгээтэй явсан хүн өнөөгийн эрх мэдэлдээ цадан бялуурвал өглөө баярлуулаад орой гомтгодог өөрийн байр суурьгүй, хөгийн нөхөр болон төрөл арилжина. Эрх мэдлийг буруугаар ашиглахын хэрээр эрдэнэт биеэ эвдэн доройтуулна. Жингээсээ хүндээр цохихыг оролдох нь жижиг мөртлөө том санаатай хүний ааг араншин. "Хэтээ мэдэхгүй ноѐн явахаар хэмжээгээ мэдэх боол явсан нь дээр". Буруу замаар олсон хөрөнгө мөнгө зөв замаар зарагдах нь бага. Буруугаар зарагдах мөнгө хөрөнгө бусармаг үйлдлийг дагуулна. Буруу бусармаг үйл нь бие сэтгэлийг эвдэнэ. Бэл бэнчингийн аагиндаа эрдэж бярдаж эхэлбэл

биеэ эвдэн, хүнээ алдах аюул мөр мөшгөн дагана гэдгийг бийлэгжүү хүмүүс бодож ухаарч яваг. Аавын хүү аашинд дийлдэнэ. Хүн бүхэн өөрийн гэсэн ааш авиртай. Юм бүхэнд хэмжээ дамжаа хэрэгтэй. Илүүдсэн бүхэн хор болдогийн адил ааш хэтэрвэл амьдралд цөвтэй. Ааш авираа өөрөө захирах учиртай. Хэрээс хэтэрсэн аашиндаа хүн өөрөө дийлдэн хүлээ баглаатай зовно. Хүний түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож болдоггүйтэй адил өөрийн аашаар өрөөлийг захирах амаргүй. Илүү дутуу ааш араншингүй хүнтэй эвлэж зохицох амархан. Олон ааштай хүнтэй ойртон нөхөрлөх хэцүү. Сайхан ааштай мөртлөө саар мууг сэдэгчид бий. Муухай аашлах хирнээ машид сайхныг бүтээгчид бас байна. Авьяас чадвар чамбай мөртлөө аашнаасаа болж алдагсад цөөнгүй. Ааш гэж адсага болсон хүнээс алс холуур дөлж яв. Муухай зантай хүн мундахгүй балгийг тарина. Авиргүй аашлах нөхрөөс амжиж хурдан холд. Бар мэт явснаа хонь мэт номхрох нь барьцгүй аашны шинж. Гайгүй намуухан байснаа галзуу бар шиг авирлах нь гаж аашийн тэмдэг. Хорт могой ойроос хатгадаг бол хорон ааштанд хол ойрын ялгаа үгүй. Шударга үг чихэнд хатуу ч явдалд тустай болохоор анд нөхрийнхөө ааш зангийн алдаа оноог алдалгүй хэлж тусал.

Аавын хүү алиг шалигт дийлдэнэ. Гэрээс гадуур гэдэн годон явдалтай хүнийг монголчууд алиг хэмээн нэрлэж иржээ. Зөв явдалт хүнийг буруу зам руу хазайхад алиг шалиг зан амархан түлхэж дөнгөнө. Авир тогтворгүй хүн

алиг шалиг явдалд амархан дийлдэн сөхөрнө. Энэтхэг гүрний эцэг хэмээн нэрлэгддэг Махатма Ганди "эхнэрээсээ далдуур өөр эмэгтэйтэй хавьтахгүй" гэж ээждээ тангараглан харь газар сурахаар одож байжээ. Энэ үйлдэл тэр их агуу хүний ариун ѐс журмын илэрхийлэл бөгөөд бусдад үлгэр дууриал, сургамж болон мөнхөрч үлдсэн байна. Алиг шалиг явдал гэр бүлийг хутган үймүүлж, улмаар салж сарнихын үндэс болдог байна. Гэр бүлийн хүчирхийлэлийн нэг үндсэн шалтгаан нь алиг шалиг явдлаас эхтэй. Хүний амьдралын чухал түшиг тулгуур бол итгэл мөн. Алиг шалиг зан итгэл хүндэтгэлийн дайсан, эвлэрэл зохицолын садаа. "Гунигт тавилан тэнгэрээс унаж ирдэггүй, харин хүний тэнэг мунхагаас үүсэн гарна". Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй. Алтан дэлхийг аашаар засахаар оролдсон оролдлого бүр хумхийн тоос болон хийсч, замхарч байлаа. Аргаар засахаар хийсэн алхам бүр амжилт олж ирэв. Аашны муугаас салан одох хялбар, арга чарга хайж нэгдэн уулзах хэцүү. Аашны муугаар туйлан амжилт ололтын адаг эцэст хүрэхгүй. Уур уцаараар учрыг олж, учигийг тайлахгүй. Уужуу талбиу ухаанаар аргыг олбол бэрхийг давж, сайнтай золгоно. Аашийг нь сурахаар аргыг нь сур гэж бидний дээдэс сургамжилсан. Хүчээр зуун ажлыг нугалж болох ч аргаар мянган ажлыг гүйцээж болно. Ажлыг аргаар, хэцүүг эвээр шийдэж байж хорвоогийн түмэн бэрхийг даван туулна. Ааштай хүн нэрээ барахаас алдраа мандуулахгүй. Аргатай хүн хамгийн муугаар бодож, хамгийн сайнаар хийдэг юм. Аргыг олно гэдэг

шударга байхын нэр. Зөвд өд шиг зөөлөн, бурууд өргөс мэт ширүүн байж шударга ѐс батжина. Ховч хүний хоншоор урт гэдэг. Эвийг хов эвдэнэ. Ааш муутын адгийн шинж нь ховч байх. Ховчийн үгээр хоол хийж хорвоо дэлхийг засахгүй. Алтан хушуу өргөгчийн үгээр ажил үйлийг засна гэвэл ухаанаа уландаа чирснээс өөрцгүй. Арслан аатай ч арганд ордог шиг алтан дэлхийн явдал адармаа ээдрээтэй ч аргыг олбол зохицуулж болно. Уух ус олдвол хутгах шанага хэзээд олддогийн адил аргыг олбол алтан дэлхийг аяар засч, хорвоогийн алаг явдлын хойно нь гарч чадна.

Аавын хүү аагинд дийлдэнэ, аашинд дийлдэнэ, алиг шалигт дийлдэнэ. Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй.

Үгний алдаанаас үргэлж хол яв

2007 оны 12 сарын 10

Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ѐстой. Хэл яриагаараа бүр ч сайхан байх учиртай. "Худалчид бүү итгэ. Ховчтой бүү хэлэлц. Чалчаатай бүү учир" хэмээн Ноѐн хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ѐстой муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг. Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. "Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ѐсгүй" гэж дорнын сударт бичжээ. "Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй" гэж өөр нэг номонд өгүүлжээ. Худлыг үнэн гүйцдэг жамтай. "Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг". Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадахаа ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан яривал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Үнэн үүдэнд, худал хойморт залрах цөвүүн цагт худалч

оодрон, хууль завхарна. Энгийн цагаан худалчийн үг инээд тохуунаас хэтрэхгүй. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Өөрт нь буй хамгийн нандин өр зүрхний итгэлийг үгээр илбэдэн авч, үйлээр хариулалгүй мартаж, хөсөр хаян орхих нь адгаас адаг хорлол. "Үнэнийг хэдий чинээ хааж нууна, утгагүй худал үгийг төдий чинээ амилуулна гэсэн үгээ". Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Ганцхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугарч байх нь таны үүрэг.

Ховчийн үгийг бүү сонс. Сонслоо ч нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачих. Ховчийн үгийг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч хэрэггүй. Ховтой газар хэрүүл буглана. Хов жив уруул шүд мэт ойр дотно байсан хүмүүсийг ч уралцуулан эвдрэлцүүлнэ. Хоорондоо зай барьж, завсар үүссэн хүмүүсийн дунд мөсөн хана босгон, хөргөн холдуулна. Зусар бялдуучдын үндсэн ажил нь хов зөөх. Ховч, ховоор хоол хийгч хоѐул таарсан таар шуудайнууд. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг тэд бие биенгүйгээр байж суухын аргагүй. Ховч бялдуучид чадвар муутай учир хоолоо олж идэх, амьдрах арга нь хов зөөж зулгуйдах, тал алдалгүй гүйх. Ховч нар зусардаж байгаа хүнийхээ таалалд нийцсэн, хүсэж байгаа үгийг олж дамжуулах мөрөөдөл нь өдрийн бодол, шөнийн зүүд. Үнэмшилтэйгээр зохион ярьж, хутган үймүүлэх нь ховч

бялдуучдын үндсэн мэх. Ховч, хутган үймүүлэгчдийн хар балгаар улс орон үгүйрэн доройтож, бусдын идэш болж байсан баримт хүн төрөлхтний түүхэнд бишгүйдээ бий. Ховчдын гайгаар төр самуурч, түмэн үймж байсан жишээг захаас аван дурьдаж болно. Хүмүүсийн хооронд яс хаяж дундаас нь ашиг олж амь зогоогсодыг нэр хаягаар нь мэддэг, тэдний тухай шүд зуун ярилцдаг мөртлөө үгээр нь үг хийгээд байдаг нь хачирхмаар. Хүмүүсийн эргэлзээ, хартай бодол дээр нь тоглож, хагаралдуулах нь ховч бялдуучдын түгээмэл хэрэглэдэг арга.

Өөрийгөө зөвтгөн, бусдыг муу хэлдэг хүнээс ямагт жийрхэж яв. Өөрийн нэгэн дутагдлыг ухаарах нь бусдын зуун алдааг олж харснаас хавьгүй дээр. Хүний алдааг харахдаа өөрийн алдааг цуг сана. Хайрласан нүд хазгайг олж хардаггүй. Гэхдээ хамгийн ойр хүмүүсийнхээ алдаа согогийг хамгийн түрүүн олж харж, онож хэлж өгөх нь чиний бусадтай хуваалцалгүй хийх ажил. Хүний тухай чамд хов жив дамжуулж байгаа нөхөр эргээд чиний тухай түүнээс таарууг ховлож чадахыг мэд. Бусдын амьдралд сөргөлдөөн, эвдрэл үүсэх арга заль зохиож, хүний тухай элдэв муу юм ярихын оронд тэднийг бүх талаас нь ойлгон уучилж, бусдын тухай ярихдаа сайн чанар, сайхан үйлийг нь хөхүүлэн дурс. Атаархан маргаж, эв эеэ самарч явснаас бусдынхаа амжилтанд баясаж, баяр жаргалыг хуваалцан, бие биеэ дээдлэн хүндэлж, итгэж найдаж явахыг хичээ.

"Чалчаа хүн бусдын хайрыг татах гэж уурыг хүргэнэ. Тус болох гэж түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана". Дэмий чалчаа яриаг дэврүүлж хөөргөх, утгагүй яриа хөөрөөнд урам өгч сонсох хэрэггүй. Чалчаа яриа илэрхий хор үгүй. Яриа сунжирсаар хайран цагийг яйран хийж сүйтгэн, эрч хүчийг барна. Чалчаа үг үнэнд хөтлөхөөсөө илүү төөрөгдлийг тэтгэнэ. Чалчин ярьж цэцэн болохгүй. Бусдыг муу хэлэн чалчиж, өөрийг чинь магтан чалчигчийн үгийг аль алийг нь бүү сонс. Өглөөний нарнаар анд нөхдөө доромжлон чалчиж, үдэш орой өршөөл хүсэн нахилзах хүнд итгэх аргагүй. "Чалчаа хүн бол хэн бүхний уншиж болох ил захидал мөн". Хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэсэн сургамжтай үг бий. Чалчаа хүн гэрийн үг, хээрийн үгээ ч ялгаж салгахаа больдог юм. Шалихгүй бороо шавхай уддаг бол чалчаа яриа үер буулгаж ч мэднэ. Чалчаа яриа бол хүнд суусан гэм согогийн сүйтгэл багатай нэг илрэл юм. Нөхрийн гэмийг засахад тусал. Хэт их чалчаа болчихоогүй дээр нь хэлж ярьж хязгаарла. Хожуудсан тусламж хэнд ч хэрэггүй. Дараа гэж юуг ч бүү хойш тавьж бай. Хойш тавснаас хожно гэж үгүй. Өөлөх согогтой нөхөртөө өгөөмөр сэтгэлээр тусал. Өгөөмөр байна гэдэг ихийг бус цагийг олж туслахдаа байдаг. Ямар нэг зүйлийн тухай дэндүү их яривал бүхий л таашаал үгүй болдог болохоор хэмжээ дамжааг тааруулж сурах нь зөв. "Дуугүй байх нь хүний хамгийн үнэнч анд юм" гэсэн мэргэдийн үг арай хэтрүүлсэн аястай ч хэмжээ хязгаараа үл мэдэн чалчих хэмжээнд очиж арай ч болохгүй ээ. Хүний сэтгэлийг шаналгах

хатуу ширүүн, хараал зүхлийн үгийг бүү хэл. Сэтгэл өвтгөм үгийг зөөлөн хэллээ ч хатуу буудаг юм. Боловсролгүй, донгио байдлыг бүдүүлэг яриа чинь шууд нотлоод өгнө. Бүдүүлэг үг ярианаас бүр хол яв. Бүдүүлэг үгийг өөрөө хэрэглэхгүй байхын хамт бусдаас сонсохгүй байхыг хичээ. "Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга, хүмүүс та нарыг ялгаж зааглаж чадахгүй болж мэднэ". Хоѐр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярлаж суудаг гэдэг. Бүдүүлэг аашаараа бусдыг баясгана гэдэг бүдүүлэгийн дээд бүдүүлэг билээ. Хорон үгээр хүнийг булж, бухимдуулж болохгүй. Хорон үг мэснээс ч аюултай гэж монголчууд ярьдаг бол хорон үг хурц хутга гэж германчууд хэлдэг юм билээ. Аль аль нь сэтгэлийг шархлаах хорон үгний аюулаас сэрэмжлэн болгоомжлуулж хэлсэн үг. Доромж тохуу нь хатуу ширүүн үгний нэг хэлбэр. Доромж тохуу үгс хүний эрхэм чанарт эрээгүй халдаж, доош хийн доромжилж, сэтгэлийг эвдэн бусниулах хортой тул түүнээс аль болох зайлсхий. Хүнийг дутуу, эмзэг зүйлээр нь дуудан элдэвлэж болохгүй. Барагдашгүй хорогдошгүй гомдолд хөтөлж, дуусашгүй, дундаршгүй хэрүүлд чангаахаас өөрийг үл авчирна. Хийгээгүй муу үйлийг хийсэн болгон гүтгэх шиг аюултай амны алдас үгүй. Үйлдээгүй мууг үйлдсэн мэтээр хардагдах шиг сэтгэлийн шаналан бас үгүй. Гүтгэгдсэн, хардагдсан хүний дотор сэтгэл шатаж байдаг билээ. Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй. Зовлон шаналангаа өөрөө эдэлж, цагаадаж цайрахын гэгээн өдрийг хүлээн суух болдог юм. Энэ яваа насанд

нүгэл хилэнц, муу муухай бүгд сайн бүхний орон зайг эзлэн хургаснаас хүнийг оргүй хоосонд шууд гүтгэх, сургаар дам гүтгэх, захиалгаар санаатай гүтгэх ад зэтгэр шүглэн зовооно. Бусдыг бузар явдалд гүтгэмээр санагдаад хэл чинь загатнаад байвал халбага давс амандаа хийчих. Тэр гэм зэмгүй хүнд гүтгэлэг гөрдлөг ямар гашуун сонсогдохыг амандаа хийсэн давсны амтаар ч болов өөрөө мэдрэг. Үгний алдаанаас үргэлж хол яв. Өнөөдөр тааруу зүйлсийн тухай бишгүй ярилаа. Залуус та нарыг амны алдаа бага хийж, муугаас зайлж, муухайгаас холхон явахыг сануулж энэ бүхнийг хэлж байгааг ойлгон тунгаагаарай.

Тусыг тусаар 2007 оны 12 сарын 17

Дэм дэмэндээ амьдрах нь хүний ѐс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ. Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ѐстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. "Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа". Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус

хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. "Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх" болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн "тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал" гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоѐр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус

хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана.

Хүний тусыг голж чамлаж болохгүй. Туулайн чинээ тусыг зааны дайтай бодон хүлээж авбал өгөөжөө өгнө. Сайхан сэтгэлээр хүргэх гэсэн тус саад болон гай тарьж ч болно. Түүнийг тус болох гээд ус болох гэж хураангуйлан илэрхийлдэг. Тэгэхээр сайн санасан тус болгон сайн үр дагавартай байж чаддаггүй ажээ. Чамд ирсэн тусыг үзүүлэх ѐстой л тус гэж үзэх биш, тусалсанд нь ямагт баярласан сэтгэлээр хүлээж авч байх хэрэгтэй. Тэвдэхийн үед төрлийн сайн танигдана гэх үг бий. Ойрын хүмүүсээ тэвдэж ядарч явахад нь гуйлгаж, хүлээлгэлгүй туслах хэрэгтэй. Май гээд өгчихөх чадалгүй бол яав гээд асуучих. Тэр чинь сэтгэлийн том тус. Зовлон жаргалаа хуваалцана гэдэг нь сэтгэлээсээ өгөх туслалцаа дэмжлэг мөн билээ. Түмэн олны тус яндашгүй их. "Түмэн лантай явахаар түмэн олонтойгоо яв". Сандарч мэгдэхийн цагт садан төрлөөс чинь дутахгүй түмэн олон тусална. Сайн сайхан яваа чинь түмэн олны тус дэмийн ач. Түүгээр тэжээгдэж чи өдий зэрэгт хүрсэн. Чиний дуулж байгаа дууг үзэгч олон сонсохгүй бол, чиний бичсэн шүлгийг уншигч олон таалахгүй бол, чиний зурсан зургийг түмэн олон

таашаахгүй бол яах вэ? Бүтээлийг нар сар, навч цэцгэнд зориулж туурвиагүй, хүнд, түмэн олонд зориулсан мэдээж. Та нарын бүтээлийг сонсох, унших, харах бүртээ баяр баясгалангаар бялхаж байдаг олон түмний тус дэмээр л онгод хийморь чинь хөглөгдөж, авьяас билэг чинь ундарч яваа. Уран бүтээлч нэг талаас түмэн олондоо оюуны өглөг хайрлаж, сэтгэлийн таашаалыг хүртээж, тэдэнд том тус дэм болж байдаг нь үнэн. Нөгөө талаас олон түмний дэм тусгүйгээр туурвисан бүтээлийн чинь үнэ цэнэ дээш мандан цойлохгүй хөлийн өлмийд ойчих нь бас үнэн. Түмний хүлээлгэсэн итгэл найдвар улам ихийг, бүр сайныг хийж бүтээх сэтгэлийн тэнхээнд чинь дундаршгүй хүчийг сэлбэн нэмж, авьяас билгийн чинь гал дөлийг бадраана. Олон түмний хүндлэл бишрэл гэж ямар айхтар зүйл байдаг нь ч аяндаа ойлгогдоно. Од болон гялалзан мандах амархан. Олны итгэлийг даалгүй ойчих бүр амархан гэдгийг санаж бодож явууштай. Багш нар олны тусын тулд, ирээдүйн үйл хэргийн төлөө үнэхээр бахдам үйлийг бүтээж байгаа хүмүүс. "Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг" юм. Бусдын тусын тулд өөрийгөө зориулахаас илүү буянтай ажил хаа байх вэ. Хэдэн үеэрээ амьдрах орон байрыг халуунд халж, хүйтэнд хөрж, шавар будаг, тоос шороотой зууралдан байж барьж босгосон барилгачид мартах аргагүй тусыг бидэнд хүргэж байдгийг тэр бүр ойшоодоггүй. Мөнгийг нь төлөөд байраа авч байна, барилгачдын тус гэж юу байхав гэж бодох хүн байхыг үгүйсгэхгүй. Барилгачнаас өөр хэн ч дийлж дөнгөхгүй хүнд бөгөөд нарийн ажлыг

хийхдээ өрсөн тоосго, наасан хавтан, угсарсан хоолой бүхэнд ур чадвар, сэтгэл зүтгэл, хөлс хөдөлмөрөө шингээн ирээдүйн эздэд нь их тус хүргэснийг эрхбиш үнэлж талархах чадвартай болох ѐстой.

Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил. Бусдын жаргалант амьдралын төлөө аюулт өвчинтэй тулалдах эмч нарын үлэмжийн гавьяат, баатарлаг хөдөлмөрийг юутай ч зүйрлэж харьцуулашгүй. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг гэгээн ачлал хаана байх билээ. Эмч нар эмнэлэгээс эдгээд гарч буй хүний гараас нь чихрийн цуглуулга биш, нүднээс нь баярласан сэтгэлийн оч олж харахыг хүсдэг юм. Түүнийг хүн болгон өгч чаддаг билүү? Үхэх гэж байгаа хүнийг босгоод ирж байхад баярлахгүй байж болно гэж үү? Тус болсон хүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж сурах нь том соѐл, хүн ѐсны үүрэг юм. Нийтийн автобусанд явсан зорчигч "баярлалаа" гэж хэлэхэд нь тийм эелдэг үг төдийлөн сонсож байгаагүй үйлчлэгч нулимсаа барьж чадалгүй уйлсан тухай яриаг сонсоод инээлддэг байж билээ. Уг нь инээж шоолох юм биш. Баярлалаа гэх ганцхан үг хүний сэтгэлийн хөвчийг ямар хүчтэй хөндөж чадаж байна вэ гэдгийг ухаарах ѐстой юм.

Тус болох хүнээ түшиж ойртож яв. Түшээд ирснийг бүү түлх. Түлхэснийг харин бүү түш. Хүнд үзүүлсэн тус, сайн санасан сэтгэл бүхэн эргээд тийм хариуг заавал авч ирнэ гэж эргэлтгүй итгэн хүлээн найдах хэрэггүй. Тус хүргэсэн халуун сэтгэл рүү чинь хүйтэн ус цацах хүн

цөөнгүй гэдгийг мэд. Тус болъѐ гэж зорьсон ариун итгэлийг хадгалж даалгүй, гомдоон мохоох хүн бийг тооцож бодож бай.

Сэтгэлээсээ үзүүлэх ач тус доошоо намдан нугдайж, өгөө авааны зарчимд суурилсан тус өөдөө өндөрсөн цогнойж байгааг цаг зуурын гажиг гэж найдан, сэтгэлээ тайтгаруулая. Хариу нэхээгүй тус, сэтгэлээсээ хайрласан тус ханш нь буурах ѐсгүй гэдгийг хүн бүр бодож ухаарч яваг.

Ид хаваа гайхуулсан жил болоосой 2007 оны 12 сарын 28

Монгол Улсын Хоѐрдахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди манай сонинд "Титэм үг"-ээ нийтэлж, ард олон, хүүхэд залуустаа сургаалаа хайрласан билээ. Манай сонины хэзээ ч хуучирдаггүй, ахин ахин эргэн орж уншдаг материалуудын нэг нь "Титэм үг" болж, уншигчдын талархал хүлээсэн. Багабанди гуай та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж байна.

Хүний амьдралын ид хав ажил хөдөлмөрт, оюун ухааны ид хав эрдэм мэдлэгт, бие махбодийн ид хав эрүүл мэндэд байна. Шинэ он монгол хүн бүрийн хувьд ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг, эрүүл мэндийн ид хаваа өөр өөрсдийн хүсэл боломжийн хязгаартаа тултал гайхуулсан жил болоосой. Бүтэн жил хийсэн ажилдаа Та сэтгэл хангалуун байна уу? Хийж гүйцэтгээгүй байхад хичнээн олон ажил хэзээ ч боломжгүй мэт санагдаж байлаа даа. Тэгвэл одоо нэгэнт ард нь гарч үр дүнг нь үзжээ. Хийж чадсан бүхэндээ сэтгэл ханамжтай үлд. Хийж амжаагүйдээ гутрах хэрэггүй. Өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлийн ачаар ирэх онд амжаагүйгээ гүйцээж, ахиу ихийг шинээр бүтээх гэрэлт зам өмнө чинь зурайж байна. Бусад хүн таныг хийж чадахгүй гэж бодож байсан тэр зүйлийг хийж чадсан бол түүгээрээ бахарх. Түүнээсээ дээд зэргийн таашаал хүртэн, хөөр баяраар дүүрэн шинэ оноо угтаарай.

Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж хүний амьдралд үгүй. Ирэх онд баялгийг хураая гэж бодож төлөвлөсөн хүн бүр хөдөлмөрлөх чадвараа улам сайжруул. Хүмүүсийн жинхэнэ баялаг хөдөлмөрлөх чадварт шингээстэй байдаг юм. "Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа, өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ". Монгол орноо баян чинээлэг болгоѐ гэвэл монгол хүнийг илүү бүтээлч болгох хэрэгтэй. Шинжлэх ухаан, эрдэм боловсрол, хүний ур чадвар, чадавхийг өсгөхөд төр засаг бодлогоор ч, нөхцөлөөр ч, хөрөнгө мөнгөөр ч дэмжин тэтгэх хэрэгцээ шаардлага нэн их байна. Аливаа үйл хэргийг төгс сайн хийхийн тулд түүндээ дуртай байх хэрэгтэй. Хүн жинхэнэ дуртай ажилдаа л хүссэн амжилтаа гаргаж чадна. Хүн сайн сайхныг болон аугаа ихийг хүсэх ѐстой. Болохгүй, бүтэхгүй гэдэг үгийг мартан орхиж, болгох бүтээх өөдрөг сэтгэлээр жигүүрлэн урагшилж, хүн сайн сайханд хүрнэ. Аугаа их хүслийг асар их тэвчээр хатамж, алжаалыг умартсан хөдөлмөр зүтгэлээр гүйцэлдүүлнэ. Багыг хүсдэг хүн бага хэрэгцээтэй байдаг. Бага хүслээр ихийг бүтээх боломжгүй. Улс орон өөдлөх үү, уруудах уу, та бидний амьдрал дээрдэх үү дордох уу, шударга ѐс дэгжих үү, шударга бус даврах уу гэдгийг үндсэнд нь шийдэх бодлого тодорхойлогч эрхмүүдийг сонгох дээд зэргийн хариуцлагатай ажлыг золгож буй онд хийцгээнэ. Улс орны хөгжил дэвшилд том түлхэц өгөх уул уурхай, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах асуудал

дөтлөн айсуй дөрвөн жилд үндсэндээ байр байдлаа олно. Өөрсдийн чинь, үр хүүхэд ач зээ нарын чинь ирээдүй гэрэл гэгээтэй байх уу, бүүдгэр бүрсгэр байх уу гэдгээ ухамсартайгаар сонгох шинэ оноо угтаж байгаагаа хүн бүр дээд зэргээр ухаарая. Шударга иргэнийг сонгож байж шударга ѐс тогтоно гэдэг нийтлэг нэгэн үнэлэмж нийгэмд бүрэлдэх нь онцгой чухал. Шударга бус явдлыг нэг хүн хийж байна уу нийтээрээ үйлдэж байна уу ялгаагүй булай хэрэг. Шударга хүн гэдэг нь шударга ярьдаг хүн биш, шударга үйлддэг, шударга байхыг шаардаж чаддаг иргэн билээ. Шударга бус явдал үйлддэггүй хүнийг л ганцхан шударга гэдэг юм биш. Харин шударга бус зүйл хийгээд ашиг завшаан олчих боломж байсаар байхад түүнийг тойрч чаддаг хүмүүнийг л шударга гэнэ. Төрийн хүн гэмгүй цайлган нүүрээ ард түмэнд харуулах гэж булталзах нь төдийлөн чухал биш, ард түмнийхээ онгошиж харшсан нүүр царайг олж хардаг байх нь илүү чухал. Улс төрчид ард түмний амьдралын гүн рүү харцгаа. Тэгвэл л та нар жинхэнэ үнэнийг олж үзэх болно.

Амьдралын мөн чанар нь эрүүл байж, ихийг бүтээхэд байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэх их зохиолчийн хэлсэн үг хэн ч маргашгүй үнэн билээ. Ухаанаа саруул байлгая гэвэл биеэ гамна. Гоо сайхан, эрхэмсэг тансаг, дур булаам бүхэн эрүүл биед л цогцолдог юм. Бие эрүүл хүн л биелэшгүйг гүйцээж, төсөөлөшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвиж

чадна. Шинэ онд бүх хүнд эрүүл энхийн жаргаланг билэгдэе.

Аз жаргал руу тэмүүлэх нь хүний заяамал шинж. Гэхдээ аз жаргалыг тэмцэж олдог болохоос хэн нэгэн буянтны гараас бэлэг болгон гардан авдаггүй. Аз жаргал агаар мандалд цэцэглэхгүй, ажиллаж хөдөлмөрлөж байж олж авна. Аз жаргалыг олох нь хадгалахаасаа хялбар байдгийг санаж яв. Тиймээс аз жаргалтай үедээ өөртөө хэт их итгэлтэй байх хэрэггүй, харин гай зовлонтой үедээ итгэлээ алдах хэрэггүй. Ганцаараа аз жаргалтай байгаад сайн сайхны оргилд очихгүй ээ. "Олон хүнд аз жаргал өгөхөөс илүү дээд, илүү сайхан юу ч байдаггүй. Хэрэв өөрийнхөө төлөө амьдрахыг хүсч байгаа бол бусдын төлөө амьдар".

Аз жаргалыг алсад хайх хэрэггүй

2008 оны 01 сарын 23

Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.

Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд жаргал. Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. "Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй". Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг, түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ. Хэн чухам аз жаргалтай вэ? "Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн чухам аз жаргалтай". Эрүүл энхийн жаргалан - хамгийн дээд аз жаргал. "Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг". Өвдөх өвчин, шаналах шаналгаагүй яваа хүн аз жаргалтай. Амьд яваа чинь аз жаргал. Хүмүүсийн явж байгааг харж, ярилцаж суугааг сонсож байгаа нь аз жаргал. Сонсгол чинь муудвал

хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ, мэдэрнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүд сэргэн бодогдоно. Чамайг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа. Аав ээждээ хэмжээ хязгааргүй баярла. Чадах хэмжээ, хэрээрээ ачийг нь хариулахыг хичээ. Эцэг эхийнхээ гаслант үр болчихолгүй, чихийг халууцуулж, нүүрийг улайлгахгүй, хүний дайтай явж байвал аав, ээжийн сэтгэл санаа амгалан бөгөөд тайван, тэр хэмжээгээрээ тэднийхээ ачийг хариулж байна гэж сэтгэл дүүрэн бодож, магнай тэнэгэр алхаж болно. Эцэг эхээ ачилж чадаагүй хэмээн сэтгэл дундуур байдаг бол үр хүүхэддээ ачлал хайраа бүр илүү зориул. Тэр ариун гэгээн хайр, ачлал, буян бүхэн чинь эцэг эхдээ зориулах ѐстой дутаасан бүхнийг бага боловч нөхнө гэж сэтгэлээ тайтгаруул. Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно. Сэтгэлийг түйвээх буруу, бусармаг бүхнээс ангид байхыг зорь. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг ч алдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдуулна. Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Ариухан, дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай амьдарна. Атаат сэтгэлд хорлогдоогүй бол аз жаргалтайд тооц өөрийгөө. "Хэрэв хэн нэгэнд аз тохиовол түүнд бүү атаарх, харин түүнтэй хамт баярла, түүний амжилт бас чинийх болно. Харин атаархдаг хүн өөртөө муу зүйл авч ирдэг" юм.

Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод. Хаврын тэнгэр шиг хуйсгануур хүний дэргэд хань болж суух хэцүү. Учир нь олдохгүй ааштаны хажууд уужуу тайван байх зовлонтой. Тамтаггүй ааштаны ойр тайван байх аргагүй. Архины согтуу гардаг бол авирын согтуу гардаггүй юм. Авир нь согтсон хүнтэй авцан нийлэх хүнд. Сэтгэлийн амгаланг бусниулагч нь уур уцаар билээ. Уур уцаартай хүний дэргэд уужуу тайвуу, удаан тэвчин байхад бэрх. Уурандаа шатаж байгаа хүн өөрийнхөө амар амгаланг ч эвдэнэ, өрөөлийн сэтгэлийг ч түйвээнэ. Уурыг ухаан, тэвчээр хоѐр л урьдаас нь сөрж ялна. Хилэн ихтийг ухаалаг аргаар, уур ихтийг уужуу ухаанаар зас. Хилэнтэй үедээ ярих ч хэрэггүй, ажиллах ч хэрэггүй. Уур хилэнг үгийн алдаа, үйлийн алдаа хамтдаа хөтөлцөн дагадаг юм.

Ажил албанд нь хавчлага дарамт, хардлага сэрдлэг үгүй бол амгалан тайван байх нэг нөхцөл. Ажил дээрээ амгалан байвал ар гэртээ тайван. Алба тушаал, эрх мэдэл ааш занг эвдэж, амгалан дөлгөөн хүн ч авир төрхгүй болох нь элбэг. "Эрх тушаалд зан ааш нь эвдэрдэггүй хүнийг олох хэцүү" гэдэг үнэн аж. "Эрх мэдэл гэдэг ихэрхүү зангийн адил ханаж цадашгүй. Хэмжээлшгүй эрх мэдлээс өөр юу ч түүнийг бүрэн цатгахгүй". Хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихвол хэнийг ч сонсохгүй дураар авирлаж, хэдэр ядар аашны золионд хэн хүнгүй арчигдана.

Дутуу гуцуугийн зовлон сэтгэлийн шаналанг дагуулна. Элбэг хангалууны ааг энэнээс илүү шаналанг үүрүүлнэ. Ядуу хүнийг зовлон тойрохгүй, баян хүнийг балаг тойрохгүй. "Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг" хэмээсэн суутны үг сургамжтай. Бүдүүлэг авир сэтгэлийн амар амгаланг эвдэн бусниулагч байдаг билээ. "Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн". Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж чадаж байгаа бол тэр чиний аз жаргал. "Ажил хөдөлмөр биднийг уйтгар, нүгэл, хэрэгцээний гурван их хилэнцээс ангижруулагч мөн" гэж нэгэн ухаантан айлджээ. Бүтээлч идэвхитэй хөдөлмөр хүний хөгжил дэвшлийн үндэс. Хэн их ажиллана, хэн бүтээлчээр хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг юм. Ажил хөдөлмөр алив хүнийг өөд татна. Арчаагүй залхуу зан алив хүнийг уруу чангаана. "Энх сайхан хөдөлмөр бол баяр жаргалын сурвалж, эрээгүй их залхуурал бол гамшиг зовлонгийн сурвалж" гэдэг үг яасан үнэн үг вэ? Хэрэв чи хүний дайтай хөдөлмөрлөж, эрүүл саруулаар сэтгэж, хүний ѐсоор хайрлаж, хүний ѐсоор тэмцэж, хүн шиг амьдарч яваа бол эрин цагийн хамгийн аз жаргалтай хүн. Угтах ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлө. "Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авьяас билэгтэн, суут ухаантны аль нь ч төрөн гарахгүй". Хэрэв чи ямар нэг юм хийхээр зоривол битгий оромд. Дутуу дулимаг бүү орхи. Хийсэн шиг сайн хий. Хэрэв хийж чадахгүй буюу хийх

хүсэл сонирхолгүй бол хийх гэж оролдож мунгинаад хэрэггүй. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэл итгэлээ бүрэн шингээ. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа бол энэ хорвоогийн аз жаргалыг эдэлж яваа азтан гэж өөрийгөө бод. Жаргаланг хүслээр дуудан, худалдан авч болдоггүй. Тэвчээр заан, зай завгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, мэрийж мачийж байж аз жаргалыг тэмцэж олно. "Хүн бүр ажилдаа дуртай байвал энэ орчлон жаргалтай байна". Ахиу олсон орлогоороо аз жаргалаа цогцлуулагч нэгэн байхад олигтой орлогогүй мөртлөө дуртай ажилдаа сэтгэлээ өгч шимтэн зүтгэхээ аз жаргалтайд тооцох нөгөө нь байна. Өнгөц харахад юунд хүрэх нь тодорхойгүй зүйлийг ухаж төнхөн, тархиа гашилгаж, махаа идэн хөдөлмөрлөх нь далд буй эрдэнэсийн санг хайж олохын зөндөө хөтлөгдсөн бүтээлч хүний өөрийн аз жаргалаа дархлан байгаа бодит дүр төрх нь энэ ажээ. Биеийн тааваар, бэлэн хоол, бэлтгэсэн нөхцөл дээр тарвалзах үүлэн чөлөөний нарыг аз жаргал гэж бодвол том эндүүрэл. "Хэрвээ биеийн тааванд аз жаргал оршдогсон бол бэлчээрт идээшлэн яваа сүрэг малыг бас аз жаргалтанд тооцох санж". Аз жаргал аяндаа ирэхгүй. Зовлон бэрхшээлийг гэтлэн туулж, гатлан гарч, хатаагдан хатуужиж байж аз жаргалд хүрнэ. "Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай" хэмээн ухаантан зүгээр ч нэг хэлээгүй байх. Хэн нэгэн ид шидтэн буюу ачтан буянтан ухаан зарж, хөлс урсгалгүйгээр аз жаргалын диваажинд

хүргэн өгч, мөнгөлсөн хаалганых нь алтадсан бариулаас атгуулж өгөхгүй.

Аз жаргал хүн бүгдийн хүрч чадах орон зайд зугатаж холдолгүй хүлээж байдаг. Гагцхүү түүнд хичээл зүтгэл, санаачлага чармайлтаар хүрч очих л хэрэгтэй. "Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг, мэргэн ухаантан түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг" гэдгийг насан туршдаа санаж явцгаа.

Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй

2008 оны 02 сарын 06

Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.

Тусламж хэрэгтэй бүхэнд сэтгэлээсээ үзүүлэх дэм тус буяны үйлс. Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, өвдсөн хүнийг эмнэх, харанхуй хүнийг гэгээрүүлэх, орох оронгүйд оромж сууц өгөх, бусдын төлөө санаа тавих бүгд л буяны үйлс. Буянтан болъѐ хэмээн бодож мөрөөдөх нь буянтан болчихлоо гэсэн үг хараахан биш. Буянтай үйлсийн тухай баруун солгойгүй ярьж, эрмэлзэл тэмүүллээ илэрхийлснээ буян хийчихлээ гэж бодож төсөөлж болохгүй. "Хүний буянт үйлсийг түүний эрмэлзэл, тэмүүллээр нь бус, харин өдөр тутмын үйл хэргээр нь үнэлэх хэрэгтэй". Буянтай үйлсийг дотоод итгэл үнэмшилээрээ ухамсартайгаар үйлддэг. Би бусдын тусын тулд буян үйлдэх учиртай гэж үүргээ ухамсарлах нь бүхнээс илүү чухал. Гуйлга болон шахалтаар хийсэн

буян хүртэж байгаа хүндээ хишиг буян болон шингэх ач тусаар бага.

Буяны үйлсийн амин сүнс нь ариун сэтгэл. Ариун сэтгэлээ зориулж үйлдсэн буянт үйлс олны сэтгэлд гэрэл гэгээ, итгэл найдвар, урам зоригийг авч ирнэ. "Хэний зүрх олны төлөө цохилж байна тэр үнэхээр агуу". Сэтгэлээсээ хийгээгүй буяны үйлс дутуу малтсан худагтай л адил. Ус нь тунаагүй худгаас ууж, усалж болдоггүй шиг сэтгэл дутсан бүхэн шавхагдашгүй ундаргатай байж буян хишгээ бүтэн хайрлахгүй. Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэ цэнэтэй. Тийм буян, хүртсэн хүртээсэн аль алиндаа баяр баясгаланг дуудан дагуулж авчирдаг юм. Буянтай үйлс бүтээснээ сайрхан ярих шаардлагагүй. Булавч бултайна даравч дардайна гэдэг шиг тусыг хүртсэн хүмүүс ойлгон үнэлж, тэр тухай сэтгэлээ нээн сайрхан ярина. Хариу нэхээгүй буяны үйлстэнүүд чин зүрхнийхээ дуудлагаар буяны ажилд оролцох болохоос хэвлэл сониноор гарч нэр хүндээ өсгөх зорилго агуулдаггүй. Хүмүүнлэг нинжин сэтгэл хүний зовлонгоор цэнгэл эдлэх хүйтэн цэвдэг сэтгэлтэй авцалддаггүй юм. Өөрт тус авчрахын тулд бусдад буян үйлдэгчид бий. Олонд тус хүргэснээр өөрт буян хурна. Сайн үйлийг сайн нэр төр дагадаг шиг бусдад үйлдсэн буяны хэмжээгээр өөрийн чинь нэр хүнд өснө. Тэгэхдээ туулайн чинээ тус хүргэчихээд уулын дайтай буян хураахыг мөрөөдөх хэрэггүй. Бүр өөдгүй хүмүүс ч хувьдаа ашиг олохын тулд хотол олонд буян үйлдэхийг зорино. Тийм буяны үнэ цэн өчүүхэн. Буруугаа булахын төлөөнөө буянтны дүр

эсгэгчид ч байна. Хэн нэгэн ѐс суртахууны үүргээ ѐсчилон биелүүлснээрээ буян үйлдэгч болчихгүй. Буяны зам мөрийг зүрх сэтгэлийнхээ дуудлага болгон эргэлт буцалтгүй сонгож, ядарсанд тусалж, ядсаныг дэмжихийг зорилгоо болгон дэвшүүлж, үйл хэрэг болгон хэрэгжүүлж чадвал бусдын төлөө бүтээх буян арвижин төлжинө. "Хүн өөрийгөө буянтай үйлсийн тухай үг ярианд биш, буянт үйл хэрэг болон үйлдэлд сургах ѐстой". Магтаал сайшаал хүлээхийн тулд буян үйлдэх нь зохисгүй. Тэр зорилгоор бүтээсэн буян бүтэн буян хэзээ ч болохгүй. Шахалт шаардлагаар үйлдсэн буян шалих ялихгүй тусыг авчрахаас хэтрэхгүй. Өөрийн сэтгэл итгэлээр үйлдсэн буяны гэгээ үдийн нар шиг гийгүүлнэ. Хүний захиалга хүсэлтээр үйлдсэн буяны гэгээ хүжийн гал шиг гэрэлтэнэ. Гуйлга түүлгээр хийгдсэн буянт үйлс гутамшиг болохгүй ч гайхамшиг байж чадахгүй.

Хүн өдөр бүр баатарлаг үйлсийг бүтээх боломжгүй. Харин өдөр бүр хүн хэвээрээ байх боломжтой. Хэрвээ чи бусдын зовлонд хайхрамжгүй хандаж байгаа бол хүн байх үүргээ дутуу биелүүлж байна. Хүн хэвээрээ байгаа хүн л ядарсан хүмүүсийн зовлонг нимгэлэх буянтай ажилд гар татаж, сэтгэл дутаадаггүй юм. Хорвоо дэлхий буянтай хүмүүсээр дүүрэн. Гэвч үүнийг чи зовлонд учирч байж л сая анзаарна. Зовж ядарсан цагт буянтнууд чамд тусална. Буянтны буянг шингээх нь буян хайрлахаас дутуугүй чухал. Буянтны буянг бага гэж бүү чамла. Тэвэр дүүрэн буяныг хүртээгүй ч сэтгэл дүүрэн байж сур. Тэгвэл буян хишиг шингэнэ. Балга балгаар уусан ус ангаа цангаа тайлдагийн адил бага багаар

хүртээсэн буян зовлон гачаалыг хугаслана. "Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян".

Ядарч зовсон хүнд л зөвхөн буянтны тус хэрэгтэй гэж бодож болохгүй. "Бусдын дэмгүйгээр болно гэж бодож яваа хүн тун ч эндүүрч байна даа. Гэхдээ өөрийг нь байхгүй бол бусад хүн хэцүүднэ гэж бодож байгаа хүн бүр ч их төөрөлдөж байна".

Эцэг, эх эгнэшгүй буянтнууд. Буянтны дээд буянтан. Хүмүүн биеийг олж төрнө гэдэг туйлаас бэрх. Үлгэрлэн хэлбээс дээш харуулан хатгасан зүүний үзүүрт будаа цацан тогтоохтой адил гэж сударт өгүүлсэн нь буй. Эрдэнэт биеийг төрүүлж, энхрийлж тойглож өсгөсөн эцэг эхийн буян цаглашгүй. Хүн болох, хүн байх замыг аав, ээж зааж өгнө. Эх үрийн элбэрэлийг сахиж, настныг хүндэлж, нялхасыг асрах арга ухааныг тэд заана. Сурч боловсрохоос эхлээд амьдрах ухаанд сургах бүхий л зам мөрийг эцэг эх чиглүүлнэ. Сайныг дагаж, саарыг жигших сургаал үгийг тэднээсээ л сонсоно. Үр хүүхдээ юугаар ч дутаахгүй хайр энхрийлэлд өлгийдөн өсгөх буянт мөрөөдөл бүх эцэг эхийн сэтгэл зүрхийг эзэмдэн байдаг билээ. Хүн, хүний боломж бололцоо адилгүй болохоор бүх аав ээжийн чин хүсэл, гэгээн мөрөөдөл тэгш биелдэггүй нь алаг хорвоогийн алаг өнгө төрх. Буяны үйлийг бага боловч бүтээж, хилэнцийн үйлийг бага боловч тэвчиж яв. Буяны үйл бага байлаа ч үрэнд нь маш их амгалан жаргалан ирдэг. Нүглийн үйл бага байлаа ч үрэнд нь маш их зовлон гардаг. Хүнд буян үйлдвэл өөрт буян хурна. Хийж байгаа ажлаа том бага,

хар бор ялгаагүй төгс сайн хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Хүний сэтгэлд хүрсэн сайн үйл бүхэн сэтгэл ханамжийг дагуулна. Тогтоол тушаал төлөвлөсөн ч, тогоо тавьж цай чанасан, ч тоос шороо арчсан ч түүнийгээ төгс сайн хий. Төгс сайн үйлдсэн бүхэн хүмүүст буян болно. "Ямар нэгэн ажлыг арвантаа тааруухан хийснээс, багаахан хэсгийг нь төгс сайн гүйцэтгэчих хэрэгтэй". Дутуу хийснээс хийхгүй байх нь ч дээр. "Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй" нь тэдний агуу чанар билээ.

Худагны уснаас нь ууж байгаа бол худаг гаргасан хүнийг мартаж хэзээ ч болохгүй гэдэг шиг буяны тусыг хэрхэвч мартаж болохгүй. Өглөгийн эзэн байж хишиг буян хүртээх нь мэдээж сайн үйл. Өвдөж зовсон хүнд туслах нь түүнээс илүү буянтай үйл. "Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй" учраас өвдөж шаналсан хүнд туслах нь ач буяны дээд билээ. Буянтай байна гэдэг бурханы хишиг мөн, гэхдээ олондоо буян үйлдэж байж өөрт буян хурна гэдгийг эргэлзээгүй бодож явах учиртай. Буянтай хүний бухнаас тугал гарна гэдэг зүгээр ч нэг уянгын халилтай үг биш. Буян үйлдэж байж гагцхүү буянтан болдоггүй ажээ. "Будаа тариа мэт үржих буян хийгээгүй юмаа гэхэд дарж булж дийлэмгүй нүгэл үйлдэхгүй байх нь буянтай үйлс".

Хүн чанар сайтай хүн буянтан байдаг билээ. Эрдэм чадлаа харуулахад амар, хүн чанараа харуулахад хэцүү гэдэг. Харин жинхэнэ буянт үйлсийн эздийн хүн чанар жигнэж хэмжих шаардлагагүй илхэн байх нь бахархам.

Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэе

2008 оны 02 сарын 07

Монгол улсын хоѐр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа манай сониноор дамжуулан сар шинийн мэндчилгээ илгээж байна.

Айхтар хатуу гахай жилийг үдэж, ам цагаан хулгана жилтэй амар мэнд золгож байгаа элэг нэгт монгол түмэн маань даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, тором бөхтэй тавтай сайхан шинэлж байна уу? Золгож байгаа жилдээ зол жаргалаар дүүрэн, золбоо хийморь тэгш, зон олноороо дэлгэр жаргалыг эдлэн, энх амгалан, амар тайван, эрүүл саруул, элэг бүтэн байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүн төрөлхтөнд дэвшил эсвэл доройтол гэсэн хоѐрхон зам бий. Монголчууд бидний хувьд дэвшил хөгжил, мандал бадралын замаар эргэлт буцалтгүй, эргэж хургалгүй тууштай замнасан, өрнүүн хөдөлмөр, бүтээл туурвил эрчимтэй өрнөсөн, эв найрыг хэлбэрэлтгүй сахисан ээлтэй сайхан жил болоосой. Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэн, хүн бүр өөдрөг сэтгэлээр хичээн зүтгэж, сайн үйлс бүтээхийн төлөө сурч боловсрон, шаргуу ажиллаж, шамдан хөдөлмөрлөцгөөе. Урагшаа уужуу холыг харж, бүх зүйлээс хамгийн үнэтэй цаг хугацааг дүүрэн ашиглаж, ухаантай амьдарцгаая. Урагшаа хардаггүй хүн ард хоцрон үлддэгийг ухаарая.

