13
Эсээ бол БИ өөрөө юм. Б.Цасанчимэг (БМДИ-ийн Монгол хэлний сургалт хариуцсан арга зүйч) Ч.Гажиддулам (БМДИ-ийн Нийгмийн ухааны сургалт хариуцсан арга зүйч) Бидний амьдарч буй даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь хүн бүрээс аливааг эргэцүүлэн бодох, шүүн тунгаах, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх, харилцах, хамтран ажиллах, түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг бүтээлч, бодит чадваруудыг шаардаж байгаа билээ. Энэхүү хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжих чиг үүргийн хүрээнд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.17, Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, Багшаас мэргэжлийн шалгалт авах журам, БМДИ-ийн захирлын 2016.01.06 ны өдрийн А/03 тушаал, “Багшийн хөгжил” хөтөлбөр 2012.11.22 БСШУ сайдын А/136 тушаал [4] холбогдох тушаал, журмыг үндэслэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад багшлах эрх олгох, сунгах мэргэжлийн шалгалтыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна. Тус мэргэжлийн шалгалт нь журамд заасны дагуу боловсрол судлал, сэтгэл судлал, заах арга зүйн мэдлэг, чадвар шалгах тест, багшийн мэдлэг, чадвар, хандлагыг илрүүлэх зорилго бүхий эсээ бичүүлэх гэсэн хоѐр үндсэн хэсэгтэй бөгөөд тестийн шалгалтыг 70, эсээ бичлэгийг 30 оноо нийт 100 оноогоор дүгнэж байна. Энэхүү мэргэжлийн шалгалтын эсээ бичихэд тус дөхөм болох үүднээс “Эсээ гэж юу вэ? түүний бүтэц, онцлог” – ийн талаар товч ярилцъя. Эсээ гэж юу? "Essays" - латины “эргэцүүлэн бодох”, франц хэлний “зурах, дүрслэх, оролдох, туршилт, сорилт” гэсэн үгээс гаралтай бөгөөд эсээний талаар эрдэмтэн, судлаачид хэрхэн тодорхойлсныг үзвэл: Тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясалган эргэцүүлэн ямар дүгнэлтэд хүрснийгээ чөлөөтэйгээр хүүрнэн өгүүлэх богино хэлбэрийн бичвэр. (Л.Түдэв) Би төвт биеэс санаа бодлоо нээн өгүүлэх, эргэцүүлэн тунгаах, шүүн дүгнэх, магадлан батлах аргаар бичдэг. (Д.Баттогтох) Эсээ бичигч нь сонгож авсан сэдвээ нийгмийн хурц асуудлыг хөндөхөд чиглүүлж, түүнийгээ хувийн сэтгэгдэлтэй хослуулж, бодол эргэцүүллийн маягаар гаргаж хэлнэ. (Зулькафиль) Хувь хүний ертөнцийг үзэх үзэл боловсрол, оюун сэтгэлгээ, бодол санаа, нэг юм үзэгдэлд хандах хандлага, тэр хүний ертөнц би-г илэрхийлэх, нээх шилмэл хэлбэр бол эсээ юм. (Ц.Өнөрбаян) Нөгөөтэйгүүр, эсээний үндсэн шинж, мөн чанарт хамгийн их дөхсөн тодорхойлолт нь “ЭСЭЭ бол БИ ӨӨРӨӨ юм” гэж тайлбарладаг. Эндээс эсээ нь хувь хүнд үзэл бодол, чөлөөт сэтгэлгээ, “Би” гэдэг дотоод ертөнцөө нээх боломжийг олгодог чөлөөт бичлэгийн төрөл болох нь харагдаж байна. Эсээ гэж юу вэ? гэсэн асуултад хариулахын тулд 1580 онд “Essays” (Туршицууд) нэртэй хэвлэгдэн гарсан францын гүн ухаантан М.Монтений бүтээлд анхаарлаа хандуулах шаардлагатай ба жинхэнэ эсээ хэмээх төрөл зүйлийн үндсэн шинжийг бүрэн төгс агуулсан бүтээлийг бичсэн гэж үздэг бөгөөд эсээний эцэг гэж нэрлэгдэхэд хүрчээ. Францын их сэтгэгч Мишель Эйким де Монтень Тулузын их сургуулиас боловсрол олж, хууль зүй, гүн ухаан судалдаг байсан бөгөөд тухайн үедээ хувийн номын сангаараа зартай байжээ. Номынхоо дунд хамаг л цагаа өнгөрөөдөг байсан гүн ухаантны бүх мэдлэгийн үндэс нь “өөрөө өөрийгөө тань” хэмээх эртний суурь сургаал байсан юм. Тиймээс ч тэрээр ”Миний номын агуулга тэр чигээрээ би өөрөө” гэж хэлсэн нь эсээ бүтээл нь өөрийгөө тодорхойлсон хувь хүний бодрол бясалгал байдаг гэдгийг онцолжээ. (Г.Аюурзанын орчуулсан М.Монтений "Сонгомол эсээнүүд" номыг олж үзэхэд илүүдэхгүй бөгөөд эндээс эсээний суурь ойлголтыг авах болно.)