Хүн бүр бүх зүйл дээр өөрийн хариуцлагыг дээд зэргээр ухамсарлая. Бид зөвхөн албан тушаалтнуудаас хариуцлага асуух биш, өөрсдөө туйлаас хариуцлагатай байх ѐстой. Хулгана жил сонгуулийн жил. Бүгдээрээ хариуцлагатай сонголт хийцгээе. Хариуцлагатай сонголт хийж байж - хариуцлагатай төр тогтоно. Тэгж байж эрх чөлөөт дэг журам, сахилга хариуцлага батжин тогтож, гажуудал завхралын үндсийг тасалж, буянтай сайн үйлс соѐолон дэлгэрч, шударга ѐс батжина. Элэнц хуланцаас уламжлан эдүгээгийн бидэнд өвлөгдсөн сар шинийн баяраа санаа сэтгэл ариунаар сайхан угтан шинэлж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.

Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун

2008 оны 02 сарын 15 Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт "бурханы авралаар эсэн мэнд дуусах болтугай" гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч "Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун" гэж таталган бичсэн гэдэг. "Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун" гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.

"Айлаас эрэхээр авдраа уудал" гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт "хүслийг хангагч чандмань эрдэнэ" дүүрэн чихээстэй байдаг юм. Гагцхүү авдрынхаа тагийг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр онгичин хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар - энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанарууд. Тэдэнгүйгээр амжилтын оргилд өөрийгөө хөтөлнө гэж бодож санахын ч хэрэггүй. Ямар ч хүн ертөнцөд өө сэвгүй сайн хүн болон бүрэн төлөвшин мэндэлдэггүйтэй адил бүтээлч шилдэг чанар эхээс төрөхөд энэ биед чинь иж бүрнээрээ цогцлон заяахгүй. Тэр бүгдийг хүн бүхэн өөрийнхөө хүчээр, өөртөө цогцлоохыг мэрийн хичээх ѐстой. Тэгж баймааж нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа

өөрийн гараар итгэл дүүрэн дархлах боломж алхам алхмаар дөтлөн ойртоно.

Гар хумилгүй ажиллахгүйгээр гавьтай амжилтанд хүрч чадахгүй. Оюунаа хөвчлөн дайчилдаггүй хүн олигтой бүтээл туурвиж эс чадна. "Ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг" гэх үгийг суут Моцарт хэлэх дуртай байж. "Ажил бол энэ ертөнц дээрхи миний цорын ганц таатай зүйл" гэж амжилт олсон нөгөө нэгэн алдартан дахин давтан хэлдэг байв. Ажил хөдөлмөр чиний хэмжээлшгүй баяр баясгалан байж, ажил хөдөлмөрийг амьдралдаа тохиох цорын ганц таатай зүйл болгож чадвал амжилтанд хүрч, алдраа мандуулах шидэт түлхүүрээ бат атган зогсож байна гэж бардам бодож болох нь ээ. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл энэ хорвоод үгүй болохыг өглөө болоход наран мандаж, орой болоход шингэхтэй адил гарцаагүй үнэн гэдэгтэй зүйрлэн жишин санаж яв.

Хүмүүс ажил хөдөлмөрийг янз янзаар л хийдэг. Ажилд тааруу, муухан хийдэг, бие дайчилдаггүй залхуу нэгэн байхад ажлаа тааруу, муу хийж чаддаггүй, муу хийнэ гэдгийг мэддэггүй, бахархам бүтээлч чадвартай нөгөө нь байна. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хайрламаар хэсэг байхад эрхэлсэн ажлаа ор нэр төдий хийсэн болж назгайран цаг нөхцөөгсөд цөөнгүй. Ажил бүтээлээ муу хийж чаддаггүй, дутуу дулимаг орхиж сураагүй тэр хүмүүс алдар хүндийн барианд хэзээд ойрхон байна. Хариуцсан ажилдаа зүрх сэтгэлээ өгч

махран зүтгэгч, хайр татам хүмүүс олны хүндлэлийг хүлээж, бахархан дурсагдана.

Шинжлэх ухааны ч бай, урлаг утга зохиолын ч бай аль ч салбарт агуу их хэмээн алдаршсан, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бусдаас даван гарч алдраа мандуулсан хэн боловч өрөөл бусдад найдалгүй өөрийгөө дээд зэргээр дайчлан, хичээн зүтгэж байж тэрхүү бахархам амжилтыг олсон байдаг. Тэдний дотор ядуухан бор гэрт өссөн хүн байхад баян тансаг өргөө гэрт төрсөн нь ч байна. Идэж уух, өмсөж зүүх, эрхэлж тоглох бүхнээр бялхаж байгаа мөртлөө өөртөө хатуу шаардлага тавьж, сурч мэдэхийн төлөө, судалж бүтээхийн төлөө махран зүтгэсээр агуу их үйл хэргийг гүйцэлдүүлсэн суут хүмүүс бий. Туйлийн ядуу тавилангаас үл шалтгаалж, өөрийгөө шавдуулан, хүрч болох хамгийн дээд өндөрлөгт өөрийнхөө хүчээр гарч чадсан жишээ захаас аван бий. Хүн амжилтанд хүрэхэд ямар ч хатуу хэцүү бэрхшээл гай тотгор, төвөг саад төдийлөн болдоггүй гэдэг нь гайхамшигт хүмүүсийн намтар цадигаас тодхон бөгөөд нийтлэг харагддаг. Харин ч олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл хүмүүст сэтгэл, итгэлийн хат суулган, хашир таниулж өөд нь татдаг байна. Өөрөөр хэлбэл гачигдал зовлонг шүд зуун тэсвэрлэж, шөрмөсөө сунатал ажиллаж хөдөлмөрлөе гэх чин хүслэн ундран оргилон бий болдог байна. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах зориг хүчийг өгдөггүй. Өнөөгийн ядуу зүдүү, дутуу гуцуу амьдрал үүрдийн золгүй байдал, үзүүргүй зовлон гуниг гэсэн үг хараахан биш. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах гүн итгэл өвөрлөн хичээн зүтгэвээс ядуу

гуцуу байдлыг хишиг буян болгон хувиргаж төвөггүй чадна. Зовлон бэрхшээл өөдлөн дэвжихийн төлөөх тулаанд зориг хүчийг өгч туйлдаж сөхөрсөн хүнийг хөл дээр нь баттай босгодог юм. Ийм зориг хүчтэй, хөл дээрээ баттай боссон хүн ялж дийлэн, цаана нь гарч, зорилгоо биелүүлэх нь эргэлзээгүй тодорхой.

Өөрийнхөө хүч чадал, бололцоо нөөцөнд бүхнээс илүү итгэн найд. Өөрийн чинь гутлыг чиний өмнөөс хэн ч өмсөхгүйтэй адил өөрийн чинь өмнөөс суралцан, чиний оронд хөдөлмөрлөж, чиний нэрээр бүтээн туурвиж өгөх хүн хорвоод үгүй. Чамайг өвдөж зовбол чиний төлөө сэтгэл гарган, санаа тавьж эмчилж тордох хүн байх боловч чиний өмнөөс эм тангий чинь ууж, эмчилгээ засал хийлгэж эдгээн илааршуулж чадахгүй. Тиймээс өөртөө эргэлзэж тээнэгэлзэлгүй найдан, өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах нь хүн бүрт оногдсон заяа тавилан. Ингэж хэлэхдээ бусдын тус дэмийг бүхэлд нь орхигдуулан үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш. Хэн ч хөндлөнгийн тус дэмгүйгээр амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Ямар ч ухаантай, гайхамшигтай хүн бусдаас хишиг тусыг байнга хүртэж байдаг нь мэдээж. Сэтгэл санааны дэм хийгээд, журамт андын сэтгэлээ салшгүй сайн нөхрийн төлөө өргөх нь зүйрлэшгүй том тус нэмэр. Бусдын тусламж, өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудран зүтгэх хоѐрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залуу зандан насанд ч, замаа олж, биеэ даасан үед ч нэгэн адил хамаатай. Гэхдээ л өөрийн хүч чадалдаа эргэлзэлгүй итгэн, бололцоо нөөцөө шавхан дайчилж, бүтээлч шаргуу хөдөлмөрлөн, их хэргийн төлөө эргэж хургалгүй зорь.

Амьдралаа үнэ цэнэтэй, утга төгөлдөр, ухаантай зөв авч явахыг залуу хүн бүр хичээх хэрэгтэй. "Ухаангүй, ѐс суртахуунгүй, цэнгэлд автсан хүмүүсийн амьдрал ямар ч үнэ цэнэгүй байдаг" гэнэ. Зуурдын жаргалд хөтлөгдөн, зугаа цэнгэлд ташуурч, түмэнд нүүрээ барах ичгэвтэр бүхнээс татгалз. "Ичгэвтэр зүйл хийсэн хүн юуны түрүүн өөрөөсөө ичих ѐстой". Өөрөөсөө ичих мэдрэмжтэй хүн алдаж гишгэх нь ховор. Алдлаа ч хор холбогдол нь гайгүй. Өөрөөсөө ичдэг хүн нэг бүдэрсэн гадсандаа дахин бүдэрдэггүй юм. Архи, тамхинд шимтэн дурлах буруу зуршилд автваас амьдралдаа санаатай хор хүргэж байгаа мунхаг үйлдэл. "Архидалт бол бүх гажигийн эх". Энэ гажигуудыг засахын тулд жигтэйхэн сайн хууль баталчихвал хүмүүс хорт зуршлаа тэр дор нь таягдан хаячих мэт гэнэн төсөөлөл байдаг. Ямар ч хүчирхэг хатуу чанга хууль гарлаа гэсэн залхуу этгээд гэнэт ажилсаг болон төрөл арилжиж, үрэлгэн хүн жигтэйхэн тооцоотой болон нарийлж, архичин архиа жигшин шууд орхиж, тамхичин тамхиа хаях нь юу л бол? Харин өөрийнхөө гэмийг өөрөө ухаарч, өөрийгөө өөрчлөхөөр сэтгэлээ хатамжлан шулуудаж, хэмнэж гамнахын утга учрыг ойлгож, архинд живсэн гаслант амьдралаа өөрөө ухамсартайгаар буруушааж эхэлбэл хүн сайн тал руугаа өөрчлөгдөх үүрийн гэгээ туяарч эхэллээ гэсэн үг. Өөрийнхөө сэтгэл итгэлийн хүчээр буруу зуршлаас ангижрах нь өөрийгөө аврах хамгийн дөт зам. Буруу үйл үйлдэж байна гэдгээ юуны өмнө өөрөө ухамсарлаж, түүнээс татгалзах сэтгэлийн хүчээ хураан хуримтлуулж, тэсвэр тэвчээр заан, эргэлт буцалтгүй эрс зориглож чадвал нүүрлэн буй зовлон гамшигаас биеэ хамгаалж,

өөрийгөө аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө аврах төдийгүй хамгийн хайртай хүмүүсээ уур уцаар, уйтгар гуниг, гутрал доромжлолын занал зүхлээс ангижруулж байгаагаа ухаар.

Бусдын тус дэмэнд найдалгүй яахав. Гэхдээ өөрөө өөртөө туслагч байх нь бүхнээс илүү чухал. Өөртөө туслах оюун ухаан бол хүний өсөж дэвжих өөдлөн хөгжихийн тулгын чулуу юм. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа, гэгээн ухаан л хүмүүсийг алхам тутам зоригжуулж, алс ирээдүйгээ өөдрөгөөр харах хүсэл тэмүүллийг цогцлоож байдаг. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун!

Чин сэтгэлээсээ талархаж суръя

2008 оны 02 сарын 27

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. "Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй" гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соѐлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. "Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу" гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ѐс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт

ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Талархах чадвар нь эрч хүч, сэтгэлийн тэнхээг давхар илэрхийлнэ. "Талархалгүй байдал нь сул доройн шинж. Гарамгай хүмүүс хэзээ ч талархалгүй байдал гаргадаггүй". Тэнгэрт тултал магтах, газарт шургатал муулах нь талархал хийгээд талархалгүйгээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш. Жин, тун нь таарсан талархал жинхэнэ талархал болдог. Цагаа олж таларха, үгээ онож хэл. Эв хавгүй талархлын үгс элэг доог ч болгож мэднэ. Талархлын үг сонсохыг хүсч байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Талархлыг дагаж сайшаал магтаал урсана. Хаана, хэнд, ямар магтаал, сайшаалын үг хэлэх вэ гэдэг нь чиний ухаан, мэдрэмжийн хэр хэмжээний асуудал. Адгийн тэнэг авгайгаа магтана гэх тэнэгийн цаадах тэнэг хэллэг тэнэж явдаг. Хэзээ гарсан, хэн эхэлж хэлснийг бүү мэд. Хавьтсан ойртсондоо хямгагүй чулуудаж байдаг магтаал сайшаалын үгсийг хань ижилдээ хэлэхээр тэнэг болчихдог нь ч юув дээ! Бодол ухааны шүүлтүүрээр ороогүй болчимгүй золбин үг гэдэг нь л тодорхой. Үр хүүхдийг чинь тээж төрүүлж өгсний төлөө, нойр хоолоо хасч хөхүүлж, хуурайлж өсгөснийх нь төлөө, хоѐр нарны хооронд борви бохис хийлгүй

зүтгэдэгийнх нь төлөө, гэр орноо аль болох өнгөтэй өөдтэй авч яваагийнх нь төлөө тэдэнд насан туршдаа талархахын дээдээр талархаж явах үүрэгтэй бид. Үе үе үүнийгээ үгээр хэлж, үйлдлээр илэрхийлэн, үзүүлэн мэдүүлж байх хэрэгтэй. Зоогийн газар хааяа нэгхэн хоол идээд гарахдаа "баярлалаа" гэж хэлдэг талархлын үгийг гараа гарган, сэтгэлээ шингээн өдөр бүр хоол унд хийж өгдөг эхнэртээ хэлж болдоггүйн учир юу вэ? Та бидний төлөө сэтгэл итгэлээ зориулдагийнх нь, санаа тавьдагийнх нь, санаа зовдогийнх нь төлөө үргэлж талархах ѐстой. Үглэж, загнадагийнх нь төлөө, үггүй зэмлэн тунирхдагийнх нь төлөө ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл та нарыг илүү сайн сайхан, хүний дайтай, бусдаас дутахгүй байлгахын төлөө хайраа дотроо, халаа гаднаа гарган, өргөс шиг ширүүн мөртлөө өд шиг зөөлөн үгээ хэлж, үйлдлээ илэрхийлж байгаа нь тэр. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сургамжтай үг бий. Эмэгтэй хүн урмын үгээр тэжээгдэх уяхан сэтгэлтэйгээр бүтээгдсэн байдаг юм. Эмэгтэйчүүд дотночилон хэлсэн үг бүхэнд дотогшоо баярлан уйлж, гадагшаа баясан инээж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс.

Ангаж цанган хорчийн хатаж байгаа өвс ургамлын үндсэнд ус чийг өгөхөөр сэргэн ургаж цэцэглэдэг шиг урам хайрын ончтой үгс хөшсөн сэтгэлийг сэргээн, хөөр баяслыг төрүүлнэ. Доройтсон сэтгэлийг сэргээх шидэт эм адил урам магтаалын үгийг сонсоход өлссөн хүн цадаж, ундаассан хүний цангаа нь тайлагдах шиг болдог билээ. Талархлаар дутуу хүний амьдрал ямагт дутуу

дундуур байдаг юм. Хамгаас хайртай хүмүүстээ урам талархлын шидэт үгсийг хямгадаж харамлахгүйгээр хэлж бай. Дутуу дундуур амьдрал дүүрээд ирнэ аяндаа.

Дээшээ хандсан магтаал хэтэрвэл зусар болно. Улаан нүүрэн дээр нь магтана гэдэг увайгүй зусрын шинж учир болгоомжтой ханд. Харин удирдлага дороо байгаа хүмүүсийнхээ зөв үйлдэлд урам хайрлаж, урамшуулан магтаж бай. Тааруулж хэлсэн талархлын үг хийж бүтээх идэвхийг нь бадрааж, хүч чадлыг нь сэлбэж өгнө. Хамаа болгоомжгүй хатуу ширүүн үгээр хавьтснаа хадарч болохгүй. Голдоо ортол гомдон, сэтгэл нь шархалж мэднэ. Мэсний шарх эдгэхэд амар, үгний шарх эдгэхэд бэрх. Бусдын дургүйг хүргэсэн үгийг дутуу хэлэхийг хичээ. Элс рүү асгасан усыг эргээд савлаж болдоггүй шиг бураад өнгөрсөн үгсийг буцаан залгих аргагүй. Гэм зэмгүй хүнд андуу ташаа зэмлэл хүртээхгүй байхыг эрхэмлэ. Насан туршаа эргэн санагалзах голыг зурсан гомдлыг үлдээж мэднэ. Хаврын шар ус цасыг хайлуулан урсгах шиг цаг хугацаа гомдлыг тайлан мартагнуулан урсгаж болох ч намар хагдарсан өвс хавар болохоор соѐолон ургадаг шиг голд орсон гомдол эмзэг аргагүй сэргэдэгийг сана. Модны навч шарлавч үндэс нь шарладаггүй гэдэгтэй адил өнгөн дээрээ өршөөж болох ч үндэс язгууртаа хүртэл гомдоллох үгэн мэсээр бусдыг бүү далайлга.

Талархал бол талархах хүний үүрэг байдаг болохоос, талархуулах хүний эрх биш байдгийг санаж яв.

Боловсролтой, соѐлтой аль ч хүн талархах, талархуулахын аль альд нь тэгш тэнцүү хандах учиртай. Өөрсдийнхөө ачийг бодох учиртай хүнтэй уулзахаараа талархалтай байх ѐстойг сайн санацгаадаг мөртлөө өөрсдөө мэхийн талархах ѐстой хүмүүстэй уулзахаараа энэ тухай юу ч бодоцгоодоггүй байж таарахгүй. "Талархал шаардах нь тэнэг зан, талархалгүй байх нь бүр ч өөдгүй явдал болой" гэсэн үгийг марталгүй бодож явбал зохилтой.

Ухаантай хүн тал засаж зулгуйдаагүй, илүү ч үгүй, дутуу ч үгүй шударгаар өгүүлж байгаа талархалд таатай хандаж хүлээж авна. Байгаа юмыг байгаагаар нь хэлж, үнэн юмыг үнэнээр нь дүгнэх нь талархлаа илэрхийлж байгаа шударга бөгөөд зохистой арга. Шударга бус үнэлгээ талархалгүй байдлын адгийн шинж, талархалгүй байдал хамгийн өөдгүй гажиг мөн. Талархалгүй хүмүүс байдаг нь мэдээж сайн зүйл биш, тэдэнд зэвүүрхэх үе ч бий. Тэгэхдээ өөрт чинь туслалцаа үзүүлсэн бүх хүмүүс чамаас талархлын таатай үг сонссон уу гэдгийг өөрийн хүн чанараас үе үе асууж байх хэрэгтэй.

Бэлгийн хариуд сэтгэлийн талархал зайлшгүй. "Бэлэг бол үнэ цэнээрээ бус, хэн бэлэглэж байгаагаар эрхэм байдаг" учир авсан бэлгэндээ баярлахаас түрүүн бэлэг өгч байгаа хүнд нь талархах нь зүйн хэрэг. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлж чаддаг хүнд тус болох урамтай. "Ач тусын талаар үзүүлэгч нь бус, хүртэгч нь

ярьж байх" ѐстой нь талархлын алтан зарчим гэдгийг мартаж болохгүй.

Бие биедээ чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!

Өөрийгөө хүндэтгэ

2008 оны 03 сарын 23

Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. "Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг" юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.

Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.

Шударга зан хүний сайн чанаруудын ноѐн оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн.

"Шударга ѐс байхгүй газар эрх чөлөөгүй, эрх чөлөө үгүй газар шударга ѐс байдаггүй". Тэгэхээр эрх чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ѐсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ѐсыг энгийн олон магнайдаа дээдлэн хүсэмжилдэг, эрх мэдэлтнүүд уландаа гишгэн дэвсэлдэг. Хүмүүс шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга ѐс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг өөрчлөх шаардлагатай. Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох гаж тогтолцоо улам бүр батжин, газар авах осолтой. Өнөөдөр шударга бусын золиос болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын давалгаа хэнийг ч ялгалгүй хамна. Тийм учраас шударга ѐсны төлөө тэмцэлд хойш суулгүй оролцох нь хожмын амьдралд чинь хэрэгтэй. Өөрийгөө хүндэтгэж байгаа бол, өрөөл бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ѐсыг эрхэмлэ. Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж, өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоѐр

эргэх холбиромтгүй хүн ч, нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар муутан бялдууч байх нь ѐс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах арчаагүй арга нь. Тэгэхдээ хамгийн бузар бусармаг арга. Бялдуучид магтан зулгуйдах, муулан хов зөөх хорон муу үйлдэлтэй. Увайгүй зусарч улаан нүүрэн дээр нь магтана. Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас аван бий. Ховч бялдуучдаас холын хол бай, хорон муухай үгэнд нь хэзээ ч бүү авт. Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул. Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучдаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах учиргүйг сана.

Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даан ч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс.

Хариуцлагатай хүний алдах нь бага, онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав. Хариуцлагагүйн зуд нөмөрсөн газрын ажил хайш яйш, хам хум. Амжилт бүтээлийн тухай бодох мөрөөдөх ч хэрэггүй. Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ѐсны талаасаа зүй ѐсны асуудал. Хариуцлага алдсан үйлдэл бүхэнд хариуцлага тооцож байж хариуцлагажина. Жижиг ч гэсэн хариуцлагагүй үйлдэл гаргахад толгойг нь илээд дуугүй өнгөрвөл дараагийн томоос том хариуцлагагүй үйлдлийнх нь бэлтгэлийг найр тавин хангаж өгч байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай.

Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. "Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас аймшигтай" гэж

зохиол бүтээлээрээ олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Буруу хэрэг үйлдсэн хүн буруутан байдаг бол буруу хэргээсээ ичдэггүй этгээд хоѐр дахин буруутай байдаг гэнэ. Муу муухай үйл үйлдэгчид ядаж дотроо гэмших хүн чанараа ор тас хаяж гээж болохгүй. Дотроо гэмших нь муу явдалтны хувьд үлдсэн ганц буянт үйл нь байдаг юм шүү. Ичих улайх чадвар нь хүний бүх сайн чанаруудаас хамгийн хүмүүнлэг нь. Ичих нүүргүй бол гайхалтай өндөр боловсролтой байгаад ч гавьтай хол явахгүй. Буруу хэрэг үйлдчихээд ичих ч үгүй, улайх ч үгүй суугаа хүний хажуугаас харахад яс хавтайм, хөлс цутгам, ар нуруун дээгүүр хорхой арваганан гүйх мэт зэвүүн. Бусдын өмнөөс ичнэ гэдэг хүний дээд мэдрэмж, дотоод сэтгэл цэвэр ариун байгаагийн шударга шүүх юм. Залуус та нар ичих улайх мэдрэмжээ алдаагүй, түүнчлэн бусдын буруу үйлдлийн төлөө үнэхээр ичиж зовж байгаа бол өөрийгөө хүндлэн улмаар бусдын хүндлэлийг хүлээж нэр хүндтэй явж байна гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байж болно. "Хүн хэдийчинээ ичимтгий байна төдийчинээ хүндэтгэл хүлээдэг" гэдэг юм. Дээр, дор ялгаагүй хүмүүсийг хүнийх нь хувьд дээд зэргээр хүндэтгэ. "Хүмүүсийг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг". Хүнийг хүндэтгэх тухайд нэг л зангаараа, нэг л аашаараа байхыг хичээ. Бусдыг хүндэтгэхдээ хаврын тэнгэр шиг хувьсамтгай хүний хүндлэл хүлээх чадвар нь тос нь дуусаад бөхөж

байгаа дэнгийн гэрэл шиг бүүдийн бүүдийсээр унтарна. "Бусдыг хүндлэхээ амархан больдог хүн юунаас түрүүн өөрийгөө хүндэтгэдэггүй" гэдгийг санаж явцгаа. "Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх шалтаг болдог" хэмээсэн алдарт гүн ухаантны үг та нарын сэтгэлд эцэг эхийн сургаал мэт хоногшиг.

Эрхэлсэн ажилдаа эзэн бол

2008 оны 04 сарын 09

Хүний амьдрал бол зөгийн бал, цөсний хослол мөн гэсэн үгийг Та лавтай сонссон байх аа. Зөгийн бал жигтэйхэн сайхан амттай. Цөс жигшим муухай гашуун. Амьдралд бал шиг амт, цөс мэт гашуун хоѐр заримдаа ээлжлэн, хааяа холилдон сүлэлдэн байдаг ажээ. Бал мэт амт нь яавал ахиу, цөс шиг гашуун нь яавал дутуу байж болох вэ? Хөнгөн хийсвэрийг зөгнөн, төөрөг тавиландаа найдаж, гар хумхин суугаад гайхалтай сайхан амьдралыг туулна гэж бодож санахын ч хэрэггүй.

Тархиа гашилтал бодож, чөмгөө дундартал сууж, гар хөлөө цуцтал хөдөлмөрлөдөг хүний амьдрал амттай, баяр хөөртэй, утга төгөлдөр. Ажилгүй анхиагүй, залхуу хойрго, ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг хүн цөс шиг гашууныг ярвайн амталж, ганцхан олдох амьдралаа гуниг зовлонгоор дүүрэн, утга учиргүй өнгөрөөнө. Эрчимтэй хөдөлмөрийн үрээр л амьдрал амьд бөгөөд амттай сайхан байна. "Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай, цэвэр сайхан амьдрал байхгүй".

Аль ч газар оронд ажлаа эзний ѐсоор сайн хийдэг хүмүүс агаар ус мэт хэрэгтэй. Улс орон яавал хөгжих вэ? гэдэг асуултыг хүмүүс байнга тавьж, бэлэн хариултыг тэр дор нь сонсохыг хүсдэг. Уулын ам бүрээс урсах жижиг булаг

горхи нийлэн том гол болдогийн адилаар түмэн янзын, олон хүчин зүйл нэгдэж, хүн ард нь хамтдаа нэг зорилготойгоор нэгэн буулганд орон зүтгэж байж улс орныг хөгжил дэвшилд хөтөлнө. Төр засгийн зөв мэргэн бодлого, хөрөнгө мөнгө, дэд бүтэц, мал сүрэг, тариа будаа, байгалийн баялаг бүгд мэдээж чухал. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь боловсролтой, чадавхитай, дадлагатай дээр нь нэмээд сэтгэлтэй монгол хүн шийдвэрлэх үүрэгтэй. Хүн бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн бол. Жинхэнэ ѐсоор эзэн бол. Хүн бүр өөрт ногдсон ажлаа эзний ѐсоор, нүүр бардам, хэний ч дор орохгүй, чадмаг хийчихдэг болсон цагт улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Тэр цагт ард олон ч хүний гар харж, алгаа тосолгүй амьдрах тэгш таван хүслээ гүйцэлдүүлэх болно. Хэрэв чи ямар нэг юм хийвэл маш сайн хий. Тэгж чадвал хүний дор орохгүй амьдарч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гагнуурчинаас чи юу хийж чадах вэ гэж биш, юу чадахгүй вэ гэж асуу. Би муу гагнаж, муухай гагнаж, удаан гагнаж чадахгүй, дутуу хийж, гологдол гаргаж сураагүй гэж омог бардам хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж чадаж байвал тэр гарцаагүй сайн гагнуурчин. Алтан гартай гагнуурчин алтнаас дутахгүй үнэлгээтэй. Тэгвэл хоолой давахын эцэсгүй хоол хийхчээн болдог тогооч хэнд ч хэрэггүй. Төв аймагт бага ангийн гоц сайн багш нар цөөнгүй байлаа. Багшлах ажлаа маш сайн хийдэг тэдний нэгнийх нь ангид хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийн цуваа хэдэн анги дүүргэх хэмжээнд хүрдэг

сэн. Бүх хүн энэ багш шиг, дээрхи гагнуурчин шиг ажилладаг сан бол улс орон удаж төдөлгүй хурдан түргэн хөгжинө.

Том ч бай, бага ч бай, албаны ч бай, амины ч бай хариуцсан ажлаа ямар ч үед яс сайн, хэний ч дор орохооргүй, хэн ч өөлж голохооргүй чанартай сайн хийж сур. Энэ бол залуу хүн бүрийн хувьд мах цусандаа шингэтэл ойлгон хэрэгжүүлэх ажилсаг сайн чанар, насан туршид хэлбэрэлтгүй мөрдөх зарчим байх ѐстой. Ажлаа ингэж хийдэг хүний амьдрал бал шиг амттай, бахдам амжилтаар дүүрэн байна. Хариуцсан ажлаа сайн хийх үүргээ хүн болгон хатуу ухамсарлах хэрэгтэй. Үүргээ хатуу ухамсарлах нь хүний зан араншингийн ноѐн оргил нь байдаг юм.

Амар хялбар, дөт ойр замаар үсрэн дүүлэн явсаар эрхэлсэн ажилдаа эзэн болох хэмжээнд оччихно гэвэл хэтэрхий хөнгөн гоомой төсөөлөл. "Очих ѐстой газарт чинь хүрэх дөт зам ер байдаггүй" гэдгийг мэдэж ав. Тэвчээр шалгасан хүнд бэрхийг даван туулж байж очих ѐстой газраа арайхийж дөхөж очно. Харин "Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг" гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж болно. Залуус та нар эрдэм боловсролд шамдахтайгаа хамт тэсвэр тэвчээртэй болох зан чанарт биеэ дайчлан суралцах хэрэгтэй. Тэсвэр тэвчээр эрдэм боловсрол эзэмшихэд чинь хөтөч болон хөтлөхийн хамт сурсан эрдмээ ажил амьдралдаа хэрэглэх үед чинь тулгуур болон түшиж өгнө. Тийм

болохоор "тэвчээртэй хүн навчнаас торго, сарнайн дэлбээнээс бал гаргаж авч чадна" хэмээн Азийн нэгэн нэрт яруу найрагч онож шүлэглэсэн байна. "Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг" болохоор чихэр мэт амтыг амтлахын тулд тэвчиж сурах л хэрэгтэй. Ялангуяа удирдагч хүн маш их тэвчээртэй байх шаардлагатай. Болгоомжгүй, бодлогогүй хэлсэн үг хүний урам зоригийг мохоож, тэр ч бүү хэл амьдаар нь алж чадах учраас удирдагчид илүү тэвчээртэй байх үүрэгтэй. Ер нь ялалт амжилт өөрөө гүйгээд ирдэггүй, харин чамайг тэвчээртэй нь аргагүй хүлээж байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Эрхэлсэн ажилдаа эзэн байна гэдэг нь зөвхөн дуулгавартай үнэнч гүйцэтгэгч байхын нэр биш. Гүйцэтгэх чадвар сайтай хүн хаана ч үнэлгээ сайтай байдаг. Тэд найдвартай сайн хүмүүс. Гэхдээ өгсөн үүргийг яг таг ѐсчлон биелүүлээд түүнээс илүү гардаггүй ажилтан өнөө үед хангалттай бус. Сайн гүйцэтгэх чадвар, гүйцэтгэх ухамсрын зэрэгцээ хүн бүрт шинийг эрэлхийлэх чадвар, санаачлага, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа, бие даах чадвар гээд олон сайн шинж чанар зайлшгүй хэрэгтэй. Цаг үе харавсан сум шиг хурдан өөрчлөгдөж байна. Бид дор хаяж өөрчлөгдөж байгаа цаг үеэсээ хоцрохгүй байж наад захын амжилтанд хүрнэ. Цаг үеэ мэдрэх мэдрэмж суларвал өөр ертөнцөд өнө удаан байгаад буцаж ирсэн мэт төсөөрнө. Түргэн өөрчлөгдөж байгаа орон зайд сурч дадсан хуучин аргаараа, хуучин байдлаараа ажиллаад

олигтой амжилтыг олохгүй. Шинэ, дэвшилтэт бүхний эрэл хайгуулыг цаг ямагт хийж, шинэчлэгч сэтгэлгээгээр бүхий л асуудалдаа хандах нь ононо. Яавал илүү сайн хийж, яаж богино цагт ихийг амжуулах вэ гэдэг бодлыг тархи толгойноосоо хэзээ ч салгаж болохгүй. Санаачлага, бас дахин ажил хэрэгч санаачлага. Энэ үнэхээр чухал шүү. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундарга юм. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцордог. Буцалж бургилсан санаачлагатай, шинийг сэдэгч ухаан нь булгийн ус шиг мөнхийн ундаргатай ажилтан ѐстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг мөн. Өнөөдөр бусдын энтэй буюу бусдаас илүү байгаагаа маргааш, түүнээс цааших он жилүүдэд үргэлж тийм байх мэтээр сэтгэн, хэтэрхий эрт, хий хоосон цадаж болохгүй. Хүн байнга өөртэйгөө ажиллаж, хоцрохгүйн тулд мэргэжил чадвараа тасралтгүй дээшлүүлж байх хэрэгтэй.

Удирдлагынхаа үгийг сонсож, үүргийг биелүүлэлгүй яахав. Гэхдээ аливаа асуудалд дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөх бус өөрийн бодолтой байж сур. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдын санаа бодлыг ямагт сөрж байх муйхар бодол огтхон ч биш. Зөвийг хүлээн зөвшөөрөх чадвартай, бурууг сөрөн буруушаах тэнхээтэй байхыг хэлж байгаа хэрэг. Бусдын бодлоор хүн хэзээ ч хол явж, хосгүйг бүтээж чаддаггүй юм. Бусдын тус дэмэнд найдалгүй яахав, гэхдээ ямар ч үед бие даах чадвартай байх нь залуус та нарын хувьд

зайлшгүй эзэмших дадал шүү. Бие даах чадвартай хүн л амжилтанд хүрнэ. Хайртай, халамжтай эмээ нар гал дээр гарсан зээдээ бүхнээ зориулдагийн адилаар бусад хүмүүс чиний сайн сайхны төлөө санаа тавина даа гэж төдийлөн найдах хэрэггүй. Ихэнх хүмүүс чамд ашигтай зүйлийн төлөө бус харин өөсдөдөө ашигтай зүйлийг л бодож түүний төлөө л тэмүүлж байдаг гэдгийг мартаж болохгүй.

Амьдрал нэгэнт амтат бал, гашуун цөс хоѐрын хослол болохоор өөдлөн дэвжих, уруудан доройтохын аль аль нь тохионо. Аль алинд нь бэлэн байх хэрэгтэй. Өөдлөн дэвжих үедээ биеэ тоож, бялуурч сагсуурч хэрэггүй. Уруудан доройтох цагтаа унжийж урвайх хэрэггүй. Бэлтгэлтэй, бэлэн байхаар тооцоолсон бол хамгийн хэцүү хар үеийг ч амжилттай даван гарч дөнгөнө. Ажлаа бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэх явцдаа гарцаагүй учрах бэрхшээл саадыг урьдчилан харж тооцож сурвал туйлаас сайн. Тэгж сурвал эрч хүч, хөрөнгө мөнгө, цаг заваа дэмий үрэхээс сэргийлэн, саад бэрхшээлийг тойрч чаддаг болно. Ажилдаа дуртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнээс бүтээл гарах нь тодорхой. Эрхэлсэн ажилдаа жинхэнэ ѐсоор эзэн болсон хүн урамтай, бахархалтай, үлгэр дууриалтай. Тийм хүмүүс л хөгжил дэвшлийн хөтлөгч байх тавилантай.

Итгэл

2008 оны 04 сарын 16

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ѐс суртахуун ѐс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ѐсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. "Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн".

Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоѐр багана шиг бие биенээ түшин тогт.

Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн

дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө. Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. "Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал". Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их

холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ? За гэвэл ѐогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, "итгэ гэхдээ шалга" гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.

Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг

үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. "Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай" гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. "Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг". Нэгэн ухаантан "Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм" хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.

Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. "Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн". Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн

бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ѐс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. "Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан". Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. "Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй" гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.

Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. "Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг"-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар.

Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.

Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!

Бага боддог хүн их алддаг

2008 оны 04 сарын 23

Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен "Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар" гэж хоѐрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.

Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. "Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог"-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх

мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ѐстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. "Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг". Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. "Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг" гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.

Залуус та нар том бага гэлтгүй аль ч ажлыг сайтар бодож, тунгааж, төлөвлөж байж эхлэх хэрэгтэй. Бэлтгэлийг хангаагүй, яаруу сандруу эхэлсэн ажил үйл бүхэнтэй хамт алдааны хорт үр хогийн ургамал мэт цацагдаж байдгийг мэд. Тархи толгойдоо олон талаас нь сайтар бодож тунгаасан ажил алдаа мадаг багатай. Ер нь "Бага боддог хүн их алддаг" гэдгийг санаж явцгаа. Бидний өвөг дээдэс "хэрээ мэдэж, бяраа таньж" байхыг сургамжлан захисан нь гүн гүнзгий утга учиртай. Хэрээс хэтэрсэн зүйлтэй зууралдвал томоос том алдах бэлтгэлээ базаалаа гэсэн үг. "Хэрээ мэдэхгүй илүү авирлах нь хамгийн том алдаа" гэж мэргэд сургасныг санаж явахад илүүдэхгүй. Алдаанаас айгаад, бэргээд

суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй. Гэхдээ алдахын тулд зориглох хэрэггүй. Нэг алдана, хоѐр алдана, гуравдахиа ононо гэж хөөрцөглөх нь зоригтой золбоотой хүний үйлдэл биш, бодлогогүй, болчимгүй хүний л хийдэл. Гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож сурах нь алдаа гаргахгүй буюу хамгийн бага алдаж ажлаа амжуулах шалгарсан арга. Өөрийгөө алдаа эндэгдэлгүй хүн гэж сайрхан бодох тусам санамж сэрэмж буурч, алдах магадлал ихэсч байдгийг тооцоорой. Хүн алдаж болно. Хэн ч алдаанаас бүрэн хамгаалагдах ид шидийг олоогүй. Алдсан алдааг давтахгүй байх нь л бүхнээс чухал. Алдааг давтахгүйн тулд түүнийг сайн санах хэрэгтэй. Өчигдөрийн алдаагаа санаж, ухаарч чадсан хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийж дөнгөнө. Аливаа алдааг жижиг гэлтгүй газар авахуулалгүй засч байх нь дахин алдахгүй байх дархлааг чинь сайжруулна. "Засагдаагүй жижиг алдаанаас том гажигт амархан хүрч болно". Алдаагаа ухамсарлахгүй гөжүүдлээд байгаа хүн улам томоор алдах гүн ангалын ирмэг дээр дэгэнцэн зогсч байна гэдгээ ухаар. "Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг байдаг, харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг" гэсэн ухаантны үгийг анзаараарай. Алдаанаас сэргийлэх чамд өөрт чинь бэлэн байгаа нөөц боломж бол ухаалаг болгоомж мөн. Ухаалаг болгоомжтой хүн бага алдана, алдсан ч тэр алдаагаа дахин давтахгүй. Хашир хүн бага алдана, алдсан ч хор хохирол нь бага. Тиймээс хашир суун хэрсүүж. Өөрийн алдаа хийгээд буруутай үйлдлийг

цагийг нь олж мэдрэх нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж. Яагаад гэвэл "алдаа ухаан хайрладаг" юм. Алдаа, төөрөгдлийг даван туулж үнэн рүү зорьж ирсэн хүн ухаантай, мэргэн хүн. Харин мунхаг хүн л өөрийнхөө алдааг давтан, төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг. Өөрийн алдаанаас сургамж авахын зэрэгцээ бусдын алдаанаас суралц. "Нэгийнх нь алдаа нөгөөд нь сургамж болдог" юм. Өөрөө алдахгүй байхыг хичээхийн хамт бусдыг алдаанаас сэрэмжлүүлэн зайлуулж бай. Өөрийн чинь алдаанаас илүү бусдын алдаа чамд гай тарьж мэднэ. Ганц надад л сайхан байвал хорвоо тэр чигээрээ түймэрт хуйхлуулсан ч хамаагүй гэсэн бодолтой хүн дөрвөн зүг найман зовхисын хааш нь ч газар тамгалан хол алхахгүй ээ.

Алдаанаас учрах хор хохирол янз бүр байна. Энгийн ардын гаргасан алдаа, эрх мэдэлтний алдах алдааны хор уршиг өдөр шөнө мэт ялгаатай. Хэдийчинээ их эрх мэдэлтэй байна, тэдний гаргасан алдаа төдийчинээ их хор хохиролтой, нөхөж баршгүй. Шийдвэр гаргагчдын хийсэн алдаа нийт олонд хохирол дагуулдгаараа хор аюул ихтэй. Тийм ч учраас алдаа бага гаргаасай хэмээн найдаж шилдэгийн шилдэгээс шигшин сонгож, шийдвэр гаргах эрхийг олгон, итгэл хүлээлгэдэг билээ. Удирдагчдын гаргасан алдаанаас болж улс орон уруудан доройтож, улмаар мөхөж сөнөсөн түүхийн гашуун сургамжийг эгнэгт санаж, сэрэмжилж явах учиртай. Шийдвэр гаргагчдын шийдвэргүй дорой байдал, шижээргүй болхи алдаанаас болж улс орон

сэхэл авахгүй туйлдан доройтох зам руу хальтран ордогийг огоорч болохгүй. Эрх баригчид алдаанаас өөрсдийгөө хамгаалах гэхээсээ төөрөгдөлдөө ташууран гөжүүдлэхгүй байх нь илүү чухал. "Их ухаантай хүмүүсийн алдаа нь бусад олон хүний сэтгэлгээгээр хийгддэгээрээ аюултай байдаг" хэмээн нэгэн сэтгэгч хэлжээ. Анхаарч болгоомжилж явах зүйл яах аргагүй мөн.

Азгүй явдал чиний эргэн тойронд алдааг чинь анан отож, ойрхон эргэлдэж байдгийг зөнгөөрөө мэдэр. Алдсан бол алдаагаа тэр дор нь ухаарч засах нь л ухаалаг хүний зан араншин. "Үйл хэргийг засрахын аргагүй болгосноос өөрийн алдааг ухаарах нь нэн буянтай хэрэг". Алдаагаа ухаарах нь өөрт болон бусдад үйлдэж байгаа буянтай үйл ажээ. Алдааг уучилж болно. Борогхон амьдралд бодлогогүй, болчимгүйгээс үүдэн болоод өнгөрсөн аар саархан алдааг болгоож уучилж бололгүй яахав. Харин уучилж болшгүй алдаа гаргахгүй байхыг ухаан бодолдоо бат шингээж ав. Гаргасан алдаагаа давтсан хүнийг уучлаад өршөөгөөд байх нь ухаалаг үйлдэл биш. Уучилж болшгүй алдаа гаргасан хүнийг хайрлах аргагүй. Хайрлахаа больсон тэр хүмүүсийн алдааг уучлахын аргагүй ээ. Алдсан алдааны жин хэмжээгээр дор хаяж ѐс суртахууны шийтгэл хүлээж байх нь шударга ѐсонд нийцнэ. "Орь залуу нас алдаа гаргадаг, идэр нас түүнтэй тэмцдэг, өтөл нас түүний талаар харамсдаг" хэмээн Английн нэгэн зохиолч бичжээ. Алдсан алдааныхаа төлөө өтөл насандаа

шаналан харамсахгүй байхын тулд багахан шиг алдахыг хичээцгээе.

Эр зориг

2008 оны 05 сарын 16

Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. "Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг" гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэлтийг маш сайнаар тамгалан хадаж өглөө. Түүнээс хойш монголчуудад хандах солонгосчуудын хандлага их өөр болсон гэж ярих юм билээ. Тэд эр зоригийн хүмүүжилтэй, эх орон нэгтнүүдийнхээ нэр төрийг өргөж өгсөн сайн залуус. "Аливаа эр зоригтон, аливаа шударга хүн эх орондоо нэр төр авчирдаг" гэж бичсэн нэрт зохиолчийн үг үнэн ажээ.

Монгол хүн аль дивангараас үр хүүхэддээ эр зоригийн хүмүүжил олгодог өөрийн гэсэн аргатай байлаа. Монгол үлгэр туульс тэр аяараа л эр зоригийн баатарлаг үйл явдлаар дүүрэн. Бидний үеийнхэн арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, ард олондоо

жаран жилийн жаргал авчирч, наян жилийн найр хийж байгаа эр зоригтны тухай үлгэр туульсыг чих тавин, амьсгаа даран сонсч өссөн. Ийм монгол үлгэр сонссон хүүхдүүд тэр эр зоригтон шиг баатар эр болохыг мөрөөдөлдөө тээн, зүүдэндээ үзэж, эр зоригийн хүмүүжлийг шингээн тусгадаг байв. Гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэнд үзүүрсгэн дээлнийхээ энгэрийг ярж, үнэгэн лоовуузаа ар шилэн дээрээ шидэж, уур савсуулан давхиж яваа адуучин монгол залууг төсөөлөөд бод доо! Адуучин залуу байгалийн хатуу ширүүн аашийг хатамжлан сөрж, халуунд халж, хүйтэнд хөрж, малч удмаараа, ажил үйлсээрээ эр зоригийн гайхамшигийг ой ухаан, бие сэтгэлдээ шингээн авчээ. Түүний үе тэнгийн эрүүл чийрэг аль нэг залууг Зүүн өмнөд Азиас ч юм уу Европоос авчраад тэр аргамаг хүлэг дээр мордууллаа гээд төсөөл. Моринд мордож чаддаг юмаа гэхэд идэр гурван есийн хүйтэнд морин дэл дээр аль хэр удаан тэсч чадах эр зоригтон байх бол? Гэхдээ би эдгээр орон газарт эр зоригтон байхгүй, зөвхөн бид л хосгүй эр зоригтон гэж хэлж байгаа юм биш. Аль ч улс үндэстэн өсвөр үедээ эр зоригийн ухаан суулгадаг өөр өөрийн арга барилтай. Япон эхчүүд хүүхдүүдээ ухаан орсон цагаас нь дайн тулааны тухай үлгэр ахин дахин ярьж, жинхэнэ самуурайн эр зориг, хатуужлыг оюун ухаанд нь суулгаж өгдөг байсан байна. Үлгэрийн айж цочимоор, зүрх өвдөм хэсгийг сонсоод хүү нь айж уйлбал, ээж нь иймхэн юманд уйлж байдаг, яасан арчаагүй, эм тахиа шиг аймхай хулчгар юм, чи гэж зэм хүртээн, хэрвээ тулааны талбарт гараа тас цавчуулбал

чи яах юм бэ, харакири хийхийг чамд тушаавал яахав гэх зэргээр аашилж, цахиур мэт хатуужуулдаг байсан гэнэ. Японы нэгэн нэрт соѐн гэгээрүүлэгч "Дайн тулаанд орж, дайтаж үхэх бол хэцүү юм биш. Энэ бол ямар ч зэрлэг хүн хийж чадах ажил. Харин, амьдрах цагтаа амьдраад, үхэх ѐстой цагтаа үхэх л чухам үнэнхүү эр зориг мөн" гэж бичсэн байна. Махан биеийн эр зориг, ѐс зүйн эр зориг хоѐр тэс өөр ялгаатай зүйл билээ. Бидний өвөг дээдэс "биеийн бяраар нэгийг ялах, ухааны бядаар мянгыг дийлэх" гэх торгон ухааныг цэргийн эрдэмтэй хослуулан дайтаж, ялан дийлж, суу алдраа мандуулсан эр зоригтнууд байлаа. Бидний үеийнхэн дайн байлдаантай кино үзэж, манай тал ялахаар алга ташин баясч, өөрсдөө тэр тулаанд ороод ялсан мэт хөөрч хүүхэд насаа үдсэн. Тэр үеийн кино бүхэлдээ эр зоригтнуудын түүх өгүүлсэн үйл явдалтай. Тэдгээр киноноос махан биеийн эр зориг, ѐс зүйн эр зоригийн аль алиных нь эд эс бидний бие хийгээд ой ухаанд ямар нэг хэмжээгээр шингэж үлдсэн нь мэдээж. Гэхдээ тэр үйл явдлууд ихэвчлэн бүхий л хүнд аюулыг сөрөн, хувь заяагаа золин байж үхэл рүү үсрэн орохыг эр зоригтой адилтган харуулсан байдаг байсан юм. Ийм дайчин эрийн ухаангүй үйлдлийг Шекспир "нялх эр зориг" гэж нэрлэсэн. "Нялх эр зориг" гавьяа үгүй. Шатаж байгаа байшин руу хүн аврахаар дайран орох, эр зоригтойгоо хэн нэгэнд зүгээр л харуулахын тулд үсрэн ороод гарч ирэх хоѐр тэс өөр. Эр зоригтойгоо харуулж гайхуулахын тулд гал руу үсрэн орсон нөхөр амьд гарч ирж чадахгүй ч байж магад. Энэ мэт үхлийн үнэд хүрэхгүй юмны төлөө

амиа золихыг "нохойн үхэл" хэмээн үзэн яддаг юм. Энэ нь эр зоригтны үйлдэл биш, зүгээр л ухаангүй ойворгон нөхрийн тэнэг алхам.

Шатаж байгаа байшингаас монгол хүүхдүүдийг аварч яваад угаарт цохиулан бурхан болсон гадаадын эмэгтэйн тухай манайхан дутуу сэтгэл, сулхан дуугаар цөөхөн дуугарсаар мартагнасан. Тэр эмэгтэй үнэхээр өндөр ѐс зүйтэй, шударга ариун чанарын төлөө тэмцсэн эр зоригтон. "Жинхэнэ эр зориг гай зовлонгийн үед л гардаг" гэдэг үнэн ажээ. Гал, усны гашуун зовлонгоос өөрийн амиар дэнчин тавьж хүн аварсан ачтан өч төчнөөн монгол хүн бий л дээ. Тэд жинхэнэ эр зоригтнууд. "Жинхэнэ эр зоригтон үг цөөтэй. Тэд хамгийн баатарлаг үйлдлээ гавьяа бус, үүрэг гэж үздэг тул өөрийгөө харуулах шаардлага түүнд бага гардаг" гэнэ. Жинхэнэ эр зоригтон буруу үйлд эр зоригоо хэзээ ч ашиглахгүй байх ѐс зүйн болд мэт хатаагдсан зарчимтай. Буруу бусармаг үйлдлийг зориг гарган үйлдэгсэд эр зоригтон хэзээ ч байгаагүй. "Эх орноо хамгаалах эр зориг бол буянтай үйл, харин дээрэмчний зориг бол хар үйл юм". Хүний мөсгүй зүрх зориг бол зэрлэг араатны араншинтай адил. Харин бузар үйлдэл хийхээсээ айх нь эр зориг мөн. Түүнчлэн чиний эсрэг үйлдсэн бусдын зохисгүй үйлдлийг тэвчин өнгөрөөх чадвар нь эр зориг.

Хүний оюун санаанд эр зориг амар амгалан, тайвшралын хэлбэрээр оршин байна. Жинхэнэ зоригтой

хүн ямар ч нөхцөлд цочихгүй, хэн яаж ч байсан оюун санааныхаа амар амгалан, тайвшралыг алдахгүй. Дайн тулааны үед ч тайван хянуур байж, байгалийн гамшигтай учирсан ч цочирдохгүй. Газар хөдөлсөн ч сандрахгүй, салхи шуурга, аадар бороонд ч ажрахгүй. Ийм жинхэнэ эр зоригтон тулгаран ирсэн аюул бэрхшээлийн үед ч, эсвэл үхэлтэй нүүр тулсан цаг мөчид ч ердийнхөөс өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй тайван амгалан байж чаддаг тухай түүх шашдир, ном зохиолд бичин үлдээжээ. Ийм чадвартай байна гэдэг бол тэр эрхэмийн сэтгэлд ихээхэн уужим тэнүүн орон зай байгааг илэрхийлж байгаа хэрэг. Сандардаггүй, айж мэгддэггүй, хүнд байдалд ордоггүй, цаг ямагт илүү орон зайг бий болгож чаддаг уужим сэтгэлтэй байна аа гэсэн үг. "Жинхэнэ эр зориг нь ямар ч гай зовлон, аюулыг хайхралгүйгээр өөрийгөө тайван эзэмдэж, өөрийн үүргийг сандралгүй биелүүлэх явдлаар илэрдэг" хэмээн гүн ухаантан Ж.Локк бичсэн байна. Эр зоригтон хэлсэн үгэндээ ч үнэнч, хийж байгаа үйлдээ ч үнэнч байдаг юм. Сэтгэл санаагаар унахгүй, үргэлжийн өөдрөг сэтгэлтэй байх нь эр зоригтны нэг шинж. "Хүний эр зоригийн аугаа их сорилт бол ялагдахын цагт сэтгэл санаагаар унахгүй байх явдал мөн". Гэхдээ эр зоригтнууд юунаас ч айдаггүй, айх мэдрэмжээ хаяж гээсэн хүмүүс ердөө ч биш. Эртний Герегийн гүн ухаантан Платон, эр зоригийг "айх ѐстойг айхгүйгээс ялгаж салгах" гэж тодорхойлсон байна. Айх нь адгийн муухай зүйл биш. Айдас зүрхийг хурцалдаг. "Эр зоригийн дараа орох сайхан зүйл бол айж байгаагаа хүлээн зөвшөөрөх" билээ. Тиймээс айж

байгаагаа нэрэлхэлгүй хүлээн зөвшөөрөх ѐс зүйтэй бай. Монголын хүүхэд залуус эр зоригтон байгаасай гэж хүсч энэ бүгдийг ярилаа. Хүн, "эд хөрөнгөө алдвал - бага зэргийн алдагдал, нэр төрөө алдвал - их алдагдал, эр зоригоо алдвал - бүхнийг алдах болно" гэж хэлсэн алдарт зохиолчийн үгийг эгнэгт санаж явцгаа!

Эвлэвэл бүтнэ 2008 оны 08 сарын 02 Та бидний ухаант дээдсээс марталгүй санаж, мөнхөд бодож явахаар захиж үлдээсэн, "Эвлүүлбэл эвэр туурай ч нийлнэ. Эвгүйтвэл элэг бөөр ч нийлэхгүй" гэх чухлаас чухал нэг сургаал бий. Энэ сургаалийг бие сэтгэлээрээ мэдэрч илүү ихээр ухаж ойлгох цаг үе ирлээ. Эвгүйтэх үе элгэн садны хооронд ч, эхнэр нөхөр хоѐрын хооронд ч, эх орон нэгтний дунд ч тохиож болох. Эвгүйтлийг гэтэлж, эвлэн зохицож чадах эсэх нь уужуу бодол, ухаалаг алхам, учрыг олж, хужрыг тунгаах чадвараас шууд хамаарна.

Хэн хэн нь хэзээ хэзээнээс илүү уужуу бөгөөд ухаалаг байцгаая. Малын толгойн төгсгөлд эвэр, хөлийн адагт туруу байж, хоѐр туйл болон оршдог ч нэгэн биений эд эс, эрхтэн бүтэц мөн билээ. Түүнтэй нэгэн адил монгол хүмүүс хоорондоо зөрөлдөж хоѐр туйлд очин холдох үе ирэх ч нэг үндэстний эд эсийн хувьд нэгдмэл нэг цогц мөн гэдгээ ухаарах ѐстой. Эвлүүлбэл малын хоѐр туйлд байгаа эвэр туурай ч нийлж болдог юм чинь эвлүүлбэл хоѐр туйлд зогсох ухаант хүмүүс нийлж л таарна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хоѐр туйлд, хэрсэн бух шиг шороо цацлан урамдаж зогсоод эвлэн нийлнэ гэж үгүй. Холын зайгаа ойртуулж, хоѐр биенээ ойлголцож хэл амаа олж, хэрэлдэн маргалдаж, хэдэрлэн зогсох биш, хэлэлцэн зохицож, хэрэг явдлаа шийдэж байж

нэгэн зүгт явах өргөн дардан зам дээр нэгэн зэрэг гарч ирнэ.

"Эх орондоо учирсан шархыг бидний хэн нь ч зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг". Эдүгээ монгол хүн бүр эх орондоо учирсан шархыг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч, сэтгэл зовнин, амар тайван бус байна. Сэтгэлийн шарх удаан эдгэдэг ч тэсвэр тэвчээртэй уужуу, ухаалаг байж шархыг сэдрээхгүй, дайран дээр нь давс үрэхгүйгээр анагаан илааршуулж бүрэн болно. Аль ч улс үндэстнийг эх орноо хайрлах эх оронч үзэл нэгтгэж байдаг. Би эх оронч хүн гэж цээжээ дэлдэн хашгирах нь эх оронч байхын үндсэн шалгуур хараахан биш. Эх оронч байхаа үг хэлээрээ ч, үйл хөдлөлөөрөө ч, үзэл санаагаараа ч ил харуулах ѐстой. Эх орноо, элгэн түмнээ хайрлах хайраараа харуулах учиртай. Гэхдээ "эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй салшгүй хамтдаа сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ". Монгол орон бидний хэн нэгэнгүйгээр байж, оршин тогтнож чадаж л таарна. Харин бидний хэн нь ч Монгол эх оронгүйгээр ингэхэд юу юм бэ? Эрхтэн дархтан, хаад ноѐд хэн боловч явж одно, харин ард түмэн хэзээд үлдэнэ. Эрх мэдлийг биш, эх орноо хайрлацгаая. Бүл цөөтэй бидний монголчууд өөр хоорондоо толхилцон, эвдрэлцэн, эвгүйтвэл хорвоогийн хүн зоны шившиг, элэг тохуу болоод зогсохгүй элэг

буруутны идэш зууш болох осолтойг хожимдоогүй дээрээ ухаарая.

"Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ѐслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг" юм байна. Энэ үг ялангуяа шийдвэр гаргадаг, эрх дархтай хүмүүст илүү хамааралтай. "Эх оронч үзэл биднийг сохлох ѐсгүй. Эх орондоо хайртай байх нь сохор тэчьядал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг" гэдгийг тун нухацтай бодож тунгаах цаг. Хүн бүр өөрийн ухаан бодолтой байж, дүйвээнээр бус алив асуудлын зөв бурууг ялгаж салгах саруул ухаан бодлоор хандаж сурах хэрэгтэй. Ер нь ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос биш, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос хөөцөлддөг юм гэсэн шүү. Хүнд зөвхөн ухаалаг биш үйлдэл хийж байгааг нь ухааруулахын тулд бус хүнийг ухаалаг үйлдэл хийж, ухаалаг амьдруулахын тулд ухаан заяадаг. Хүний ухаан хорслоор нэвчих юм бол тэрхүү саруул ухаан бүх сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлээ алдан, хаяж гээдэг гэдгийг мартаж болохгүй. Хорслыг дарах ухаан хэрэгтэй. Хэтийн гал өчүүхэн боловч түймэр асаах чадалтай байдгийн адилаар бага ч гэсэн хор хорсол нийлэн хуримтлагдаж бөөгнөсөөр эрүүл саруул ухааныг дийлж, энэ нийгмийг түймэрдэх аюул дагуулахыг сана. Хэлэх ярихаа цэнэж нягтал. Хэлээр бүдрэхээс хөлөөр бүдрэх нь аюул осол багатайг бод. Өрөөлийн хэлсэн үгний үнэн худлыг өөрийн ухаанаар

тунгаа. Эвийг эвдэх үгийг чихний хажуугаар өнгөрөө. Эвдэх хялбар, эвлүүлэх бэрх гэдэг нь амьдралаар батлагдсан үнэн билээ. Эвдрэлийн эхэнд хэрүүл явдгийг, хэрүүл тэмцэл ихэдвэл хишиг буян доройтдогийг эгнэгт марталгүй санаж явъя. Ардчилал, эрх чөлөө, эв нэгдэл зэрэг нь ард түмний мэргэн ухаанаар бий болон цогцолсон, нүдний цөцгий мэт хайрлан дээдэлж явах учиртай үнэт зүйлс билээ. Булт олноороо бий болгосон үнэтэй бүхнээ буруу үйлдлээрээ эвдэн сүйтгэнэ гэдэг ухаангүйн цаадах ухаангүй явдал. Эрх чөлөөтэй байя гэж хүсвэл дэг журамтай байцгаая. "Эцсийн дүнд дэг журам, гагцхүү дэг журам л эрх чөлөөг буй болгодог. Дэг журамгүй байдал боолчлолыг буй болгодог". Эрх чөлөөт эх орондоо боолчлолыг буй болгохгүйн тулд бид дээд зэргийн дэг журамтай байх ѐстой. Ардчилалтай байя гэвэл хуулиа дээдэлж, хууль тогтоомжоо сахья. Хуулийг уландаа гишгэвэл ардчилалын амин сүнсийг уландаа гишгэлээ гэсэн үг. Ээдсэн хойно сүү болохгүй, эвдэрсэн хойно бүтэн болохгүй болохоор эв эеэ эвдэхгүй хадгалж, элэг бөөрөө нийлэхгүйгээр эвгүйтэлгүй эвтэй найртай, элэгсэг журамтай амьдарцгаая. Эвлэвэл бүтнэ гэх дээдсийн сургаал хэзээ хэзээнээс илүү үнэ цэнэтэй байна. Хичээцгээе.

Үнэн юм үнэнээрээ сайхан

2008 оны 08 сарын 05

Залуус та нар үнэн, худлыг ялгаж салгаж сурахыг хичээ. Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай. Цаг хугацаа бүхний шалгуур байдаг болохоор үнэний шалгуур мөн л цаг хугацаа. "Хугацаа өнгөрөх тусам аливаа үнэн илэрдэг" юм.

Үнэний хамгийн маргашгүй бол энгийн, тодорхой байдал мөн. Худал ямагт нарийн, дэндүү гоѐмсог бөгөөд нуршмал байдаг гэж бичгийн их хүн Л.Н.Толстой үнэн худлыг зааглах аргыг хэлж зааж өгсөн байна. Энэ арга үнэн худлыг төгс зааглаж өгөх боломжгүй мэт чамд бодогдож магад. Тэгсэн ч үнэн худлыг ялгаж салгах боломж өөрт чинь бий. Үнэн үү, худал уу гэдгийг өөрийн ухаанаар тунгаан бод. Үзсэн харсан, дуулсан сонссон бүхэн чинь үнэн худлыг ялгахад тус болно. Юм үзэж нүд тайлсан хүнд үнэн худлын зааг ялгааг тогтоох чиг баримжаа тогтсон байна. Боловсрол мэдлэг чинь болох болохгүйг зааглахад тусладагийн адилаар үнэн худлыг ялгахад мэдээж туслана. Итгэл үнэмшил чинь үнэний хөтөч болно. Гэхдээ сохор итгэл нь биш. Үнэн худлыг ялгахад өөрийн чинь төрөлх мэдрэмж илүү тус болно. Үнэн худлыг ялгах нь юунд хэрэгтэй юм бэ? Үнэний төлөө тэмцдэг, үнэнийг дагадаг, үнэнийг ярьдаг, үнэнийг хүндэтгэдэг, үнэнийг биширдэг, амьдрал чинь бүхэлдээ үнэн байхын тулд чи үнэн худлыг ялгаж сурах

хэрэгтэй. "Үнэн бол бидний хамгийн үнэтэй хөрөнгө зоорь. Түүнд ариг гамтай хандацгаая" гэж их зохиолч Марк Твен уриалсан байна. "Үнэнд дуртай хүнд яруу найрагч юм уу аугаа их хүн байх хэрэгцээ үгүй. Тэрээр өөрийн зүгээс аливаа чармайлт гаргахгүйгээр яруу найрагч, аугаа их хүн байдаг". Аль ч залуу хүн "түүний амьдралд худлаа юм үнэхээр байхгүй" гэж хэлэгдэхээр амьдрахыг хичээх хэрэгтэй. Хатуу ширүүн ч гэсэн зөвхөн үнэнийг ярьж байхыг амьдралдаа мөрдлөг болго. Хатуугаар илэрхийлэгдсэн ч бай, үнэн нь хэнд ч аймшигтай байх ѐсгүй гэдгийг мэд. Хэрэв тэр бүр үнэнийг ярьж болохгүй бол худал хэлэх хэрэгтэй юм байна гэсэн хэрэг огт биш гэдгийг санаарай.

Хүн өөрийгөө худал зүйлээр гайхуулах ямар ч хэрэггүй. Энэ нь эргээд өөрт чинь хор болно. "Хүн хэдийчинээ их ухаантай, боловсролтой байна, түүний худал хуурмаг өөрт нь болон бусдын хувьд төдийчинээ их хортой байна". Үнэн үйл хэргийн төлөө туйлбартай зогс. "Үнэн үйл хэрэг нэгэнт л зөв бол дийлдэшгүй байдаг" юм. Үнэн өөрөө туйлбартай байхыг шаарддаг. Халирхай, няцамхай хүн үнэнийг хамгаалан, үнэн үйл хэргийн төлөө туйлбартай зогсч чаддаггүй. Үнэн гэдэгт бат итгэж, зүрх сэтгэлээрээ мэдэрч, өөрийн нүдээр олж харсан бол түүний талд тууштай, туйлбартай зогсох хэрэгтэй. Ямар ч байсан "Хамгийн гашуун үнэн чихэр шиг худлаас ямагт дээр байдгийг" залуус та нар зайлшгүй мэдэх учиртай.

Үнэнийг түр зуурхан л нууж, хааж болно. Үнэнийг үүрд нууна гэж байхгүй. "Үнэн нь нар шиг үүл мананд халхлагдаж болох авч, тэр нь түр зуурын халхлалт байдаг". Үнэнийг нуух гэж өөрийгөө болон өрөөлийг зовоогоод хэрэггүй. Тэртэй тэргүй цаг хугацаа үнэнийг усны гадаргуу дээгүүр хөвөх тос адил ялгаж салгаад гаргаад ирнэ.

Худал гэдгийг нь мэдсээр байж түүнтэй эвлэрэн сууж болохгүй. Энэ бол үнэний эсрэг утга учиргүй тэмцэж байгаагаас ялгаа байхгүй. "Илэрхий худал үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй". Худлаас айх хэрэггүй. "Үнэнээс айдаггүй хүнд худлаас айх явдал үгүй" гэх нэгэн нэрт хүний хэлсэн үгийг залуу хүн бүр санаж яваасай гэж хүснэ.

Үнэн хүчтэй. Үнэн чадалтай. Түүнийг юу ч зогсоож чадахгүй. Үнэн ямар ч орон зайг туулдаг бөгөөд ямар ч хил заагт хоригддоггүй. "Хэрэв та үнэнийг нээгээд, улмаар газарт булчих юм бол тэрээр маргаангүйгээр соѐолон ургаж, өөрийнхөө замд тааралдсан бүхнийг түрж чадахуйц тийм хүчийг олдог". Түүнчлэн "худал зүйлийг хүчээр ургуулаад ч хэзээ ч үнэн болон урган цэцэглэж чадахгүй". Худал хуурмаг хэтэрхий их болсон өнөө үед үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх хэрэгтэй. Эс тэгвээс үнэний орон зайг худал хуурмаг түрэн эзлэх болно. "Үнэний төлөө зогсч буй бүх хүн нэг зорилго өөд тэмүүлдэг". Нэг зорилго өөд тэмүүлж буй

энэ их хүчийг нэгтгэн тэмцэж чадвал худал хуурмагийн амьдрах орчин шахагдан багасах болно.

Хур бороо өвс ногоог сэргээдгийн адил үнэн хүний сэтгэлийг сэргээнэ. Харин царцаа өвс ногоог, зэв төмрийг, худал сэтгэлийг иддэг юм. Үнэн өөрийгөө хамгаалах чадвартай. Үнэн нь худал хуурмагийн эсрэг төдийгүй түүнийг тараадаг тодорхой хүмүүсийн эсрэг эрэлхэгээр тэмцдэг. Худал хуурмаг хэчнээн хүчтэй, хэчнээн далайцтай байлаа ч үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэх тавилантай. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг манай өвөг дээдсийн мэргэн үг тун гүн гүнзгий утга учиртай. Үнэн үгийг хүмүүс чих тавин сонсдог юм. Үнэн үгтэй хүн өргөн олны хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч олно. Үнэн үгтэй хүн өргөн олныг араасаа дагуулна. "Үнэний дуу хоолойгоор надтай ярилцдаг тэр хүний хойноос би тээнэгэлзэлгүй явах болно" гэсэн нэрт яруу найрагчийн шүлгийн энэ бадгийг манай залуус ой ухаандаа тогтоож аваг. Хүн үхэл амьдралын заагт очоод сонголт хийх бол амьдралыг сонгох нь тодорхой. Түүнтэй адил үнэн худлын заагт очвол үнэнийг сонгож байх нь чиний хувьд нэн тодорхой байх ѐстой. Үнэн үг заримдаа чихэнд хатуу ч түүнийг сонсож сурах хэрэгтэй. Үнэн билэгтэй, худал балагтайг, үнэн юм үнэтэйг, үнэн юм үнэнээрээ сайхан байдгийг манай залуус маш сайн ойлгог.

Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго

2008 оны 10 сарын 09

Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай. Чиний хамгийн ойрын хүрээлэлд байгаа хүмүүс чинь хэн бэ? Тэд ямар хүмүүс вэ? Итгэж, найдаж болох хүн үү? Нарийн нандин зүйлээ тэдэнд нууж хаалгүй ярьдаг уу? Чамд бусдын зөвлөлгөө хэрэгтэй үед тэд чин сэтгэлээсээ хэлж, зөвлөдөг үү? Эгзэгтэй мөчид хуурчихгүй, худалдчихгүй байх болов уу? Чамаас хэзээ ч, ямар ч үед урвахгүй хань нөхөр чинь байж чадах уу? Буруу зөрүү зүйлд уруу татах муу зан, зуршилгүй биз? Ойрын хүрээний хүмүүсээ энэ асуултуудын дагуу үе үе шинжиж байхад буруудахгүй.

Чиний хамгийн ойрын хүрээний хүмүүс - гэр бүлийнхэн чинь. "Уг сайтыг харж урагла" гэж залуучуудад хандан захиж хэлдэг үгээ давтан хэлье. Энэ туйлын чухал шүү. "Уг муутыг усан дотроос ч түймэр авна". Сайн яваа эр болгоны цаана зайлшгүй нэг хүчирхэг эмэгтэй байдаг нь гарцаагүй. Сайн эхнэргүй эр амжилтанд хүрч байсан тохиолдлыг бодож олох гээд үзээрэй. Олдохгүй л болов уу. Олдсон ч өдрийн од шиг ховор үзэгдэнэ биз ээ.

Чиний ойрын хүрээний хүмүүс - найз нөхөд чинь. Хүний амьдрал богинохон. Аливаа хүн өөртэйгөө харилцахад таатай тийм хүмүүсийг олж нөхөрлөдөг. Нэг ангид гуч гаруй хүүхэд байлаа гэхэд тэднийхээ хоѐр, гуравтай нь л

илүү дотно үерхэж, сэтгэл юугээ уудлан ярилцдаг байх жишээтэй. Ажлын хамт олны дотроос ч бие биенийгээ ойлголцох, үзэл бодол ойр, итгэл даах тийм цөөн хүмүүстэй найрсаг харилцаатай байж, ойртон дотносдог. Сайн нөхөд хувь тавилангаараа уулзан учирдаг юм. Хүнийг ханилж яваа нөхрөөр нь шинж гэдэг ухаалаг үг ч бий. "Бүх зүйлээ ярьж болох тэр хүн миний нөхөр мөн". Жинхэнэ найз нөхөд байхын тулд бие биендээ итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл эвддэг найз - хамгаас аюултай дайсан байдгийг мэд. Баялаг бол нөхөр биш, харин нөхөр бол баялаг. Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин итгэж үл болох замын хань байдаг учир хашир хянуур бай. Чиний амжилтанд өөрийн ололт мэт чин сэтгэлээсээ баярлаж, эрч хүч нэмдэг нөхөд - жинхэнэ нөхөд . Дутагдлыг чинь хаацайлаад дуугүй өнгөрдөг хэтэрхий тэвчээртэй буюу мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй дүр эсгэдэг хэтэрхий хайнга хүрээллийг бүү сонго. Дутагдлыг чинь нүднээс далд шивнэн ярьдаггүй, нүүрэн дээр чинь ил хэлдэг хүмүүс жинхэнэ нөхөд. Дутагдлыг сануулан хэлж өгч буй хүнд тухайн үедээ хэн ч дуртай, таашаалтай байх нь ховор. Тэгсэн хэрнээ эд нар итгэж болох хүн мөнөөс мөн учир чиний ойр хүрээлэлд шалгаран үлдэх нь гарцаагүй.

Хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нэг хүрээлэлд багтан нэгэн зорилгын төлөө тэмүүлж байна. Аль хүрээлэлд нэгдэн нийлэх нь хүний өөрийнх нь эрх хийгээд сонирхлын асуудал юм. Гэхдээ өнөөдөр нэг хүрээлэлд байгаа нь үүрдийн нөхөд байх баталгаа биш. "Чиний нөхөр мэт дүр

эсгэдэг дайсан илүү аюултай". Ер нь жинхэнэ дайснууд өөрсдийн чинь дотор байдгийг мартаж болохгүй. Хорт могой ойроос хатгадаг гэдэг. "Ойр дотно хүмүүсийн хоорондын дайсагнал онцгой эвлэршгүй байдаг" тул аль болохоор тийм байдалд хүрэхгүй учир явдлаа олж байх нь чухал.

Хүмүүс сонирхол, дуртай зүйлсээрээ сүжрэн нэг хүрээлэлд багтах нь элбэг болж. Сонирхсон зүйлдээ хүч боломжоо төвлөрүүлж, нэгдэн нийлж түмэн олны нийтлэг тусын тулд хамтран зүтгэвэл нэн сайн. Дотоод, гадаад холбоо харилцаа сайтай, итгэлт түншүүдтэй, хөрөнгө мөнгөний бололцоотой иргэд янз бүрийн клуб, иргэдийн байгууллагад нэгдэн, нэг хүрээлэл бүрдүүлж, нийтийн тусын төлөө ашгийн бус үйл ажиллагаа өргөнөөр эрхлэх болсон нь буянтай ажил. Сурч мэдэх, хийж бүтээхийн төлөө сонирхол юугаа нэгтгэн, нэг хүрээлэл үүсгэж, санал бодлоо солилцон, дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж, бие биенээ нөхөн сэлбэж яваа бол бүр сайн. Мөрийтэй тоглоомонд сонирхол нийлж, дөрөө харшуулан хатирч яваа бол тун муу. Олсноо дуусгаж, хурааснаа барж, өр зээлийн хар ангал руу сайн дураар ойчих бэлтгэлийг хангаж өгдөг адгийн хорлол бол мөрийтэй тоглоомны дон шүглэх гай барцад юм. Түүнийг нүдэндээ үзэж, гартаа барих нь бүү хэл чихэндээ үл сонсохыг хичээн холын хол яв. Архи, тамхины андууд болж өөрийгөө болон ойр тойрныхноо хордуулж, сэтгэлийн дарамтанд зовоож яваа бол бүр ч муу. Архи, тамхины хүрээлэлд анд нөхөд мэт хамт сажлах тэд аюулт дайснаас ч долоон дор урт удаан

хугацаанд тарчлаан зовоох хор цацаж явна гэдгийг эрхбиш ойлгох хэрэгтэй.

Мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асуухдаа бүү ичиж зов. Чиний эргэн тойронд ухаантай олон хүн бий. Бусдаас сайн яваа тэр хүмүүс өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, тусалж дэмжихэд хэзээд бэлэн байдаг юм. Чиний ажиллахыг хүсч байгаа салбарт чинь их амжилт гаргасан хүмүүсийн хойноос уйгагүй хөөцөлдөж хайж ол. Энэ хүн чиний багш. Амьдралын бүхий л чиглэлээр ийм багшийг олж болно. Бизнес, амьдралаа зөв авч явах арга ухаан, спорт, удирдахуйн ухаан, бичиг цаасны ажил гэх мэт. Багшаа яаж олох вэ? Тогтсон бэлэн жор би хэлж чадахгүй. Гэхдээ нэг зарчим хэлж өгье. "Сурагч бэлэн болсон бол багш өөрөө аяндаа гараад ирдэг" гэсэн зарчим. Юуны өмнө юу сурч, ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа эргэлзээ тээнэгэлзээгүй тогтож, бие хийгээд сэтгэл зүйгээ бэлдсэн байх шаардлагатай. Өөрөө бэлэн биш бол зуун сайн багш байгаад тус нэмрээр бага. Сайн багш чиний юу чаддаг, юу чаддаггүйг эхлээд шалгана. Багш чамайг ирлэж хурцалж өгнө. Миний улс төрийн ажлын гараа Төв аймгаас эхтэй. Гуч шахам жилийн тэртээ дөнгөж их сургууль төгссөн инженерийн дипломноос цааш юу ч үгүй шахам намайг хүлээж авсан хамгийн том дарга маань Төв аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэндийн Адьяа хэмээх эрхэм хүндтэй хүн. Хурдны морь уяж байгаа хүн морио давхар хөлслөх гэдгийн утга учрыг сайн мэднэ. Сайн дарга нар ажилтнаа давхар хөлсөлж шалгадаг байсан юм. Нэг өдөр Ц.Адьяа дарга дуудаж байна гэв. Даргын өрөөнд

орлоо. Хэдэн хуудас бичгийн цаас өгөөд зөвлөлгөөн дээр хэлэх үгийн төсөл миний өрөөнд, наанаа суугаад бич гэлээ. Төсөл монгол, орос хэл дээр байх ѐстой гэнэ. Үзэг, цаас хоѐроос өөр ашиглах зүйл байхгүй. Энэ хүний бэлэн байгаа чадвар ямар юм бэ? Тархи толгойд нь юу байна?

Чиглүүлээд, заагаад өгвөл гайгүй ажилтан болох найдвар байна уу, үгүй юу гэдгийг өөрийн биеэр шалгаж байгаа хэрэг. Тулхтай, туршлагатай мундаг хүмүүс ингэж л хүнээр хүн хийх зам мөрийг нь зааж, зөв тавилын суурь үндсийг бат суурилуулж өгдөг байсан юм. Ц.Адьяа дарга бид бүгдийн багш. Хэлж ярихыг нь хүндэтгэн сонсоно. Үйлдэл хөдлөлийг нь дагаж дууриахыг оролдоно. Түүнээс сүрдэнэ. Мэдлэг чадвараараа ч, дадлага туршлагаараа ч, зангарагаараа ч давамгайлна. Удирдах хүнд зангарага гэж нэг маш чухал юм бий. Зангарага багатай удирдагч өргөн олны хүндлэлийг хүлээхгүй. Бусдаас илүү хүнээс хүрээлэл нь айна, хүндэтгэнэ, дальдчина. Дутуугийн айдас хэзээд ичгэвтэр бөгөөд адгийн айдас байдаг юм. Ц.Адьяа даргын хэлдэг үг нь үнэн бөгөөд далайцтай, хийдэг үйл нь зөв бөгөөд даамай, бусдыг биеэрээ үлгэрлэн дагуулна. Хувийн дутагдал үгүй. Байсан ч хүрээлэлдээ эс харуулна. Эрүүл саруул хүрээлэл бий болгоно. Ерөн нас дөхөж яваа энэ эрхэм хүний ухаан санаа нь сав саруул. Хэлэх ярих нь цэгцтэй. Биеэ авч явах байдал нь эрхэмсэг, цэвэр цэмцгэр хэвээр. Ц.Адьяа дарга одоо ч бидний хамгийн сонирхолтой, ухаантай харилцан ярилцагч, зөвлөгч хэвээр байна.

Амьдралынхаа бүхий л салбарт чамайг үнэн сэтгэлээсээ дэмжих, урам зориг, эрч хүч нэмэх, зорилгодоо хүрэхэд чинь түлхэх, ирлэж хурцалж байх, бурууг чинь шүүмжилж, зөвд чинь баяр хүргэн урам хайрлах тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Урам магтаалын элэгсэг үгийг өөрийн хүрээллийнхэндээ харамгүй хэлж бай. Нэг, хоѐрхон элэгсэг үг хүнийг аз жаргалтай болгоно. Сайн хүрээлэл бүрдүүлж чадсан бол чи амжилт, ололтондоо эргэлзэх хэрэггүй, азтай хийморьтой байх болно.

Мэдлэг бол хүч

2008 оны 10 сарын 12

Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. "Мэдлэг бол хүч". Юунд ч дийлдэшгүй хүч. Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм.

Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурханы хишиг байдаг бол доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал. Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл

оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл. Мэдлэг - үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. "Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй". Хүн аль болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна.

Хүн ер нь яахын тулд мэдэх хэрэгтэй байдаг юм бэ? Зөвхөн мэдэхийн тулд мэдэхээр эрмэлзэх хэрэгцээ үгүй. Мэдлэгийг амьдралдаа хэрэглэхийн тулд олж авдаг. Хэрэгцээгүй хураасан мэдлэг, агуулахад ашиглалтгүй хураалттай байгаа бараанаас онцын ялгаагүй. "Чи олон зүйлийг мэдээд, мэдсэнээ өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол юуных нь ашиг байх билээ" гэж хэлсэн ухаантай хүний үг санаанд чинь тодхон байж байг. Ямарваа зүйлийг мэдэхийг хүсч байгаа бол бүр сайн мэдэж, цаана нь гарахыг хичээх хэрэгтэй. Дутуу дулимаг мэдэж, зэрэмдэглэх нь ашиг тусаа өгөхгүй. Юм юмыг мэдэх гэж хөөцөлдөөд алийг нь ч мэдсэн юм байхгүй дутуу хаяхгүй байхыг амьдралдаа мөрдлөг болго. "Юмыг

муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр". Юм юмыг мэдсэн, сурсан байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үздэг хүмүүс бий. Үүнийг буруутгах учиргүй. Тийм хүнийг юм юмны дөртэй, аль ч юманд эвлэгхэн сайн хүн гэж магтан ярилцдаг. Олон зүйл мэдэх гэж биеэ зовоогоод юу хийнэ. Амьдралд хэрэг болохыг нь л мэдэхийг оролдвол чамд хэрэгтэй гэж хэлж зөвлөх хүн гарна. Үүнийг ч буруутгах аргагүй. Тэгвэл "олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйлийг мэддэг хүн мэргэн ухаантай байдаг" гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Мэргэн ухааны нэг шалгуур нь хэрэгтэй зүйлийг мэдэхийг эрмэлзэх явдал ажээ. Хүүхэд, залуус та нар амьдралдаа хэрэг болох зүйлийг юуны түрүүн мэдэхийн төлөө мэрий. Ихийг мэдэх нь буруу гэж чамд хэлж зөвлөх хүн тааралдахгүй байх. Гэхдээ ихийг мэдэх гэж мэрийснээс сайныг мэдэх нь илүү чухал шүү гэх зөвлөлгөөг хүлээн авах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэгсийн дунд хог ургамал ургадагтай адил хэрэг болох сайн мэдлэгтэй хамт хэрэгцээ шаардлагагүй хортой муу мэдлэг холилдон байх нь цөөнгүй. Буруу зүйлийг мэдэх, эзэмшсэн зөв сайн мэдлэгээ буруу зүйлд ашиглахын аль аль нь хортой муу үйл мөн. "Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас долоон дор".

Мэдэхгүй байгаагаар нь хэнийг ч өөлж голж, өөнтөглөж хажиглах хэрэггүй. Тэртэй тэргүй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм мянга түмээрээ бий. "Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой" гэдэг юм. Харанхуй бүдүүлэг

байхыг хүсдэг эрүүл ухаантай хүн энэ хорвоод үгүй. Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй байх. Мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд залуус та нарт юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг байх эрх байхгүй. Мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж авахын төлөө бүхнээ дайчлан хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залууст тангадын хараал хүрчих вий гэж би арваад жилийн тэртээ сэрэмжлүүлэн хэлж байлаа. "Бүү мэд. Мэдсэнийг бүү ав" гэх энэ хараалыг адгаас адаг хараал гэж дээдэс үздэг байжээ. Хоѐр. Мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Залуу хүн бүр зайлшгүй мэдэж байвал зохих хамгийн наад захын энгийн зүйлс бий. Залхуурч суусаар, биеэ дайчлахгүй зөнд нь орхисноос, хайран цаг зав, нөөц боломжоо буруу зүйлд зарж төөрч будилснаас мэдвэл зохих зүйлийг мэдэлгүй өнгөрч харанхуй бүдүүлгийн эгнээнд хоцорч үлдсэн бол туйлын харамсалтай. Тиймээс залуу хүн болгон зайлшгүй мэдвэл зохих зүйлээс илүүг мэдэхийг өөрийнхөө наад талын зорилго болгох хэрэгтэй. Гурав. Бүхний мэддэг зүйлийг буруугаар болон тэнэгээр мэдэх. Бусдын мэддэг зүйлийг тэднээс дутуугүй, магадгүй илүү мэддэг хэрнээ үйлдэл нь дандаа буруу, тэр ч бүү хэл тэнэг гэмээр үйлдэлтнүүд цөөн бус байдаг. Хэдийчинээ их уншина, төдийчинээ бага мэддэг хүмүүс ч байх. Тэд уншсан, судалсан бүхнээ буруу зүйлд зарцуулна, бүдүүлэг байдалдаа зэвсэг болгон ашиглана. Тэдний ѐс суртахууны боловсрол шалдаа унатал доошилсон байдаг юм. Тийм хүмүүс харанхуй бүдүүлгийн хүлээснээс салж чадахгүй зовно. Ямар ч боловсрол ѐс суртахууны боловсролоос дээгүүр

тавигдах ѐсгүй. Ёс суртахууны үндэсгүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш, хуурамч мэдлэг. "Мэдэхгүйгээсээ бүү ай. Харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс эхтэй" гэж аугаа их ухаантан сэрэмжлүүлсэн байна.

Сайн мэдлэг чам дээр өөрөө явж ирээд тархи толгойд чинь шингэн хуримтлагдана гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. "Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй" гэдгийг ой ухаандаа бат тогтоож авцгаа. Мэдлэг хүнийг чимнэ. Зөв сайн мэдлэг хүнийг өөд нь татна.

"Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог" юм.

Сайн мэдлэгтэй болоход чамд тавигдах анхдагч шаардлага нь мэдлэгт тэмүүлэх чиний хүсэл. "Суралцах хүсэлгүй сурагч бол далавчгүй шувуутай адил". Мэдлэгт тэмүүлэх чиний сонирхол чамайг мэдлэгийн хязгааргүй далайд аялахад чигийг заагч луужин, аян замын чинь хөтөч болно. Мэдлэгт тэмүүлэх сонирхолгүй бол ямар ч хүч чамайг зогссон байрнаас чинь хөдөлгөж дийлэхгүй. Ихийг мэдэх сонирхолтой байж ихийг мэдэх боломж нь нээгдэнэ. Ямарваа мэдлэг боловсрол зөвхөн өөрийгөө дайчилж, өөрийгөө шахаж, өөрөөсөө шаардаж, өөрөө хичээж, өөрийгөө боловсруулах замаар л олдоно гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож явцгаа. Хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй байя гэж хүсч байгаа бол

мэдлэг боловсролтой бол. "Мэдлэг боловсрол эрх чөлөөг буутай цэргээс илүү манадаг" юм.

"Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг" гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна. Ухааны жаргал эдэлье гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол мэдлэгт шунан дурлаж тэмүүл.

Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн

2008 оны 10 сарын 16

Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.

Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах сумны өд наах хэсгийг "мөс" гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй, сумны мөн чанар нь алдагдана. Монгол хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр хөлийн чигжий хуруу шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс хоѐрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй, муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ѐстой. Хүний мөс муудаад, муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.

Хүн мөсний дээд жишигийг үр хүүхдээ хайрлах эхийн сэтгэлээр илэрхийлсэн домгийн өгүүлэмжтэй байх нь

элбэг. Ганц хүүтэй, сайхан сэтгэлт элбэрэлт эх байжээ. Хүү нь ханиа буруу сонгож шуламтай нөхцөв. Эхнэр нь болсон шулам хүндээр өвдсөн болж, баашлан хэвтжээ. Ямар ч эм тан өгч, эмч отчид очоод заслыг үл олов. Хүү нь эхнэрээсээ чиний амийг аврахад юу хэрэгтэй байна вэ, би чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж учирлан аргадав. Шулам эм, миний бие заслыг олоход ганцхан л зүйл хэрэгтэй. Даанч чи түүнийг авчирч өгч чадахгүй гэж уйлагнав. Түүнийгээ хэлээч дээ гэж хүү учирлав. Ээжийнхээ зүрхийг авчирч өгвөл би эдгэнэ гэж эхнэр нь хэлэв. Хүү ээждээ очиж эхнэрийнхээ хэлснийг хэлэхэд ээж нь хүүд минь хэрэгтэй байгаа юм бол миний зүрхийг ав даа гэжээ. Эхийнхээ зүрхийг бариад яаран гүйж явсан тэнэг хүү чулуунд бүдрэн ойчжээ. Тэгэхэд ээжийнх нь зүрх "хүү минь, чи өвдөөгүй биз?" гэж хайрлан, халаглан асуусан гэх домог бий. Энэ домог хэдийвээр гунигтай, сонсоход хэцүү хүнд ч эх хүний хүүгээ гэсэн цэвэр ариухан сэтгэл, хүн мөсний мөн чанар, утга учрыг яруу тод илэрхийлсэн байдгаараа онцгой юм. Шүүдрийн усыг цуглуулан цай чанаж өгвөл шөнө ганцхан удаа босч хөхүүлсэн ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэнэ гэх зүйрлэл бий. Энэ бол манай ухаант ард түмний хүн мөс, ѐс суртахууны агуу зүйрлэл мөн билээ. Саяхан би "Шартсан найзынхаа шарыг тайлах нь ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэхүйц ач мөн" гэх сонин марзан зүйрлэл сонслоо. Цаг үеийн ханшийг илтгэж, өнөө үеийн өнгийг заасан зүйрлэл бололтой юм. Гэхдээ энэ хэллэг ѐс суртахуун, хүн мөсний ямар их өндөр зэрэглэлтэй байсан ард түмний зарим хэсгийнх нь ѐс суртахууны ханш ямар их шалдаа

ортол дордож байна аа гэх сэтгэл түгшээсэн зовлон гунигийг дагуулж байгаа нь харамсмаар. Хүний мөс гэдэг нь их үнэтэй зүйл. Хүн мөсөө хадгалах нь өөрт байгаа сайн сайхан бүхний охь дээжээ муутгаж дордуулалгүй, хаяж гээлгүй хадгалж байна гэсэн үг. Хүний мөс чанар сайхан сэтгэлийн үйлдлээр өөрийгөө таниулж байдаг юм. Сайхан сэтгэлтний хүн мөс муудаж дордоно, муруйж тахийна гэж үгүй. Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм.

Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоѐр өнгө будагтай. Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг. "Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй". Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ѐстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг. Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү

эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж "баяр хүргэе" гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоѐрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв. Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий. Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл. Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг чинь дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.

Чамд атаархаж ердөөн ч хордохгүй ээ гэх чин зүрхний цагаахан сэтгэлээр өөрийгөө чимж яв.

Буурлын буян дундаршгүй

2008 оны 10 сарын 21

Буурлын буян дундаршгүй. Та бидний дээдэс эх орон, газар шороо, уул усаа хадгалж хамгаалж үлдээсэн. Туурга тусгаар төр улсаа бэхжүүлж үлдээсэн. Эрдэнэт мал сүргээ өсгөн өвлүүлж үлдээсэн. Эх орны эрдэс баялгийг манаж хайрлаж үлдээжээ. Эцэг өвгөдөөс улбаалсан их түүх соѐл, эх хэлээ уламжлан дамжуулсан. Өнөөгийн бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хэн бүтээж үлдээсэн бэ? Буянтай буурлууд. Буурлуудынхаа буянаар орох орон, оочих аяга, хөл дүүжлэх унаа, хөлдөө углах гуталтай яваа билээ бид. Аав ээжээ хайрладагийн адилаар ахмад буурлуудаа алагчилалгүй хайрлаж, дээдлэх үүрэгтэй бүгдээрээ.

Хэрвээ цаг бусын гай түйтгэр дайрчихгүй л бол үс нь цайж, зүс нь үрчийх цаг хүн бүрт хүссэн хүсээгүй ирэх нь замилан хорвоогийн жам. "Хэн ч өтөл насыг хүсдэггүй боловч бүгд л удаан амьдрахыг хүсдэг" нь хүний хорвоогийн маргашгүй үнэн. Удаан амьдрах тэрхүү чин хүсэл биелбэл өтөл насанд хөтлөн аваачиж өгнө. Хүмүүс өтөлдөг. Гэвч энэ бол удаан амьдрах цорын ганц арга нь юм. Өтлөх сайхан биш ч урт наслаж, удаан амьдрах сайхан. Өтлөх, урт наслах хоѐрыг тус тусд нь байлгаж болдоггүй, үргэлж хамтдаа байдаг нь яахын ч аргагүй үнэн бөгөөд яаж ч өөрчилж болдоггүй амьдралын хууль.

Өтөл насыг элэглэн шоолох хэрэггүй. Яагаад гэвэл бүгд л тэр өөд итгэлтэй нь аргагүй алхаж яваа учраас. Ахмадуудыг ад үзэх хэрэггүй. Яагаад гэвэл бүгдийг маань тэр үе хүлээж байгаа учраас. "Нас хэлбийхийн цагт өөрийгөө хүндлүүлэхийн тулд чи залуу байгаа дээрээ хүч тэнхэл нь дордож, цал буурал болсон хүмүүсийг сонсч хүндэтгэх хэрэгтэй" гэж эртний Персийн нэгэн яруу найрагч бичсэн байна. Ахмадуудынхаа үгийг сонсч хүндлэх хэрэгтэй. Тэд юу хүсч, юунд дургүйцэж байна вэ? Мөр бүтэн, гэдэс цатгалан хүний дайтай хүн явахыг мэдээж тэд хүснэ. Дийлэнх ахмадуудын хамгийн наад захын энэ хүсэл хэрэгжихгүй зовоож байна. Уранхай дээлтэй, туранхай царайтай ахмадууд харамсалтай нь хаа сайгүй олноороо байна. Хэдэн малынхаа буянаар хоосон хонож, хоѐр идэлгүй насаа илээсэн ахмадууд мах магнаг болж, үнэ нь тэнгэрт хадахад бухимдан дургүйцнэ. Сүүтэй цайг амьсгалах агаар мэт хэрэглэж заншсан ахмадууд хар цай уухаараа гол нь харлаж, толгой нь эргэж, сэтгэлээр унана. Эм авахаар эмийн санд очоод үнийг нь сонсохоороо духан дээр нь хүнд зүйлээр цохиод авах шиг болно. Тэтгэвэрийн хэдээс нь илүү гарсан зарлагатай болчихоор тэсэхийн аргагүй бачимдан бухимдана. Ахмадуудад буруу байхгүй ээ. Хоѐр нарны хооронд борви бохис хийлгүй хөдөлмөрлөж байж өнөөгийн бидний хэрэглэж байгааг бүтээж, туурвиж өгсөн юм. Тэгэхдээ ихэнхийг нь улсдаа өгч, баганхыг нь өөртөө үлдээдэг байсан хүмүүс тэд.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай нэг удаа "Монголын ард түмэн миний зохиосон аяар унтаж, миний зохиосон аяар сэрэх юм. Надад нэг орос дэлгүүрийн проомсог өгчихгүй юм байх даа" гэж хэлсэн тухай дам сонссон. Л.Мөрдорж гуай төрийн дууллын аяыг зохиолцсон, хойч үедээ мөнхөд дуурсагдах бүтээл туурвисан агуу хүн. Уг нь оюуны ийм сод бүтээлүүд туурвисан уран бүтээлч орос дэлгүүрийн проомсог гуйгаад байхааргүй л амьдрах ѐстой л доо. Гэхдээ цаг үе нь тийм биш байж. Тэр агуу хүн хойч үедээ мөнхийн том бүтээлүүд туурвиж өгсөн мөртлөө өөртөө тун багыг авч байжээ. Манай ахмадууд Л.Мөрдорж гуай шиг төрийн дууллын ая зохиогоогүй ч өөр өөрийн хийх ѐстойг сэтгэлээсээ хийж, ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн. Өөрөөр хэлбэл та бидний төлөө шургаж унаталаа зүтгэсэн. Залуу насны эрч хүч, ухаан бодлоо улсдаа их юм бүтээхийн төлөө бүрнээ зориулж, унтах нойр, идэх хоолоо хугаслан ажилласан. Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр. Зарим үед хулгайлсан хөдөлмөр. Ахмадуудын бүтээн бий болгосон хөрөнгө баялаг нийтийн тогоонд орж, нийгмийн сан хөрөнгийг арвижуулдаг байлаа. Өөрсдөө хоѐр цалингийн хооронд хүргэх нь хүргэж, зээлэх нь зээлж, нийтээрээ адил тэгшдүү амьдарсан. Харин хавтгайдаа хулгай хийдэггүй байв. Нэгдлийн ганц эргүү төлгийг ч нуугаад төхөөрөөд идчихэж болдоггүй байлаа. Тэр үед авлига гэдэг үг толь бичгийн мухарт нуугдаастай байсан гэхэд хилсдэхгүй. Хожмын хүндхэн өдрүүд ирвэл өөртөө хэрэглэхээр ил далд атга чимхээр хурааж бөөгнүүлэн

хуримтлуулсан хөрөнгө баялаг, мөнгө төгрөг гэх юм тэдэнд үнэндээ байгаагүй. Тэд насны намар ирнэ гэдгийг мэдэж байсан мэдээж. Гэхдээ ийм чанга ирнэ гэдгийг урьдчилан төсөөлөөгүй. Төсөөлөх ч аргагүй. Насны намраа төр улсдаа бүрэн итгэн даатгаж, ядрахын цагт засаг төр тусална гэх гүн итгэлээр ажиллаж, амьдарч ирсэн. Өөрсдөөс нь бусад бүх зүйл ийнхүү хэтэрхий үнэд орж, өөрсдөө ингэж үнэгүйдэнэ гэж хэн төсөөлөх билээ дээ. Үнийн өсөлт хамгийн түрүүн ахмадуудыг ширвэж, сөхрүүлэх нь холгүй байна. Төр засаг ахмадуудаа хамгаалах, ивээх, тэтгэх үүрэгтэй. Тэр үүрэг нь энэ цаг үед улам илүү тод мэдрэгдэж, дорвитой шийдлээ хүлээж байна.

"Амар амараас сэтгэл санааны амар" гэсэн зүйрлэл нь дээр үеэс монголчууд хэлж хэлцэж ирсэн үнэн үг. Ядаж ахмадуудынхаа сэтгэл санааг нь амар жимэр байлгая л даа. Манай ахмадууд харьцангуй шударга хүмүүс. Тиймээс шударга бусыг үзэж, сонсохоороо байж суухад бэрх болдог юм. Өнөөгийн ахмадуудын сэтгэл санааг нь амраахгүй эмзэглүүлдэг зүйл нь одоо цагт шударга бус, шижээргүй үйлдлүүд хэтэрхий газар авсан явдал. Ахмадууд зарим талаараа аз жаргалтай, магнай тэнэгэр суугаа. Залуу зандан насандаа шударга байсан хүн өтөл насандаа айж ичих юмгүй, аз жаргалтай байдаг юм. Үүгээрээ одоогийн шударга бус үйлдэлтнээс зарчмын ялгаатай бөгөөд илүү аз жаргалтай. Өнөөгийн шударга бус явдалтнууд өтөл насандаа сүүдрээсээ цочих нь холгүй өдөр хоногийг өнгөрөөх болно, яана даа? Хар

дарсан зүүд шиг өтөл насыг угтахгүйн тулд залуу цагтаа шударга журмыг эрхэмлэ. Ахмадуудынхаа алтан сургаалийг тэвчээртэй сонс. Тэднийг үеэ өнгөрөөсөн, улирсан, хуучирсан гэж бодвол чи маш том алдаж байна. Сүүг нь шимээд хөхийг нь хазаж болохгүй ээ. Бид ахмадуудынхаа шим шүүсийг ховх сорсон. Тэгсэн мөртлөө гэв гэнэт цэцэг навчнаас ургаж соѐолсон мэт бодож, ахмад үеэ үл тоомсорлож, адлаж хажиглаж болно гэж үү? Бид тэдний л халаа залгаа шүү дээ. Хаа газрын ахмадууд илүү итгэж болох хүмүүс. Дундад зууны үеийн нэгэн судлаач, "Хөгшин мод сайн шатдаг. Хөгшин мориор явахад аюулгүй. Хуучин номнуудыг уншихад аятайхан. Удсан дарсыг уухад таатай. Хуучин анд нарт бүхнээс илүү итгэж болно" гэж бичсэн байна. Ахмадууддаа итгэж, ах захаа хүндэлье. Өтөл насныхан тэр аяараа нийгмийн яндашгүй баялаг юм. Тэд ухаан нь тэлж хөгжсөн, олон оймс илээж туршлага хуримтлуулсан, хий нь гарч хашир суусан, үг дааж егзөр болсон, арга барил нь төлөвшсөн, боловсрол мэдлэг нь зузаарсан хүмүүс. Ер нь "өсвөр насны баялаг бол хүч чадал, гуа сайхан байдаг бол өтөл насны баялаг нь ухааны цэцэглэлт" гэж нэгэн ухаантан сургасан байна. Ийм баялгийг нийгэмд хэрэглэхгүйгээр орхино гэдэг нь ухаан муутай, урагшгүй тэнэг үйлдэл гэхээс өөрцгүй.

Хөгшин болох нь урлаг биш, харин өтөл насыг дийлэх нь урлаг байдаг гэнэ. "Өтлөлтийн урлаг нь залуучуудад саад тотгор биш, түшиг тулгуур нь; өрсөлдөгч биш, харин багш нь; хайхрамжгүй хүн бус, харин ойлгодог

хүн нь байхад оршино". Манай ахмадууд бүгд өтлөлтийн энэ урлагийг эзэмшээсэй.

Өтөл насыг дийлэх урлагийн нууц нь ажил хөдөлмөр. "Урт наслах тааврын тайлбар нь хөдөлмөр мөн" гэж нэгэн бичгийн хүн хэлсэн байх юм. Өөр нэг ухаантан "Жар гаргасан хүнд миний зөвлөх ганц л жор бий: Их ажиллах, бүр их ажиллах" гэж зөвлөжээ. "Өтөл нас тэнэг

хүний хувьд дөнгө, мунхаг хүний хувьд өвөл, харин эрдэмтэй хүний хувьд - алтан тариа хураалт" байдаг ажээ. Манай ахмадууд туйлын ажилсаг хөдөлмөрч. Урт наслаж яваа хүмүүс уйгагүй хөдөлмөрч байгаа жишээг би захаас аван хэлж чадна. Саяхан Б.Лааган гуайтай уулзлаа. Монгол орны нөхцөлд чацарганыг судалж, түүнийг тарималжуулах, үржүүлэх, жимсийг нь боловсруулах технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн учир 1989 онд төрийн шагнал хүртсэн эрдэмтэн, инженер хүн. "90 дөхөж явна, ажилласаар л байгаа шүү" гэж бахархалтайгаар өгүүлэв. Төв, Өвөрхангай зэрэг хэд хэдэн аймагт чацарганы шинэ талбай бий болгох их үйлсэд зүтгэж яваа ажилсаг, буянтай ахмад буурал. Хэдэн жилийн өмнө Ховд аймагт очиход хөдөлмөрийн баатар Б.Лувсан гуай зүгээр сууж чадахгүй, ажилласаар байгаа тухайгаа хуучилж, жимсний болон бусад олон зуун мод, бут орон нутагтаа тарьж ургуулан залуучуудад зааж сургах амлалт авч билээ. Ховд аймгийн Манхан сум нэгдлийн алдартай дарга байсан Б.Лувсан баатар одоо наян тавны насандаа сэмбэлзтэл алхаж, хоѐр нарны хооронд талбайдаа гялалзтал ажилласаар байгаа гэсэн.

Ийм ажилсаг хүмүүст өтөл нас хаалт хориг болдоггүй юм байна.

Эдний үеийнхэн, ийм ажилсаг хөдөлмөрч хүмүүс яах аргагүй бидний бахархан дууриах ахмад үе мөн билээ. Гэхдээ би бүх ахмадуудыг гараа цэврүүтэж, борвио бохиртол дахиад ажилла гэж байгаа юм биш. Өтөл насанд чадах чадахаа л хийж сэтгэл санаа амар

байгаасай гэж хүснэ. Хан уулыг цас дарна, хайран биеийг нас дарна. Зүгээр суухаар зүүрмэглээд өгнө. Унтахаар хажуулахаар нойр нь хүрэхгүй. Шинэ юмыг тогтоохгүй. Хуучин юмыг мартахгүй үе хүнд ирнэ. Энэ үед нь засаг төр, үр хүүхэд, ах дүүс, нутаг нугынхан тэднийхээ төлөө сэтгэл гаргаж, санаа тавих үүрэгтэй төдийгүй тэгэх албатай. Буянтайгаас буянтай буурлуудаа сонсдог, тэтгэдэг, хүндэлдэг, дээдэлдэг улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Ахмадуудаа гомдоохгүй байя. Ахмадуудаа баярлуулая.

Бэрхийг давж амьдар

2008 оны 12 сарын 09

Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.

Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. "Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг" юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь "өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй

ялагч байдаггүй" гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. "Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг" гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.

Солонгосын нисэх буудал дээр нэг монгол залуу намайг таниад гүйгээд ирлээ. Тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нэг. Хөдөөний залуу гэнэ. Өмнө хэзээ ч хийж үзээгүй хүндхэн ажил хийдгээ хуучиллаа. Анхандаа ийм хүнд ажил хийж дийлэх болов уу, удаан тэсэх болов уу гэж шантарч байж. Хүний газрын хоол унд, цаг агаарт нь дасахад эхэндээ хүндхэн л байсан. Бусад хүмүүс болоод л байна. Би тэднээс юугаараа дутуу юм бэ? Гүрийх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулсан. Хүндрэл бэрхшээлтэй үеэ давсан. Одоо дажгүй. Чамлахааргүй мөнгө олж байгаа. Хамгийн гол нь энд ирснийх бэрхшээлийг сөрж, ажил сурч, тархи толгойдоо жаахан мэдлэг цуглуулж аваад нутаг буцах санаатай гэж хэвлүүхэн, хэрсүүхэн надад хэлээд инээж байна. Солонгос хэл сурч байна уу гэж асуулаа. Энд юу ч

мэдэхгүй, таг ирсэн. Одоо өөрийгөө болгочихно оо. Цаашдаа овоо болчих байх гэж нүүр бардам хэлж байна. Би энэ бүхнийг сонсоод овоо доо гэж дотор сэтгэлдээ баяртай байлаа. Тэр залуу дийлэхгүй болов уу гэж айж байсан ажлаа дийлэн хийдэг болжээ. Мэдэхгүй байсан харь хэлийг мэддэг болж байна. Чадахгүй байснаа чаддаг болж. Хамгийн гол нь өөрийгөө ялж чаджээ. Тиймээс тэр хүчтэй ялагч.

Саад бэрхшээлээс айх, хулчийх хэрэггүй. Аймхай, хулчгар байж саад бэрхшээлийг амжилттай давж туулна гэж бодохын ч хэрэггүй. Хүн "нэг удаа хулчийсан бол дараагийн удаа бас хулчийдаг" гэнэ. Хулчгар зантай бол түүнийгээ үтэр түргэн засахыг оролд. Хулчгар занг засч болно. Зөвхөн өөрөө зориглон хичээх хэрэгтэй. "Хулчгар амьтан өдөртөө зуу дахин үхдэг" гэдэг юм. Хулчгар зан айдсаас үүдэлтэй. Хүн зөвхөн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Аливаа айдсыг мэдлэгээр ялдгийг мэдэж ав. Цаг ямагт айдсаас чичрээд байх юм бол хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Түүнчлэн мөнхийн айдастай амьдарч буй хүнийг эрх чөлөөтэй гэж хэлэх аргагүй. Аймхай хулчгар зангаа хаях эр зориг чамд хэрэгтэй. Зөвхөн өрсөлдөгчөө ялсан төдийгүй, өөрийн сул тал болох аймхай хулчгар зангаа ялж чадсан тэр хүн эр зоригтон. Эр зориг чамд бэрхшээл саадыг улаан нүүрээрээ угтахын тулд ч хэрэгтэй, улмаар саад бэрхшээлийг даван туулахын тулд ч хэрэгтэй. Их бага гэлтгүй бэрхшээл саадыг шантралгүй, залхууралгүй даван туулах явцад эр зориг чамд өдрөөс өдөрт хуран хуримтлагдаж төлөвшинө.

Бэрхшээл саадыг давахад тэвчээр хэрэгтэй. "Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чадна". Тэвчээргүйгээс болж саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх тохиолдол цөөнгүй. Би үүнийг хийх ѐстой, хийж чадна гэж зорьж тэмүүлсэн л бол ямар ч бэрхшээл саад тулгарч байсан тэвчин давахыг эрмэлз. Саад бэрхшээл чиний эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг сорьж шалгах шалгуур болно. Шалгуурыг амжилттай давснаар дараа дараачийн саад тотгорыг хялбар давах тэвчээрт сургаж, сэтгэлийн тэнхээ суулгаж, дархлаажуулж өгнө. Тэвчээр гэдэг нь зүгээр л тэвчээд суугаад байхын нэр биш. Цаг нь ирэхээр бүтэж л таарна гээд нүдээ аниад, гараа хумхиад хэвтээд байх ч хэрэг биш. Тэвчээр гэдэг нь чадахгүйгээ чадахын төлөө, сураагүйгээ сурахын төлөө, хийгээгүйгээ хийхийн төлөө бүх чадлаараа мэрийн хичээж, уйгагүй хөдөлмөрлөхийг хэлж байна. Ийнхүү хөдөлмөрлөх явцад тохиолдох элдэв саадыг тэвчин давж, цаана нь гарч, урагш тэмүүлэхийг хэлж байна. Том үйлийг бүтээе гэж зорьсон хүнд том тэвчээр хэрэгтэй. Том хэргийг бүтээхийг зорьсон хүн жижиг зүйлээр оролдвол том саад бэрхшээлтэй учирч болохыг мэд. "Үржил шимгүй элс, марааг тэвчээр л цэцэгт тал болгон хувиргана". Хүнд бэрхийг давж гарахын тулд боломжтой бүх оролдлогыг хийж, бололцоотой бүх аргыг ашиглах хэрэгтэй. Харин ашиглах хэрэгтэй, гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны дүрэм байдгийг мартахгүй байх нь чухал. Хүнд бэрхийг туулж өнгөрөөхдөө бусдад муу зүйл хийхгүй байхыг эрхэмлэ. "Ямар нэг муу зүйл хийчихсэн

бол чи түүнийгээ нууж болно гэж бодохын ч хэрэггүй. Учир нь чи бусдаас нуулаа ч өөрийнхөө хүн чанараас нууж чадахгүй шүү дээ". Гагцхүү тэсвэр тэвчээртэй хүн л эхэлсэн үйл хэргээ дуусгана, тэсвэр тэвчээргүй хүн замын хугаст шантран зогсоно.

Бэрхийг гэтэлж чадалгүй шантарсан бол сэтгэлээр унан, доош орох хэрэггүй. Хэдийгээр амжилт олоогүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг буруутгах, өөлөх хүн төдийлөн байдаггүй юм. Хүч ухаанаа хуримтлуулан, алдаагаа давталгүй, дахин оролдоод, дахиад чармайгаад үз. Чи гарцаагүй чадна. Чармайлт бол амжилтын эх булаг байдаг юм. Холыг зорьж, алдрын оргил өөд тэмүүлж байгаа бол саад бэрхшээлгүйгээр тэнд очно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. "Цэцэг бүрхсэн зам хэзээ ч алдарт хүргэхгүй".

Бэрхэд бүү цухалд. Хий цухалдсанаас олох олдвор, хожих хожвор байхгүй. Эхнээсээ л тэр хүнд бэрхийг би гэтэлж дийлэхгүй гээд цухалдан бодчихвол сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж давж гарахад хүнд болно. Тиймээс уужуу тайвуу, ухаантай бай.

Бэрхийг давж цаана нь гарч чадсан хүн урамтай. Би чадлаа шүү дээ гэж өөрөөрөө бахархах сэтгэл аяндаа төрнө. Бэрхшээлийг давах болгонд чамд шинэ эрч хүч хуримтлагдана, шинэ мэдлэг, чадавхи нэмэгдэнэ. Туршлага сууна. Хэрсүүжнэ. Няцашгүй эр зориг хуримтлагдана. Няцашгүй зоригтой байвал чи ямар ч саадыг давах хүч чадлаар сэлбэгдэж байх болно.

Бэрхийн өмнө хүлцэнгүй сөгдөх биш, бэрхийг хүчлэн давж амьдар.

Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

2008 оны 12 сарын 11

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ.

Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлгэнд "Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов" гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж "нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх" мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур.

Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал "эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох" хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

Залуу хүн чи юуны өмнө гутранги үзлээс салж, өөдрөг үзлийг тархи толгойдоо бат шингээ. "Жинхэнэ өөдрөг үзэл нь бүх зүйл сайн болно гэсэн итгэл үнэмшил дээр бус, бүх зүйл муу болохгүй гэсэн итгэл үнэмшил дээр л суурилдаг"-ийг мэдэж ав. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөдрөг үзэлтэн байсан. Тэд өөдрөг үзлийг үнэт эрдэнэ мэт үзэн, салж хагацахгүй түүнтэй нөхөрлөсөөр амжилтын оргил өөд мацсан. Өөдрөг үзэл чамаас салан одвол үйлс заяа чинь уулын оройгоос бэл рүү өнхрөх чулуу мэт уруудан, улмаар доройтно. "Өөдрөг үзэлтэн бол хэзээ ч зовлон үзэж байгаагүй хүн бус харин цөхрөлийг туулж, түүнийг ялсан тэр хүн байдаг" юм. Өөрийн амьдралын замыг өөрөө бүтээ. Энэ хорвоод

харагдаж байгаа замаас харагдахгүй байгаа зам нь олон байна. Харагдахгүй байгаа тэр замыг хайж эрж ол. Харагдахгүй байгаа замаар явж, зорьсон зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт бат итгэлтэй бол. Ингэж байж өөрийн гэсэн замыг өөрөө бүтээх сэтгэлийн тэнхээ, итгэлийн хат суун хуримтлагдана. Тэгээд "зорьсон замаараа л яв, хүн юу гэж л хэлбэл хэлэг!". Аль ч ажил асуудлыг болох, бүтэх талаас нь олж харж сур. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй гээд бодчих юм бол болж бүтэх юм ганц ч тохиохгүй. Аль ч зүйлийг өөдтэй, өнгөтэй талаас нь харж бай. Нүднийх нь өмнө тас хар хөшиг татаастай хүний амьдрал түнэр харанхуй шөнө мэт байсаар дуусна.

Өлөн чоно идэш олж идэх зорилгоор олон уул нурууг даван дамнан гүйдэг бол салхинд туугдан өнхөрч яваа хамхуулд тэнд заавал хүрнэ дээ гэсэн зорилго байхгүй. Хүн хамхуулын адил зорилгогүй амьдарч яагаад ч болохгүй. Хүн зорилгогүйгээр олигтой юу ч хийж дөнгөхгүй, юунд ч хүрч дийлэхгүй. Ойрын зорилго тавиад холд хүрнэ гэж үгүй. Хэт бага зорилгоор хэмжээгүй ихийг бүтээж эс чадна. Зорьсон зорилгогүй бол тэнгэр бурханаас заяасан тэнгэрлиг авьяастан ч амжилт олохгүй бүдэрнэ, алсад хүрэхгүй зогсоно. "Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй" гэж их бичгийн хүн хэлсэн байна. Хэтийн зорилго ямагт урагшлахыг шаардана. Гэхдээ хэт яарах хэрэггүй, хэтэрхий алгуурлаж ч болохгүй. Хүрч чадах, хийж дөнгөх зорилго

тавь. Хүрсэн түвшингээсээ алхам алхмаар ахиж урагшлах боломж чамд ямагт нээлттэй байгаа. Хэрээс хэтэрсэн зорилгыг ажил болгоход төвөгтэй. Нэгэнт хүссэн бүхнээ хийж чадахгүйгээс хойш хийж чадах зүйлээ хүсэх нь ухаалаг шийдэл мөн. Зорилго тавьсан бол заавал хүрэхээр шамд!

Өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүл. Үр дүн зайлшгүй гарна. Бусдыг сонсолгүй яахав, гэхдээ аливаад өөрийн бодолтой бай. Өөрийн бодолтой хүн хэзээ ч салхинд туугдсан хамхуул шиг зүг чиггүй хийсч дэгдэж явахгүй ээ. "Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал" гэсэн нэртэй зүстэй хүний хэлсэн үг бий. Тэгсэн хэрнээ өөрийн тархи толгойгоор сэтгэж байж л амжилтын оргилд гардаг нь маргашгүй үнэн билээ. Хүний хэлсэн ярьсаныг тоть шиг давтах, хүний хийсэн хөдөлснийг сармагчин шиг дуурайх нь ухаантай хүний хийдэг ажил биш. Өөрийн ухаанаар өөрийн амьдралыг жолоод. Бодох толгой байвал өмсөх малгай хэзээд олдоно. Өөрийн хийх ѐстойг өрөөл бусдаар шаардуулахгүй, шахуулахгүй хийчихвэл сайн. Өөрөө юу хийхээ өрөөл бусдаар заалгахгүй байвал бүр сайн. Өөрийнхөө мэргэн ухаанд итгэ. Мэргэн ухаан дор хаяж гурван чухал үйлдлийн эх үүсвэр болно.

1. Гайхалтай зөв шийдвэр гаргах; 2. алдаа мадаггүй ярих; 3. хэрэгтэй зүйл хийх. Нэгэнт хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн бол эргэж буцалгүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй, түс тас шийдвэрээ

гаргаж бай. Шийдвэр гаргах олон хувилбарууд дундаас хамгийн оновчтойг нь онож сонго. Гаргасан шийдвэр дээрээ бат зогсон хамгаал. Шийдвэрийнхээ хэрэгжилтийг өөрөө хариуц, биечлэн хяналт тавь. Шийдвэр гаргахдаа алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрч сур. Алдаанаасаа суралц. Нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг хүний шинж.

Алдаа мадаггүй ярьж байж алдаа мадаггүй хийнэ. Ам хэлээ мэдэж яв. Хэлэх ярихаа цэнэж бай. Ам алдвал барьж болдоггүй. Амаа хичээхгүй бол гай тарина. Хүний амаар сүржигнэснээс өөрийн амаар учирла. Үг нь их, үйл нь бага болохоос сэрэмжил. Мэс аюултай. Үг, мэснээс ч илүү аюул тарьж мэднэ. Мэс нэг иртэй, нэг мөртэй. Үг нэг иртэй, олон мөртэй. Олон мөр дотор ачлах агуулга ч бий, бачлах аюул ч бий. Үгээр үхүүлж ч болно, үгээр сэхээж ч чадна. Алтан хушуу өргөхөөс алсхан дөлж яв. Алтан хушуу аянганаас аюултай, агтнаас хурдан. Хөөтэй тогоо үүрч ирсэн хүнийг хүндлэн дээдэлдэггүй юмаа гэхэд хүлцэн тэвчиж, хэлэх үгийг нь тогтон сонс. (Таагүй мэдээ дуулгахаар ирсэн хүнийг өвөг монголчууд чи юунд хөөтэй тогоо үүрч ирэв гэж асуудаг ѐсон бий). Үгэнд унах нь нүхэнд унахаас хэцүү гэдгийг залуу хүн бүр бодож яв. Ухаан мууттай үгээр уралдахын хэрэггүй. Үг яриа хүн бүхэнд байдаг бол ухаан цөөхөнд нь заяадаг юм.

Өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай зүйлийг хий. Өөрт оногдсон ажлаа хүнд гологдохооргүй гүйцэтгэ. Хүн бүхэнд оногдсон ажил гэж бий. Ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий. Цагийн юмыг цагт нь амжуул. Хүнд учирч болох хамгийн том гай бол цагийн гарз. Хий дэмий сууж хайран цагийг бүү үр. Хэрэггүй зүйлээр оролдож хайран биеэ бүү зовоо. Ажил үйл хийхийн өмнө бүгдийг ул суурьтай бодож төлөвлө. Хийхдээ ч нягт нямбай, ул суурьтай хийж бай. Сул талаа бусдад дэлгээд байх шаардлагагүй. Гэхдээ сул талаа өөрөө мэддэг байх хэрэгтэй. "Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй". Сулхан хүн өөрийн сул талыг төдийлөн таньж мэддэггүй. Харин жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаарч, түүнийгээ нөхөж чаддаг юм. Оройтоогүй дээрээ хамхуулын амьдралаас хагацан салах эр зоригоо чангал. Оройтвол амжихад бэрх болно. Хүссэн зорьсондоо хүрэхээр оролдоод, хичээгээд үз. Оролдлого сайт оройд нь гардаг, хичээл сайт хэргээ бүтээдэг юм шүү.

Сайн араншин

2008 оны 12 сарын 16

Арын мод алагтай цоогтой байхын адил аавын хөвгүүдийн араншин сайнтай, муутай байна. Хүүхэд, залуус та нар сайн араншинтай хүн болохыг сэтгэлийн гүнээсээ хичээ. Сайн, муу араншинг салгаж ялгахад түвэггүй. Жинхэнэ сайн араншинтай хүн мөн үү, биш үү гэдгийг жишиж харьцуулах арга, хэмжиж нягтлах хэмжүүр олон янз. Тэдгээрийн дотроос алдаа мадаггүй арга нэг бий.

Өөрөөсөө доорд хүнд хэрхэн хандаж байна вэ гэдгээр нь хүний сайн, муу араншинг хөдөлгөөнгүй тодорхойлж болно.

Эмэгтэй хүнийг ээж шигээ хайрлаж, эгч шигээ хүндэлж байгаа эр хүн бүр сайн араншинтан мөн. Эмэгтэй хүнийг дээрэлхдэг, элдэвлэж доромжилдог эр хүнийг сайн араншинтан гэж хэн ч хэлэхгүй. Дээр ч бай, дор ч бай албан тушаалтантай, дээр дорын ялгаагүй нэг л зангаар харьцах нь сайн араншинтны нийтлэг төрх. Доорд тушаалын хүмүүсээ дооглон тохуурхахгүй, дээрэлхэн доромжлохгүй, хүнийг хүн ѐсоор үзэх нь сайн араншинтны шинж. Доорд тушаалын хүмүүстээ эелдэг зөөлөн, өрөвч нинжин сэтгэлээр ханд. Энэ нь чиний сайн араншинг улам тодруулан бэхжүүлж өгнө. Эсэргүүцэх чадалгүй хөөрхий хүнийг элдэвлэн доромжлогчийг сайн араншинтан гэж хэн ч үзэхгүй. Ханилж явсан нөхрөө

нэмэр болохгүй гээд түлхдэг, нөмөр болохгүй гээд хөндийрдөг хүнийг сайн араншинтан гэж хүндлэх үндэсгүй. Бяд, чадал муутай нэгнийг басамжлан дээрэлхэж байгаа бол сайн араншингийн үртэс ч санаа сэтгэлд чинь үлдсэнгүй ээ гэж мэд. Багш нь шавьдаа, дарга нь цэрэгтээ хандаж байгаа хандлагаас жинхэнэ сайн араншингийн жишиг янзыг харж болно. Бага тушаалын хүмүүстэй бар арслан мэт бархирч архирч харьцах мөртлөө дээд тушаалтны өмнө мууранд базуулсан хулгана мэт эвхэрдэг хүнээс сайн араншин салан холдсон байдаг.

Өөрөөсөө доод байр суурьтай хүнтэй дотносон өөриймсөж нөхөрлөхөөс цэрвэн цээрлэх хэрэггүй. Өнөөдөр эзэлж байгаа өндөр байр суурь өнө мөнхийнх биш. Халаа сэлгээтэй албыг хамаг насаараа хаших мэт бүү андуур. Олдсон бүхэн хорогдож, хураасан бүхэн барагддаг болохоор өнөөгийн тарган цатгалан, баян чинээлэг байгаагаа өнө мөнхийн мэт битгий бод. Харин дээр ч бай, доор ч бай, баян ч бай, ядуу ч бай хүнийг хүн ѐсоор үзэн, хүн хүндээ нөхөр байх нь сайн араншинтны мөнхөд дагах ариун ѐс журам мөнөөс мөн билээ. Хорвоогийн гэгээн цагаан, эрээн бараан аль ч өдрүүдэд хүмүүстэй хэзээд л нэгэн зангаараа өөриймсөг нөхөрлөж, үерхэн дотносож явах нь сайн араншинтны үйлдэл. Өчүүхэн жижиг зүйл дээр ч хүний араншин толинд туссан дүрс шиг тов тод илэрч байдаг юм.

Өөрийгөө бөөцийлж, өөртөө анхаарал халамж тавих нь зүйн хэрэг. Тэгэхдээ бусдын төлөө гэх сэтгэлээ ямар ч

нөхцөлд орхиж болохгүй. Жинхэнэ сайн араншинтны бодит төрх нь нэг талаас, том жижиг гэлтгүй аль ч юман дээр бусдыг анхаарч, тэдэнд санаа тавьж байгаагаар ил илэрч, тод мэдрэгдэж байдаг юм. Нөгөө талаас, өөрөөс нь дээр байр суурьтай хүн байлаа ч, өөрөөс нь доор байр суурьтай хүн байсан ч тэдний төлөө санаа тавих сэтгэл нь огтхон ч өөрчлөгддөггүй, ив ижилхэн, хүн л бол хүн гэсэн байдлаар хандана. Тэд эгээтэй л бусдын төлөө төрчихсөн юм шиг өөрийгөө хойш тавин хүний төлөө зүтгэж, сэтгэл зүрхээ зориулна. Хүний төлөө хийсэн сайн үйлээ журамт үүрэг мэт үзнэ. Бусдад муу санаж, муу үйл хийх нь бүү хэл тэр тухай бодол ч толгойд нь орж ирэхгүй гэгээн цайлган сэтгэлтэн. Тэд настныг хүндлэн дээдэлж, нялхасыг асран тэтгэнэ. Өөрөөсөө илүүтэйгээр, хувьгүй тавиланд нухлагдаж яваа хүмүүсийг өгөөмөр сэтгэлээр дэмнэнэ. Тийм хөөрхий хүмүүсийн сул тал хийгээд алдаа мадагт уучлан нигүүлсэх сэтгэлээр хандахыг зорино. Сайн араншинтай хүн эд баялаг, хөрөнгө мөнгөндөө саган сагсуурч, дэврэн хөөрнө гэж үгүй. Хүч чадалдаа эрдэн бярдаж, авьяас билэгтээ ташууран ихэрхэх ойворгон ааш авиргүй, дөлгөөн тогтуун. Авьяас билгийнхээ хүчээр алдар хүндийг олж од болон дээш цойлж гялалзах нь амархан ч олны итгэлийг даалгүй доош унах нь бүр ч амархан гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Надаас хамаагүй илүү хүч чадалтан, надаас хавьгүй илүү авьяас билэгтэн бишгүй бий гэдгийг олж харах билгийн мэлмий нь нээлттэй, ухаж ойлгох ухааны сүв нь онгорхой байдаг юм. Тэд амжилт оллоо ч тэнгэрт хөөрөн үүл мананд

төөрөхгүй, алдаанд орлоо ч доош унан шавар шавхайд хутгалдахгүй. Жинхэнэ сайн араншинт хүмүүс бусдын хийсэн буруу зөрүү үйлдлийн төлөө өөрөө хийчихсэн мэт гэмшин, өмнөөс нь яс хавтайн зовно. Тэд хүний өмнөөс өөртөө гал дуудаж, биендээ том бага шарх авахаас ч сийхгүй, зөв үйл хэргийн төлөө хүний урдуур орж халуун чулуу долоох сонголтыг ч эргэлзэлгүйгээр хийж чадна. Тэд хэзээ ч өөрийн санаа бодлыг өөр хүмүүст хүчээр тулган хүлээлгэхийг оролдохгүй. Шаардлагатай хүндээ, шаардлагатай үед нь өөрийн санаа бодлыг ихэрхэж сагсууралгүй, төв түвшин, сэтгэлээ уудлан хэлдэг юм. Хүмүүсийн сэтгэлээ онгойтол ярих яриаг тэвчээртэй нь аргагүй сонсч, тэдэнд урам зориг хайрлах нь жинхэнэ сайн араншинтнуудын л хийж чадах ажил.

Сул дорой хүмүүсийг гадуурхан хавчиж, шоглон дээрэлхдэг хүнийг сайн араншинтан гэхгүй. Жинхэнэ сайн араншинтай хүн сул дорой нэгнийхээ өмөг түшиг, зовох цагт нь чанараа таниулдаг нөхөр нь болж байдаг. Өрөвч тусч сэтгэл жинхэнэ сайн араншинтай хүний сүүдэр мэт мөнхийн дагуул нь. Тэд буянтнууд. Зовлон зүдүүр, аюул занал болуут буянтнууд язгуур чанараа бүрэн дүүрэн нээж, өгөөмөр гараа дэлгэн сунгадаг билээ. Ядарч зовсон хүмүүст туслах нь тэдний сэтгэлийн дуудлага. Хүмүүст тус нэмэр болсон бол тэр тухайгаа ам нээж дуугарна гэж үгүй. Хүнд хэрэг тус болох сайн үйлийг хийсэн бол нэг их зүйл хийгээд өгчихсөн мэт байдлыг огтхон ч үзүүлэхгүй. Хийх ѐстой зүйлээ хийсэн гэж л бодно. Харин "сүүдэрт нь суувал модыг нь бүү

март" гэдэг шиг тусыг хүртсэн хүн нь тус хүргэсэн өгөөмөр ачтаныг мартаж үл болно.

Жинхэнэ сайн араншинт хүн бусдад сайнаар харагдахаасаа урьд гаднаас хэн ч харж эс чадах сэтгэл доторхи тунгалаг толиндоо өөрийгөө зөв сайнаар харж байхыг үргэлж эрмэлзэнэ. Тэд өөрийгөө эрхэмлэн хүндэтгэх эрхэм дээд чанарыг биедээ өвч шингээсэн

байна. Түүнийхээ жишиг жаягаар бусдыг эрхэмлэн хүндэтгэж явдаг билээ. Өрөвч нинжин сэтгэл сайн араншинт хүмүүнийг хээр талыг бүрхэн алаглах цэцэгс мэт чимэглэн байдаг юм. Хүн чанарыг тодорхойлоход нэг чухал хэмжүүр болдог эелдэг зөөлөн сэтгэл хийгээд өөриймсөг сэтгэл сайн араншинтай хүнд байх зайлшгүй шинж мөн билээ.

Сайн араншинт хүний итгэл үнэмшилийн магнайд үнэнч шударгаар ажиллаж амьдрах чинхүү хүсэл эрмэлзэл мөнхөд гэрэлтэж байна. Эцэст нь хүртэл шударга байх нь тэдний хувьд эцэг эхийнхээ нэр алдраар дээд тэнгэрт тавьсан андгай тангараг мэт хүч чадалтай байдаг билээ. Худал хэлэх, хуурч мэхлэх, үл бүтэх үйлдэл, өөдгүй булхайтай явдлыг үл үйлдэх хийгээд үл тэвчих нь сайн араншинт хүний хөдөлшгүй зан чанар, хөдөлгөөнгүй зарчим.

Өдөр тутмын ялих шалихгүй зүйлээс эхлээд томоос том асуудалд өөрийгөө зөнд орхиод өрөөл бусдын тусын тулд бүхнээ зориулах энэхүү чанарт л жинхэнэ сайн араншинт хүнд байх ѐстой дүр төрх тов тодхон илэрч,

тодорхой мэдрэгдэж байдаг болой. Сайн араншинтай хүн ямар шинж төрхтэй байх талаар цухас боловч ярилаа. Жинхэнэ хүн чанартай байхын тулд жинхэнэ сайн араншинтай байх ѐстой.

Цаг үетэйгээ хөл нийлүүлье

2008 оны 12 сарын 17 "Аугаа их хүн эрин үеэсээ түрүүлж явдаг. Ухаантай хүн ямар ч замд цаг үетэйгээ хөл нийлүүлдэг. Зальтай хүн тухайн үеийнхээ ѐс журмыг ашиглахыг хичээдэг. Тэнэг хүн цаг үеийнхээ замд тээглэдэг" гэнэ. Одоо цагт эрин үеэсээ түрүүлсэн аугаа их хүн мэр сэр бий л байх. Тэд олон хар шувуун дундах ганц хоѐрхон цагаан шувуу мэт ялгарч харагдана. Гэсэн ч тэднийг амьдарч буй цаг үеийнхэн нь төдийлөн ойлгодоггүй, ойшоодоггүй, олж харахыг ч хүсдэггүй. Ойлголоо, ойшоолоо ч буруу талаас нь өөнтөглөж ойлгох нь элбэг. Тиймээс цаг үеийн золиос болон дарагддаг нь харамсалтай. Гэхдээ даравч дардайна гэдэг шиг хожмын өдөр, ойлгох үеийнхэн ирэхэд мартагнан бүдгэрсэн байсан нэр төр нь тодрон тодорсоор үдшийн гялаан, үүрийн цолмон мэт харанхуйд ч гэрэлтэнэ.

Аль эрт, алс холын 1924 оны энэ сар, өдрүүдэд Монгол орны газар газраас ухаантай хүмүүс хуран цуглаж хуралдаад хаант ѐсыг халж, Бүгд найрамдах засаглалыг сонгон авчээ. Анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлав. Өнөөгийн өндөрлөгөөс өөлж гоочилох зүйл энэ хуулинд бий ч өнө хожид дурсагдах дэвшлийг авч ирсэн юм. Бидний өвөг дээдэс яндашгүй ухаантай хүмүүс. "Улирал нь ирсэн цагт улирлын аясыг дага" гэдгийг сайн ойлгодог төдийгүй, сайтар дагадаг байжээ. Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид угтан ирж буй улирлын өнгийг таньж, аясыг дагаж, улсынхаа түүхэнд

цоо шинэ хуудсыг нээж өгсөн. Тэд нар олон сургууль дүүргэж, овойж товойх боловсрол олоогүй, "хөх царайтай, хөдсөн дээлтэй" хөдөө талын хөрслөг ардууд голцуу байсан ч дээдсийнхээ яндашгүй, дундаршгүй ухааныг өвлөсөн хар ухаантай, цаг үеэ мэдрэх торгон мэдрэмжтэй, ирээдүйгээ төсөөлөх төсөөлөлтэй ухаантнууд байжээ. Эд нар цаг үеийнхээ замд тээглэж тэнэглээгүй ээ.

Одоо цагт тухайн үеийнхээ ѐс журмыг ашиглахыг хичээгч зальтнууд талын бор оготно шиг олширчээ. Тэд газар сайгүй бужигналдан хөлхөлдөнө. Яана гэхэв, ийм хүмүүс аль ч цаг үед байсан, одоо бүр ч олон байгаа, ирээдүйд тоо нь цөөрөх ч байсаар байна гээд нүдээ аньж, хэлээ хазаад орхиѐ. Харин бидний үед цаг үеийнхээ замд тээглэдэг тэнэгүүд эднээс цөөнгүй тоологдох болсон нь өнөө цагийн эмгэнэл, гай гамшиг. Цагийн юмыг цагт нь хийлгэхгүй нэг хэсэг нь араас нь чангаан угзарч, нөгөө хэсэг нь урагшлах зам дээр нь тас хөндлөн хэвтэж тэнэглэнэ. Үүнээс үүдэлтэй хохирлыг тооцвол манханы элсний тоо ширхэгт магад дөхөж очно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх ухаантай, жаахан ч гэсэн сортоотой байгаач дээ. Эс тэгвээс цаг үеийнхээ замд тээглэсэн тэнэгүүд болж түүхэнд хараар бичигдэн үлдэнэ. Ухаантай хүн үүнийг арай ч хүсэхгүй баймаар юм. "Ер нь мунхаг юм уу, ухаалаг хүмүүсээс бус, хагас тэнэг, хагас дутуу ухаантай улсаас л хамаг гай үүддэг" гэдэг. Тийм болохоор хагас тэнэг, хагас дутуу ухаантай хүмүүсийг Монгол төрд хөл тавих нь бүү хэл барааны

газраас бүү ойртуул гэж хатуу хуульчлан журамла. Яагаад гэвэл, "ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй" гэдэг юм билээ. Энэхүү хязгаар үгүй тэнэглэлээс болж түмэн олон ч зовж зүдэрч байсан, төр улс ч доройтож мөхөж байсан гашуун сургамж харамсалтай нь элбэг. Энэ хязгаар үгүй тэнэглэлээс болж одоо ч олж авахаа авч чадахгүй, очиж чадахдаа хүрч дийлэхгүй мунгинаж байна. Ухаантан, мунхаг хоѐрыг ялгаж салгаж тань! Түүнээс гадна "ухаантан болж харагдахыг хичээж байгаа мунхаг хүнээс аюултай нь үгүй" гэдгийг мэд. Ийм аюултай хүнийг бид харсаар мэдсээр байгаа мөртлөө өөрт байгаа хамгийн нандин өр зүрхний итгэлээ өгч өөрсдийгөө төлөөлүүлэн төрд залдагаа эрхбиш бодмоор, ухаармаар.

Цол дагаж бяр нэмдэг гэж бөхчүүл ярьдаг. Тэгвэл алба тушаалыг дагаж ухаан, чадвар ирдэггүй харин хариуцлага хамт ирдэг юм. Тийм байхад алба тушаалтай хамт ирсэн хариуцлагаа умартаад бүхнээс илүүг чадагч, бүхнээс ухаантай царайлагч болчих нь инээдэмтэй бөгөөд ичгүүртэй. Алба тушаалдаа тохирч дүйцэхүйц ухаан, чадвартай болохын төлөө цаг нартай уралдан өөрөө хичээх хэрэгтэй. Эс тэгвээс нэн удалгүй албаны малгай чинь толгойдоо гангадаж, хүмүүст гологдон, гоочилогдоно. Өндөр алба тушаалгүй гэж бүү чамлан шанал. Өндөр алба тушаалд суух хүн би мөн үү биш үү гэж өөрийгөө чамлан шанал. Хүмүүс намайг хүндлэхгүй, хүрээлэхгүй байна гэж бүү зовон шанал. Хүмүүст өөрийгөө хүндлүүлэхээр, хүрээлүүлэхээр зүйлийг хийж

чадсан уу үгүй юу гэж зовон шанал. Төрд зүтгэж байгаа хэн боловч энэ дөрвөн шаналанг санаж яваг.

Ичих булчирхайгаа хатааж, нүүрээ ширлэж хэрхэвч болохгүй. "Хүн бол нүүр нь улайдаг, тодорхой нөхцөлд улайх ч ѐстой цорын ганц амьтан" юм гэсэн. Тэр тусмаа төрийн хүний нүүр тодорхой нөхцөлд бүхнээс түрүүнд улайдаг байх ѐстой. Ичих нүүрэндээ илэг наасан мөчөөсөө төрд зүтгэх эрхээ хаяж гээсэн гэдгээ ухаар. Төрийн хүнд улааныг үзээд урвах, шарыг үзээд шарвах тогтворгүй зан хэрэггүй. Төрийн хүн тогтвортой араншинтай, тогтсон зарчимтай байх хэрэгтэй. Арслан шиг архираад зурам шиг зугатах хүнийг хэн ч, хэзээ ч хүндлэхгүй. Өөрөө хэлж ярихаасаа урьд хүмүүсийг чагнан сонс. Тэр тусмаа "Үнэн хэчнээн гашуун байсан ч, чих тавин сонс". Цэцэнд хоѐр чих цөөднө, тэнэгт нэг хэл илүүднэ гэдэг үг төрд алба хашиж байгаа хүн бүр бодож явах бодол, санаж явах санаа мөн. Хэнхдэг дүүрэн муу санаа, хэвэл дүүрэн зусар аргатай хүмүүсээс дөлж болгоомжил. Тийм хүмүүс олширсон гэнэ. Ийм хүнтэй ойр байвал хөлдүү мөсөн дээр суусан мэт дороос жиндүүлж, хүйтэн салхи сүвээ рүү үлээх мэт хажуугаас жихүүцүүлнэ. Илүү харж, билүү долоох хэрэггүй. "Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна" гэж айлдсан мэргэдийн үгийг марталгүй санаж яв. Бусдын том аяга руу бүү өнгий. Ядарч зовсон хүмүүсийн жижигхэн бор аягатайгаас нь битгий илүүчил. Төрөөс хайрласан тэр л тагшаар ууж бай. Өөрийн үзэл бодол, үнэт зүйлс, үндсэн зарчимдаа асар хүчтэй салхинд ч

ажралгүй тайван зогсох аварга сүрлэг мод лугаа адил бат тууштай бай. Энэ бол төрийн хүнд зайлшгүй байх ѐстой сайн чанар. Сайныг бодохоос урьд мууг мэдэрч шийдвэрээ гарга. "Сайныг муугаас ялгаж чадаг хүн ухаалаг бус, харин хоѐр муугаас аль хор хөнөөл багатайг нь сонгож чаддаг хүн л ухаант мэргэн болой".

Нэр төрд шунахын хэрэггүй. Нэр төр гэдэг олдохдоо

хэцүү, алдагдахдаа амархан эд. "Нэр төрд шунасаар хүний ухаан самуурч, айсуй аюул ослыг анзаарахаа больдог" юм.

Төрийн хүн бусдад хар буруу санан, сэтгэлдээ тээж явах хэрэггүй. Тэр тусмаа улс төрийн өс хонзон өвөрлөн явж болохгүй. Улс төрийн өс хонзон урхаг ихтэй. Улс төрийн өс хадгалж явахын оронд улс төрийн соѐл эзэмших хэрэгтэй. Улс төрийн соѐл нь ухаалаг улс төрчийг нэрийн хуудас мэт дагалдана. Савны хирээс санааны хир хэцүү гэдэг. Савны хирийг угааж цэвэрлэж арилгана. Санааны хирийг савандаж угааж болдоггүй. Тиймээс санаа сэтгэлдээ хир буртаг агуулж өөрийгөө зовоох хэрэг огт үгүй.

Төрд өөдгүй хүмүүс нэмэгдэж байгаа бол гайхах хэрэггүй. "Төр засаг л хүнийг хүмүүжүүлнэ. Сайн төр сайн хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй хүмүүсийг буй болгоно". Төрийн сайн албаттай байя гэвэл сайн засаглалтай байх хэрэгтэй. Төрийн ухаант мэргэн албатууд л ядарч зовсон өргөн олон иргэдийнхээ урсах нулимсыг хатааж, бөгтийсөн нурууг тэнийлгэж өгөх

тавилантай. Түмэн олон ардын цээжинд нар гарч, сэтгэлд цэцэг ургах сайн цаг дөтлөн ирнэ хэмээн найдан хүлээе.

Өөртөө итгэ

2008 оны 12 сарын 19 Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг. Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу?

Хэн бүхэнд гар дор нь байгаа. Өөрийнхөө хүчинд итгэ. Өөртөө итгэхүйд суралц. Өөртөө итгэхгүй байж бусдад яаж итгэх юм бэ? Өөртөө итгэдэггүй хүн өөрийгөө ч хайрлаж мэддэггүй. Өөрт байхгүй юмыг бусдад өгч чаддаггүйтэй адил өөрийгөө хайрлахгүй байж яаж бусдыг хайрлах билээ дээ. Ийм байдлаасаа болоод хүн итгэл хөсөрдсөн, хайр дутсан орон зай руу аажим аажмаар гулсан орж явчихна. Тийм орчинд амьдарч

байгаа хүнээс аз жаргал алсын алсад холдож хөндийрөн хүнийсэнэ. Ер нь итгэл хайрыг эвдэн бусниулах нь тэр хүнд учруулж болох хамгийн том хөнөөл гэдгийг ухаантай хүн болгон бодож явууштай.

Өөртөө итгэдэггүй хүн гутранги үзлийн боолчлолд талхигдан зовж явах гунигт тавилантай. Гутранги үзэлтэн амьдралын гэрэл сүүдэртэй аль ч асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь эхэлж хардаг хууч зуршилтай болчихдог зовлонтой. Гутранги хүн өөртөө тамыг л бүтээж насаа илээдэг. Хүний амьдралд төөрөх түмэн сэжүүр, будилах буман салаа бий. Урхи занга энд тэндгүй. Ангал хавцал хаа сайгүй. Өөртөө итгэлтэй хүн энэ бүхнийг тойрч гарах ухаантай, туулж давах зоригтой, тэсч үлдэх тэвчээртэй байна. Өөртөө итгэлгүй хүний хүсэл мөрөөдлийн мод хэзээ ч нахиалахгүй, жимсэлж цэцэглэхгүй, хатаж ѐрдойн хоцорно. Өөртөө итгэлгүйгээр хийсэн бүхэн дутуу дулимаг. Төгс төгөлдөр болно гэж хэзээ ч үгүй. Өөртөө итгэлгүй хүний үйлдэл бүхэн дутуу сүнстэй, доголон явдалтай. Өөртөө итгэлгүй хүн биеэ үргэлж голж чамлан, чадахгүй мэдэхгүй гэх зохиомол хүлээсээр өөрийгөө чивчиртэл хүлж багласан байдаг юм. Өөртөө итгэлгүй хүн шийдмэг бус, зоримог бус. Эрсдэл хийх чадваргүй. Тиймээс бүтээлч бус. Шийдвэр гаргахдаа удаан. Эргэж хургаж, эргэлзэж тээнэгэлзэж байж сая нэг юм шийдэхчээн болдог. Цаг алддаг. Алдсан цагийн хором бүрээр шийдвэрийн үр дүн

хорогдоно. Өөртөө итгэлгүй байх нь ямар их хохиролтойг харж байна уу? Тийм хүмүүс эцэс сүүлдээ өөрийгөө нарт орчлонд байх нь хэрэгтэй, хэрэггүйгээ ч ялгаж салгахаа болих хүртлээ донгиордог.

Тэгвэл чи энэ орчлонд хэрэгтэй. Чамгүй бол орчлон ертөнцөд хөг аялгуу дутна. Чиний орон зайг хэн ч нөхөж чадахгүй гэдгийг эхлээд ой тойндоо уусан шингэтэл ойлгон мэдэр. Тэгээд өөртөө итгэх итгэлээ алхам алхмаар сэргээ. Өөрийгөө бусдаас дутуу гэж үнэлж явах нь тийм ч муу, тэнэг адгийн араншин биш. "Би өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж үнэлж явдаг. Тэр маань намайг дандаа ирлэж явдаг байхгүй юу" гэж мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж хэлсэн байна лээ. Сонсож байна уу. Их аварга хүртэл өөрийгөө хүнээс дутуу гэж үнэлэн, дутуугаа гүйцээхийн төлөө ухаан бодлоо чилээж, эр бяраа хөвчилж, өөрийгөө ирлэж суудаг байна шүү дээ. Бусдаас дутуу гэж өөрийгөө голж чамлаад, урвайж унжийгаад суугаад байвал дутуу чигээрээ л үлдэнэ. Тэр ч бүү хэл илүү, дутуугийн хоорондох зай холдон холдсоор байх вий. Чамаас илүү гэж чиний бодож байгаа тэр хүн тийм ч хол илүү биш.

Чи тууштайхан, хичээж чармайгаад оролдоод үзвэл илүү дутуугийн зааг ялгаа тун багасаж байгаа нь аяндаа ойлгогдоно. Нэг л өдөр эн зэрэгцэн ирж, өөрийгөө дутуу биш гэдгээ мэдэрч, хол илүү гарах хүслийн жигүүр чамайг өд шиг хөнгөн хөтлөх болно. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Итгэл байваас бүх юм амьд, бүх юм утга төгс болдог. Өөрийн итгэлийг сэргээж чадсан хүн бусдад

ч итгэж эхэлнэ. Бусдын итгэлийг хүлээх нь хэн бүхэнд жаргал, таашаал болдог. Тэр тусмаа танихгүй хөндлөнгийн хүнээс хүлээх итгэл чухам гэнэтийн бэлэг шиг мэдрэмж төрүүлдэг. Түмэн хүн холхисон олон хөлийн газар хэн нэгэн таньж мэдэхгүй хүн та миний ачааг түр харж байхгүй юу гэж олны дундаас чамд итгэн хандвал чи өөрийнхөө ачаа бараанаас илүү тэр хүнийхийг нүд цавчилгүй ширтэн, өндгөө дарсан шувуу мэт хамгаалах болно. Олны дундаас чамд итгэлээ шүү дээ. Энэ итгэл чамд баяр баясал, таашаал мэдрэмж, хариуцлагыг хамт авч ирнэ. Итгэл бол асар их хүч гэдгийг чи тохиолдлын энэ жижиг үйлээс төвөггүй ойлгоно. Хэн нэгэнд үнэн голоос итгэх аваас тэр чамайг хуурч чадахгүй. Насан туршдаа итгэлийг чинь найдвартай, нандигнан хадгалагч, итгэлт хүн чинь байсаар байна. Үнэн голоосоо итгэсэн гэдгийг мэдэрсэн зүрх хуурах алхамд хэзээ ч жолоодохгүй. Аман дээрээ нэгийг яриад, ачир дээрээ нөгөөг хийдэг хүн олны итгэлийг хүлээдэггүй. Түмний итгэлийг дааж явья гэвэл ам, ажил хоѐр адил ижил байх учиртай. Өнгөн дээрээ инээд, өрцөн дотроо хорсол тээсэн хүн бусдын итгэлийг удаан хүлээдэггүй. Өрцөн доторхи хорсол өнгөн дээр ил харагдахгүй ч үйлдэл хөдлөлөөр нь ил болж танигдана. Тэр цагт ямар ч хөгжилтэй цагаан инээд итгэл төрүүлж, өрцөн доторхи хорсол заналыг хаацайлж чадахгүй.

Алдаа дутагдлаа ухаардаггүй хүн амьтан хүний итгэлийг олдоггүй. Алдаагаа ухаарах нь амжилт бүтээлийн нөхөр, алдаагаа хаацайлан тайлбар тавих нь уруудал

доройтлын хань хамсаа. Алдаа гаргаж болохгүй гэсэн байнгын дарамтан дор байдаг хүмүүс аймхай үхэнц болдог. Тэд хаашаа ч хөдөлж чадахгүйгээр алдаагаа отон суух тавиланд хөтлөгдөнө. Хөдлөх л юм бол ямар нэг байдлаар буруудчихна. Тэгээд нэг л байрандаа ургаа хад шиг хөшиж суусаар насыг илээхэд хүрдэг. Алдаанаас айж уйтан давчуу нүхэнд өөрийгөө бүү хорь. Аль болох баялаг, халгиа цалгиатай амьдар. Алдаанаас ангид хүн тоост орчлонд үгүй. Гагцхүү нэг алдаагаа давтаж болохгүй. Тэгж чадвал чи жинхэнэ утгаар өсч хөгжинө. Алдаан дээрээс оноог ухаарна. Буруу гэдгийг ойлгож байж зөвийг танина. Алдаа дутагдлаа ухаарч ахин давтахгүй байгаа хүнд итгэж болно.

Ил магтаж, далд муулдаг авиртай хүн бусдын итгэл хүлээдэггүй. Тийм хүмүүсийг танимагцаа зайгаа барьж холдох нь өлзийтэй. Харин хайраа дотроо хадгалж, халаа гаднаа гарган, хатуу ширүүн шүүмжилж байгаа хүнтэй холын зайгаа ойртуулан дотнос. Хүмүүс хов живэнд чихэр бурам шиг дуртай. Хов жив амнаас аманд дамжихдаа өөлж муулах хачир чимгээр баяжаад байдаг. Их мөрний усыг элсээр хааж болдоггүйтэй адил ам дамжин яригдах хов живийг хааж хорих аргагүй. Харин багасгаж болно. Багасгах хамгийн сайн арга нь чи өөрөө хов жив ярихгүй байх. Хов жив шимтэн дурлаад байх сайхан зүйл ердөө ч биш. Хамгийн хорлонтой нь хов жив хайран цагийн дайсан. "Хов жив хорт могойн толгойтой байдаг" учир түүнээс хол байх нь дээр. Хов жив ярих дуртай хүнээс сэтгэлээ нээж, итгэлээ даатган ярих сайн

нөхөд нь холдон холдсоор орхин одно. Хов жив ярих дуртай хүмүүс бусдыг өөлж муулахдаа гаргууд байдаг. Хэн нэгний ар хударгаар нь өөлөн тохуурхаж, бах таваа хангах нь сайн хүний шинж биш. Зигмунд Фройдийн бодлоор бол хэн нэгнийг шоолж шоглохын цаана түүнийг үзэн ядсан уур хорсол нуугддаг. Дайран довтлох гэсэн хүсэл тачаадлаа шууд бус аргаар буюу наргианч аясаар ханган түүнээсээ таашаал авдаг гэнэ. Тийм хүмүүс мэр сэр бий. Бурхан дүрт тийм мангасаас сэргийл. Ер нь хүмүүст сайн сайхан юм бэлэглэж чадахгүй бол ядахдаа муу муухай юм битгий хий.

"Итгэлгүй хүнтэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу". Итгэлийг даана гэдэг хүний шилдэг чанаруудын нэг яах аргагүй мөн. Өөртөө итгэлтэй хүн л бусдын итгэлийг дааж чадна. Өөртөө итгэлгүй хүн бусдын амыг харж, дохио заавараар хөдөлж, эцэс сүүлдээ дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөн явах болдог. Өөртөө итгэлгүй хүн ямагт айдас болгоомжлолын шүхэр дор нуугдаж амьдрахад хүрнэ. Өөртөө итгэлгүй хүн нүдтэй мөртлөө сохор, чихтэй мөртлөө дүлий амьдарч байгаа хүнээс онцын ялгаа үгүй. Өөртөө итгэлтэй хүн өнгөнд мансуурч, мөнгөнд донтож, шалиг балигт живж, эрх мэдэлд улайрах адгийн замыг хэзээ ч сонгохгүй. Тэд үүрдийн золыг умартан, зуурдын жаргалыг хөөцөлдөхгүй. Өөртөө итгэлтэй хүнийг хэн ч цагдаж чадахгүй. Өөртөө гүн бат итгэ. Чи чадахгүйгээ чадна. Сурахгүйгээ сурна. Бэрхийг гэтэлнэ. Хүндийг үүрнэ. Зовлонг туулна. Жаргалыг даана. Өөртөө итгэлтэй

болчихвол бусдыг аялдан дагалдахгүй, өөрөө өөртөө зам нээж, итгэл төгс алхана. Ийн алхаж байхдаа жинхэнэ амьд ахуйн эрх чөлөөг сэтгэл тэнүүн мэдэрнэ. Өөртөө итгэлтэй хүн жинхэнэ хувьтай хүн.

Жинхэнэ хувьтай хүн жаргаж байхдаа ч сэрэмж алддаггүй, зовлон дунд ч сэхээ алддаггүй хүн билээ. Өөртөө итгэлтэй, жинхэнэ хувьтай хүн байх боломж хүн бүрт нээлттэй байгаа шүү!

Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн аз жаргалтай

2009 оны 01 сарын 03

Эх орон нэгт элгэн түмэн монголчуудад минь морилон ирж байгаа шинэ 2009 он аз жаргал авчрах болтугай. "Хөдөлмөр бол аз жаргалын эцэг". Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе.

Ажил хөдөлмөрт шунан дурлаж, ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа аз жаргал гэж үздэг тийм хүмүүс л жинхэнэ аз жаргалыг амсаж эдлэж байдаг юм. Хөгжил дэвшилд ч хөдөлмөрлөж байж хүрнэ, хүндрэл бэрхшээлийг ч хөдөлмөрлөж байж туулна. Шинэ онд өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өргөн олон түмнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөцгөөе.

"Газар хагалах нь яруу найраг бичихтэй адил тийм нэр төртэй үйлс гэдгийг ухаараагүй ямар ч үндэстэн хөгжил цэцэглэлтэд хүрч чаддаггүй" гэнэ. Мал сүргээ маллаж, тариа ногоогоо тарьж, барилга байшингаа барьж, эрдэс баялгаа ашиглаж, оюуны баялгаа арвижуулж, яруу найраг, яруу тунгалаг хөгжмөө туурвин, нэр төртэй үйлс

бүхнийг бүтээж, хөгжил цэцэглэлтийн өндөрлөг өөд итгэл төгс урагшилцгаая.

Өөр хоорондоо болон өөр улс үндэстэнтэй эв найр, эвлэрэл зохицлыг эрхэмлэе. Ямар ч хямрал бэрхшээл тулгарлаа гэсэн улс үндэстнээ гэх нэгэн үзүүрт сэтгэл Та биднийг бат бэх холбож байг. Хамгийн бат бэх холбоо уучлалаас болон найрамдлаас бүрддэг гэдэг. Уучлах нэгнээ уучилж, найрамдах нэгэнтэйгээ найрамдаж, өнгөрсөн гомдлыг мартан, өнийн баяраа хамтдаа хуваалцая.

Манай нийгмийн үндэс болсон гэр бүл амар амгалан, аз жаргалтай байг. Эмэгтэй хүнд зовлон учруулах замаар эрэгтэй хүн, улмаар гэр бүл аз жаргалтай байна гэж хэзээ ч үгүйг эрхбиш ухаарая. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлацгаая. Хайрлах болон хайрлагдана гэдэг бол аз жаргалын охь манлай юм. "Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн чухам аз жаргалтай". Та бүхэндээ гэр бүлийн аз жаргалыг ерөөе!

Цаг заваа дэмий юманд бүү үр

2009 оны 01 сарын 07

Та бидний өвөг дээдэс цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй гэж сургамжлан захисан. Энэ сургаал үг цагийн юмыг цагт нь амжуул гэсэн утгыг агуулахын хамт цаг заваа дэмий юманд бүү үр гэсэн санааг давхар илэрхийлсэн гүн утгатай. "Мөнгө үнэтэй, хүний амьдрал түүнээс үнэтэй ч цаг хугацаа бүхнээс үнэтэй" гэсэн нэгэн ухаантны үгийг би өмнө ишлэн өгүүлж байснаа давтан хэлж байна. Цаг хугацаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь гэдгийг цаг нартай уралдан бүтээж, туурвидаг хүн бусдаас илүү ойлгон хэрэгжүүлнэ. "Хэрэв цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цагийг гарздах нь хамгийн том үрлэг мөн". Харамсалтай нь ихэнх хүмүүс "хамгийн том үрлэгийн" эзэд байдаг. Хүн мөнгөө дэмий юманд үрчихвэл харамсдаг. Тэгсэн мөртлөө бүхнээс үнэтэй алтан цагийг дэмий үрж гарздаж байна гэдэгтээ тэр болгон харамсдаггүй.

Хүмүүс мөнгөтэй, мөнгөгүй, их мөнгөтэй, бага мөнгөтэй янз бүр. Харин тэнгэр бурхан хүн бүхэнд ижил тэгш хайрласан, мөнгөнөөс хавьгүй үнэт баялаг бол "цаг". Цагийн үнэлэмж хүн бүрт өөр, өөр. Нэг хэсэг нь цагийг нүдний цэцгий мэт хайрладаг үнэт эрдэнэсийнхээ магнайд залж дээдэлнэ. Нөгөө хэсэг нь цаг завгүй гэж үглэнэ. Зарим нь цаг нөхцөөх гэж зовно. Цагийг шал дэмий зүйлээр оролдон өнгөрөөдөг хүн цөөнгүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж хүлээсэн хүнд цаг

хэчнээн удаан өнгөрнө гээч. Жаахан удаад өгөөсэй гэж хүссэн хүнд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. "Дундаж хүмүүс цагийг яаж үрэхийг бодож байдаг бол авьяаслаг хүмүүс түүнийг яаж зөв ашиглахыг бодож байдаг" гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Ухаант залуус та нарыг цагийг яаж зөв ашиглахыг бодож байдаг хүмүүс байгаасай гэж хүснэ. Зөвхөн бодоод суугаад байх биш цаг алдалгүй хэрэгжүүлдэг болоосой гэж бүр их хүсч байна.

"Хэрэв сайн л ашиглаж чадвал цаг ямагт хангалттай олддог" юм. Цагийг сайн ашиглах хосгүй эрдэмд шамдан суралцах хэрэгтэй. "Цагийг үрэлгэн өнгөрөөх нь бүхнээс муу хэрэг" гэдгийг зүрхэндээ мэдэрч, чөмгөндөө шингээж авсан хүн цагийг үр ашигтай өнгөрөөдөг болно.

"Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг" гэж эртний Римийн нэгэн ухаантан уулга алдан харамсчээ. Хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ амьдралаа зориулахын тулд цагийг зөв ашиглаж сурах шаардлагатай. Тэгж байж амьдралынхаа ихэнх хэсгийг балай тэнэг явдалд үрэхгүй. Цагийг үр ашиггүй нөхцөөж байгаа хүн шүүрэн шанагаар ус хутгаж суугаа хүнтэй л адил. Юу ч хийхгүй зүгээр суух юм уу хэвтэж л байвал аз жаргал гэж үзэх нь мунхаг хүний үйлдэл, асар их гажсан төөрөгдөл мөн. "Хүн зүгээр сууж, гунигтайгаар амиа

тээхийн тулд биш, аугаа их үйл хэргийг гүйцэтгэхийн тулд төрдөг" гэдгийг залуу хүн бүр оюун ухаандаа тогтоож, насан туршдаа санаж яваарай.

Амьдралдаа хэрэгтэй дэг журам тогтоохыг хичээ. Дэг журамтай хүн бүтээлч байдаг юм. Ажилсаг бүтээлч хүмүүс хэрэгцээтэй дэг журмыг тогтоон хэвшүүлж, түүнийгээ ягштал мөрдөж байж амжилт олсон жишээ захаас аван бий. Харин үр ашиггүй, хэрэгцээгүй дэг дэглэм тогтоож өөрийгөө хааш нь ч чөлөөтэй хөдөлгөхгүйгээр баглаж хүлэх нь сайн зүйл биш. Тиймэрхүү хэв маягт баригдсан хүн өөрийгөө царцааж, яваандаа хөлдөөж ч мэднэ. Бусдын тулган хүлээлгэсэн дэг журамд хүлэгдвэл эрх чөлөөт нэгэн байхаа больж, тэрхүү дэг журмын боол болон хөөрхийлөлтэйгээр зовно. Цаг хэмнэхэд сургадаг тийм дэг журмыг тогтоон хэвшүүлж чадвал амьдралдаа асар их буян хишгийг хураан авлаа гэсэн үг. Сайн дэг журмын амин сүнс нь сайн төлөвлөлт. Нягт нямбай сайтар бодож, сайн төлөвлөвөл ажлынхаа хагасыг нь нугаллаа гэж бод.

Одоо хийчихэж болох зүйлийг дараа гэж хэзээ ч бүү хойш тавь. Хойш тавина гэдэг сэтгэлийн ов мэх болохоос өөр юу ч биш. Хойш тавьсан ажил дараа нь чамд амар хялбар байна гэж хэн хэлж байгаа юм бэ? Дараа нь амар хялбар болно гэж горьдохын ч хэрэггүй. Би боломжтой цагийг хүлээж байна гэж хээв нэг хэлж суугаа хүн өөрөө өөрийгөө хуурч, цаг нөхцөөж байгаа ядарсан аргатан. Тэр боломжтой цаг нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ ч үр ашиг багатай. Яагаад гэвэл алдсан цагийн хором

тутмаар аливаа ажил үйлийн хэрэгцээ, ашиг тус хорогдоно.

Дэмий юм ярьж, цаг нөхцөөх хэрэг бүр ч байхгүй. Ялангуяа хов живнээс холхон байсан нь дээр. Өнөөдөр чамд бусдыг ховлож байгаа хүн маргааш чамайг бусдад ховлоно. Харин амьдралд хэрэгтэй тустай зүйл ярьж, зөвлөж байгаа ухаант хүний үгийг амтархан сонс. Чи түүний ярианы цэнгэг булгаас ангаа цангаагаа тайлж, ухаан далайгаас нь хувь хүртэнэ.

Өнгөрсөн үед тохиосон урьдын муу муухай дурсамжийг сөхөн ярихгүй байхыг хичээ. Уур уцаар, гомдол гуниг, өшөө хорсол, үзэн ядалтаас өөр юу ч авч ирэхгүй. Харин ч дуусч, дундаршгүй хэрүүлийн бузар тарьж, аниж байсан шархыг сэдрээж, даарин дээр нь давс үрэх болно. Уур хорсол уур хорслоо л үржүүлдэг. Энэ тойрогт эцэс мухар байхгүй. Тиймээс уур хорсол тээж явах хэрэгцээ шаардлага огт үгүй гэдгийг санаж яв. Хорссон хүмүүс, хүний биен дээгүүр дургүй хүргэн гүйж, зөвхөн шархтай газарт нь зогсдог ялаатай адил гэсэн тааламжтай бус зүйрлэлийг нэгэн нэрт зохиолч хэлсэн. Хорсолтой хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй юм. Ажилгүй зүгээр суух нь цаг заваа дэмий үрэхийн адгийн цаадах адаг билээ. "Ажилгүй зүгээр суух нь зөвхөн харанхуй бүдүүлэг байдлыг төрүүлээд зогсохгүй өвчин үүсгэх шалтгаан болдог" байна. Юу ч хийхгүй байхаас илүү хортой шаналгаа энэ ертөнцөд байхгүй юм гэсэн. Залуус та нар ийм хортой шаналгаагаар зовж шаналж суух учиргүй ээ. Зүгээр суусан хүний сэтгэл зэвэрч, оюун

санаа нь хогийн хорт ургамалд идэгддэг. Зүгээр суугаад байвал тэнгэр бурхнаас заяасан гайхамшигт авьяас билэг ч асч байсан лаа шиг урсаж багассаар бөхөж, атаршина. Юу ч хийхгүй зүгээр сууж, дэмий холхин цагийг нөхцөөгсөд нэн удалгүй түүндээ дасал болж, гараа хөдөлгөж, тархиа ажиллуулахаас дургүй нь хүрч, залхуугийн намагт улам бүр гүн шигдэнэ. Улмаар өөрөө дүрсэн тэр хавхнаас хөлөө сугалахад бэрх болно.

Хийх ажилгүй амьдралд живж орхивол муу зуршилд идэгдэнэ. Хүний сайн чанаруудыг хөнөөгч муу зуршлууд олширчээ. Энэ муу зуршлуудад идэгдвэл хүн бүр муу муухай юм лавшруулан хийж эхэлнэ. Энэхүү муу зуршлыг архи хэмээх амьдралын дайсан тэргүүлж байна. Ер нь "архидалт бүх гажигийн эх" байдаг. Архидалт, гэмт хэрэг хоѐр төрсөн ах дүүс. Төмөр сараалжин цонхтой архины мухлагаас өргөст торон хашаатай шоронгийн хаалга хүртэл өргөн дардан зам засаастай бэлэн байна. Олон золгүй явдлыг өдөөгч эх үүсвэрүүд архины тунгалаг шингэн өнгөнд ил харагдахгүй ч ад хорлолын хар бараан сүүдэр нь далд нуугдаастай отож байдаг юм. Эр нөхрийнх нь гудран уусан архи эхнэр, хүүхдийнх нь нулимс болон садран асгарна. Хар тамхины бөөн хар аюул хаалга тогшиж эхлэв. Хар тамхитай ямар нэг байдлаар холбогдсон хүн амь амьдралаа сонголтгүйгээр үрэн таран хийнэ. Тэдэнд ариун гэгээн юм гэж нэг ч үлддэггүй. Хуурна, залилана, хулгайлна, дээрэмдэнэ, мансуурна, донтоно. Бүх муу муухай үгний цуглуулга хар тамхичин дээр овоорч, эцэс

сүүлдээ хайран биеэ хөнөөнө. Архинд хөлчүүрсэн хүнийг садар самууны зам хүзүүгээр нь оосорлосон дуулгавартай нохой адил хөтлөнө.

Тоглоом, наадгай хайран цагийг залгих шунаг сувдаг тулам юм. Тоглоомондоо улайрсан хүн цаг яаж өнгөрснийг ч тэр бүр мэддэггүй. Тоглож болно оо. Тэгэхдээ цаг хязгаартай байх ѐстой. Энгийн цагаан тоглоомноос мөрийтэй хар тоглоом руу гулсвал тоглоом шоглоом болон хувирна. Мөрийтэй тоглоом зөв замаар өгсөж явсан хэчнээн олон сайхан хүнийг буруу зам руу түлхэж уруудуулсан билээ дээ. Мөрийтэй тоглоомноос болж амьдрал уруудан доройтсон гүнийг ч, учруулсан хохирлын өгсөж талийсан өндрийг ч хэмжих аргагүй. Сэтгэл санаанд учруулах хохирол нь уул, далай мэт. Архинд шунан донтож архаг архичин болдог бол тоглоомонд шунан донтож хорхойссон тоглоомчин болж мансуурна. Тэр ч бүү хэл өсвөр насны хүүхэд хүртэл шинэ цагийн тоглоомонд донтож, сэтгэл мэдрэл нь гажигтах болсон нь юутай их харуусал. Тоглоомны дон хүүхэд, залуус та нараас холын хол далд өнгөрөг. Зугаа цэнгэл, шалиа балианд зарсан өдөр хоног, цаг мөчийнхөө төлөө хожмын өдөр чи харамсан халаглана. Гэхдээ тэр үед бүх юм урсан өнгөрсөн байх вий. Урсаад өнгөрсөн голын усыг буцаан урсгаж болох биш. Хий харамсаж, өөрийгөө зүхэхээс цаашгүй.

Хүний амьдрал богинохон шүү. Хором хормоор хорогдох алтан цагийг хий дэмий юманд бүү үр!

Өөрийн замаа өөрөө бүтээ

2009 оны 01 сарын 08

Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл.

"Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг" учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ѐстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий. Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм. Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр "сөрж амьдар". Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.

Амьдралынхаа утга учрыг мэд. "Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг" гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний

сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр "Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно" гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм. Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоѐр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх. Та нарын хэрэглэж байгаа интернэт хэмээх их хаант улс дэлхийг бүрхэн эзэгнээгүй гэж үү? Та нарын сонирхон үзэж байгаа киног ертөнцийн өнцөг булан бүрт үе тэнгийнхэн чинь амтархан үзэж суугаа. Энэ бүхнийг тануусын нэгэн адил усан нүдтэй, цусан зүрхтэй төрсөн хүн бүтээж, дэлхийг эзэгнэн мандаж байна. Та нарын

сонсох дуртай хамтлаг, дуучдыг орон орны залуус шимтэн сонсож байгаа. Тэд хүн төрөлхтний оюун санааг эзэмдэн, байлдан дагуулж од болон гялалзаж байна. Эд цөм залуу насандаа од болсон шүү дээ. Та нар ч тэдний нэгэн адил их үйлсийг бүтээн цогцлуулж чадна. Энэ бидний хувьд санашгүй санаа, гэтэлшгүй даваа, тэдний явдаг харгуй тусдаа гэж бодож яваа бол туйлын буруу. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсорч, зорьсондоо хүрэхийн нэр. Аугаа зүйлд аугаа эрч хүчээр л хүрнэ. Тэр эрч хүч та нарт байгаа. Одоо харин дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашиглах хэрэгтэй.

Хүний дур зорго гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө замыг зааж залж явдаг шидэт зүйл бий. Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Ялангуяа залуу хүний дур зорго ѐстой л дөрвөн зүг найман зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй. Дур зорго нь хүн өөрөө хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршдаа төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх. Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал. Зугаа цэнгэл хийгээд тачаал хөөхөөр зүглэж чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж, оюун ухаан нь түүний боолын боол, босгоны шороо болон дарлагдах аюултай. Атаа жөтөө, шунал тачаал, мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү

тариал. "Муу үр хурдан соѐолдог" юм. Муу үр нэгэнт соѐолсон бол түүнийг дарж авахад бэрх болно. Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой. "Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ѐс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй". Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ѐстой. Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлж, оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.

Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ. Бүх хэрэгцээг чинь бэлэн зэлэн бэлдээд, цэцэг барин тосч байдаг амьдралын зам хаа нэгтээ бий гэж хууртан андуурав. Тийм өөгүй тэгш, галт тэрэгний зам шиг гажих займчих чөлөөгүй зам өдий хүртэл хэнд ч заяагаагүй. Ийм замыг аль нэгэн ачтан засан өгч, хөтлөн аваачна гэж амаа ангайн, гараа тосон хүлээвэл холын зэрэглээг голын ус гэж андууран хөөсөөр цангаж үхдэг гөрөөсний гунигт хувь заяанаас өөрцгүй тавилан чамайг хүлээнэ. Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм. Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах

сэтгэл зүйн бэлтгэлтэй бол. Ингэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй. Толгодын цаана зовлон отож, инээдэн цаана нулимс нуугдаж, цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран, хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд нь бэлэн байгтун.

Хямдхан амьдрал энэ орчлонгийн хаана ч байхгүй. "Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн" байдгийг мэдээрэй. Байхгүй юмыг хайна гэдэг ухаангүй хэрэг. Харин "олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах" нь ухаантай хүний үйлдэл.

Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. "Аймхай хулчгар хүн гамшигт унадаг" гэж сударт өгүүлсэн байдаг бол Оросын цэргийн алдарт жанжин Суворов "Зориг зүрхгүй хүн заавал ялагддаг" гэх үгийг үргэлж хэлдэг байж. Аймхай хулчгар, эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. "Зориг байгаа газар зам нээгддэг". Их эртний энэ зүйр үг эргэлзээгүй үнэн билээ. Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж, туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг. Би заавал чадна гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ тээж яваа хүний хийхээр зорьсон арван зорилгын найм, ес нь лав биелнэ байх аа. Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин

тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.

Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай. Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна. Ямар ч орчин нөхцөлд авхаалж мэдрэмжтэй зохирч зохицож сур. Яг л сүү шиг. Сүүг аяганд хийвэл аяганы хэлбэрт орно. Бортгонд хийвэл тэр хэлбэрт очно. Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун. Чиний явах замын зургийг хэн ч бэлдээгүй. Чи өөрөө зурж, өөрийн мөрийг үлдээж явна. Зөв замаа олохын тулд чи олон удаа буруу хаалга тогшиж мэднэ. Энэ бүхэндээ гуниж гутрах хэрэггүй. Зөв замаа бүтээж чадна гэдэг итгэлээ л хэзээ ч хаяж, гээж болохгүй. Өөрөө замаа олоогүй байж бусдад замчлах гэж бүү мунгина.

Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй. Залхуу залхагийн муу зуршилд идэгдэж, залхуу хойргод уусаж, үүлгэртэж амьдрах нь орчин цагийн залуу хүн чиний амьдралын зам байж яавч болохгүй гэдгийг бодогтун. Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж. Гэхдээ хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. "Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих".

Амьдралынхаа гэрэлт замыг чи өөрөө бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй бай.

Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил

2009 оны 01 сарын 31

Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ѐстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд.

Буянтнуудын тусыг хүртдэггүй хүн энэ хорвоод үгүй. Буянтны тусыг тосон авахад ч, буян санаж өгөхөд ч учир бий. Авах ѐстойгоос илүүг авах гэж бүү шуна. Бас өгч чадахаасаа илүүг өгөх гэж бүү шанал. Чин зүрхнээсээ өгөх нь ч, авах нь ч аль аль нь сайхан. Хариу горьдолт, харамж тооцоо энд байх ѐсгүй. Буяны тус наймаа биш.

Чи тус болсон хүнээсээ урмын үг, баярын нулимс шаардах ѐсгүй. Харин урмын үгээ хэлж, баярын нулимсаа арчих эсэх нь буянтнаас хишиг хүртэгчийн ѐс суртахууны хэр хэмжээний асуудал. Жинхэнэ буянтны сэтгэл нь нээлттэй, ам нь хаалттай байдаг юм. Ер нь буяны үйлсийн талаар тус болсон нь дуугүй байж, тусыг хүртсан нь дуугарч байх нийтлэг нэгэн зарчим бий. Их ч бай, бага ч бай буянт үйлсээрээ гайхуулан шагшуулах хэрэггүй. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил. Тийм хүмүүс гайхуулаад байх буянтнууд төдийлөн биш, ажлаасаа ам нь давчихсан байх нь элбэг. Аль эсвэл буянт үйлс бүтээсэн ч түүнийгээ нийтийн тусыг бодож хийгээгүй, хувийн ашиг хонжоо бодож үйлдсэн байх нигууртай. Буянт үйлсээр гайхуулагсадаас их буяныг хүлээгээд нэмэргүй. Жинхэнэ буянтай үйлсийн эзэд намайг хэн юу гэж магтах бол гэж горьдлого тээн, чих тавин чагнадаггүй. Яруу алдраа даяар цуурайтуулан зогсч байгаагаар төсөөлөн, сэтгэлээ зогоон хүлээдэггүй. Хийх ѐстой зүйлээ хийсэн гэж бодно. Харин дутуу хийсэн болов уу, тус болж чадсан болов уу гэж сэтгэлээ чилээн, санаа зовж явна. Буянтай үйлсийн үнэ цэнэ өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэх дуудлага худалдаанд хэзээ ч ордоггүй билээ. Итгэл алдарч, гуниж гутарсан хүнд урам хайрлаж, зориг нэмсэн шидэт үгийг хэлэх нь буяны дээд буян. Энэ үгс бөхөн алдаад байсан итгэл найдварын гэрлийг зүрхэнд нь эргүүлэн асааж өгнө. Санаа зовон, сэтгэл түгшсэн хүнийг сэтгэл засах бүлээн дулаан үгээр тайтгаруулан тайвшруулах сайн санааны

үйл нь усгүй ээрэм талд ундаасаж ангасан хүнд уух ус өгч, ангаа цангааг тайлах буянтны үйлдэлтэй адил ижил.

Тэр надад хэзээ ч туслахгүй гэж бодож байсан хүн нь ядарсан үед буяны гараа сунгаж туславал дээдийн буян болоод зогсохгүй сэтгэлийн гэгээ, нүүр дүүрэн мишээл баярыг хамт хайрлана. Ийм буяны тус хэд дахин үнэ цэнэтэй. Тэр надад зайлшгүй туслана гэж итгэн хүлээж байсан нөхөр нь урмыг хугалан чимээгүй байх нь сэтгэлд асч байсан итгэлийн зулыг үлээн унтраахтай адил. Тэгэхдээ энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд тултал сануулна. Үүнээс адгийн хорлол тэр бүр байхгүй. "Хүмүүст ихийг өгч, өөртөө багыг шаарддаг хүн сайн, бусдад багыг өгч өөртөө ихийг шаардагч муу хүн байдаг" гэдгийг эргэцүүлэн бодоорой. Ер нь хэн ч байлаа гэсэн авах болохоор ухасхийдэг, өгөх болохоор гэдэсхийдэг байж таарахгүй.

Бурууг нь шүүмжилж, болохгүйг нь сануулж, болзошгүйг нь сэрэмжлүүлж байгааг инээд алдан, гараа тосон хүлээж авдаг хүн төдийлөн олон биш. Уг нь чиний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж байгаа тэр хүн ачлал буянтан. Тэдний үгийг чих тавин сонсдоггүй юм аа гэхэд чихнийхээ хажуугаар яавч бүү өнгөрөө. Болохгүйг сануулах хүнгүй бол болохгүй бүтэхгүйн намагт гүн гүнзгий шигдэнэ. Бурууг шүүмжлэх нөхөргүй бол буруу бусармагийн хөлгүй далайд живнэ. Сэрэмжлэхийн дээдээр сэрэмжлэхгүй бол ялагддаг юм.

Гатлахуйяа бэрх зовлон бэрхшээлтэй тулгаран шантрах үе чамд тохиож магад. Хийх, бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлээр шатаж явсан эрч хүч чинь ямар нэг шалтгаанаас болж саарах мөчтэй тулгарч болзошгүй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байх салшгүй сайн нөхөд чамд хэрэгтэй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байгаа хүмүүс чиний хувьд цаглашгүй буянтнууд. Тэд байгаагүй бол чи саарсан хүчээ нөхөж, шантарсан сэтгэлээ сэлбэж чадах байсан уу, үгүй юу гэдгээ эргээд бодож байгаарай. Тэд өглөгийн дээдийг өгч, буяны дээдийг хүртээсэн буянтнууд мөн байжээ гэдгийг чи санан дурсаж, баярлан талархах болно. Зовлонтыг өрөвдөн энэрч, золгүйг өмгөөлөн аврах нь зол буяны дээд. Өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэл жинхэнэ буянтных. Өрөвч сэтгэлтний дүр эсгэсэн хий хоосон хөөрхийлөл буянтны багтай буруу бодолтных.

Буянтай байна уу, нүгэлтэй байна уу чиний амьдрал бол чиний л бүтээл. Чамд тохиосон уйтгар гуниг, сэтгэлийн зовиурт чамаас өөр хэн ч буруугүй. Энэ бол чиний тарьж суулгасан үрнээс соѐолж ургасан ургац. Тийм байтал бурууг өөрөөсөө биш, бусдаас эрж хайх гээд байдаг мунхаг төөрөгдөл ихэнх хүмүүсийг ноцон хоргоож байх юм. Бурууг бусдаас хайх шиг амархан юм байхгүй. Гэхдээ тэндээс олох олдвор бүр ч байхгүй. Сэтгэл чинь чамайг есөн шидээр уруу татна. Тэндээс төөрөх түмэн сэжүүр, будилах буман нугачаа үүснэ. Эдний нэг нь бурууг бусдаас хайх мөнхийн төөрөгдөл юм. Ер нь бэртэгчин сэтгэл бурууг гаднаас эрж, хариуцлагаа ямагт

гадна тал руу чихдэг араншинтай. Бурууг бусдаас хайгаад, хариуцлагаас яаж ийгээд мултрах гээд оролдоод байгаагаа мэдэрвэл бэртэгчин сэтгэлд улам бүр хүлэгдэж байна гэдгээ эртхэн ухаарч, засахыг хичээ. Энэ бол өөрөө өөртөө үйлдэж байгаа том буян шүү.

Өөрийнхөө орон зайг баттай эзэл. Эс тэгвээс чи шоовдор хүүхэд мэт гадуурхагдаж, шахагдан тусгаарлагдана. Чиний орон зайг эзлэх гавьяагүй өөр нэгэн эзлэн, хээв нэг сууна. Эзлэх ѐстой орон зайгаа эзэлж чадаагүй хүн бүх юманд сэтгэл дундуур, битүүхэн гомдол тээж, түүндээ хэн нэгнийг дотор сэтгэлдээ буруутгаж явах болдог. Өөрийнх нь орон зайг эзлэхэд нь хүмүүст тусал. Энэ тун их буянтай ажил. Энд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тус дэм хэрэгцээгүй. Чи зөвхөн бурууг нь шүүмжлэн хэлж, дутууг нь гүйцээхэд нь тусалж, хөдөлгөөнгүй зогссон байр сууринаас зөв зүгт хөдөлгөхөд нь амьдралын ухаан далайгаасаа дусал дуслаар хайрла, ачлал буянт зөвлөгөө санамжаа тун тунгаар харамгүй өг. Энэ бүхэн мартахын аргагүй буян болно.

Аливаа буянтай үйлийг чин сэтгэлээсээ үйлдэж бай. Сэтгэлээсээ үйлдсэн буяны үйл урт настай, удаан жаргалтай. Сэтгэлээсээ үйлдээгүй буяны үйл сэмэрч үжирссэн даавууны л настай, тус нэмрээр бага. Албан шахалтаар үйлдсэн буянт үйл аваа өгөө төдий л зүйл болохоос амь сүнсгүй, үнэ цэнэгүй. Шударга бус явдлаас зайлсхийх нь шударга үйлдэл төдийгүй буянтай үйлс. Шударга бусыг үйлдэгсэд буяндаа бузар хийж байгаагаа

мэдээсэй. Шударга бусаар үйлдсэн аливаа зүйлийн үр дүнд буян хишиг өчүүхэн ч хуралдан цуглахгүй, харин нүгэл хилэнцийг хангалттай хураан бөөгнүүлнэ.

Тус хүргэж, буян үйлдсэн хүний ачийг марталгүй санаж яв. Тус болж, буян үйлдсэн хүний ачийг үл санах нь тусыг усаар хариулахаас онцын ялгаа үгүй. "Санаа зөв бол заяа зөв". Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй юм гэсэн шүү. Чамд буян хүртээсэн буянтандаа талархаж сур. Сэтгэлээсээ хэлсэн чиний цөөхөн зөв үгийг сонссон буянтны сэтгэлд наран гийж, зүрхэндээ баяртай үлдэнэ. Тэгж чадвал чамд буян хурна. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулах хэрэггүй, харин гайхамшигтай буянт үйлсийг бүтээж амьдар. Буяны эзэн чамайг хүмүүс аяндаа хайрлан хүндэтгэх болно.

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй

2009 оны 02 сарын 07

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.

Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун. Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины

аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.

Утга учиргүй аялдан дагалдсаар байх аваас гэмгүй нэгэн салбадай байснаа бялдууч, бялангач аюулт этгээд болон хувирахад холгүй. Хүн шиг байж болох хүний хүн төрх, мөн чанарыг алдуулагч - бялдуучлал гэх албин нэн аюултай. "Бялангач зан, зусардалт, аялдан зохицох байдал зэрэг нь томоос том гай хорлол юм". Алба тушаал, алдар хүнд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст гол төлөв бялдуучлана. Бялдууч болгон тэднийг хуруу гарын үзүүр, харц хөдөлгөөнөөрөө удирдаж байдаг "эзэдтэй" байна. Нэг тэнэг өөрийгөө магтуулахын тулд өөр нэг илүү тэнэгийг эрж хайж олдог. Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ. "Өөрөөрөө хэтэрхий бахархдаг хүн бялдуучлагчдад амархан автдаг" гэнэ. Бие тоосон сагсуу хүмүүс бялдуучдын хараанд амархан өртөнө. Айдаг хүндээ бялдуучлах нь тэдний хувьд ѐс юм шиг үйлдэл нь. Бялдуучид эздийнхээ харц бүрийн хариуд боолын долигонолоор марсайн инээж байдаг. Бялдуучид эздийнхээ хэлсэн үг болгоныг туйлын үнэн мэтээр, уулга алдан хүлээн авна. Бялдуучид эздийнхээ зөв ч, буруу ч бүх үйл хөдлөлд хүлцэнгүйгээр алга ташиж суудаг юм. Эздээ утгагүй дуурайх нь бялдуучдын хамгийн үнэн нүүр царай. Эздийнхээ, бусад хүмүүст юуны түрүүн анзаарагддаг, төдийлөн таатай бус үйл хөдлөлийг нь хуулбарлан дуурайх аядана. Хуруу гарын хөдөлгөөн, үг ярианы өнгө, хоолойн шахалт, үсний засалт гээд дуурайхгүй юм байхгүй. Тэднийгээ дагалдан заримдаа инээд алдаж, заримдаа нулимс алдана.

"Бялдуучлал хэзээ ч аугаа их сэтгэлийн гүнээс гардаггүй, тэр нь хэн нэгэн том хүнд татагдаж, түүний амьдралын хүрээнд нэвтрэхийн тулд улам бүр жижгэрч чадах өчүүхэн сэтгэлийн хувь тавилан байдаг" гэж нэгэн их зохиолч бичсэн байна. Бялдуучлал тэнэг хүмүүсийн үмхлэх дуртай амтат мах, гэхдээ хэчнээн ухаалаг хүмүүс ч энэ махнаас огтлоход бэлэн байдаг. Тэгэхээр бялдуучлал гэдэг осолтой тоглоом байгаа биз. Хөдөлшгүй зарчимтай гэх, бусдын хүндлэл хүлээсэн, ухаалаг гэж үнэлэгдсэн хүмүүс хүртэл өчүүхэн жижиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрөөсөө томчуулд хөл алдан зулгуйдаж байхыг харахад нүд хорсом гунигтай. Зулгуйдахаа больчих л доо. Ямар амь биш, заяа биш.

"Зусардалт үзэн ядалтаас илүү аюултай". Үзэн ядалтын аюул ил хөнөөлтэй байдаг бол зусрын аюул далд хөнөөлтэй. Ил аюулаас сэргийлэх боломжтой, далд аюулаас хамгаалахад бэрх. Хээрийн боохой, гэрийн нохойтой төстэй байдаг шиг бялдууч нар найз нөхөдтэй адил санагддаг. Гэхдээ тэд хэзээ ч найз нөхөд байж чаддаггүй юм. Үнэнч нөхрийн дүр эсгэн зусардан дагаж байсан эзнээ хамгийн эхний гарман дээр сийхгүй худалдаж дөнгөнө тэд. Бялдуучлал сайхан байсан хүнийг хайрын хүн болтол нь эвддэг. Зусарчид өөрийн гэх нүүр байхгүй. Тэд орчиндоо зохицох хиймэл багийг нүүрэндээ солин сэлгэн зүүж явдаг юм.

Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадахын муухайгаар чадаж дөнгөнө. "Бялдуучилж чаддаг хүн

гүтгэж чаддаг". Гүжир гүтгэлгээр мандаж байсан нэр төрийг шавартай хутган буртаглан бохирлоно. Бялдуучид нүүрэн дээр нь тэнгэрт тултал магтаад нүднээс далд газар дор ортол муулж чадна. Бялдуучид таахалзуур байдаг. Ивээлд нь байгаа эзнийхээ сүр хүчийг өөрийнх мэт бодон мунхаглаж, дээшээ долигонон бөхөлзөх мөртлөө доошоо чичлэн таахалзаж байх нь ичгэвтэр. Алба тушаал, эрх мэдэлтэй байхад нь алд алдын хадаг дэлгэн нахилздаг байсан бялдуучид алба тушаалыг орхисны дараа амар мэндийн зөрүүгүй сэлбэлзэнэ. "Бүх бялдуучид яахын аргагүй худалч байдаг". Эзэндээ итгэл олж авахын тулд баруун солгойгүй худал хэлнэ. Ийм зусарч хүмүүст ариун гэгээн гэх юм нэг ч үлддэггүй. "Хамгаас бялангач зантай хүмүүс бусдаас илүү тэнэг байдаг" юм гэсэн шүү. Бусдаас илүү тэнэг хүмүүс юунаас ч илүү тэнэг үйлдлийг хийж магад. Эргэн тойронд чинь зусар бялдуучдын сүрэг багширч байна. "Бялдуучлал бол гэмт хэргийн шимт орчин" байдаг тул эргэн тойронд чинь багширч байгаа тэр аюулт сүргээс үргэлж болгоомжилж, өөрийгөө хамгаалах зөн билгээ зөв залан жолоод. Хэн нэгэнд зусардан бялдуучилснаар цаг зуурын ашиг хонжоо олж болох ч өр төлөөсөнд нь хүнээ алдаж, новшийн амьтан болон хоцорно. Бялдуучдыг ашиглаад хаях нь эздийн хувьд татсан тамхиныхаа ишийг хаяхтай адил хялбархан.

Зусар бялангач зангаас салж, холдох боломж хэзээд байгаа. Энэ бол чиний бие хийгээд сэтгэлд үүрд хадаан тамгалсан тамга биш. Ялих шалихгүйн манан дунд

мунгинасаар энэ боломжийг алдсаар байх юм бол чи л хөөрхийлөлтэй. Зусар бялангач занг орхин хаяхгүй бол утга учраа алдаж өмхийрсөн сэтгэлгээний хог хаягдал дунд новшрон үлдэх вий. Зусар бялангач нарт хувь хүний цэцэглэх үндэс байхгүй. Үндэсгүй амьдралыг там гэдэг. Тамын амьдралд жаргал үгүй. Бялдуучид тамд тарчилж байгаа гэдгээ эрхбиш ойлгох ѐстой. Тамын харанхуйг таних хурц саруул билгийн нүдээ нээх хэрэгтэй. Билгийн нүдээ нээхгүй бол бялдуучдын орогнон буй түнэр харанхуйд тэмтэчсэн хэвээр байх болно.

Бусдыг аялдан дагалдагч салбадай болчихгүй юм шүү гэж өөртөө хатуу шаардлага тавь, бусдад бялдуучлагч болчихгүй юм шүү гэж өөртөө хатуугаас хатуу андгай тангараг тавь!

Оролдлого сайт оройд нь гарна

2009 оны 04 сарын 25

Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад хав дарсан байна. Аав, ээж тэр гайтай захиаг уншсан бол яана аа гэж үе үе халаглан ярьдагсан. Эцэг эхдээ мууг дуулгаж, муухайг үзүүлэхгүй гэсэн бодолтой элбэрэлт үр, ухаант хөвүүний ухаалаг бодол санаа.

Сайн хүү аав, ээжийгээ өвдөж л зовоохоос өөр бусдаар зовоох ѐсгүй гэдгийг тэр маш сайн мэддэг, ѐсчлон сахьдаг, хэрсүү залуу. Найз маань гоц авьяасгүй ч, гойд оролдлоготой нэгэн байлаа. Удаавтар боловч уйгагүй. Нэгдүгээр ангийн эхний хагаст мунгинаснаасаа хойшхи дөрвөн жил гаруйд номын мөрт шулуудаж, хичээл номоо оролдон, ширээний ард залсан бурхан шиг суусан даа. Амжилтгүй явдлын сүүлчийн шатыг амжилтын эхний шат болгож чадсан нь бахархууштай бөгөөд сургамжтай. Нэгдүгээр ангидаа сүүл хэрд жагсаж байсан тэрээр их сургууль төгсөхдөө толгойн хэсэгт өрсөлдөгчийн нэг болж чадсан. Хэрэв дахиад нэгээс хоѐр жил сурсан бол яалт ч үгүй тэргүүн магнайд давхих байсан гэж боддог юм. Ленинградын Нева мөрөн дээрхи

аварга том гүүр дээш сөхөгддөг аргыг инженерийн бүдүүн баргийн хийц, би илүү боловсронгуй болгож дөнгөнө гэж ярьдагсан. Хэрэв тэрээр уг ажлыг зориглон барьж аваад оролдсон бол чадах байсан гэдэгт би эргэлздэггүй. Яагаад гэвэл хүн бүрт төдийлөн байдаггүй тэвчээр, оролдлого хоѐр хамтдаа, түүнд харамгүй заяасан байсан. Оролдлого сайт оройд нь гарч чаддаг гэдгийг би найзынхаа амьд жишээнээс эргэлзээ тээнэгэлзээгүй хэлэх болсон юм даа.

Хэн нэгэн чамаас үүнийг хийж чадах уу гэж асуувал чадахгүй гэж хэзээ ч бүү хэл. Оролдоод үзье гэж хэлж сур. Оролдож эхлээд, туйлбартайгаар чармайн зүтгэвээс эцэс төгсгөлийг нь үзэхдээ л нэг үзнэ. "Бүтээгүй байхдаа маш олон үйл хэрэг боломжгүйд тооцогддог" юм. Оролдоод эхлэхээр тас харанхуй байсан боломжоос гэрэл гэгээ алгуур туяарч эхэлнэ. Чи түүнийг яасан ч хийж чадахгүй гэж хүмүүс чамайг басамжлан бодож байсан зүйлийг оролдсоор бүтээчих юм бол чамд дээд зэргийн сэтгэлийн цэнгэлийг, өөрөөрөө бахархах бахархалтай хамт авч ирнэ. Аугаа их үйл хэргийг бүтээхээр зорьсон бол унтах нойр, идэх хоолоо хугасласан бүтээлч оролдлого, уйгагүй хичээл зүтгэл шаардагдана. Аугаа их үйл хэрэг гэдгийг өөр өөрийнхөө хэмжээсээр бодон ойлгож зүтгээрэй. Чиний хувьд аугаа их үйл хэрэг гэж бодогдсон зүйл хэн нэгэнд чамлалттай санагдвал санагдаг. Үл тоо. Үйл хэргээ л гүйцэлдүүлэхийн төлөө чармай. "Аугаа их үйл хэргийг шууд хийчихдэггүй" юм. Хийх гэж байгаа зүйлээ хэнээс ч дутахгүйгээр, хэнд ч гологдохгүйгээр төгс сайн

хийхийг хичээх хэрэгтэй. Хүн бүр өөрийн үйл хэрэгтээ аугаа байж чаддаггүй юмаа гэхэд хэнээс ч дутахгүй, хэний ч өмнө нүүр улайхгүй омог бардам байх ѐстой. "Асар их саад тотгоргүй аугаа их үйл хэрэг гэж байдаггүй. Аугаа их үйл хэрэгт байнгын цуцашгүй чанар хэрэгтэй". Асар их саад тотгорыг даван туулж байж аугаа их үйл хэргээ гүйцээнэ. Өөрийгөө бүү дорд үз, өөрийгөө бүү басамжил. Өөрийнхөө хүч чадалд, хийж чадах зүйлдээ гүн бат итгэ. "Хүн өөрөө өөрийнхөө хүчинд итгэж байгаа тэр газартаа л амжилтанд хүрдэг" юм. Аливаа үйл хэргийг сайн хийхийн тулд түүндээ уусан шингэж, бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ зориулан хийсэн бүхэн төгс төгөлдөрт ойртоно. Сэтгэл дутсан бүхэнд амжилт дутна. Хүнд хийж чадах зүйл, чадахгүй зүйл гэж бий. Сэтгэшгүй, хүрэшгүй зорилгод сэтгэлийн хөөрлөөр бүү тэмүүл. Авьяас хийгээд хүчин мөхөсдөх үйлд аваргуудыг дуурайн бүү санаарх. Арсланг дагаж туулай харайвал ангалд унаж үхэхтэй адил болно. Дургүй зүйлээ хийх гэж үйлээ үзэн, өөрийгөө хүчлэн албадаж битгий тамла. Цагийн гарз, биеийн гарз, сэтгэл санааны гарз. Харин "байнга өөрийнхөө дуртай зүйлийг хийж байх нь хүний онцгой аз жаргал байдаг" юм шүү. Ямар нэг зүйлийг хийж бүтээхээр зорьж, оролдож эхэлсэн бол энэндээ өөрт байгаа бүхнээ зориул. Тэгээд түүнээсээ өөр юуг ч мэдэх байлаа мэдэхгүй, бүтээх байлаа бүтээхгүй, санах байлаа ч санахыг хүсэхгүйгээр тэвчээр заан, эргэлт буцалтгүйгээр чармайн зүтгэ. Эргэж хургаж, гуйвж дайвах хэрэггүй. Гуйвж дайвдаг хүнээс амжилт бүтээл

дүрвэн зайлна. Шилсэн бүхнээ эргээд голж, авсан бүхнээ буцааж хаядаг хүн эцсээ хүртэл явж чаддаггүй юм. "Ухаалаг бөгөөд эрч хүчтэй хүмүүс эцсээ хүртэл тэмцэцгээдэг, харин хоосон, ямар ч хэрэгцээгүй хүмүүс өчүүхэн ч тэмцэлгүйгээр, утга учиргүй амьдралынхаа санамсаргүй, өчүүхэн бүх тохиолдлуудад бууж өгдөг".

Ямар нэг зүйлээр махран оролдож байхад чинь оволзсон дур сонирхол буурч, оргилсон эрч хүч чинь саарах агшин тохиож магад. Энэ агшин маш их хор хөнөөлтэй. Тэр агшнаа дийлж давж чадаагүйгээс эхэлсэн олон ажил дундаа зогсох буюу дуусалгүй орхигддог нь харамсалтай. Ажиллахыг хүсэхгүй байгаа тэр агшныг дийлж давах нь үйл хэрэг бүрт хамгийн чухал нь байдгийг мэдэж ав. Том ч, бага ч аливаа ажил үйлийг бүтээхэд сэтгэлийн хүч тэнхээ үнэхээр чухал. Сэтгэлийн хүч дутсан залуус би үүнийг сурчихдаг бол сайхнаа, надад энэ байдаг бол гоѐ оо, түүнийг би хийж чаддаг ч болоосой гэхчилэн шүүрс алдан, хий хоосон санааширч суудаг. Цэцгийн үр суулгаад арчилж тордохгүй бол ургаж цэцэглэдэггүйтэй адил ганцхан хүсэл төдийгөөр ямар ч зүйл боловсорч, үр шимээ өгдөггүй. Хүслээ биелүүлэх тодорхой нарийн зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх хичээл зүтгэл гаргах ѐстой. Тийм юм хийх юмсан гэж мянгантаа хий хүсч, хоосон бодож сууснаас нэг удаа оролдоод үзэх хэрэгтэй. Оролдлого чинь бүтэж баярлуулна, бас бүтэлгүйтэж зовооно. Зовлон бэрхшээл мундахгүй тохионо. Зовлон бэрхшээл зөвхөн зовохын тулд биш, даван туулахын тулд байдаг юм. Тиймээс түүнтэй шуудхан тулалд. Оролдож байх явцад түүнийг

даван туулах сайн аргыг олж харан хэрэгжүүлнэ. Бэрхшээлийг гэтлэх явцад амьдралын их сургуульд суралцан, хат суусаар байх болно. Тулгарсан бэрхшээл зовлонг арилгавал тэр нь дараагийн шинэ, шинэ бэрхшээлтэй халз үзэн, туулан гарах зориг хүчийг сэлбэнэ. Амьдрал үргэлжилж байгаа нөхцөлд бэрхшээл зовлонтой тэмцэхгүй байна гэж үгүй. Бэрхшээлийн өмнө туйлдан сөхөрч болохгүй, тулалдан давах л хэрэгтэй. Энд хичээл зүтгэл, оролдлого чармайлт онцгой чухал шүү. Юутай ч уулзаж учирлаа гэсэн хичээл оролдлогоо тасралтгүй үргэлжлүүл. Тэгвэл нэн удалгүй өөртөө итгэх итгэл болон хүч чадал булгийн цэвэр тунгалаг ус шиг оргилоод ирэх вий. "Зовлон бэрхтэй тулалдаж байж хүн зоригоо чангалж, авьяасаа төгөлдөржүүлдэг. Бидний дайсан бол угтаа бидний хамсаатан нөхөр мөн" гэж нэгэн улс төрийн онолч өгүүлсэн байна. Зовлон бэрхшээл хүнд бэрх хэдий ч шилдэг сайн багш мөн. Хүнд бэрх нөхцөл дунд гар хоосон орхигдож, хатуу хүтүүг амссаныг зэрвэс бодоход бие арзасхийдэг. Хүнд бэрх нөхцөлтэй улаан нүүрээрээ тулсан үед эрэлхэг зоригтой тэмцэж цаана нь гарахаас өөр аргагүй. "Зовлонтой тулах нь бурхан тэнгэрт авирах шат юм" гэсэн нэн эртний зүйр үг байдаг юм билээ. Хүнд бэрх нөхцөл дунд л хүний хүч чадал галын дөл шиг бадардаг. Том бэрхшээл сорилтыг гэтлэн туулж байж хүний шилдэг зан чанар төлөвшин, хугарч нугарахгүй эр зориг нь хатаагдан чангарна.

Аугаа их үзэл санаа, нээлт бүтээл, шилдэг шигшмэл бүхэн зовлонгийн далайг гатлан ирж, гаслан дунд тунгаагдан цэвэршиж, бэрхшээл хүндрэлийг гэтлэн

давж байж, нөр их хичээл оролдлогын үр дүнд алгуур аажмаар бүтэж бүрэлдэж байдаг билээ. Оролдоод, хичээгээд үз. Чамд ч гэсэн од шүүрэх цаг ирэх вий. Оролдлого сайт оройд нь гарна гэдэг үнэн шүү, залуус аа! Оролдоод, зүтгээд байгаарай.

Сайн эхнэр амьдралын аврал

2009 оны 04 сарын 28

Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоѐр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд "сайн морь замын хань, сайн эхнэр насны хань" гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд "сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул" гэж хэлж ярьж ирсэн биз ээ.

"Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно" гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.

Ямар ч цагт, ямар ч газар оронд "Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн". Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй

биз ээ. "Сайн эхнэр амьдралын аврал". Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. "Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг" гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чинь чимэг гэргий чинь. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин "эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно". Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе

үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.

Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жамтай болохоор бүгдийн амьдралд жаргал зовлон хослон байсан нь гарцаагүй. Хүн гэдэг ухаант амьтны толгойд жаргаж байсан үеэсээ зовж явсан цаг нь илүү тод бичигдэн үлддэг нь сонин. Тийм ч болохоор эгэл хүмүүс жаргалтай үеэ дурдан ярихаасаа зовлонгийн далайг туулснаа сөхөн ярих нь илүү. Их далайн хаанаас нь ч амссан адилхан шорвог гэдэг шиг зовлон бэрхшээл баян ядуу, гэгээнтэн гэмтэн хэнд ч тохиолоо гэсэн гашуун шорвог. Гэтэлшгүй хүнд гэж төсөөлөгдсөн ч зовлон бэрхшээлийг туулан гарах боломж үргэлж нээлттэй. Гэр бүлийн амьдралд тохиож байгаа зовлон бэрхшээл бол хүнийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд чөтгөр шуламын бодож олсон ов мэх биш, бэрхшээл бол чамайг хөл дээр чинь баттай зогсоохын тулд бурханаас хайрлаж байгаа боломж гэж ойлго. Амьдралын замд тохиосон багахан муруй тахир зөрөг, бартаа саадыг тэвчээд туулаад өнгөрчих юм бол шулуун замдаа баараггүй ороод явчихна гэсэн найдвараа хэзээ ч бөхөөж унтрааж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байцгаа. Тэсвэр тэвчээр нь зовлон бэрхшээлийг гэтлэх дуусч дундаршгүй эрчимт зай цэнэг төдийгүй амжилт ололтын хүчит хөдөлгүүр юм. Эмэгтэйчүүд гайхамшигтай тэсвэр тэвчээртэй хүмүүс. Тэдний зан чанар, заяамал араншингийнх нь жинхэнэ хүч чадал нь гэр бүлийн хамтын амьдралын хамгийн

хэцүү хүнд үеүүдэд илүү илрэн гарч ирж, аврагч хамгаалагч болон идэвхждэг билээ. Ухаант эхнэрүүдийн ур ухаан, тэсвэр хатуужлын ачаар л гэр бүлийн амьдралд тохиосон түмэн зовлон бэрхшээлийг гэтлэн давахаар үл барам цөхөрч туйлдсан амьдралаа балчиг намагт живүүлчихэлгүй аварч гарсан жишээ захаас аван бий. Зовлон бэрхшээлийн өмнө туйлдан, өөртөө итгэх итгэлээ алдаж, өрх гэрээ аваад явах чадал хомсдон, арчаагаа алдах цухал давчуу үе тохиоход ч эхнэр чинь чиний чадвар чадавхид итгэн, түшиг тулгуур чинь болж, өндийн босоход өргөх дэмнэх хүч, сэтгэлийн тэнхээ, итгэлийн баталгаа болж өгнө. "Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн". Үр хүүхэд, эр нөхрийнхөө зөвийг дэмжиж, бурууг засч, сайныг магтаж, саарыг шүүмжилж, нүднийхээ харцаар шилбүүрдэн ороолгож, гуних үедээ гуниж, туних цагтаа туниж, сайныг мөрөөдөн, сайханд тэмүүлсэн шилдэг хүмүүжүүлэгчид өрх гэрийн эзэгтэй нар яахын аргагүй мөн. Эхнэр чинь чамд яншин үглэж, өргөст торлогон үгээр гүвшин ороолгож байна уу? Уцаарлах бус, ухаантайхан сонсох юм бол тэрхүү үглээ яншаа үг нь чиний сэтгэлийг өвтгөн ороолгох өргөст торлог биш, чиний сайн сайхны төлөө буулгасан цэцгийн хур байсныг хожуу боловч ухааран, ханилсан ханиа өшин хорсох биш, өрөвдөн хайрла. Эхнэр чинь чамайг шаналгаж байна уу? Сайтар анзаарахыг хичээх юм бол тэр гайт шаналгаанд нь үнэтэй зүйл олон байгааг, чамайг хайрласан хайр шингээстэй байдгийг, чиний төлөө л бүхнээ зориулж шаналсаныг хожуу ч гэсэн

сэтгэлдээ сэргээн бодож, ханилсан ханиа өшин хорсох биш, бүр илүү өрөвдөн хайрла. "Эрэгтэй хүн эдлэж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг" гэнэ. Бидний өр зүрхэнд бадамлаж буй жаахан ч атугай гэрэл гэгээ бүхэн эх хүн, эмэгтэй хүний ивээл хайрын тусгал мөн билээ.

Амьдрал өөрөө сайн муугийн хольц хайлш болохоор гэр орондоо санал зөрөх, ам муруйх аян шалтаг мундахгүй тохионо. Уур уцаар хайран биеийг зовоож, ханийн жаргалыг хугаслана. Уурыг уураар дарна гэж хэзээ ч үгүй. Уурыг ухаан, тэвчээр хоѐр л уяраан зөөлрүүлж чадна. Хамтын амьдралын тааруухан дурсамжийг мартсан дээр. Мартаж чадахгүй бол ядаж сөхөж бүү ярь. Нэгэнт өнгөрсөн юмтай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдөр хажуугаар чинь намуухан урсаж байсан Туул голын ус одоо байхгүй, урсаад өнгөрсөн. Гэтэл чи өчигдөр хийгээд урьдын муу бодлоо өнөөдөр түүртэн үүрч, зовж явах ч гэж дээ. Өнгөрсөн бүхнийг уучлан цагаатгаж, үүдээ нээн угтах сэтгэлийн тэнхээгээ хатамжил. Харин, хамтын амьдралаа эхэлсэн, хар муу санаагүй, зүү орох зайгүй, цог золбоот, баяр баясгалант сайхан цаг мөчөө үе үе сөхөн дурсаж бай. Нэр хүндтэй нэгэн генералын эхнэрийн ярьсан дурсамж та нарт сургамжтай байж магад. Дэслэгч байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож, цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхрөө өөд нь өргөж, урагш нь хөтөлсөөр генерал болгосон эхнэр нь ханийнхаа ааш араншин нь

хувирч, уурлаж уцаарлах үед нь "Нөхөр генерал, дэслэгч түүнд хандаж болох уу" гэж эелдэгхэн илтгэж, хамтын амьдралаа эхэлсэн алтан үе рүүгээ сэтгэл зүрхийг нь чиглүүлэн зөөлрүүлдэг байж билээ гэсэн гайхалтай дурсамж бий.

Эхнэрийн чинь зөн совин ямар нэг зүйл хийхийг эрс эсэргүүцээд байвал саналыг нь тэс зөрж бүү үйлд. "Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг" юм.

Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон эхнэрийн чинь сэтгэл зүрхэнд нь баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн, ариун үйлсийн мандал бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно.

Ханийнхаа гол гонсойж, дотор харлан, нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. "Дэлхий дээрхи хамгийн хүчтэй ус - энэ бол эмэгтэй хүний нулимс". Эр нөхрөөрөө бахархан уйлах, үр хүүхэддээ баярлаж уйлах, эцэг эхээ санагалзаж уйлахаас өөрөөр эхнэрийнхээ сормуусыг норгохгүй байхыг хичээ. "Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагтаа эр хүнийг харахаа больдог" юм шүү. "Аливаа алдартай хүний сүүдэрт зовж шаналсан бүсгүй ямагт байдаг" нь харамсмаар. Урьд нь ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юм даа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэхэв. Тэр үед гадаад өнгөндөө

үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналалаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.

Ертөнц дээрхи бүх дуу хоолойноос хамгийн уянгалаг нь хүүхдээ тэврэн суугаа эхийн ариун нандин хайр шингэсэн бүүвэйн дуу байдаг билээ. Ийм яруу тунгалаг, ялдам уянгалаг дуу хоолой айл өрх бүрт уянгалж, та бидний өрийг зөөллөж, сэтгэлийг ариусгаж байг.

Нөхрөө харж биеэ зас

2009 оны 05 сарын 06

"Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор" гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна. Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ. Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй. Цаг зуурын хишиг. Сайн нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун зун ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм.

Чиний найз нөхдөд чамд байгаагаас илүү ямар шинж чанар байдгийг сайтар ажиглан мэд. Нөхрөө харж биеэ зас. Дутуу байгаагаа нөхдөөсөө дүүргэж ав, илүү байгаагаа нөхөддөө харамгүй өг. Өөрийнхөө төлөө өөрөө санаа тавь. Хэрэв чи өөрийнхөө төлөө санаа тавихгүй бол хэн чиний төлөө чамаас илүү санаа тавих юм бэ? Эхлээд өөрийнхөө учрыг ол. Өөрийнхөө учрыг олоогүй байж бусдын учрыг олох гэж мунгинах хэрэггүй.

Өөртөө гэрэл асаагаагүй хүн өрөөл бусдыг юугаараа гийгүүлэх билээ дээ? Хувиа хичээж, довоо шарлуулан зөвхөн өөрийнхөө төлөө санаа тавигчийг сайн нөхөд хүрээлэхгүй. Хэрэв чи зөвхөн өөрийнхөө төлөө явбал энэ амьдралд чинь утга учир, баяр баясал юу байх билээ дээ? Тиймээс өөрийнхөө төлөө санаа тавихдаа найз нөхдөө мартахгүй байх хэрэгтэй. Ер нь "бусдын төлөө өнгөрүүлсэн амьдрал л утга учиртай байдаг" юм гэсэн.

Санаа сэтгэлээ зөв авч яв. Санаа сайтыг олж нөхөрлө. "Сайн санаатныг бурхан дагана. Муу санаатныг чөтгөр дагана". Сайн санаат өөдлөн өгсөж, муу санаат уруудан доройтно. Бузар нүгэлтнээс ямагт хол, буяны саданд үргэлж ойр байхыг хичээ. Хилэнц нэмж, буян хомслох аливаа тохиолдлоос холын хол байтугай. Бадамлянхуа цэцэг балчиг дунд ургавч ариун цагаан дэлбээ нь хиртдэггүй шиг сайн нөхөд саар цагийн учралд ч санаа нь хувирч сэтгэл нь хиртдэггүй юм.

Найз нөхдийнхөө буруу үйлдлийг уучилж сур, харин өөрийнхөө зөрүү үйлдлийг хэзээ ч бүү уучил. Найзынхаа зарим алдааг нь анзааралгүй өнгөрөөхөд ч гэмгүй. Хүн хэдий ухаантай ч алдаагаа бусдын өмнө дэлгүүлэх дургүй. Салшгүй сайн нөхрийнхөө сайн үйлийг магт, муу үйлдлийг шүүмжил. Тэгэхдээ нөхрөө ганцаар байх үед нь нүүрэн дээр нь буруушаа, нүүрнээс далд нийтийн өмнө магтан сайшаа. Найз нөхдөө бусдын шүүмжлэлээс хааяа ч гэсэн хамгаалж бай. Түүний бусдад үлгэр дууриал болсон занг нь онцлон хэлж, ямар сайн хүн болохыг нь хүмүүст хуучил. Шударга магтаал хаана ч,

хэзээ ч илүүддэггүй юм. Заримдаа худал ч тус болно. Заримдаа үнэн ч хор болно. Чиний худал үг найз нөхрийг чинь аврахаар бол яах вэ? Би худал хэлэхгүй гээд амаа хамхиад суугаад байх уу? Чиний үнэн үг хэн нэгнийг хорлохоор бол яах вэ? Би үнэнч хүн гээд далан булчирхайг нь тоочих уу? Хэлэх үгийг эзэнд нь хэрэгтэй цагт нь хэлж сур.

Хүн итгэсэн нөхөртөө л зовлонгоо тоочдог юм. Найз нөхдийнхөө зовлон тоочихыг тэсвэртэйгээр сонс. Тэгвэл түүний зовлон нимгэрч, сэтгэл нь уужирч байгааг царайны өнгө, дууны аялгаас нь чи аяндаа мэдэрнэ. Энэ бол найзын зовлонг хуваалцахаар сэтгэлээ нээн, санаа тавьж байгаа нөхөр ѐсны нэн чухал агшин. Ингэснээр чи зовлонд унасан нөхрийнхөө давчуурсан сэтгэлийг овоо сайн тэлж өгнө. Найз нөхөдтэйгөө чин зүрхнээсээ харьцаж бай. Үнэнээрээ байх гоѐ. Худлаа инээснээс, үнэнээсээ уурлачих нь хавьгүй дээр. Ямар ч үед янз бүрийн авир гарган жүжиглэх хэрэггүй. Байдгаараа байх нь чамайг чимнэ. Хэн нэгэнд тал өгч хуурмаг инээснээс танихгүй хүн шиг дуугүй яв. Эргэн тойронд чинь хоѐр нүүртнүүд шарвалзана. Чи багтай хүмүүсийн нийгэмд амьдарч байгаагаа мэд. "Бялангачдыг найз нөхөд гэж тооцохоос болгоомжил. Шулуун шударга хүн л жинхэнэ найз нөхөд байдаг" юм. Олон найз нөхөдтэй байх сайхан. Гэхдээ зовох цагт нөхрийн чанараа таниулах нь хэд байх бол? Тарвалзаж явахад дагах нь олон, тартагтаа тулахад түших нь цөөн байдгийг бодоорой.

Болж бүтэж, болгож бүтээж яваа нөхдөөсөө үлгэр ав. Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ төлөө чи заавал амжилтанд хүрэх үүрэгтэй. Тэгэхдээ харин журамт хүний жудаг ѐсноос гадуур үйлдлийг хийж болохгүй. Мөнгөтэй, хөрөнгөтэй чинээлэг амьдралыг хоосон мөрөөдөх биш өөртөө бий болгохын төлөө чиглэсэн зорилготойгоор хичээн зүтгэх хэрэгтэй. Мөнгө, санхүүгийн бие даасан, боломжит байдал хүнд жинхэнэ эрх чөлөөг олгоно. Мөнгө чиний өөрөө өөртөө хандах хандлага, эргэн тойрны хүмүүсийн чамд хандах хандлагыг өөрчилнө. Мөнгө чамайг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай болгоно. Мөнгөтэй хүнийг нийгэм хүлээж авахдаа дуртай. Мөнгөтэй хүн л мөнгө өсгөж үржүүлж чаддаг, харин мөнгөгүй хүн байгаагаа үрчихээд хоосон сууж байдаг. "Баян чинээлэг хүмүүс мөнгөний төлөө зүтгэдэггүй. Харин тэд мөнгийг өөртөө зүтгүүлдэг" юм гэсэн шүү. Хүүхэд, залуус та нарыг мөнгийг өөртөө зүтгүүлдэг хүмүүс болоосой гэж хүсч байна. Ямар ч аргаар атугай мөнгөтэй болохын төлөө ариун гэгээн бүхнээ умартан шүлэнгэтэхийг цээрлэ. Бэртэгчин шуналын ад донд хорлогдвол хүмүүсийн жигшил зэвүүцлийн бай болно. Ашиг олзны зэрэглээг хөөсөөр ангаж үхэхийн тавилан гашуун гэдгийг сана. Аминцар шуналаа хангах гэж арга мэх бүхнийг сүвэгчлэн, амьтан бусдыг хорлон явагчид өөрт ч, өрөөлд ч үлэмж их гай тарина. Ахуйн жаргал, ашиг алдарын хойноос үхэн хатах хөөрхийлөлтэй амьдрал - залуу хүн чиний сонгох сонголт, тэмүүлэх тэмүүлэл биш.

Цагийг дээд зэргээр үнэлж ашигладаг нөхдөөсөө суралц. Цаг хугацааг эрхэмлэ. Агшин бүр алтнаас үнэтэй өнөө цагт алмайрч суух чөлөө чамд байхгүй. "Агшин бүр хийгээд хором бүрийг үнэлж яв". Өөрийнхөө цаг завыг дэмий юманд үрэхгүй байхаасаа дутуугүй бусдын хайран цаг завыг дэмий юманд үрэхгүй бай. Элдэв янзын шалдар булдар үйлд хутгалдах хэрэггүй. Шалдар амьдралд утгат юмгүй. Өөрийн чинь үүрэгт хамаарахгүй ажиг сэжиг бүү өдөө. Дэмий юмнаас болж дээвэр туурга дэрвэж мэднэ.

Холд зорьж, томд тэмүүлэх нөхрөө сайтар ширтэн ажигла. Түүнээс сурах зүйл чамд маш их байна. Тэнгэрийн хаяаг баримжаалахаа больсон хүн холыг харж чадахгүй. Учир нь тэр ойр орчныхоо жижиг юмсыг л хэрээс нь хэтэртэл үнэлж суудаг юм. "Толгойгоо өөд нь өндөрт өргөе гэдэггүй залуу хүн хөлөө харж амьдрах болдог. Тэнгэрт дүүлэе гэдэггүй оюун санаа газарт дөрвөн хөллөх хувь зохиолыг мөшгөх биз ээ". Амжилтанд хүрч чадсан нөхрийнхөө тэр амжилтанд чи ч хүрэх боломжтой. Түүнд хүрэхэд өөртөө итгэх итгэл онцгой чухал шүү. Өөртөө итгэх итгэлээс хамааран чи ядуу тарчиг амьдрах уу, аль эсвэл хорвоо дээр өөрийн гэсэн байр сууриа олж, хүний дайтай амьдрах уу гэдэг чинь шийдэгдэнэ. Хүссэн болгондоо хүрч чадна гэсэн тэнгэрлиг итгэлээр жигүүрлэн, хичээн зүтгэ.

Азгүй, азтан хоѐр хаяа залган суудаг гэдэг. Найзыг чинь азын тэнгэр ивээж, чамаас азын тэнгэр дөлж тойроод байна гэж бүү санаашир. Аз нь гийж яваа нөхрөө харж

биеэ засаад явбал хажуу хаяанд чинь ойрхон байгаа аз чамайг ч бас гийгүүлэх баярт өдөр ирэхдээ л нэг ирнэ. Залуус та нарын заяа тавилан, заяах ирээдүй өөр хэний ч биш, өөрсдийн чинь мэдэлд байна. Хувь заяагаа өөрсдийн гараар дархлан өөрсдөө захирцгаа!

Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл

2009 оны 05 сарын 13

Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана. Мөрөөдөл хэмээх хүчит даль жигүүрийнхээ тусламжтайгаар хүн өндөр сүрлэг уулсын оргилд ч дүүлэн гарч, хөлгүй гүн тэнгисийн гүнд ч шумбан орж, алсын одод руу аялан жуулчилж, хүслийн далайдаа чөлөөтэй сэлнэ. Байгаль дэлхийдээ заяамал тавилангаараа амьдарч байгаа шувуудын дүүлэн нисэхийг хэн ч хааж хориглож дийлэхгүй. Хүний зүрх сэтгэлийн ертөнцийг мөрөөдөлгүй болгох нь дэлхий ертөнцийг агаар мандалгүй болгохтой адил. Ухаант хүн бүхэн орон зайн хязгааргүйгээр мөрөөдөж болох ч мөрөөдлөө биелүүлэх боломж нь орон зайн хязгаартай. Мөрөөдлийн хязгаартаа хүрэхээр тэмүүлэх нь залуу хүн бүрийн амьдралын зорилго, амьд яваагийн утга учир байх ѐстой.

Мөрөөдлөө хэрэгжүүлэхэд хөтлөх бэлэн жор байхгүй ч, мөрөөдлөө биелүүлэхэд туслах аргууд бол бий. Юуны урьд өөрөө өөрийгөө сайтар таньж мэд. Хүн бүрт байгалиас заяасан авьяас билэг заавал байгаа. Тэрхүү авьяас билгээ аль болох эрт олж нээхийг бод. "Авьяас

бол байгалиас заяасан дур сонирхлын хөгжил юм". Авьяас билгийг зөвхөн нээгээд орхих нь хангалттай биш, түүнийгээ аажим аажмаар төгөлдөржүүлэн, алхам алхмаар хөгжүүлэх хэрэгтэй. Авьяас билгээ нээн хөгжүүлэхийн хамт өөрийн давуу талуудыг таньж тогтоо. Эдгээрээс дутуугүйгээр дутагдалтай талаа болон алддаг алдаагаа сайн мэдэж, дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөр. Улмаар өөрийн давуу талаа дээш дээш нь дэвшүүлэн хөгжүүлж, дутагдалтай талаа доошлуулан доошлуулсаар аль болох доод түвшинд буулгахыг хичээ. Хаана байгаагаа мэд. Хаана байгаагаа мэдэхгүй бол хаана хүрэхээ яаж мэдэх билээ дээ. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар үргэлж бодож, түүнд хүрэх арга замаа тодорхойл. Мэдээж, хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Чиний хувьд юуг чухам аз жаргал гэж үздэгээ олж тогтоо. Хайр дурлал чиний аз жаргалын үүдийг нээнэ гэж бодож яваа бол түүнийхээ төлөө чин үнэнчээр зүтгэ. Мөнгө чамайг аз жаргалтай болгоно гэж үзэж байгаа бол мөнгөтэй болох арга ухаанаа самбаачлан дайчил. Мөнгө бол эрх чөлөөг олгогч. Эрх чөлөөтэй хүн аз жаргалтай. "Дотоод эрх чөлөөгөө сэхээрсэн хүн хөлдөө гинжтэй бүжиглэж, хүзүүндээ дөнгөтэй дуулж чадна. Тэр цагт гинж нь хөгжим болж, дөнгө нь чимэг болон хувирна". Хүн өөрөө өөрийгөө танихгүй сохортоо л зовж гаслаж, золбирч гансарч явдаг нь эмгэнэлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө ямагт өөдрөг байлга. "Өөдрөг үзэл - энэ бол аугаа их хүмүүсийн үнэт эрдэнэ мөн". Хамгийн муу зүйлд ч хамгаас өөдрөг

хандахыг хичээ. Гутрангуй хүмүүс мөрөөдлийнхөө үрийг услан тордон ургуулдаггүй, харин цэцэглэх үндэс рүү нь байнга хор цацаж явдаг юм. Бүтэшгүй зүйлийг бүтээнэ гэх, болшгүй зүйлийг болгоно гэх, хүрэшгүй холд хүрнэ гэх, чадахгүй гэж басамжилсаныг чадна гэх өөдрөг сэтгэлтэй байхтун. Өвдсөн ч эдгэрэх, алдсан ч олох, уруудсан ч өөдлөх, зовсон ч жаргах өөдрөг үзлээр жигүүрлэ.

Ямар ч цагт өөрөөрөө байхыг хичээ. "Өөртөө шударга ханд". Энэ бол онцгой чухал. Хүмүүс чиний тухай юу гэж ярих нь хамаагүй. Бусдыг утга учиргүй дуурайх гэсний хэрэг огт байхгүй. Чи дахин давтагдашгүй хувь хүн. Байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Хүмүүс чамайг ямар байсан, тэр байгаагаар чинь үнэлж дүгнэнэ. Чи зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л бусдын хүндлэлийг хүлээж, тэдэнд хамгийн их нөлөөтэй байж чадна. Өөртэйгөө эвлэр. Өөрт чинь дутуу, бусдад илүү байгаа өөдтэй өнгөтэй бүхнээс уйгагүй шамдан суралц. Өөрийгөө хөл хүнд эх шиг болгоомжтой авч яв.

Өөрийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Чиний бодож төсөөлж байгаагаас хавьгүй их хүч чадал чамд байгаа. Энэ хүч чадлаа дээд зэргээр дайчлан ашигла. Өөрийгөө дутуу үнэлдэг нунж дорой байдлаасаа даруй салах хэрэгтэй. Би чадахгүй, миний ухаан хүрэхгүй, мань мэтийн санаа саванд багтахын аргагүй гэж өөрийгөө дутуу үнэлэн, дорд үзэж болохгүй. Иймэрхүү өөрийгөө басамжилсан бодол гэгээн мөрөөдлийг чинь хулгайлна.

Бид бүх л амьдралынхаа турш хүч гарган шатаар дээшээ мацдаг. Оройд нь гарч чадна гэсэн итгэл зүтгэлээр цуцалтгүй авир. Хувь заяа бид бүгдэд янз бүрийн, заримдаа бүр аймаар, халширмаар сорилт дэвшүүлэн тавьдаг. Гэм нь өмнөө, гэмшил нь хойноо, гэсгээл хатуу мөч тулна. Энэ мэт хатуу хүтүү үе тулгарахад давж гаран, туулан дийлэх сэтгэл итгэлийн хүчээ хураан хуримтлуул. "Авьяастай, хөдөлмөрт дуртай хүний хувьд саад тотгор гэж байдаггүй" юм.

Боломжийг хэзээ ч бүү алд. Болгоѐ, бүтээе гэж зоригловоос болохгүй, бүтэхгүй зүйл үгүй. Боломж чамайг байнга хүрээлж, айл саахалт буусан байдгийг мэд. Аз хийморь дагуулсан алтан боломж өглөө болоход наран мандахтай адил үргэлж тохиодоггүй гэдгийг сана. Алтан боломжийг алдаж хэрхэвч болохгүй. Бүх боломжоо шавхаж гүйцлээ гэж бодогдохоор шантрам хүнд байдалд орлоо ч өөр боломжууд заавал байх ѐстой гэдэгт эргэлзээгүй итгэх хэрэгтэй. Боломж шавхагдашгүй нөөцтэй. Бүр чиний бодож төсөөлж байгаагүй илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн гол нь илүү сайн боломж гарах сайн цаг ирнэ гэдэгт бат итгэ. Тэрхүү боломжийг идэвхгүй хүлээгээд суух биш, эрж хайж олох ѐстойг ухаар.

Алдаа гаргахаас бүү эмээ. "Хүн алдаж болно. Гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг" юм. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй. Шинийг туршин үздэггүй хүмүүс алдаагүй мэтээр амгалан суудаг. Үнэн хэрэгтээ хамгийн ихээр алдаж байгаа хэрэг юм. Туршиж

үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтанд хүрэхээс хавьгүй дээр гэдгийг санаж яв. "Бүх хүмүүс алдаа хийдэг. Харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг". Өчигдөрийн алдаагаа ухаарч хүлээсэн хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийхэд өөртөө тусалдаг. Асар том мөрөөдөлдөө алдаа гаргахгүйгээр хүрнэ гэж ааглуу гоомой бодож, тооцож болохгүй. Алдаанаас сургамж авч, алдсан алдаагаа давтахгүйгээр, алдаа гаргахаас эмээхгүйгээр урагшлан мац.

Даруу бөгөөд даруулгатай бай. Оргилд нь цойлсон амжилт гаргаж, олон түмний хүндлэлийг хүртэн хүлээлээ ч их зан гаргаж, биеэ бүү тоо, даруу бай. Хүрэх амжилтандаа бүхэлд нь хүрсэн, зорьсон зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж сэтгэл ханан, санаа цадаж бүү тайвшир. Хүрэх гэж зориглон тэмүүлэх өөр өөр өндөр оргилууд үргэлж байдаг юм. "Даруу зан бол аугаа их үйлсийн эх мөн". Даруу бус байдлаас болоод тэнгэрлиг авьяастан хэчнээн олон хүн тэнэгтэн сагсуурч өөрийгөө баллан, аугаа их үйлсээ гүйцэлдүүлж чадалгүй замын хугаст төөрч будилсан билээ дээ. Ухаалаг байцгаа. Даруу зан дутагдах нь их төлөв ухаан дутсанаас үүдэлтэй байдаг юм. Даруулгатай байцгаа. Даруулгагүй хүн өндрөөс нисэж, усанд ойчиж, халуун нурман дээр нүцгэн хөлөөрөө гишгэхээс холгүй харайлгаж явдаг юм. Хамгаалалтын бүсэн даруулга авто ослоос хамгаалдаг бол сэтгэлийн даруулга бие тоох хийгээд сагсуу ойворгон, ухаан дутуугаас үүдэлтэй муу бүхнээс хамгаална.

Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэх нь чиний амьдралд тохиох хамгийн хэцүү, халширам ядаргаатай зорилт байж магад. Гэхдээ үүнээс буцаж, цуцаж болохгүй. Амжилтын тулгуур багана нь хэзээ ч бууж өгөхгүй, яасан ч шантрахгүй байх эр зориг юм. "Няцашгүй зориг ямар ч саадыг давдаг". Зорилгодоо хүрэхийн тулд тэсвэртэй, тэвчээртэйгээр өөдөө махран мацсаар бай. "Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг". Хялбар олдсон бүхэн үнэ цэнэ багатай. Зовлон туулж, хөлсөө дуслуулан, сэтгэлээ чилээж бий болгон бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй, үр өгөөжтэй. Мөрөөдлөөсөө яасан ч ухарч болохгүй. Тэвчээр заан, бие хийгээд сэтгэлийн хүч, тэнхээгээ дайчлан урагшил. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарч хэрэггүй. Хэзээ ч ухарч, няцаж, шантарч болохгүй. "Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй". Амжилтад хүрэх оюун билэг, ид чадал чамд байгаа. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтад хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ѐстой. Ямар нэг саад бэрхшээлийг давахад чиний өөрийн бодол, хүсэл зориг, зөн совин, итгэл сэтгэл хамгийн чухал гэдгийг үргэлж сана. Хоол хийлгүй хоосон жорыг нь цээжиллээ гээд өлсгөлөн хүн цаддаггүйтэй адил ажиллаж хөдөлмөрлөн, хичээн зүтгэхгүйгээр хий хоосон мөрөөдөлдөө умбан суугаад амжилт олохгүй. Мөрөөдөл чинь чиний хүрч чадах сүмбэр оргилын дээд торгон цэгийг зааж байдаг юм. Мөрөөдлийнхөө оргилд хүрснээр хожим үр шимгүй

амьдарч дээ гэх харууслаас чи өөрийгөө аварна. Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл.

Эх орноо хайрлая

2009 оны 09 сарын 15

Алс холын Польш оронд "Монгол" хэмээх нэртэй тосгон бий. Польшууд "Монголица" гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин.

Тосгон үүссэн үүх түүх өрнө зүгт монголчуудын хийсэн их аян дайны түүхтэй холбогдоно. Байдар жанжины удирдсан монгол цэргүүд доод Силезийн Легницийн дэргэд Генрих вангийн польш- герман цэргийг бүрэн бут нэргэв. Дайн, тулаан болж байгаа болохоор аль аль талаас шархдаж алагдаж, баригдаж олзлогдож байсан нь мэдээж. Өгөөдэй хаан тэнгэрт хальсан тухай мэдээ Дорнод Европод тулалдаж явсан Бат хаанд 1241 оны арванхоѐрдугаар сарын эцсээр ирэв. Их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Нутаг буцахын өмнө олзонд байсан монголчуудаа алтаар сольж авчээ. Польшийн нутагт олзонд байсан монголчуудыг сольж авах алт хүрэлцээгүйн улмаас хэсэг хүмүүс тэр нутагт үүрд суурьшин үлдэх гунигт хувь тавилантай учирсан байна. Улмаар уугуул нутгийнхаа соѐл, зан заншилд аажим аажмаар уусч шингэсэн

боловч эх нутгаа гэх бодол ухаанаа уусгалгүй үеэс үед дамжуулж иржээ. Сүмд очиж мөргөл үйлдэхдээ эх нутагт минь буцааж өгөөч гэж бурхнаас гуйн наминчлан залбирдаг болж. Сүүл сүүлдээ сүмд очихдоо хүн бүр алтан бөгж зүүж очдог болсон гэдэг.

Түүний цаадах учир нь хэрэв тэр үед энэ алтан бөгж байсан бол бид эх орондоо харьж очиж чадах байсан юм гэсэн утга санааг илэрхийлдэг юм билээ гэж тэндэхийн учир мэдэх хүмүүс ярихыг сонссон. Эх орондоо эгэн ирж чадаагүй нь гунигтай боловч эх орноо гэх халуун сэтгэлээ хаяж гээгээгүй нь үнэхээр бахархалтай. Монгол хүн эх болсон газар нутагтайгаа хувь заяагаа шууд холбож, түүнтэй хүйн холбоотойгоо мэдэрч явдагийн, эх оронч үзэл мах цусанд нь шингээстэй байдгийн алс холын жишээ энэ яах аргагүй мөн.

Арваад жилийн өмнө Казахстаны нэгэн хотод суурьшихаар Хэнтий аймгийн Бэрх тосгоноос ирсэн арав гаруйхан настай хүүтэй уулзан ярилцаж билээ. "Бэрхээ санаад байх юм даа" гэж хэлээд санаа алдаж байсан нутгаа санасан тэр жаахан хүүгийн дүр төрх мартагддаггүй юм. Эх орон, унасан газар, угаасан ус нь хаана ч явсан зүрх сэтгэлд үүрд хадагдан үлддэгийн ойрын жишээ яах аргагүй мөн.

"Эх орныхоо төлөө үхэхэд баяртай бөгөөд нэр хүндтэй" гэж манай тооллын өмнөх аль эрт үед амьдарч байсан яруу найрагч шүлэглэсэн байх юм. Энэ шад шүлэг олон зууны туршид эх оронч үзлийн уриа дуудлага байсаар ирсэн гэдэгт хэн эргэлзэх билээ? Энх амгалан, амар

тайван цаг үед эх орныхоо төлөө баяртайгаар үх гэж хэлбэл хачин жигтэйхэн, хамаа намаагүй сонсогдох нь мэдээж. Харин одоо цагт эх орондоо хэрэгтэй зүйлийг, хэрэгтэй үед нь хийх нь л иргэн бүрийн ариун үүрэг мөн.

"Эх оронч үзлийн хүч нь хувь хүний нэмэрлэсэн хүч хөдөлмөрийн хэмжээтэй ямагт хэр тэнцүү байдаг бөгөөд биеэ оторлогч нарт эх оронч сэтгэл ямагт харш байдаг." гэнэ. Эх оронч байна гэдэг нь эх орондоо юу ч хийж бүтээлгүй биеэ оторлоод суугаад байхын нэр биш, эх орныхоо хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн, хувь нэмрээ оруулах гайхамшигт үйл хэрэг ажээ. Би эх оронч гэж цээжээ дэлдэгч болгон эх оронч байж чаддаггүй. "Эх оронд хамгийн хэцүү агшинд хамгийн хэцүү үйл хэргийг барьж авдаг хүн эх оронч байдаг". Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, гадаа гандаж, хөдөө хөхөрч, хүн ардаа тэжээж яваа малчид бүгд халуун эх оронч. Ган гачигтай тулалдан тариа ногоо ургуулж байгаа тариаланч ч эх орончид. Элс шороонд дарагдан цөлжин эзгүйрч байгаа нутагтаа мод, бут тарьж, тордон ургуулагч бүх хүн эх оронч. Эх орны манаанд зогсож байгаа дайчид, эх нутгийнхаа уул талаар соѐлын үрийг цацаж яваа сэхээтнүүд бүгд эх оронч. Эд нар болон бусад эх орончид улс орныхоо ачааны хүндийг мөр дарж, нуруу хотойлгүй үүрч, алдар хүндэд санаархалгүйгээр асар гавьяат сайн үйлсийг цогцлоож байна. "Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ѐслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам,

цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг."

Аливаа хүн төрүүлж өсгөсөн ээжийгээ баяр бахдалын харцаар тольдон харах өөрийн нүдээ хайрлан хамгаалдагийн адилаар төрж өссөн эх орноо нүдний цэцгий мэт хайрлах үүрэгтэй. Бид аз жаргал, бүхний ундраа, ариун гэгээн бүхний эх булаг болсон эх орноо

зөвхөн аугаа их баатарлаг түүхтэйнх нь төлөө бус, бидний өөрийнх нь болохын хувьд хайрлах ѐстой. "Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм" хэмээсэн нэрт зохиолчийн үгийг хүн бүр санаж яваг. АНУ-д дунд сургуульд сурдаг монгол охин ангийнхаа харь орны хүүтэй зодолдсон тухай хууч яриаг саяхан сонслоо. Тэр хүү "Танай Монгол орон чинь ядуу" гэж охиныг дайрч доромжилжээ. Эх орныхоо тухай доромж тохууг сонсоод хүлцэнгүй өнгөрч чадсангүй, хаанаас нь гараад ирэв гэмээр хүч чадал хуримтлагдаж, тэр хүүтэй зодолдон дийлсэн гэнэ. Миний эх орныг доромжилсон тэр үг зүрх рүү минь зүүгээр хатгах шиг болсон. Монгол орноо санаж санааширсан зүрх сэтгэл, хайрлаж явдаг хайр надад тийм их эрч хүч, чадал тэнхээг гэнэт өгсөн байх, тэр үйл явдлаас хойш миний эх орны тухай манай ангийн хэн нь ч таагүй үг цухуйлгахаа больсон гэж бахархалтайяа ярьж байна.

"Эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз

жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй хамтдаа салшгүй сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ." Эх оронч байна гэдэг нь эх орноо хайрлах хийсвэр хайраа үе үе үгээр илэрхийлэх төдий үйлдэл биш. Эх орноо зүрх сэтгэлдээ хайрлахын зэрэгцээ эх орныхоо төлөө санаа зовох, эх орныхоо газар шороо, уул ус, ургамал амьтан бүхнийх нь төлөө санаа тавих учиртай бид. Өөрсдөө санаа зовж, өөрсдөө санаа тавихгүй бол өөр хэн бидний өмнөөс санаа зовж, сэтгэл гаргах билээ дээ. Хатаж ширгэж байгаа гол горхи, нуур цөөрөм, талхлагдан хожгорч байгаа бэлчээр, түймэрдүүлэн хяргуулж байгаа ой мод, сэндийчин сүйтгэж байгаа газар шороо, нүдэн дээр хорогдон цөөрч байгаа ан амьтан, араатан жигүүртний төлөө эх оронч хүн бүр санаа зовох учиртай. Хойч үеийнхээ өмнө гэмтэн буруутан гэгдэж, гомдол гоморхолын мөс шиг хүйтэн үгийг араасаа хэлүүлэхгүйн тулд хэт оройтоогүй дээр нь ухаарч сэхээрэн, алдсан эндсэнээ хожимдолгүй засч залруулах цаг нь болжээ.

Улс үндэстнийхээ гайхамшигт түүхээр, ард түмнийхээ баатарлаг үйлсээр бахархах нь зүй ѐсны хэрэг. "Бахархалын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол үндэсний бахархал байдаг билээ." Аугаа ихийг бүтээж чадсан ард түмэн дахин аугаа ихийг бүтээж чадна гэдэгт итгэл төгс байх учиртай бид. Эх нутгаа хайрлахдаа эх орон нэгт элгэн түмнээ хамт хайрлая. "Эх орноо болон хүмүүсийг хайрлах хайр нь эх оронч үзлийн хүчирхэг гол мөрнийг нийлэн үүсгэж байгаа түргэн урсгалт хоѐр гол юм." Байгаль эхийнхээ зовлон гамшигт санаа зовохдоо хүн ардынхаа зовлон зүдгүүрт хамт санаа зовъѐ. Дутуу

хоолтой, дундуур ходоодтой зовж ядарсан хүмүүст сэтгэл гарган, санаа тавья. Тэд Монгол хэмээх өнөр гэр бүлийн ялгаж салгаж, тусад нь тусгаарлах аргагүй эд эс. "Гагцхүү эх орон л бүгдэд үнэ цэнэтэй зүйлийг өөртөө агуулж байдаг" бол биднийг нийлүүлэн нэгтгэж байгаа өөр нэг нийтлэг үнэт зүйл нь төрөлх хэл. "Хэл бол ард түмний асар том эрдэнэ. Төрөлх ард түмнээ үл хүндэтгэж болохгүйн адил төрөлх хэлийг хүндэтгэхгүй байж болохгүй. Төрөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түмнээ хүндэтгэдэггүй." "Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ" хайрлаж хамгаалъя. Төрөлх хэлээ хайрлаж хамгаалах нь төрөлх эх орноо хайрлаж хамгаалахтай эн зэрэгцэх гавьяат үйлс. Эх оронч үзэл монгол хүн бүрийн мах цусанд шингээстэй бий гэж зөнд нь орхиж, сэтгэл амирлангуй байж болохгүй тийм цаг үе иржээ. Үр хүүхэддээ эх орноо хайрлах сэтгэл гүн суулгая. "Хүүхдүүддээ эх орноо хайрлах сэтгэл суулгах сайн арга хэрэгсэл бол эцгүүдэд нь энэ хайрыг буй болгоход оршино." гэж их сэтгэгч хэлсэн байна.

Эх орноо хайрлах эх оронч сэтгэлийг туйлшруулан, буруу замаар муйхарлан залваас хайрлах бус хорлох үр дагаварт хүргэж болзошгүйг мэдье.

"Эх оронч үзэл биднийг сохлох ѐсгүй, эх орондоо хайртай байх нь сохор тачьяадал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг"-ийг ухаарцгаая.

Муу, муухайгаас салъя

2009 оны 09 сарын 18

Орчлон ертөнцөд өөгүй тэгш хүнийг эрж хайж олно гэдэг өвсөн бухал дотроос зүү хайхтай адил байх аа. Бүх хүн алдаа хийдэг. "Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино". Ядаж хамгийн том алдаанаас хол байцгаая. Өөрийнхөө буруутайг ухаарч эхэлбэл ухаан сууж байна гэж өөрийгөө тоож эхэл. Буруугаа ухаарсан хүн алдаагаа засна. Бурхан тэнгэр хүнд оюун ухаан хайрласан болохоор хэн ч гэсэн өөрөө хүсч хичээвэл муу муухай бүхнээ таягдан хаяж, салж холдож чадна. Нэгэн зальтай илжигний тухай домгийг та бүхэн сонссон байх.

Илжигэнд ачдаг ачаанаас хамгийн хүнд нь давс байжээ. Нэг удаа давс ачиж явсан илжиг гол туулахдаа бүдэрч унан, хэвтэж байгаад босчээ. Тэгээд ачаа нь хөнгөрсөн байхыг зөнгөөрөө мэдэрч. Түүнээс хойш давс ачих тоолонд гол гатлах үедээ бүдрэн унаж давсыг уусган урсгаж ачаагаа хөнгөлдөг муу зантай болсон байна. Ус тааралдах болгонд бүдрэн унаж босохгүй хэвтдэг болсон илжигний залийг эзэн нь анзаарч, овжин адгуусанд ноос ачдаг болжээ. Гол гатлахдаа сурсан зангаараа усан дотор хэвтээд өгч. Ноос норж даагдахын аргагүй хүндэрсэн байна. Хүнд ачаандаа түүртэж, тамир тэнхээгээ барсан илжигний муу зан төдөлгүй засарчээ. Ухаангүй адгуус хүртэл муу зангаа засч чадаж байхад

ухаант хүн муу бүхнээсээ салж чадалгүй яахав. Илжигнээс дор байв гэж дээ.

Хүмүүст байдаг түгээмэл төөрөгдлийн нэг нь өөрийн бурууг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг гажиг юм. Өөрийн бурууг бусдад тохдог гаж зуршил чамайг чөдөрлөсөн хэвээр байгаа нөхцөлд чи алдаа дутагдлаа ухаарахгүй будилсаар, алдас эндэгдэлтэй зууралдсаар байх болно. Чамтай таарч учирсан буруу зөрүү үйлдэл бүхэнд энд миний буруу юу байсан билээ гэж бодож эргэцүүлэн, олж онож тогтоо. Буруугаа ухаарч сэхээрсэн хүн ижил төрлийн алдааг дахин давтан мунгинадаггүй юм. Ер нь нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг болгоомжтой хүний шинж. Бусдыг буруутгаж өөрийгөө зөвтгөх гаж төөрөгдлөөс ангижирч, зөв бурууг байгаа үнэнээр нь ялгаж салгаж чаддаг болчихвол өөрт нутагшсан нэг муу зангаа хаяж гээж чадсандаа баярла.

Өөдгүй зангаас салахыг хичээ. Хорвоо дээр гурван төрлийн өөдгүй хүмүүс бий гэж Ф.М.Достоевский хэлсэн. Өөдгүй чанараа аугаа их буянтай зүйл гэж итгэж үнэмшсэн гэнэн өөдгүйчүүд, өөдгүй явдалдаа ичиж, түүнийг ямар ч болов дуусгавар болгохыг эрмэлздэг өөдгүйчүүд, эцэст нь, ердөө өөдгүй буюу ясны өөдгүй хүмүүс. Өөдгүй явдлаасаа ичнэ гэдэг сайн хэрэг. Энэ нь өөдгүй явдлаасаа салах урьдач нөхцөл. Ичих булчирхай нь ажиллаж байгаа хүн эрт орой хэзээ ч болов өөдгүй зангаа өөрийн хүчээр дуусгавар болгож дөнгөхдөө

дөнгөнө. Өөдгүй чанараасаа салахад нь гэнэн өөдгүйчүүдэд туслах хэрэгтэй. Тэд сайн муугаа ч ялгаж салгах ухаангүй, цаасан дарцаг шиг хийсч явдаг юм. Эд нар өөрийгөө ялж, өөдгүй чанараа таягдан хаях сэтгэлийн тэнхээ нь сул хүмүүс. Тиймээс тэдэнд үглэх загнах, үлгэрлэх дагуулах, учирлах ухааруулах бүхий л үйлдлийг ашиглах замаар гэнэн ойворгон занг нь засахад тус дэм бол. Явдал учраараа ясны өөдгүй гэдэг нь танигдсан хүнээс хол байх нь өлзийтэй. "Хүний хамгийн өөдгүй байдал бол өөрийгөө эзэмдэх болон ухаарахаа больсон үе юм". Хүнийг хамгийн өөдгүй байдалд архины халуун, уурын мунхаг, улайрсан тэнэглэл аль аль нь ядаж цөхөх юмгүй хүргэж хорлоно. Энэ үедээ хэн боловч хүн төрхөө алдаж, адгуусны авир араншинтай болдог нь осолтой. Хамгийн өөдгүй байдалд орчихгүй юм шүү гэж хүн бүр бодож хичээж явах хэрэгтэй.

Хүмүүс эрүүл саруул ухаан бодлынхоо орон зайг уур цухалдалтаар дүүргэх нь олонтаа. Энэ нь хүнд шүглэсэн муу муухайн үүр уурхай юм. "Уур бол түр зуурын солиорол" учраас уурын мунхаг гэгээн сайхан явсан хүнийг ч агшин зуур гэмтэн буруутан болгон хувиргана. Уурласан хүнээс гэрэл цацарч, илч төөнөсөн сайхан үгс хэзээ ч гарахгүй. Уур уцаар хараал хэрүүлийн үрийг цацаж, хагарч бутрах, хагацаж салах үүд хаалгыг цэлийтэл нээж өгөхөөс өөр гавьяагүй. "Уур хилэн хэрцгий явдлын эх булаг" байдаг болохоор уурлаж хилэгнэсэн хүнээс ямагт болгоомжилж, сонор соргог,

сортоо мэдрэмжтэй бай. Уураа дарж, ухаанаа тэлж явах нь залуу хүн чиний өсөж өндийх, өөдлөн дэвжихэд тулах тулгуур, түших хань чинь болно. "Уур хилэн бусад хүмүүст таатай биш ч гэсэн уурлаж байгаа хүндээ илүү хүндээр тусдаг" болохоор өөрийгөө зовоож, өөрийгөө тарчлаахын хэрэг ер нь байна уу? Уур биеийг зовооно гэж бидний өвөг дээдэс сургамжлан захисаар ирсэн шүү дээ. Өөрийгөө ялж чаддаг хүн л уураа барьж, уураа дарж, ухаанаараа уураа хазаарлан зогсоож чаддаг юм. Хүн өөрийгөө ялмагц бусдыг буруушаахаа тэр дороо болино.

Худал хуурмаг бүхнээс хол зайдуу байцгаая. Худал хуурмагийн босоо ороолон чамайг ээрч хоргоогоод эхэлбэл түүнээс үтэр түргэн холдох замаа хай. Чухамхүү худал хуурмаг л хүнийг байх ѐстой байр сууринаас нь хамгийн ихээр доош чангаадаг юм. Хуурамч зүйл бүхэн хэзээ ч бат бөх байдаггүй, савангийн хөөснөөс үүссэн хийн бөмбөлөг адил тэр дороо хага үсрэх тавилантай. "Худал хуурмаг нь бүх муу муухай үйлдлүүд дотроос хамгийн илүү нуугдмал, бүхнээс хялбархан хийгддэг учраас л бид түүнийг хамгийн их бузар муухай зүйл хэмээн харааж зүхдэг юм" хэмээн их сэтгэгч хэлсэн байна. Худал хуурмагийн хор хөнөөл харамсаж халаглаад барамгүй их. "Худал нь бие болоод сэтгэлд төгсгөлгүй зовлон авчирдаг". Нэг худал нөгөөгөө тэр дор нь төрүүлнэ. Нэгэнт худал хэлчихсэн бол дахиад зайлшгүй худал хэлнэ. Улмаар худал хэлэхгүйгээр амьдарч чадахгүй болтлоо доош орно. Нэг худлыг нөгөө

худлаар дэмжиж, энэ нь эцэс төгсгөлгүй чөтгөрийн тойрогт эргэлдсээр, үнэн мөний ул мөр улам бүр бүдгэрч, худал хуурмагийн намаг балчигт гарах аргагүй шигдэхэд хүрнэ. "Хүн хэдийчинээ их ухаантай, боловсролтой байна, түүний худал хуурмаг өөрт нь болон бусдын хувьд төдийчинээ их хортой байдаг" нь гачлантай. Худалч хүн чин үнэнийг чин сэтгэлээсээ яриад байхад нь ч хүмүүс түүнд огт итгэхгүй буюу байнга эргэлздэг болчих нь үнэхээр харамсмаар.

Хүний сэтгэлд өөрөө өөрийгөө өдөөж төрүүлдэг бузар муухай нэг зүйл бий. Энэ бол хардалт юм. "Замбуулин дээр бидний сэтгэлийг ой гутам зургаар дүүргэдэг хардалтаас илүү гутамшигтай тийм зовлон байдаггүй". Хардалтын хар дон сэтгэлд шүглэвэл өөрийгөө үргэлж тамлан зүдрээхээс гадна өөрт хавьтсан бүхнээ тарчлаан зовооно. "Хардалт гэдэг бол юмаа алдахаас айж ягтаа тулсан харамч амьтны тэчьяадал" гэж их сэтгэгч онож тодорхойлсон байна. Санаа муутай хүн савнаасаа хальсан хартай байдаг. "Хардагчид шалтаг хэрэггүй. Тэд хардамтгай учраас огт шалтгаангүйгээр дандаа хардацгааж байдаг". Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж, нүд тайлсан хүн ч өрөвдөх сэтгэлгүй өчүүхэн хардагчид болчихдог нь ухаанд багтамгүй гайхмаар. Тийм болохоор хардалт гэдэг нь угаас ухаан муутай хүний сэтгэлд урган зовоодог ухамсар дорой, уг муутын өвчин ажээ. Эгэл хүмүүсийн хардалт өөр хоорондын хэрүүл эвдрэлээс хол хэтрэхгүй, эрх мэдэлтний хардалт хотол олноор нь ч хэрэлдүүлж

эвдрэлцүүлнэ. Хардалтыг өшөө хорсол, өшөө хорслыг өшөө авалт сүүдэр эзнээ дагах адил шил шилээ даран мөшгинө. "Өшөө авалт нь нэр төртэй хүмүүсийн зүрх сэтгэлд багтдаггүй, хэр тааруухан хүмүүсийн өв хөрөнгө юм". Хардалт, өшөө хорсолдоо хүлэгдэн боолчлогдсон хэр тааруухан хүн болчихгүйг хүн бүр хичээх хэрэгтэй.

Бусдын муу муухайг өөнтөглөн сонжиж элэглэн шоолох хэрэггүй. Харин муу муухайгаас салахад нь бололцооны хэрээр туслахыг хичээ. Энэ бол бусдын төлөө хийж байгаа буянтай үйлс. "Ухаантай хүн бусдын муухай явдлыг хараад өөрийнхөө муу муухайгаас салдаг". Энэ бол өөрийнхөө төлөө хийж байгаа буянтай үйлс. Муу зүйл хийсэндээ харамсах нь сайн хэрэг. Энэ нь дахин муу зүйл хийхгүй байх дархлааг өөртөө суулгаж байна гэсэн үг. Гэхдээ муу зүйл хийхгүй байх нь л бүр сайн хэрэг шүү дээ. "Муу юмыг их ч бай, бага ч бай хийх хэрэггүй" гэж маш эрт хэлсэн нэг үг байдгийг санаж явцгаая.

Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

2009 оны 10 сарын 08

АНУ дахь Монгол Соѐлын Төвийн хүндэт гишүүн Нацагийн Багабанди "Титэм үг" хэмээх үг сургаалиа Даяар Монгол сонины уншигчдад харамгүй хайрласаар бас чиг багагүй хугацаа өнгөрчээ. Титэм үг бол ялангуяа харьд байгаа монголчуудад зүрхний үг болон хүрдэг, тэдгээрийг хэвлэн авч үр хүүхдэдээ уншиж өгдөг гэр бүл ч бидний мэдэхээр АНУ-д олон. Та бүхэнд удаах дугаарыг нь хүргэхдээ таатай байна. Ном болон хэвлэгдсэн гэдгийг нь ч бид танд өмнө дуулгасан байгаа билээ.

"Даяар Монгол" вэб сайтын эрхлэгчид

Үүний урьд муу муухайгаас салах тухай ярьсан. Тэр сэдвээ цааш нь үргэлжлүүлье. "Шунахай зан бол бүх муу муухайн үндэс". Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.

Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. "Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан.

Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг" хэмээн Монголын бичгийн их хүн сэрэмжлүүлэн захисан. Эд агуурс, идэж уух хомс болоод гачигдах мухардахдаа муу нүгэлт үйлсийг үйлдэж, зовлонт үр боловсорч, хомхой сувдаг зан хүнийг эзэмддэг тухай судар бичгүүдэд сургамжлан сэрэмжлүүлсэн нь олон.

Гачигдаж дутагдахын зовлон гаслам хэцүү. Хүн өөрөө л хичээл зүтгэл гаргаж чадвал үүрдийн биш, зуурдын энэ зовлонг эр зориг, эрч хүчээрээ даван туулж, ард нь гарч дийлнэ. Хэдий чинээ гачигдаж, хэчнээн дутагдаж байвч шунахай зан, хомхой сэтгэлд оосорлуулахгүй байхыг хичээх нь хүнээрээ үлдэх сайхан боломж. Үргэлж дутагдаж, байнга гачигдаж байсан зарим хүний азын тэнгэр гийж, уг зовлонгоо гэтлэнгүүт дахин ийм зовлонгийн далайд үйгдэхгүй юм сан гэсэндээ ханаж цадахаа мэдэхээ больж, ухаанд нь ухна ишиг үхнэ. Ийм хүмүүсийг сайн хүн гэх аргагүй. Зарим нь азын тэнгэр гийснийг бурхны хишиг хэмээн хүлээн авч, шуналын тулам болчихолгүй өөрт олдсоныгоо өргөн түмэнтэйгээ хуваан хүртэж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, ухаан сууж, улам дэвжинэ. Ийм хүмүүсийг сайн хүн гэхээс аргагүй. Уургандаа цадаагүй хурга төлгөндөө майлна гэж малчин удамт өвөг дээдсийн хэлж ярьж ирсэн онч үг зүгээр ч нэг дан ганц хурга, төлөгний майлааны тухай хэллэг биш, өлөн зэлмүүн, дутуу гуцуу байсан хүнд хомхой сувдгийн нян халдварлаж улмаар нүд ханаж, сэтгэл цаддаггүй болдог

тухай давхар гүн утгат ардын сургаал билээ. "Хомхой сэтгэл бол том хорлон. Хомхой сэтгэлтэй хүн шударга, зарчимч, эр зоригтой ч байдаггүй, өөрийн үүрэгт үнэнчээр хандаж чаддаггүй. Бага наснаасаа сэтгэл харамгүй амьдарч сурах хэрэгтэй" гэж нэрт сурган хүмүүжүүлэгч хэлсэн байна.

Хон хэрээнд ойр байсан хун галууны зан эвдэрнэ гэх үг бий. Шунахай хүний ойр байгаа сувдаг сэтгэлгүй байсан хүн ч шуналын дэвд идэгдэн, сувдгийн бузарт хорлогдож, зан нь эвдэрч замаа алдах осолтой. Ханаж цадахаа мэдэхгүй, хахаж цацах нь холгүй сувдаг хүн хол ойрынхондоо хорт нөлөөг цацна. Энэ нөхөр идэж завшиж болоод байхад би юунд дутахав гэдэг хорон нөлөө мөр, суудал зэрэгцэн сууж босч байгаа хүнд хүссэн хүсээгүй тусна. Шунаж хорхойссон нэгнийх нь амьдрал суга дээшилж, шударга шулуун нөгөөгийнх нь амьдрал шувт доошлоод байвал шударга ѐсны тухай яриа хаданд хашгирсан цуурай төдий хоосон. Шуналт сэтгэлээс болж шударга ѐс алдагдана. Шунал бол шударга ѐсны дайсан билээ. Шунахай сэтгэлийн хор салхиар тархан халдварлах муу зүгийн, муу чанарын, муу нөлөөтэй.

Шунахай, хомхой занг хязгаарлаж хазаарлаж байхгүй бол амьдралын тань цаашдын замнал эндэгдлээр эхэлж, эмгэнэлээр дуусна. "Агуу их эмгэнэл нь ямагт хязгаарлагдашгүй хомхой сэтгэлийн үр дүн байдаг". Энэ бол суут хүний хэлсэн сургамж үг. Шунахай сэтгэлт хүн өөрөө өөртөө дайсагнана. Хүнд өөрөөс нь илүү муу

дайсан байхгүй. Яагаад гэвэл түүний бараг бүх гай зовлон, бүх аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шунахайрлаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлоно. Шунахай зан цусанд нь халдварласан бол хүн барагтай өөрийгөө татан авч дийлдэггүй. Нүхнийхээ гүн рүү шургах мэрэгч шиг улам цааш зүтгэнэ. Цус сорсон хачиг шиг улам бүр наалдан, улам томорсоор хувалз болон бэлхийнэ. Шунахайрал хэтэрвэл бирд мэт тарчлана. "Дуусахгүй шуналдаа хөтлүүлсэн бирд дундрахгүй тэр зовлонгоосоо гадна үүрдийн өлсгөлөн, ангах, айх, ядрах үлэмж барагдашгүй шаналал эдэлнэ. Тогоон чинээ гэдэстэй ч гэсэн тоос ч орохгүй нарийн хоолойтой, идэш уушны үртэс олсон ч идэж, залгиж чадахгүй зовно" гэж шунал нь хэтрэн бирд мэт бологсдыг шууд үгээр дүрслэн бурхны номонд өгүүлжээ. Шуналын бузарт хорлогдогсод идэж цусалж ханахгүй ховдог, бусдад үзүүлэх хорт нөлөө нь хэмжих аргагүй их. Зүйрлэн хэлбэл, шунахай сувдаг сэтгэлтний хор нь могойтой адил, ховдог нь чонотой адил. Шуналын бузар бие хийгээд сэтгэлд чинь халдварлан шингэчихвий гэж залуу хүн бүр болгоомжлон сэргийлж байх учиртай.

Мөнгөнд дургүй хүн энэ хорвоод байхгүй байлгүй. Мөнгөөр бүх асуудлыг шийдэх боломжгүй ч мөнгө олон зүйлийг шийдэхэд тусална. Мөнгө ямар ч хүнийг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай, эрх чөлөөтэй болгоно. Санхүүгийн тусгаар тогтнолгүй хүн ямагт хэн нэгнээс хараат байхад хүрнэ. Мөнгө хүнд эрх чөлөөг авчирна. Гэхдээ мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх нь холгүй

сувдаглах нь байж боломгүй үйлдэл. "Мөнгөний шунал хэрэв ханахгүй бол улам бүр гаардаг. Яагаад гэвэл, хүсэл хэдий чинээ их болно, төдий чинээ их хэрэгцээг төрүүлдэг" гэж эртний нэгэн гүн ухаантан айлджээ. Нэн эрт хэлэгдсэн үг боловч өнөө цагийг тольдон харж байгаа мэт. Мөнгөний шуналыг хазаарлан тогтоож байхгүй бол улам гаарч, эцэс мухар нь эс харагдах холын холд аваачдаг ажээ. Шуналын зам төсөөлөхийн аргагүй хүнд хүчир, хатуу ширүүн, муу заяанд хөтлөн хүргэнэ. Шуналын үндсийг дахин бүү усал. Үндэс нь хатаж байж шунал дарагдана.

Мөнгөөр бүхнийг бүтээж, мөнгөөр бүгдийг худалдан авч болно гэж үздэг, боддог, хийхийг эрмэлздэг хүн мэр сэр бий. "Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө бүхнийг хийж чадна". Бүхнийг хийж чадна гэдэг дотор хуурах мэхлэх, худал ярих, хулхидах хулгайлах, худалдах худалдагдах, урвах шарвах, идэх цөлмөх, хахуульдах авилгадах, тонох дээрэмдэх, алах талах бүгд багтана гэж төсөөлөхөөр нүд харанхуйлж, дотор арзайм. Мөнгөний төлөө бүхнийг хийнэ гэдэг арай дэндүү аюултай бөгөөд увайгүй. Ийм хүмүүсийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гэм нүглийн хүч өдөр бүр, цаг тутам өсөн нэмэгдсээр байх нь харамсаж халагламаар.

Эрх мэдлийг шуналын хүүдий болгон ашиглагч хамгаас хортой, бүхнээс аюултай. Алба тушаал, эрх мэдэлд шунан дурлагч эд хөрөнгө, мөнгө төгрөгт яг ижил шунан сувдаглана. Ёс бусаар эрх мэдэл олсон бол ѐс бусаар

сандал суудлаа ашиглах нь эргэлзээгүй. Өгөө авааны зарчмаар тушаал ахисан хүн өгөө авааны зарчмаар эрх мэдлээ ашиглана. Эрх мэдэл дагасан шунал хуурай өвсөнд ассан талын түймэр мэт замдаа тохиолдсон бүхнийг хуйхлан цөлмөнө. Эрх мэдэлтэн болгон шуналтан биш. Эрх мэдлийг их ч бага ч хэмжээгээр шунахайн сэдэлтээр ашиглах нь буруу зүгийн, бузар үйлдэл. Эрх мэдлээ шунахай сэтгэлийнхээ зэвсэг болгон ашиглагч бусдаас осолтой, хамгаас хөнөөлтэй. Эрх мэдэл дагасан шуналын тахал нэн аймшигтай. Нийтэд тун хурдтай тархахын хамт нийгмийг тэр аяар нь хоослон цөлмөж ч мэднэ. Шунахайчууд эрх мэдлийг эд баялаг, хөрөнгө мөнгө болгон хувиргах ид шидэт үйлдвэрлэлээ тасралтгүй эрхэлж, олз ашгаа сувдаглан сорж сууна. Тийм болохоор л тэд язартлаа таргалан хагартлаа баяжин жаргалдаа ташуурч, хүн ард нь өлөн зэлмүүн, ядуу тарчиг зовлондоо талхигдана. Энэ бол байгалийн гамшгаас илүү хор хөнөөлтэй нийгмийн гамшиг.

Зөвийг дагаж, буруугаас зайлж, зөвхөн сайныг дадал болгож явах нь залуу хүний хичээн эрмэлзэх, хүсч тэмүүлэх зөв зам мөр билээ. Бусдаас авах завшихад шунах биш, бусдад өгч туслах өгөөмөр сэтгэлтэн бай. Авах өгөхийн тухайд хүүхэд залуусын сэтгэл зүрх эрүүл саруул хөрсөнд цэв цэврээр цэцэглэх учиртай. Өөрт илүүдсэн зүйлээ бусдад өгч байгаа хүн өглөгийн эзний сэтгэлтэн биш, зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлээсээ өгч байгаа хүн жинхэнэ өглөгч байдаг юм. "Бусад хүмүүсийн

эд баялагт атаархахын хэрэггүй. Тэд түүнийг бидний халаастай дүйцэхээргүй их үнээр олж авсан. Өөрөөр хэлбэл, түүний төлөө амар тайван байдлаа, эрүүл мэндээ, нэр төрөө, хүн чанараа бүгдийг золиослосон хэрэг". Шударгаар олсон хоол амттай. Шуналаар баяждаггүй, сувдгаар таргалдаггүй. Шунал ихэдвэл шулам болно гэж сургамжлан захисан өвөг дээдсийн сургаал захиасыг ухан ойлгож, ѐсчлон дагая.

Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй

2009 оны 10 сарын 28

Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

"Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна". Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч амар. Голдоо ортол гомдон хөрж хатсан сэтгэлийг гэсгээн дэвтээх үнэхээр хэцүү. Хамгийн ойрын хүмүүстээ харамсмаар муухай үг бүү хэл. Сэтгэл зүрхээрээ чамайг гэж явдаг хүнд сэтгэлд нь сэв суухаар сэрэмжгүй үг битгий хэл. Салшгүй сайн нөхөддөө марташгүй муухай үгийг бүү дуулга. Чамд найдаж, чамд итгэж, хорвоо дээрх хосгүй хүмүүсийн нэг гэж чамайг дээдэлж ирсэн хүмүүстээ хор хүргэж, хорсол дагуулах хорт муу үйл бүү үйлд. Итгэсэн нөхөр нь инээсэн дайсан болох шиг муухай юм энэ хорвоод үгүй. Эдгээр мэт үг, үйлээр гомдоох аваас тос шиг сэтгэл нь царцаж, сүү шиг сэтгэл нь ээдэж, голдоо ортол ч гомдож мэднэ. Ар араасаа цувсан аймшигт гомдлоор аль ч хүнийг бүү залхаа. Ганц ганцхан дусал нэмсээр ган

торхноос хальдагийн адил бага багаар, ар араас нь цувуулан гомдоовол баяр жаргалаар дүүрэн байсан сэтгэлийн ган торхонд гомдлын мөс хуралдан зузаарсаар алдрайхан сэтгэл алдарч, баяр жаргал нь багтаж шингэхээ болин асгарч, нүдний аяганаасаа мэлмэрэх нулимс адил халин садран урсаж, гомдол гунигийн хүйтэн мөс сэтгэлдээ тээж явах болно. Гомдол гунигийн мөс хүйтэн бөгөөд хатуу, хүнд бөгөөд дарамттай, дааж явахад хэцүү.

Хайлдаггүй мөс байдаггүй гэх боловч, хэт хөрж хөрзийсэн сэтгэлийн мөсийг гэсгээн уяраах туйлаас хүнд. Сэтгэлд хургасан гомдлын жаврыг сэтгэл зүрхний дуудлагатай намуун аядуу үг л хөөн зайлуулах увидастай. Хэн нэгнийг гомдоосон бол гомдол гунигийг нь заавал тайлж бай. Энэ бол өөрийгөө хүндэтгэдэг журамт хүний үүрэг. "Аар саархан гэмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод". Сэтгэлдээ битүүхэн гомдол тээж явахын хэрэгцээ үгүй. Юунд гомдсон, яагаад гомдсоноо далдлан нуух биш, ил хэлж гомдлоо тайлж, сэтгэлээ амраа. Гомдлыг уур уцаар дагах нь хөллөсөн шар үхрийн араас тэрэг дагах лугаа. Гомдсон сэтгэлийн учир шалтгааныг ургуулан бодох тусам уур уцаар улам бүр дүрэлзэнэ. Уур уцаараар гомдлыг тайлна гэж санахын ч хэрэггүй. Уур, биеийг зовоохоос өөр гавьяагүй. Сэтгэлд хургасан уурлах бухимдах харанхуй орон зайд учрыг олж хужрыг тунгаах ухаан тэвчээрийн гэрэлт нарыг авчирч байрлуул. Уурыг, уураар ялахгүй, уурыг ухаан тэвчээр хоѐр л ялж дийлж чадна. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйж сур.

Уучлал гуйна гэдэг түүний өмнө гэм буруутай гэдгээ ухаарч байгаагийн шинж тэмдэг төдийгүй боловсон соѐлтой хүний зайлшгүй хийх ѐстой эелдэг үйлдэл, гомдлыг тайлах хамгийн дөт зам билээ. Өрөөл бусдад гомдож өөрийгөө зовоож байснаас өөрөө өөртөө гомдож сур. Өөрийн гомдлыг тайлах нь өөрөөс чинь хамаарах санаан зоргын хэрэг. Өөртөө гомдож байгаа хүн уур уцаарын хүлээсэнд баригддаггүй.

Өөрөө өөртөө гомдож байгаа хүнд уур уцаарын оронд уужуу сэтгэл, уучлах зөн мэдрэмж төрдөг юм. Хүн хийх гэсэн ажил нь бүтэхгүй, хүрэх гэсэн санаандаа хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, уурлан бухимдаж эхэлдэг. Уурлаж бухимдсанаар урдах ажил нь бүтчихнэ гэж үгүй. Ултай суурьтай уужуу тавиу бодож, ухаан зарж, аргыг нь олж байж хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ ойртоно. Хүнийг цэвэр бус дотоод сэтгэл нь хамгийн ихээр зовооно. Хэрэв өөрийгөө барьж, өөрийгөө дарж байхгүй бол уур уцаар, атаа жөтөөнд баригдан, сэтгэлийн гэмүүд бий болж чамайг зовооно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд дор дороосоо ундарсаар, дээр дээрээ овоорсоор байх болно. Сэтгэлийн гэмүүд дотроос адгийнх нь атаа жөтөө билээ. "Атаархагчид яагаад дандаа ямар нэг зүйлд гоморхож байдаг вэ? Яагаад гэвэл тэднийг өөрсдийнх нь бүтэмжгүй хэрэг төдийгүй, бусдын амжилт ч шаналгадаг" юм. Атаархагчид ямагт гуниг гоморхол тээж явна. Яагаад гэвэл өөрт тохиолдсон золгүй явдалд гуниж гоморхохын зэрэгцээ, өрөөл бусдад аз тохиоход мөн л энэ зовлонгоо

эдэлж сууна. Атаархал нь баяр цэнгэлийг мэддэггүй дотоод сэтгэлийн гажиг. "Атаархлаас өөр ямар ч гажиг хүмүүсийн сайн сайхан байдлыг тийнхүү хорлодоггүй, атаархлын халдвар авсан хүмүүс өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулдаг".

Гомдлыг цаг цагт нь тайлалгүй удаан хадгалвал буцалж байсан гомдол өшөө хорсол болон дэврэнэ. Өшөө хорсол тээж явах нь өөрт ядаргаатай, өрөөлд хорлонтой. Өшөө хорсол хэмээх сэтгэлийн гэм даамжирвал үзэн ядалт болон хувирч болзошгүй. Ийм байдалд хүрвэл бусдыг занал зүхлээр далайлгах төдийгүй өөртөө хар зовлонг даллан дуудах болно. Үзэн ядалтын уур хилэн цээжиндээ тээж яваа хүний ухаан бодолд өшөө хорслоо тайлах зовлонт үр боловсорч цаг үргэлж тамлан тарчлаана. Үнэнийг сонсох дургүйчүүд үнэнийг хэлсэн хүнийг үзэн яддаг. Энэ бол адгийн үзэн ядалт.

Үнэнд дургүй хүмүүс дөрвөлжин нүхэнд гурвалжин мод тааруулах гэж зүтгэн муйхарлана. Үнэнийг сонсох нь тэдний хувьд тэнгэр ниргэж, газар цөмрөхтэй адил. Үзэн ядалт сулхан хүмүүсийн уур хилэн боловч, атгаг санааг агуулж байдгаараа аюултай. Бусдыг үзэн ядаж өөрийгөө тарчлаах хэрэг байхгүй. "Үзэн ядалт бол хамгийн хүнд, хамгийн дур гутам гинж бөгөөд түүгээр нэг хүн өөрийгөө нөгөөтэй холбож болдог, харин түүний төгсгөлүүд нь хорсол болон айдаст нэвчсэн байдаг" гэж нэгэн зохиолч бичсэн байна. Хэн нэгнийг үзэн ядсанаар чамд яасан ч сайн зүйл авч ирэхгүй. Үзэн ядах, өшин хорсох хорт

сэтгэлээ татаж авахгүй бол өшөө авах аймшигт алхамд түлхэж мэднэ. Хүн үйлдсэн үйлийнхээ хэр таарсан үр дагаварыг л амсдаг болохоор муу үйл үйлдээд сайн үр дагавар хүртэнэ гэж гэнэн царайлж горьдохын хэрэггүй. Газар дорх үндсийг гараар тасалж болдоггүй шиг чиний дотор хуримтлагдсан сэтгэлийн гэмийн үндсийг хэн нэгэн тааж мэдээд, таслаад өгчихөж чадахгүй.

Сэтгэлдээ хорлонт гэмийг үүсгэж хэрэггүй, үүссэн бол хадгалж хэрэггүй, хадгалахгүй байхын тулд өөрөө тэр бүгдийг гарган хаяж, сэтгэл юүгээ хог новшноос цэвэрлэх хэрэгтэй. Гомдож уурлах нь угаасаа хүний сайн мэдрэмж биш. Гомдолдоо шатаж, уурандаа дүрэлзэж яваа хүн өөрийгөө түлж хуйхлахгүй ч гомдож уурласан хүнээ түймэрдэн хуйхлах нь холгүй явна. Хүсч байсан хүсэл нь биелэхгүй, хүлээж байсан үр дүнгээ үзэхгүй бол хүмүүс хэн нэгэнд гомдоно. Гомдол нь уур хилэн, зэвүүцэл болон дүрэлзэж ч мэднэ. Олон хүн зэрэг зэрэг уурлах нь оволзон давалгаалах үерийн уснаас өөрцгүй. "Үзэн ядалт зэвүүцэлтэй хослохоороо ямар ч дөнгийг сэгсэрч чадах хүчийг олдог" гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гомдож зэвүүцсэн сэтгэлийг тайлах хамгийн сайн арга нь гомдсон, гомдоосон хоѐр уулзан учирч, сэтгэлээ нээн ярилцаж, хэл амаа олох явдал билээ. Эмээлийн бүүрэг шиг хоѐр тийшээ харсан хүмүүс эгцэлж урд, урдаасаа харах төвөгтэй ч хүсэл эрмэлзэл, найдвар итгэл байх аваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй. Өнгөрсөн муу явдлыг хойш тавьж, өрнөх сайн ирээдүйн

тухай ярилцах сэтгэлийн хат, итгэлийн жигүүр ямагт хадгалагдан үлдэх учиртай.

Түмний хэргийг түрүүнд нь бодон, төрсөн биеэ дараа нь бодож, уур хилэн, үзэн ядалтын гал дээр зэвүүцлийн тос нэмж хавь ойроо хаман түймэрдэх харалган бодлоо эгнэгт орхи. Буруу, зөвийг ямагт ялгаж зааглаж болдог юм. Мууг мартан сайныг санаж, удаан тунгаан, уужим сэтгэж, зөвшин ярилцаж, зөвийг ол. Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй ээ.Хүмүүжил хүнийг бүтээдэг

2009 оны 11 сарын 10

Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоѐр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоѐр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоѐр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоѐрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.

Нэгэн гүн ухаантан "Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм" гэж хэлжээ.

Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. "Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг". Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.

"Хүний хүмүүжил түүний төрсөн цагаас эхэлдэг. Нялх хүүхэд хэдийгээр ярихгүй, сонсохгүй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас өмнө буй болдог" гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хүүхдийн хүмүүжилд хамгийн гол хүмүүс бол эцэг, эх. Бүх аав, ээж хүүхдээ шилдэг сайн хүн болоосой гэж хүсдэг, үүний төлөө чадах бүхнээ зориулдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ айлгах, дураар нь тавих хоѐр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хүүхдийг айлгаж хүмүүжүүлнэ гэдэг нь сайн арга ерөөс биш.

Хүүхдүүдийг айлгах замаар тэдэнд зөвхөн жигшүүрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хөөцөлдөмтгий байдлыг төлөвшүүлнэ. "Номхотгох, дарангуйлах, хүчирхийлэх замаар олдсон бүхэн хэврэг хуурамч бөгөөд найдваргүй байдаг". Хүүхдийг хэт их эрхлүүлж, эрх дураар нь байлгаад байвал хосгүй сайн хүн болчих юм шиг төөрөгдөл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зөв арга биш. "Хэрэв хүүхдүүдэд юу хүссэнээ

хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мөрөөдөн тэнэг зүйл үйлдэх бололцоо олгох юм бол бид хүмүүжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бөгөөд улмаар тэдэнд аливаа муу бүхний эх сурвалж болох тэвчээргүй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог" хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.

Эцэг, эхчүүд өөрсдийн амьдралын туршлага, үг хэл, үйл хөдлөлөөрөө үр хүүхэддээ хүмүүжлийн тулгын чулууг нь тулж өгнө. Хамгийн чухал хүмүүжлийг хүн өөрөө олж авна. Хүмүүжлийн эд эсийг бүрдүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгчид, үерхдэг найз нөхөд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, үздэг кино, уншдаг ном. Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хөдөлмөрч зан чанар төлөвшинө. Сайн хүмүүжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хүүхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгүй хүсэл мөрөөдөл нь байх учиртай. Сайн хүмүүжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.

Хүмүүжлийн доголдолтой хүний амьдрал нь ч доголдолтой, ажил үйлс нь ч доголдолтой. "Хүмүүжил хүнийг өөрийг нь бүтээдэг" юм. Сайн хүмүүжилтэй хүн мэдээж сайн хүн. Сайн хүмүүжил хүнийг хальтрахад нь тулж, хазайхад нь түшиж, өндийхөд нь тусалж, өөд нь татна. Түүгээр зогсохгүй "сайн хүмүүжил нь хүнийг муу хүмүүжилтэй хүмүүсээс маш найдвартай хамгаална".

Үг яриа бол хүмүүжлийн асар хүчтэй зэвсэг мөн. Гэхдээ сайн зүйлд үгээр хөтлөхөөс үлгэрлэж дагуулах нь илүү үр дүнтэй. Сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко хүүхэд

хүмүүжүүлэх үйлстээ үгийн ур чадварыг үлгэрлэн үзүүлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр "хэцүү хүүхдүүдтэй" ажилладаг байв. Хүүхдүүд сургуульд сурахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээний төмс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.

Сургалтыг хөдөлмөртэй хослуулсан нь харж хандах хүнгүй, орон гэргүй орхигдсон хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ хөдөлмөрийн хүмүүжил төлөвшүүлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хүүхэд алим боловсрох яагаа ч үгүй, түүхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хүмүүжүүлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хүүхдүүдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ѐс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хүүхдүүдийн хувьд хамгийн хүсэшгүй зүйлийн нэг. Хэрэг тарьсан хүүхдүүд хэзээ дуудах бол гээд түгшээд хүлээгээд байж. Их удаан айж түгшин хүлээсэн боловч дуудсангүй.

Намар боллоо. Хүүхдүүд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хүн бүрт ургацын дээжээсээ өгдөг уламжлалтай, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Өдрийн хоолон дээр хүүхэд бүрийн өмнө өөрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нөгөө хэргийн эздийн өмнөх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгүй байна гээд дор бүрнээ шуугилдан гомдоллов.

Яг тэр үед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгүй байна гэв үү? Та нар өөрсдийнхөө жимсийг аль эрт хураачихсан шүү дээ гэж тэр нухацтай нь аргагүй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгүй. Түүнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгүй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагүй гэж нөгөөдүүлийн нэг нь хожмоо их нэр хүндтэй хүн болоод дурсамжиндаа өгүүлсэн байна.

Миний нэг унгар найз "Тоглоомоор дамжуулан хүүхдэд техникийн сэтгэлгээ төлөвшүүлэх нь" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн үедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шүүмжлэх аястай байснаа бүтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хүүхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хүүхдэд танин мэдэхүйн зөндөө зүйлийг таниулж мэдүүлнэ. Тоглоомоор хүүхдийн зан авирын төлөвшилтийг залж чиглүүлэх боломжтой. Хүн өөдтэй хүмүүжихийн чухал үндэс нь түүний зан авирын төлөвшилт. Тоглоом хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. "Хүүхдийн тоглоомонд асар гүнзгий утга бий" гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зүгээр ч нэг үг биш.

Хүүхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаармаар. "Сайхан мэдрэмж бүхий хүмүүжилгүйгээр өв тэгш хүнийг өсгөн бойжуулж болохгүй".

Эх нь хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. "Хэнээс төрсөн нь бус, хэнтэй нийлдэг нь л хүний жинхэнэ мөн чанарыг тодорхойлно" гэх үг бий. Найз нөхдөөр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дүгнэдэг нь аль ч үндэстний нийтлэг үнэлэмж. Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг үйхэд л хоол чинь бүхлээрээ хор болдог шиг хүн нэг л буруу зүйлд оролцоод эхэлбэл хүмүүжил нь бүхэлдээ хорлогдож болохыг мэд. "Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан" байдгийг залуу хүн бүр мэдэж байх учиртай.

Хүүхэд залуусыг зөвхөн муу занд сургахгүй байхад хүмүүжил хэрэгтэй төдийгүй бас тэднийг сайн талаар өөрчлөхөд хүмүүжил зайлшгүй шаардлагатай. "Хүмүүсийг өөрчлөхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Түүнд үзүүлэх нөлөө нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг". Тэгээд ч хүмүүжлийн гол үүрэг нь хүнийг ямар ч нөхцөлд хүн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хүнд сорилт шалгалт, бэрхшээл хүндрэл учирлаа ч гэсэн хүнээрээ үлдэж чадах хүн байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх зарчим болох ѐстой.

"Хүмүүс бол сайн арчилж тордохгүй бол олигтой ургадаггүй ургамал юм" гэж хэлсэн ухаантны зүйрлэл бий. Ер нь муу хүмүүжилтэй хүнийг дахин хүмүүжүүлэхээс хэцүү зүйл гэж үгүй. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай өвөг дээдэс тунчиг зөв онож хэлсэн байна. Гэхдээ буруу өсгөсөн, муу

хүмүүжилтэй хүн бүрийг бүрмөсөн алдагдаж гүйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сүүл газар хүрэх үед л засрах байхдаа гэж үзэж зөнд нь хаяж болохгүй.

Тэдэнд хүн ѐсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хүн өөрөө хичээж, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хүмүүжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хүртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хүн буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино.

Хүнийг хүмүүжүүлэхэд гардаг том, жижиг алдаа зөндөө бий. "Хүмүүжүүлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал". Хүүхэд бүрт өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь томчуул өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгүй гэдэг.

Ямар ч үед, ямар ч асуудлаар алтан боломжууд хүүхэд, залуус та нарыг хүлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нүдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. "Бүх бүтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хүмүүжил олсон хүн байдаг". Хамгийн гайхамшигтай сайханд хүрэх боломж хүн бүрт бий. Яагаад гэвэл "хүн бүр сүүлчийнхээ өдрийг хүртэл өөрийгөө хүмүүжүүлж байх ѐстой".

Урагшлах хүний санах сэдэх нь их

2009 оны 11 сарын 15

Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөлгөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаанаараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.

Чиний оюун ухаан дотор насан турш цадталаа идэх хоол чинь бэлэн зэхээстэй бий. Гадаа хэвтсэн төмөр зэвэнд идэгддэгийн адил оюун ухаанаа тордон ажиллуулахгүй зөнд нь орхивоос төмөр адил зэвэрнэ. Ашиглаж байгаа түлхүүр байнга гялалзаж байдаг шиг ажиллаж байгаа уураг тархи эзнээ гялалзуулна. Мэлхий хэчнээн дэвхрээд намгаас холдохгүй. Түүний адил оюун ухаанаа дайчлахгүйгээр урагш ахина гэж үгүй. Чөдөртэй морь шиг дороо дэвхэцсээр цагийг барж, насыг илээнэ.

Хүн бүрийн оюун ухааны сан хөмрөгт урагш ахиж, улам дэвжих нөөц хүч хангалттай бий. Урагш ахихын тулд урагш нь түлхэх хүч хэрэгтэй. Урагш түлхэх эрчит хүч бол санаачлага юм. Хүн бүхэн санаачлагатай, байнгын ажил хэрэгч санаачлагатай байхыг хичээ. Санах сэдэх дадалтай, санаачлах сэхээрэх ухаантай хүн бусдын дор орж, ард үлдэнэ гэж үгүй. Санаачлага бол бүтээлч урам

онгодын эх ундрага билээ. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцорч, ахиж дэвжихгүй орхигддог юм.

Шинийг сэдэн хийхэд ч, хуучнаа тордон сайжруулахад ч бүтээлч санаачлага хөдөлгөгч хүч нь болно. Санаа сэдэл байнга өгдөг, шинийг сэдэгч санаачлага нь булгилж оргилсон булгийн ус шиг мөнхийн ундрагатай хүний оюун ухаан ѐстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг. Үр ашигтай санаа сэдлийн үнэ ханш хаана ч, хэзээ ч үргэлж өндөр байна. Санаачилна гэдэг бол бодно гэсэн үг. Оюун ухаандаа бодол юугаа тунгааж, олон хувилбаруудыг уралдуулан байж аль хэрэгтэйг нь сонгох сонголтоос үр ашигтай санаачлага төрнө.

Зарим хүн юу ярихаа урьдаар сайтар бодож байж ярьдаг. Зарим нь ярьсаны дараа юу ярьсан тухайгаа боддог. Зарим хүн юуг, яаж хийх тухайгаа сайтар бодож байж үйлддэг. Зарим нь хийж, үйлдсэнийхээ дараа юу хийчихэв ээ гэж боддог. Тэр ч бүү хэл өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн халаглан харамсдаг. Юу ярих, яаж хийхээ эхлээд ухаан бодолдоо сайтар эрэгцүүлэн боддог болохыг хичээн эрмэлз. Сайтар тунгаан бодсон яриа, үйлдэл харайхад хөл, хазайхад түшиг болж, урагш ахих замыг чинь түнэр харанхуйд ч гэрэл гэгээ гарган зааж хөтөлнө. Үйлдэх үйл ажлаа урьдаас эрэгцүүлэн бодохын хамт өнгөрсөн явдлаа сайн муу талаас нь сайтар эргэн бод. Тунгаан дотроо бодохын хэрээр элий мунхгаас салж амарна. Бодох тусам чи ухаанаа улам улмаар хурцлан

ирлэнэ. Хурц ухаан л шинийг сэдэх, байхгүйг санаачлах, оргүйг зохион бүтээх шидтэн билээ.

Ухаан бодолдоо тунгааж аливаа зүйлийг үйлдэх нь онцгой чухал, мэдээж. Гэхдээ ухаан бодолдоо бодож хийсэн бүхэн өөгүй тэгш, алдаагүй төгс гэж үзэж дүгнэж хараахан болохгүй. Бодол ухаандаа бодож ширгээсэн бүхэн алдаа мадаггүй, буруу зөрүүгүй гэж хэлбэл үнэнд үл нийцнэ. Буруу бодол толгойд эргэлдэх үе бишгүй л байдаг. Алдаж бодохыг алийг тэр гэх вэ. Оюун ухаан өөрөө алдаанаас ангид биш. "Бага боддог хүн их алддаг". Алдаж боддоггүй буюу ерөөсөө алдаа гаргадаггүй хүн ухаантай байдаг гэвэл хэтэрхий хөнгөн гоомой хэрэг. Тийм хүмүүс байхгүй. Байж ч таарахгүй. Ноцтой бус алдаа гаргадаг, түүнийгээ тэр дор нь хялбархан засч чаддаг хүн л ухаантай байдаг.

Алдаагаа хүлээн зөвшөөрч байж л түүнийгээ засна. Алдааг хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийн биеэ засах шалгарсан арга, дараагийн алдаанаас сэргийлэх дархлаа билээ. Алдаагаа өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөхгүй зөрүүдлэх мөртлөө өрцөн дотроо гэмшин санаа зовдог хүмүүс бий. Энэ нь хүний төрөлх араншингийн ил илрэх нэг шинж болохоос адгийн муухай үйлдэл биш. Алдаа нь гарцаагүй үнэн байхад мугуйдлан тас зөрүүдэлж гаднаа ч, дотроо ч өөрийгөө өмөөрөн өрвөлзөх нь л адгийн муухай үйлдэл.

"Алдаа бол буруу бодомжийн нэг уршиг. Харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн

шинж". Урагшаа их ахихын тулд алдаа бага гарга. Алдаа арагш нь чангаахаас урагш нь хөтөлдөггүй юм. Алдаанаас айж бэмбэгнэн гараа хумхин зүгээр суугаад байх нь алдаа гаргахаас дутуугүй адаг муу үйлдэл мөн. Алдахаас айдаг хүн урагш ахихгүй, эргэж хурган, эргэлзэж тээнэгэлзсээр олохоосоо дутаж, олноосоо хоцорно. Сайн муу нийлж сав дүүрдгийн адил амьдрал өөрөө алдаа, онооны дэнсэн дээр тогтоно. Алдаа нь жижиг, оноо нь том байх өөдрөг сэтгэлийг ухаан бодолдоо тээн урагшла.

Аливаа зүйлийг аль болох гэрэл гэгээтэй талаас нь бодож, гэрэл гэгээтэй талыг нь эрж хайж бай. Гэхдээ гэрэл гэгээг сүүдэр ямагт дагадгийг мартаж болохгүй. Хэрэв чи амласан төлөвлөснөө хэрэгжүүлж, ажил хэрэг амжилттай сайн байвал найз нөхөд чинь чамайг бүр их юм хийж чадна гэж урмаар тэтгэн баярлуулж, чамаар бахархана. Харин өөнтөглөн өрсөлдөгч чинь даахгүй нохой булуу хураана гэгч боллоо гэх байлгүй. Ажил хэрэг чинь бүтэлгүйтвэл арай л хэрээс хэтэрсэн том юм барьж авч дээ гэж найзууд чинь өмөөрөн өмгөөлнө. Харин өөнтөглөн өрсөлдөгчид чинь түүний мэддэг чаддаг гэж юу байсан юм хэмээн гоочлон, хорыг чинь маажна.

Магтаал, шүүмжлэл хоѐрыг эн тэнцүүхэн хүлээж авч сур. Цагийг нь олж хэлсэн урам магтаалын цөөн боловч үг урагш ахихад чинь урам зоригийн жигүүр хайрлана. Шүүмжлэл чихэндээ сонсох нь амандаа давс хийсэн мэт гашуун. Аманд орсон давс уусан хайлдгийн адил шүүмжлэл ч гэсэн урсан өнгөрнө. Ажил хэрэгч

шүүмжлэлээс ажил амьдралаа урагшлуулах зоримог алхам, золбоо хийморийн эрч хүчийг олж ав. Хүн хор, шартай байна гэдэг муу юм биш. Чамайг урагш хөтлөх бас нэг нөөц хүч бол чиний ухаан бодлын мухарт нууцхан хадгалагдаж байгаа хор шар. Бусад хүний хийсэн бүтээсэн, сайн сайхан бүхэнд хордож шардан өөрийгөө битүүхэн зовоож, байж суух газраа олж ядан хавчигнах биш, өөрийн хор шараа би түүний эн зэрэгт хүрэх ѐстой, хүрээд зогсохгүй, илүү гарна гэх эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн хүчит зай цэнэг болгон ашигла. Нэр байна, хор байна чи ингэж чадах ѐстой.

Үргэлж урагшлах үлэмжийн их хүсэл тэмүүллээр жигүүрлэхдээ сайныг бодож, сайханд тэмүүлэх санаа бодлоо сааруулан хувиргаж болохгүй. Муудсан хоол ходоод гэдэс өвтгөдөг бол муу бодол оюун ухааныг самууруулна. Сайн, муу хоѐрыг салгаж, ялгаж сонгохдоо санаж мэдэж байх нэг зүйл бий. Сайныг бодож үйлдсэн үйл муу үр дагавар авчирч болно. Муу үйл сайны үр авч ирэх ч ѐсон бий. Гэхдээ сайны үр суулгасан бол сайн үйл бүрэлдэнэ, муугийн үр суулгасан бол муу үйл бүрэлдэнэ гэж бодож итгэж явахаас аргагүй. "Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй. Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй".

Оюун ухаанаа зөв зүгт, зөв үйл рүү залан урагшла. Суваг шуудууг буруу зүгт ухвал ус буруу зүгт урсана. Ухааныг буруу зүгт залбал буруу үйлдэлд хөтөлнө. Өөрт бугшин хоргодсон буруу зөрүү үйлдлээ уг үндсээр нь, ул сууриар нь сайтар таньж мэд, дараа нь тэдгээрийг үндсээр нь таслан үгүй хий. Модны үндсийг тасалбал навчис аяндаа

хагдарна. Хог ургамлын үндсийг тасалбал иш нь аяндаа хатаж хагдарна. Үнс болж түлэгдсэн буурцагнаас үр соѐолох ерөөлгүйн адил муу муухай, буруу зөрүүгийн үрийг тарьчихаад сайн сайхан, зөв зүйтэйн үр дүн хүлээх тавилангүй.

Зөв болгоныхоо үрийг соѐолуулж, зөв мөрт нь ургуулж чадвал зөв үйлдэлт, зөв явдалт, бусдын хүндлэлийг хүлээсэн эрхэм сайн хүн байна. Бусдын хүндлэлийг зүй ѐсоор хүлээнэ гэдэг нэн сайхан үйлс, нэр төрийн хэрэг. Зохих ѐсоор хүртээгүй хүндэтгэл усгүй газар гүүр тавьсантай адил. "Зохих ѐсоор аваагүй хүндэтгэлээс түүнгүй байх нь хавьгүй дээр".

Залуу хүн бүр холыг зорьж, томд тэмүүлэн, ихийг бүтээх хүсэл мөрөөдлийн ноѐн оргил өөд ширтэн харж, улам улмаар урагшлан ахиж амьдрах ѐстой.

Хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч яв

2009 оны 11 сарын 19

Өөрийнхөө явах амьдралын замыг найдвартай сонгон олж, хүний хорвоод байр сууриа баттай эзлэх нь хүний дайтай хүн байгаагийн утга учир билээ. Би чухам ямар замаар явж, чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн чандмань эрдэнээ эрж хайж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол, унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. "Өндөр зорилго биелэгдээгүй ч бай, нэгэнт хүрсэн нам зорилгоос үнэтэй".

Өндөр зорилго өөд мацахад чамайг шулуун дардан, цэцэг бүрхсэн зам угтан тосно гэж эндүү андуу бодох хэрэггүй. Тэр зам өөдөө уруутай, энхэл донхолтой, донсолгоо доргиотой. Дэгэн догонтой, бартаа саадтай тэр замыг өөрөө засч, амьдралын замаа өөрөө бүтээн дархалж явах нь чиний өөр хэнд ч найдалгүй, хэнтэй ч хуваан үүрэхгүй үүрэг. Чи өөрийн дархлах замаараа өндөр уулын сүмбэр оргилд хад асга, эгц цавчим элгэн хад, цас мөсөн саадыг туулан туучин, аажим зугуухан өөд авирч буй мэт ядаргаа зүдэргээтэй урагшлан дээшилнэ.

Буцаж няцаж, халирч халширч болохгүй. Хүний зассан шулуун замаар хурдлах учир ерөөл амьдралын чинь аль нэг мөчлөгт учран тохиож магад. Гэхдээ хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч явах нь өлзий

буянтай. Шулуун замаар гэлдэрч яваа хүн замаасаа гаран, орон займчин гүйж яваа хурдан гүйгчээс түрүүлнэ. "Яаралгүй алгуурхан яваа хүнд ямар ч зам урт байдаггүй. Аян замд хичээнгүй бэлтгэсэн хүн зорилгодоо лавтайяа хүрнэ". "Хэрэв зам нь зорилго өөд хөтөлж байвал түүний урт ямар байх нь хамаагүй". Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ.

Урагшилж дэвших, ухарч доройтох аль ч үед урагшаа зөвхөн урагшаа гэсэн сэтгэлээр итгэл төгс тэмүүл. Урсгал ус өмхийрдөггүй, ургаа мод хувхайрдаггүй шиг урагшаа ахиж, зорилго өөдөө тэмүүлэн, хичээн зүтгэж байгаа хүн зэвэрч хоцрогдон, бусдаас сүүлдэж, олноос орхигдоно гэж үгүй. Харин "урагшаа явахгүй байгаа хүн арагшаа явж байдаг. Зогсонги байрлал гэж байдаггүй" гэсэн бодит үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй.

Өндөр зорилт дэвшүүлсэн хүн өөртөө өндөр шаардлага тавих ѐстой. Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө зогсоо зайгүй, эргэлт буцалтгүй тэмц. Товлосон зорилго өөд жинхэнэ ѐсоор тууштай тэмүүлэн тэмцэх нь түүнд хүрэх амжилтын тэн хагас нь. Амьдралдаа том зорилго тавьж, түүнийхээ төлөө бүх хүчээрээ тэмцдэг тэр хүн л гагцхүү аз жаргалтай. Хүрэхийг хүсч байгаа зорилго чинь нэвт харагдах тунгалаг шил адил нэн тодорхой байх учиртай. "Хэрэв юунд хүрэхийг хүсч байгаа нь тодорхой бус бол ямар ч үйл хэргийг сайн гүйцэтгэж чадахгүй".

Тодорхой зорилготой бол түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгслээ эрж хайж олно. Эрээд олохгүй төөрч будилах үе тохионо. Тэр цагт хэрэгцээт арга хэрэгслийг өөрийн

ухаанаар бүтээн бий болгож цогцлооно. Харин суут хүмүүс "эрж явдаггүй, олдог" байна. Зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө зарсан уйгагүй хөдөлмөрийн үнэ цэнийг, ер нь аливаа ажлын ашиг шимийг тэр дор нь бус, хүлээж байж хүртдэг гэдгийг хүүхэд, залуустаа ойлгуулж, тархинд нь суулгаж өгөх нь бидний үүрэг. Бүх юм өөрийн цагтай. Бүх зүйлийг нэгмөсөн шууд хийж чадахгүй. "Бүхнийг нэгмөсөн шууд хийчих гэж оролдох нь юу ч хийхгүй гэсэн үг". Хамгийн өндөрт хүрэх зорилготой бол хамгийн дороос эхлэх учиртайг мартаж болохгүй. Азгүй явдал-гэмт үйлдэл биш. Харин өөрт байгаа боломжоосоо доогуур зорилго тавих нь зөөлнөөр хэлбэл арчаагүй байдал, хатуугаар хэлбэл гэмт үйлдэл. Хүрч чадахаасаа өндөр, хийж чадахаасаа илүү зорилго тавь. Хүмүүс чамайг хэзээ ч хүрч чадахгүй гэж басамжлан харах тэр оргил руу тэмүүлэн зүтгэ. Ингэж байж чи өөрийгөө аажим аажмаар өөд нь, дээш нь татаж, боломжгүй мэтээр холын хол төсөөлөгдөж байсан зүйл алхам алхмаар ойртсоор бодит биеллээ олохыг биеэр мэдэж, улам цааш урагшлан мацах зориг хүчээ мэдэрнэ.

Үйл хэрэг, үйлдэл хөдлөлөө өөрийн ухаанаар жолоод. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх сургамжтай үг бий. Бусдын ухаанаар өөрийн замыг бүтээнэ гэж санахын ч хэрэггүй. Эзэн хичээвэл заяа хичээдэг болохоор оюун ухаанаа зөв зарж жолоодон хувь заяаны зам мөрөө зөв засч хөтөлж яв. Агуу уужим далайн усыг алгаараа хутган хэмжиж болдоггүй шиг амьдралын зам мөрийг яг таг урьдчилан харж, яс тооцоолох боломжгүй. Гэхдээ барагцаа баримжаагаа

төсөөлж тооцож байх хэрэгтэй. Нэг үндэснээс ургасан бут хүртэл урттай богинотой байдаг шиг нэг эцэг эхээс төрсөн хүмүүсийн амьдралын түвшин дээр дор, сайн муу аль аль нь бий. Үүнийг хувь тавилан, заяа төөрөгтэй холбон тайлбарлах хүмүүс байдаг ч энэ нь тэдний сурсан эс сурсан, хичээн зүтгэсэн, хичээл зүтгэлээ дутуу дайчилсан, амьдралын замаа зөв сонгосон эсэх зэргээс голлон шалтгаалсан байдаг.

Амьдралаа сайн авч явахын тулд амьдралын замаа зөв сонго. Уул, толгой хоѐрыг ижил зайнаас харж болдоггүй. Жижиг толгойг харахыг хүсвэл түүн рүү ойрт, том уулыг харахыг хүсвэл түүнээс холд. Түүний нэгэн адил жижиг зорилт тавьсан бол ойрын зайнаас хар. Том зорилт дэвшүүлж, алсын замыг сонгосон бол холын зайнаас харж, хүрэх аргаа тооц. Залуу хүн бүр холыг баримжаалж, томд зорих хүчит тэмүүлэлтэй, ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн амьдрах учиртай. "Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахад л хүний амьдралын аугаа их утга учир оршино". Юуны төлөө амьдарч, юуг хүсч, юунд тэмүүлж байгаагийнхаа утга учрыг мэдэхгүй таамгаар яваа хүмүүс нэн эмгэнэлтэй. Юу болж, яаж ч байсан байгаа орчиндоо сүүдэр тусгаж харлуулан бүү харанхуйл. Байгаа орчноо нар шиг гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд зул шиг ч болов гэрэлтүүлэхийг эрмэлз. Амьдралын зам мөрөө хөөж явахад алдаж онох, төөрч будилах учир явдал хэнд ч тохиож магад. Замын хаана зогсож байгаагаас хаашаа ямар чиглэлд хөдөлж байгаа нь илүү чухал. Зөв зүгт, зөв замаар урагшла. "Амьдрах гэдэг бол зогсолтгүй урагшлахыг хэлнэ". Өөрийн зам мөрөө зөв олохын

зэрэгцээ буруу зам мөр хөөсөн хүмүүст туслах нь зөв хүний хүлээх ѐстой үүрэг. Түүнчлэн өөрийг чинь буруу чиглэлд чангаах өрөөлийн буруу үйлээс сэрэмжлэн хамгаалах сэтгэлийн тэнхээ, итгэлийн дархлаатай бай. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Сайны мөр дагаж, муугаа засч явах нь амьдралын замаа тэгшлэх ухаалаг алхам. Явах зам тодорхой бус, гарах гарц тодорхойгүй бол цэцэн мэргэд, хянуур хашруудыг дагавал тэд боломжтой гарцыг заагаад өгнө гэх сургамжтай үг бий.

Хүний амьдралын замд өөдлөх уруудах, урагштай урагшгүй, бүтэх бүтэхгүй их бага хэмжээгээр бүгд тохионо. Унах ойчих үе ч ирж магад. Хүн унах бүр ухаан орж, ойчих бүр оюун тэлэх чадвартай байх ѐстой. Урагштай явахдаа биеэ магтаж, урагшгүй явахдаа бусдыг хараах нь сайн араншингийн шинж төрх биш. Ажил төрөл чинь бүтэмжгүй үед урам хугарах хэрэггүй. Уруу дорой үедээ намрын навч шиг чичрэн, өөрийгөө муу заяанд төрснийг гайхан хараан зүхэх бүр ч хэрэггүй. Амьдралаа гэгээлгээр харж, маргаашийн сайн сайханд итгэх итгэл бишрэлээ дээдлэн, санасан зорьсондоо хүрэхийн төлөө чармайн зүтгэ. Эс тэгвээс уруу дорой, үхээнц арчаагүй байдал харах нүдийг чинь халхалж, алсын байтугай айл саахалтын чинээхийг ч харахгүй хараа харалган нэгэн болгон хувиргана. Уруу царай, урагшгүй явдал урагшлах замд чинь хөндөлсөн тээглэнэ.

Бидний дээдэс санасан бодсондоо хүрч чадахгүй халирхай, хүрэхээр тэмүүлэхгүй залхуу хүнийг "санах нь сарнаар, явах нь нарнаар" хүн дээ гэж чамлан, тоож

үздэггүй байсан юм. Ямагт хэн нэгний мөрөөр сажилж явахаас аргагүй болтлоо дор орж болохгүй. Өөрийн замаа өөрөө бүтээх насандаа бусдыг сохроор дагах, бусдаар хөтлүүлэн газарчлуулах амар дөт замыг сонгохгүй байхыг хичээ. Бусдын зам тусдаа, чиний зам өөртөө. Зуун зам төөрөгдөл рүү, ганц зам үнэн рүү хөтөлдөг гэдэг. Үнэний замаар, шударга шулуунаар мөлхөөд ч болов урагшла. "Юу шударга болохыг ойлгож, юу сайхан болохыг мэдэрч, юу сайн болохыг хүсэх нь ухаалаг амьдралын зорилго мөн" гэдгийг залуу хүн бүр дотор ухаандаа бодож тунгааж яваг.

Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана

2009 оны 11 сарын 22

Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг.

Баян ядуу хоѐр, айл саахалт зэрэгцээд байж байгаагийн учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. Чи баян цатгалан байх уу, ядуу тарчиг амьдрах уу гэдгийг төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг нь зураад заагаад өгчихдөг гэх номлол сургаалыг бишгүйдээ л нэг сонссон байлгүй. Хувь тавилангийн зааж зурчихсан замаас гажих займчих, өөрчлөх тэгшлэх аргагүй гэж бодож итгэн, төөрч мунгинаж яваа хүмүүс өч төчнөөнөөрөө. Ялангуяа өөрт учирсан азгүй тохиолдол бүрийг хувь тавилангийн зурлага мэтээр хүлээн авч, тэрхүү хуурмаг итгэлдээ хүлэгдэн боолчлогдсон байх нь харамсмаар.

Төөрөг тавилангийн гэх нүд чихгүй урсгалыг сохроор даган хүлцэнгүй хөвж явах нь аль ч талаас нь бодсон сайн үйлдэл огт биш. Аливаа хүн өөрийн төрсөн нөхцөл байдлаас бус хөлс хүч, саруул ухаан, хичээл зүтгэлд

дөрөөлөн өндийн өсч, дээшлэн дэвждэг гэсэн итгэлийг залуу хүн бүр зүрх сэтгэлдээ өнө үүрд хоногштол тодоос тод сийлж, насан туршдаа даган мөрдөх хэрэгтэй.

Эд баялаг цас бороо шиг үүлнээс бууж ирэхгүй, өвс ногоо шиг газраас урган цэцэглэхгүй. Эд баялгийг толгойгоо гашилган бодож, хөлсөө дуслуулан ажиллаж байж хураан хуримтлуулна. Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана. Зүрх зориггүй, аймхай хулчгар, үлбэгэр дорой нэгэн эд хөрөнгийг өөрөө хураан хуримтлуулж, эзэн суусан байхыг сонссон, харсан хүн байна уу? Тийм тохиолдол урьд хожид байгаагүй, одоо цагт байхгүй, хожим хойно ч байхгүй нь нэн тодорхой. "Зориг байгаа газар зам нээгддэг" гэх их эртний зүйр үг байна. Зориг дутвал эд хөрөнгөнд хүрэх зам чинь үргэлж хаалттай, давшгүй саадтай, дийлэшгүй бартаатай, хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хөрөнгө мөнгөний тухайд хүмүүс янз бүрийн бодол, араншинтай байдаг нь сонин. Өнгө шилж, мөнгө хөөж явах шиг гутамшиг байхгүй гэж үздэг, ярьдаг хүн цөөн ч гэсэн байна. Мөнгөний төлөө улайрч, яахаас ч буцахгүйгээр харайлгаж явдаг балай этгээдүүд ч бий. Хөрөнгө мөнгөтэй болох хий хоосон мөрөөдлөө нүдээ ширгэтэл харж, хөрөнгө мөнгөнд умбах цаг мөчийг элгээ бэтгэртэл хүлээх мөртлөө хуруугаа ч хөдөлгөх дургүй, билгийн нүд нь сохорч, сэтгэлийн илбэнд хууртсан, эрдэнэсийн санг хэзээ ч эс үзэх залхуучууд газар сайгүй алхайна. Хүний юмаар хүүдэгнэж, олох долоох болохоор ов мэх бүхнийг хэрэглэн оготоны нүхээр ч ороод гарахад бэлэн, ичих

нүүргүй хулжин зальхайчуудтай хамт ам бардам, ажил шалдан ойворгончууд ч олширсон. Хүрэх зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээх тэнгэрлиг үйлстэй хайрламаар сайхан хүмүүс ачааны хүндийг үүрч, баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулж байна. Ийм хүмүүс манай үеийн баатрууд, бахархан дуурсах алдартнууд. Эд нар амжилтын цоожтой хаалгыг нээх хувьтай эзэд нь. Энэхүү цоожны шидэт түлхүүр нь тэдний эр зоригийн төмөр авдарт хадгалаастай байдаг юм. Жинхэнэ эр зоригтнууд л тэр шидэт түлхүүрээр амжилтын нууц цоожийг нээн онгойлгох азын тэнгэртэй. Залуус та нарын эр зориг өвсөнд хаясан зүү шиг нуугдмал бус, өвсөнд ассан гал шиг дүрэлзэж байх ѐстой. Хийж бүтээх хүсэлдээ шатаж яваа эр зориг хэмжээлшгүй хүч чадлыг агуулсан байдаг. "Зориг гэдэг бол хүч чадлын зэвсэг юм". Хувь заяа ямагт зоригтны талд байдаг болохоор, зоригтой золбоотой байж л хувь заяагаа өөдрөг жолоодох болно. "Зоригтой хүнд хэцүү зүйл гэж байдаггүй".

Эрс шийдмэг зоригтой шийдвэр хийж бүтээхийн амин сүнс. Хүчирхэг хийгээд ухаалаг шийдвэр гаргаж сурах нь амжилт ололтын ширгэшгүй ундрага. Шийдмэг бусаар дүлэгнэж суугаа хүнээс амжилт аль эрт алслан холдсон байдаг юм. Эд хөрөнгө зоригтой бөгөөд ухаалаг шийдвэрийг дагаж буй болон, арвижин баяжина. Бүтээлч сэтгэл, хомхой сэтгэл хоѐр гал ус мэт харш. Бүтээлч сэтгэлийн бороогоор услагдсан цэвэр хөрсөнд эд баялаг бүрэн гэсээгүй хөлдүү шахам газрыг түрэн

цасан дороос ургах хаврын яргуй мэт цэцэглэн үржинэ. Хомхой сэтгэлийн бороогоор услагдсан бохир хөрсөнд хог ургамал соѐолохоос ховор олдох эд хөрөнгө урган төлжихгүй.

Зоригтой, ухаалаг шийдвэр гаргах чадвар нь зав чөлөөгүй махран ажиллах дадал, шинийг эрэлхийлэх чадвар, санаачилга, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг

харах алсын хараа зэрэг олон сайн шинж чанаруудтай эвсэн нийлж байж баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулах сан хөмрөг бүрэлдэн цогцолно. Шийдвэр гаргахдаа зоригтой бөгөөд хурдан, ажил үйлс эрхлэх хүч нь түүнээсээ илүү зоригтой болоод хурдтай байх юм бол эд баялаг эхийгээ дагасан унага, тугал мэт чамайг бараадан даган урсаж цутгаад ирнэ.

Аливаа томоохон ажлыг хийхээр барьж авахын өмнө би үүнийг ямар ч эргэлзээгүйгээр хийж чадна гэсэн бат итгэлтэй болоорой. Ямар ч хүнд хэцүү ажил байсан түүнийг би заавал хийж чадна гэсэн чанд хатуу итгэл өвөрлөн явсаар ард нь гарч үр шимийг хүртэх тавилантай. Зорьсон ажлаа эхэлж чадахгүй цаг алдаад, эхэлсэн ажлаа дуусгалгүй шантрах зориг мохоо хүмүүс том үйлийг бүтээх хувьгүй. Бусдын хийж чадахгүй үйлсийг бүтээж байж хүсэл мөрөөдлийн ноѐн оргилд гардаг юм. Эрсдэлгүйгээр бүтэх том ажил энэ орчлонд үгүй. Эрсдлээс айн хулчийдаг зүрх зориггүй хүний ажил хэргийн ирээдүй бүрхэг харанхуй. Эрсдлийг даах эр зориг их үйл хэргийг бүтээн цогцлоох эрч хүчийг дагуулна. Сүйрвэл би сүйрье гэх эрсдэл даах эр зоригоо

хөвчилсөн, ажилч хичээнгүй хүнийг эд баялаг эзнээ дагах сүүдэр мэт ойрхон дагана.

Шинийг сэдэх, байхгүйг санаачлах, шилдгийг бүтээх хүслээр жигүүрлэ. Шинийг сэдэх, шилдгийг бүтээх хүсэл эрмэлзлийн гал дөл чинь бөхөж унтраагүй цагт чи эд хөрөнгийн нэр төртэй эзэн суусан хэвээр байна гэдэгтээ бүрэн итгэлтэй, нүүр бардам бай. Үргэлж шинийг бүтээх

хүсэл эрмэлзэл чинь чамайг байнга ирлэн хурцалж, хөгжүүлэн чадваржуулсаар байна.

Хүн авьяастай болоод хөдөлмөрч бол оюуны том бүтээлийг орь ганцаараа суугаад туурвих бололцоотой. Харин эд баялгийн том бүтээлийг дан ганцаар бүтээх боломжгүй. Гар, сэтгэл нийлсэн хамт олноороо махран зүтгэж байж их хэргийг гүйцэлдүүлнэ. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулсан ажил хэрэгч, чадварлаг, дуулбал дуу нэг дугтарвал хүч нэг хамт олон их үйл хэргийг бүтээхэд тулах тулгуур, зүтгэх зүтгүүр нь болно. "Тавьсан зорилгод хүрэхэд ажил хэрэгч байдал мэдлэгээс дутуугүй хэрэгтэй". Ажил хийж, ачаа үүрэх чадварыг нь тэргүүн эгнээнд тавьж гол үзүүлэлт болгон албан тушаал дэвшүүлдэг зоригтой, эрс шууд үйлдэл нь удирдагч хүний хамгийн шилдэг давуу чанаруудын нэг.

Эрсдлийг сөрөн, чадварыг дээдлэн, чадварлаг хүнийг чадах ажилд нь яаж ажиллуулахаа мэддэг удирдагчийн эр зориг болон удирдахуйн ур дүйг хүндэтгэн бишрэхээс аргагүй. Удирдагчийн мэргэн ухаан, ажиллагсадын хичээнгүй зүтгэл найрал хөгжим мэт найрсан зохицсон

газарт амжилт ололт бялхаж байх нь эргэлзээгүй. "Цэргүүдийн гавьяа даргынх нь ухаанаас хамаардаг" гэдэг нь маргашгүй үнэн билээ. Хийх гэж байгаа ажлаа гарын алган дээр байгаа мэт тольдон харж, хийж байгаа ажлаа атгандаа оруулан базаж байж хүсч мөрөөдсөнөө бүтээж, хүлээж бодсон үр шимээ хүртэнэ.

Та нар хатуу ширүүн өрсөлдөөний эргүүлэг дунд ажиллаж амьдарч байна. Та нараас түрүүлж яваа хүмүүстэй адилхан цагт унтаж, дутуухан юм уу ав адилхан ажиллаад тэднийг гүйцэж чадахгүй, тоосонд нь даруулаад хоцорно. Тэднээс бага унтаж, тэднээс илүү хэмнэж, ухаан илүү зарж, уйгагүй махран ажиллаж байж зэрэгцэн очиж, амьдралын чанар адилсана. Ер нь эдийг арвилж олдог, эд байвч өртэй бол эдлэх хувьгүй гэдэг үгийг марталгүй санаж явууштай. Түүнчлэн "хүнийг баян болгодог зүйл бол олж байгаа мөнгө биш, харин үлдэж байгаа тэр мөнгө" байдгийг ухаар.

Саяын тоо нэгээс эхэлдгийг бодож, хийж бүтээснээ бага гэж голохоосоо өмнө барагдашгүй үржихийн ерөөл өргөж, улам ихийг бүтээх урам онгодоо тэтгэ. Сайн сайхан утга төгөлдөр ажил хөдөлмөрөө хайрлан, сайн сайхан амьдралын төлөө уйгагүй хичээн зүтгэ. Уйгагүй хичээл зүтгэл эд баялагт хөл болж хүргэнэ, эрхэм буяныг гар болж хураана.

Жаргах цагт ч нөхрийн чанар танигдана

2009 оны 11 сарын 26

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг эрин зуунаар шалгагдан нотлогдсоор бидний үетэй золгожээ. Зовох цагт гар сунган, сэтгэл гарган тусалж байгаа хэн боловч сайн нөхөр. Тусалж сүйд болох чадал мөхөс ч сэтгэл уужирч, дотор онгойх цөөн ч атугай хэдэн үг чин зүрхнээсээ хэлж байгаа хүн чиний эрхэм дотны нөхрөөс өөрцгүй. Зовох цагт гар татуу, сэтгэл дутуу, атаа харамын хор шингэсэн баргар царайгаа харуулан зовлон дээр зовлон нэмэгч сайн нөхдийн эгнээнд байх эрхгүй. Зүрхний угаас бус хэлний үзүүрээр хий хоосон өрөвдөж, ѐс болгон хөөрхийлөгчийг нөхрөө гэж андуурах хэрэггүй. Өрөвдөж хайрласан сайхан үг цувуулан урсгах мөртлөө өрөвдөх сайхан сэтгэлээ эс үзүүлэгч сайн нөхөр хэзээ ч байгаагүйг мэд. Дотор бачуурч, сэтгэл давчидсан цухал үед чамайг ойлгож, чиний сэтгэл зовинолын билэггүй яриаг тэвчээртэй сонсож, зовлонг хуваалцдаг нөхдөдөө таларх.

Өвдөж зовсон цаг дор тор дүүрэн бэлэгтэй ирж, эрүүл энхийг ерөөж байгаа найз мэдээж сайн хүн. Тор дүүрэн бэлэггүй ч тэвэр дүүрэн инээд бэлэглээд явж байгаа анд чинь түүнээс дутуугүй сайн хүн болохыг тань. Бүх зовлонгийн дотроос өвдөх шиг адгийн зовлон үгүй. Цорын ганцхан тохиолдолд л өвдөх сайхан гэж хэлсэн ухаантны үг байдгийг сонсоод бүү гайхаарай.

"Эдгэрэхийг чинь айсуй баяр мэтээр хүлээж буй сайн нөхөд бий гээд бодохоор өвдөх ч сайхан".

Зөвхөн зовох цагт төдийгүй жаргах цагт ч нөхрийн жинхэнэ чанар танигддаг ажээ. Нэгэн ахмад дайчин ойр дотны нөхдийн хамт найрлаж суунгаа гэнэт, энэ урт удаан амьдралын туршид надад үнэнч найз нөхөд байсангүй гэж хэлээд шүүрс алдав. Чи ингэж ярьж арай ч болохгүй, юу ярьж байгаа юм бэ гэх мэтээр нөхөд нь тал талаас нь шуугилдав. Нэг нөхөр нь түрүүлэн ам нээж, чамайг хөөгдөн туугдаж, гадуурхагдан шоовдорлогдож явахад өмөөрч өмгөөлсөн хүн хэн билээ, эргэж нэг санаач! Тэр нөхөр чинь би байна, чиний өмнө амьд сууж байна гэв. Нөгөө нэг нөхөр нь, чиний байшинг дайснууд шатааж орох оронгүй болсон үед чамтай хамт шинэ байшин барилцсан хүн хэн билээ? Би хамт байсан шүү дээ гэв.

Гуравдахь нь, амь хайргүй тулаанд чамтай мөр зэрэгцэн явж, чамайг амь биеэрээ хамгаалж байсан нөхдөө мартлаа гэж үү гэв. Ахмад дайчин, миний төлөө та бүхэн юу хийснийг би бүгдийг маш тод сайн санаж байна. Та нартаа хайртай, чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Та нар миний зовж явсан үеийн чанараа таниулсан найз нөхөд. Гэхдээ жаргалтай үед надад найз нөхөд байгаагүй гэдэг чин үнэнийг би та нарт хэлэх ѐстой. Миний амьдралд жаргалтай явсан мөч хуруу дарам цөөхөн дөө. Нэг удаа ан хоморго хийж явахад би ноѐнтны амийг аварч билээ. Тэгэхэд ноѐнтон бүхний

нүдэн дээр намайг чанга тэвэрч, жинхэнэ баатарлаг эр хүн гэж үнэлсэн. Бүгд л надад сайн сайхан үг хэлсэн, харин найз нөхдийн маань зүрх сэтгэл нь чив чимээгүй байсан юм. Нэг удаа би дайчин нөхдөө удирдан дайснаа бут цохиход намайг ард түмний авран хамгаалагч, ардын баатар хэмээн мандуулж байлаа. Энэ үед найз нөхдийн маань зүрх сэтгэл мөн л чив чимээгүй байсан. Хамгийн шилдэг бүсгүйг эхнэрээ болгон авч хуримлаж байхад мөн л зүрх сэтгэлээсээ бидэнд баяр хүргэсэн найз нөхөд байгаагүй. Хүн аз жаргалтай байх үедээ уулын оргилд байгаа мэт. Оргилд байгаа хүнд биш, бэлд байгаа хүнд л найз нөхөд нь зүрх сэтгэлээсээ ханддаг юм билээ. Жаргах цагт ч найз нөхдийн чанар танигддаг бөгөөд аз жаргалтай үед жинхэнэ үнэнч найз нөхөд байдаггүй гэдгийг би ойлгосон гэж ахмад дайчин хуучилсан тухай сургамжтай домог байна. Эртний энэ домог яриа үнэнд нэн ойр. Хамгийн гол нь жаргах цагт ч нөхрийн жинхэнэ яс чанар танигддаг нь гарцаагүй үнэн билээ. Анд нөхрийнхөө аз жаргалтай мөч бүрийг чамд тохиосон баяр мэтээр зүрх сэтгэлдээ мэдэрч түүний өмнөөс чи илүү баярла. "Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хайрлаж байгааг мэдэрсэн баттай итгэл юм".

Аз жаргалтай мөчийг чинь жинхэнэ ѐсоор, чин сэтгэлээсээ хуваалцаж байгаа анд чинь ан авд хамт явж болох үнэнч нөхөр мөн. Атаархлын хор цусанд нь шингэж судсаар нь гүйж байгаа зүрх анд нөхрийн

сэтгэлээр хэзээ ч цохилохгүй. "Андын атаатан илүү нөхөр" гэдэг үг андын үүргээ умартсан хүмүүсийн буруу үйлдэл, бусармаг явдлаас болж анх хэлэгдсэн байх магадлалтай. Андын баг өмсөж, нөхрийн нөмрөг нөмөрсөн хоѐр үзүүртэй зүү шиг инээд нь ил, хорлол нь далд хүмүүсээс үргэлж болгоомжил. Тэд сайн нөхөд байж хэзээ ч чадахгүй. Хоѐр үзүүртэй зүү хоѐр талдаа иртэй хутганаас ч аюултай. Найз нөхдөө хийж чадах, хэлж болох бүхнээрээ дэмжихийг хичээ. Ойр дотны хүмүүстээ хүчтэй дэмжлэг болж дээш татах ѐстой болохоос хүнд ачаа болж доош чангааж болохгүй. Сайныг дагавал сарны гэрэл гэдэгчлэн ухаантай, эр зоригтой найз нөхдөөсөө сайны үлгэр авч, давуу сайн шинж бүхнийг нь биедээ шингээж авахаар чармай. "Ухаантай хосолсон эр зориг нь эр зориггүй ухааныг бодвол хүнд илүү тус болно". Дутууг чинь гүйцээж, дундуурыг чинь дүүргэж явах хүчтэй, чадварлаг хүмүүстэй ойр шадарлан үерх.

"Сулхан хүнийг нөхрөө болгосноос дайснаа болгосон нь дээр". Нөхдийн хийснийг үнэл, өөрийн хийснийг чамла. Хар дотортой хүмүүсийн хар муухай санаанд хууртаж хагацашгүй сайн нөхөртөө хар буруу санаж, хорсол өвөрлөн бүү цухалд. Зүрх сэтгэлдээ хар толбо тээж явснаас нүүрэндээ хар тос нялсан нь дээр. Эв эвдэх хэрээн хошуутны хорон үгийн тоншилтыг хэрэг болгож бүү сонс. Үнэнийг үл мэдэх мунхгийн шалтгаанаар үнэнч нөхрөөсөө холдож, үг хэлээ ололгүй хагацаж ч мэднэ. Нөхрийн талаар буруу ташууг сонсвол нүүрэн дээр нь ил

хэлж, сэтгэлээ нээн тухлан ярилцаж, нүүр нүүрэн дээрээ цайрч, санаа амар. Хүн сэтгэлээсээ ярьж байхад сэтгэлээсээ сонсож сур. Ухаан муутад учирлан ойлгуулах гэж үйл тамаа үзэх хэрэггүй. Ухаан мууттай ярилцах усанд чулуу хаяхтай адил. Нөхдийн амжилтанд чин сэтгэлээс баярлаж байна уу, нэр бодож ѐс гүйцээж байна уу гэдэг нь хэлж буй үг, хүргэж буй аялга, харж буй харцнаас үндсэндээ тодорхой.

Шагнал урамшил хүртсэн найздаа шазуур зуун баяр хүргэе гэж заналтай нь аргагүй хэлж байх юм гэнэ. Магтах нь бүү хэл загнах шахам баяр хүргэсэн гаж тохиолдол байсан тухай сонслоо. Нааш харж баяр хүргээд, цааш харж муу хэлдэг нөхрийг жаргалтай цагийн сайн найз гэж хэлэх аргагүй. Найз нөхөд нь аз жаргалтай байгааг хараад ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг цухалдан бачуурч, арцалдан аашлах огт хэрэггүй л байхгүй юу. Жаргалтай үед үнэнч найз нөхөд яагаад цөөрдөг буюу огт үгүй болдог юм бэ? Айлсан амьсаад сүрхий байсан тэдний хооронд ан цав үүсэхийн үндсэн шалтгаан нь атаа жөтөө хэмээх шулмын хорлол гүйсэнтэй холбоотой. Хайрлах сэтгэлд нь атаа жөтөө, шунал тачаалын хор нэвчсэн хүн сайн нөхөр чинь хэвээр байна гэж санахын ч хэрэггүй. Тэд хайрлаж нигүүлсэх мэт дүр эсгэж дөнгөнө.

Гэтэл тэр нь өнгө цагаан, өр хар нигүүсэл байдаг юм. Тийм хүмүүсийн найз нөхдөө хайрлах хайр нь үлээхэд алга болдог тоос төдий, ялихгүй, шалихгүй. Ийм

хүмүүсээс гэгээлэг эрчим ялгарна гэж үгүй, хаяа нь өлзийгүй, хаялга нь өгөөжгүй. Харанхуйгаас харанхуй л төрнө. Ажил төрөл нь амжилттай сайн, аз жаргалтай, алдар хүндтэй амьдарч яваа анд нөхдөдөө атаархан цухалдаж, дотор сэтгэлээ үзэн ядахуйн нянгаар хордуулж яваа хүмүүс энэ амьдрал, ирэх төрөлдөө ичвэл таарна. Найз нөхрийнхөө жаргалтай үед нь өөрт ирсэн баяр, жаргал мэт сэтгэл зүрхнээсээ хамт баярла. Зовох цагт хүн чанараа таниулсан, түүнчлэн жаргах цагт хүн мөсөө харуулсан анд нөхдөө хайрлан хүндэтгэ.Хэлэх үгийг эзэнд нь

2009 оны 12 сарын 13

Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь" гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ.

Баярлалаа, гялайлаа гэх сэтгэл шингэсэн талархлын үгсийг зохих эзэнд нь, зохих цагт нь хэлж байх нь хамгийн наад захын соѐл, боловсролтой хүний хувьд хоол идэхийн тулд амаа ангайдагтай адил зайлшгүй хийх ѐстой боловсон үйлдэл. Баярласан сэтгэлээ нээн илэрхийлж сураагүй хүн урам муутай. Хүртсэн тус дэмийнхээ хариуд баярласан, талархсанаа хэлэхгүй хэлээ хазан өнгөрөгч дараагийн удаа тэр хүнээс буян хишгийн тусыг горьдон хүлээх итгэлээ тасар татан хөсөр хаяна. Хариу нэхээгүй

буяны тус хамгаас үнэтэй гэдэг. Жинхэнэ буянтан гар тосон хариу нэхдэггүй ч сэтгэлийн үг чих тавин хүлээдэг гэдгийг ямагт сана. Тусыг хүртээд үг дуугүй нүүр буруулах нь тун өөдгүй зангийн илрэл.

Бусдын дургүйг хүргэж, зэвүүцэл төрүүлэхээр том, бага гэлтгүй буруу зөрүү үг хэлж, үйл үйлдсэн бол буруугаа хүлээн, уучлал хүсч байх нь хүн ѐсны зайлшгүй үйлдлүүдийн нэг. Буруугаа хүлээж, уучлал хүсэх нь соѐлтой, боловсон харилцааны хэмжүүр төдийгүй хүн чанараа дордуулаагүй хадгалж яваагийн илэрхийлэл. Урагшгүй үйлдлээ цайруулахаар уучлаарай хэмээн уруул дэвсэж эелдэгхэнээр хэлсэн үг урам хайрлаж, сэтгэл сэргээхгүй ч уцаар хүргэж, бухимдал төрүүлэхээс урьдчилан сэргийлж, хаацайлан хамгаална. Уучлаарай гэх сэтгэлийн гүний үг гомдож харанхуйлсан сэтгэлд гэрэл цацруулан гэгээ тусгах ид шидийн хүчтэй. Буруу зөрүү үйлдлийнхээ төлөө уучлал хүсэх мэдрэмж суларвал хүнийг, хүн биш болгох буруу зам руу хөтөлнө. Бусдаас уучлал хүсч байна гэдэг нь хүнээрээ байгаагийн шинж. Ихэрхүү, дээрэлхүү зан уучлал хүсэх хүслийн өмнө хана хэрэм мэт хөндөлсөнө. Үл мэдэхийн болхи шалтгаанаар уучлал эрэх мэдрэмж нь сулавтар хөгжсөн хүмүүс ч байна. Гурван үл мэдэхийн мананд төөрч будилсан хүн буруу үйлдлийнхээ төлөө уучлал хүсэх мэдрэмжээ үндсэнд нь орхин гээсэн байдаг. Гурван үл мэдэх гэдэг нь: уучлал эрэхийг үл мэдэх, ер нь уучлал хэрхэн яаж эрдгийг үл мэдэх, ерөөс мэдэхийг үл хүсэх гурав юм. Үйлдсэн буруугаа хүлээх, бурууг өрөөл бусдаас биш, өөрөөсөө эхлэн хайна гэдэг бол ѐс суртахууны өндөр шинж

чанаруудын нэг байдгийг залуу хүн бүр мэдэж байх ѐстой. Буруугаа мэдэж байгаа ч гэмшин хүлээхгүй зөрүүдлэх нь дахин буруу үйлдэл хийж ойчих нүхээ ухаж байна гэсэн үг. Баярлалаа, уучлаарай гэх үгсийг хэрэгтэй цагт нь, хэлүүлэх эзэнд нь ичиж зоволгүй хэлж сураарай. Энэ хоѐрхон үг хүний амьдралд их ач тустай болохыг чи аяндаа мэдэрнэ. Баярласан сэтгэлээ үгээр илэрхийлэх дадалгүй хэлгий, үйлдлээрээ харуулах чадваргүй донгио байх нь үнэхээр гутамшиг байдгийг мэд.

Хэлэх үг хамаа замбараагүй биш, хамжаарга хязгаартай байх учиртай. Хэлэх үгийг эзэнд нь зориулахаас дутуугүй хаана хэлэх вэ гэдэг нь онцгой учир утгатай, онц ач холбогдолтой. Тийм ч учраас монгол түмэн хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэж хэлж сургаж ирсэн байна. Харах нүд хязгаартай байдгийн адилаар хэлэх үг ч хэмжээтэй байвал зохилтой. "Их сонсч, бага ярьдаг байхын тулд байгалиас хүн бүрт хоѐр чих, ганц хэл заяажээ" гэх үг бий. Хоѐр өөр орон дэлхийн ухаантнууд дөрвөн зуу шахам жилийн зайтайгаар нэг зүйлд, тухайлбал мэдэхгүй зүйлээ ярихад дургүй тухайгаа ихэр юм шиг агуулгатай хэлсэн байх юм. "Мэддэг бүхнээ бурдаг хүн мэддэггүй юмаа ч ярьж эхэлдэг юм шүү" гэж их сэтгэгч Ф.Бэкон сэрэмжлүүлсэн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн "Чадахгүй юмаа хийх гэж зүтгэдэг, мэдэхгүй зүйлээ ярьдаг хүнд үнэн дургүй" гэж хэлсэн байхыг нь уншсан.

Хэлэх үгийн хэмжээ хязгаарын тухайд янз бүрийн үндэс угсааны хүмүүс яг ижил утгатай сургаал айлдсан байдаг

нь сонин. Дорнын ард түмний дотор "урт хошуу хүзүү орооно" гэх утгатай үг түгээмэл байдаг бол өрнө дахинд "Хурц хэл - авьяас билиг, урт хэл - ял шийтгэл" гэх байдлаар хэлэгддэг байна. Бидний дээдэс хэлсэн үг мөнгө, хэлээгүй үг алт байдаг юм шүү гэж сануулж анхааруулсаар ирсэн. Хаана ч явсан, хэний дунд байлаа ч гэсэн бусдаас дутуу ярьж, бүхнээс гүйцэд сонсож байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх нэг чухал зарчим гэдгийг ой тойндоо тогтоож аваарай. "Сонсох урлаг нь сайн ярих урлагтай бараг адил тэнцүү хүчтэй байдаг" юм. Хэлж ярихыг хүсч, хэл чинь загатнаад байлаа ч хэрэгтэй цагт хэлээ хазаж сурахыг хичээ. "Хүнд ярьж сурахад хоѐрхон жил хэрэгтэй байдаг бол хэлээ хазаж сурахад жаран жил хэрэгтэй" гэх үг бий. Хэлээ хазаж сурах нь хэцүү ч гэсэн хичээвэл болохгүй зүйл огт биш. "Дуугүй суухдаа би дундаршгүй эрдэнэтэй уул, ам хамхилгүй чалчихдаа алтаа дууссан ухмал" гэж Ардын уран зохиолч Т.Галсан шүлэглэсэн байна. Залуучууд уран сайхан ярьж, урамтай сайхан илтгэж сурахаар мэрийх нь чухал ч, хэдийд яаж дуугүй байхад суралцах нь түүнээс дутуугүй чухал. Яагаад гэвэл, "Хэлсэнгүй гэдэгтээ нэг удаа харамсдаг бол дуугүй байх нь яав гэж зуу дахин харамсдаг" юм. Хорвоогийн хамгийн хүчтэй үг бол дуугүй байх явдал мөн. Үгээ бодож ярь. Ам алдвал барьж болдоггүй. Ташаа хэлсэн ганц үг тушаа болон замд тээглэнэ. "Хэлэлгүй тэвчсэн үг чинь - чиний боол, харин чамаас цоргилон гарсан үг чиний ноѐн болдог"-ийг сана. Бодлогогүй хэлсэн болчимгүй үгнээс үсэрсэн оч улаан гал болон асч, унтраахад бэрх түймэр болон дүрэлзэж ч мэднэ.

Санаатай, санаандгүй унагасан ончгүй үг сайн нөхрийн сэтгэлд зэв болон очиж, сэв суулгах осолтой. Ганц үгээр хүнийг үхүүлж ч болно, сэхээж ч чадна.

Өвчин тусчихаад түүндээ баярладаг хүн байхгүй. Гагцхүү бусдад сайн сайхныг хэлж, зөв зүйтэйг зөвлөх буянтай өвчнөөр өвчилсөн бол өөртөө баярла. Бусдад сайн зүйл, хэрэгтэй юм хэлж сургадаг хүн цаглашгүй буянтан. Буянтны энэ цаглашгүй буяныг шингээж авах эсэх нь үг сургаалыг сонсож байгаа хүмүүсийн ухаан мэдэх хэрэг. Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой хүнд алт шиг сургаал хэлээд ч элсэнд асгасан ус шиг алга болох нь харамсмаар. "Онож хэлсэн үгийг чинь тэнэг хүн чихэндээ наахгүй байгааг харахаас илүү халагламаар зүйл гэж үгүй".

Хэлснээ хийж, амласнаа хэрэгжүүл, хэлсэн үгэндээ эзэн сууж, хэрэг явдлаа төгс гүйцээ. Хэлж ярих нь уулын чинээ, хийж бүтээх нь хэдгэнийн чинээ байж хэрхэвч болохгүй. Хэлж ярих нь мэргэн, хийж бүтээх нь мунхаг хүнээс хэмжээлшгүй ихийг хүлээгээд нэмэргүй. Аманд нь бал түрхчихсэн юм шиг амттай сайхныг ярих мөртлөө ар хударгаар нь хар муу юм хайж, хийж явдаг олиг муутай хүмүүс хаа сайгүй. Нүүрэн дээр чихэр бурам шиг амттай үгээр магтан ярих мөртлөө нүднээс далд чинжүү царван шиг гашуун үгээр чичлэн муулах хоѐр нүүртэн хорвоод цөөнгүй. Хэлэх нь цагаан, хийх нь хар хүнээс холын хол зай барьж яв. Аман дээрээ алтан дэлхийг алган дээр нь тавиад өгчих нь холгүй ярих мөртлөө ачир дээрээ юу ч хийхгүй хов хоосон гартанд итгэх аргагүй. Хэлсэнд нь

итгэхээр хийснийг нь хар гэх зарчмаар ам ажлын нэгдлийг нь шинж. Хийснээ үргэлж дүгнэдэгийн адилаар хэлснээ байнга цэгнэж бай. Нүхэнд унахаас үгэнд унах нь хэцүү байдаг болохоор үгний алдаанаас үргэлж болгоомжил. Хийхийн өмнө боломж харагддаг бол хэлэхийн өмнө болгоомж хүлээж байдаг юм. Амны алдааны хойноос харуусч сууснаас ярьж хэлэхээсээ урьд бодож болгоомжилж сур. Өнгөрсний хойноос харамсах нь муу зуршил. Ам алдаж хэлсэн буруу үгээ ахин дахин давтахгүй байхыг хичээ. Хэлэх ѐсгүйг хэлэлгүй хэлээ хазан, тэвчин өнгөрөө. Хэн ч байлаа гэсэн хаа хүртэл хэлж, хаа хүртэл нуухаа эрхбиш мэддэг байх ѐстой. Ам алдаж, бодолгүй хэлсэн үгийн хариуд амаа алгадуулах хатуу үг сонсохдоо уцаарлан гомдох хэрэггүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Хийхэд ичгэвтэр зүйлийн тухай ярихад ч ичгэвтэр байдаг тул ийм яриа хөөрөөнөөс хол хөндий байх нь дээр. Ам нээх болгондоо хүний аазгай хөдөлгөж, дургүй хүргэсэн, хүн гомдоох хорлонт үг амных нь уншлага болсон амны бэлгэгүй хүнтэй ойртохгүй байвал сайн, нөхөрлөхгүй бол бүр сайн. Бусдыг муу хэлэгчид, авах юмгүй найгүй яриагаараа бусдын хайран цагийг үрэн сүйтгэгчдийг сонсох хэрэг байхгүй. Алиа хошин яриагаар нөхдөө баясга, доромж тохуу үгээр бусдыг бүү дайр. Хэлэх үгийг эзэнд нь хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж яваарай.