Essays - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/eseeBichikh.pdf · 100 - 200 үгтэй байх гэсэн ерөнхий жишиг байгааг Европын их дээд сургуулийн

  • Upload
    others

  • View
    33

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Эсээ бол БИ өөрөө юм.

Б.Цасанчимэг (БМДИ-ийн Монгол хэлний сургалт хариуцсан арга зүйч) Ч.Гажиддулам (БМДИ-ийн Нийгмийн ухааны сургалт хариуцсан арга зүйч)

Бидний амьдарч буй даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь хүн бүрээс аливааг эргэцүүлэн бодох, шүүн тунгаах, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх, харилцах, хамтран ажиллах, түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг бүтээлч, бодит чадваруудыг шаардаж байгаа билээ. Энэхүү хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжих чиг үүргийн хүрээнд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.17, Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, Багшаас мэргэжлийн шалгалт авах журам, БМДИ-ийн захирлын 2016.01.06 ны өдрийн А/03 тушаал, “Багшийн хөгжил” хөтөлбөр 2012.11.22 БСШУ сайдын А/136 тушаал [4] холбогдох тушаал, журмыг үндэслэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад багшлах эрх олгох, сунгах мэргэжлийн шалгалтыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна. Тус мэргэжлийн шалгалт нь журамд заасны дагуу боловсрол судлал, сэтгэл судлал, заах арга зүйн мэдлэг, чадвар шалгах тест, багшийн мэдлэг, чадвар, хандлагыг илрүүлэх зорилго бүхий эсээ бичүүлэх гэсэн хоѐр үндсэн хэсэгтэй бөгөөд тестийн шалгалтыг 70, эсээ бичлэгийг 30 оноо нийт 100 оноогоор дүгнэж байна. Энэхүү мэргэжлийн шалгалтын эсээ бичихэд тус дөхөм болох үүднээс “Эсээ гэж юу вэ? түүний бүтэц, онцлог” – ийн талаар товч ярилцъя. Эсээ гэж юу? "Essays" - латины “эргэцүүлэн бодох”, франц хэлний “зурах, дүрслэх, оролдох, туршилт, сорилт” гэсэн үгээс гаралтай бөгөөд эсээний талаар эрдэмтэн, судлаачид хэрхэн тодорхойлсныг үзвэл:

Тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясалган эргэцүүлэн ямар дүгнэлтэд хүрснийгээ чөлөөтэйгээр хүүрнэн өгүүлэх богино хэлбэрийн бичвэр. (Л.Түдэв)

Би төвт биеэс санаа бодлоо нээн өгүүлэх, эргэцүүлэн тунгаах, шүүн дүгнэх, магадлан батлах аргаар бичдэг. (Д.Баттогтох)

Эсээ бичигч нь сонгож авсан сэдвээ нийгмийн хурц асуудлыг хөндөхөд чиглүүлж, түүнийгээ хувийн сэтгэгдэлтэй хослуулж, бодол эргэцүүллийн маягаар гаргаж хэлнэ. (Зулькафиль)

Хувь хүний ертөнцийг үзэх үзэл боловсрол, оюун сэтгэлгээ, бодол санаа, нэг юм үзэгдэлд хандах хандлага, тэр хүний ертөнц би-г илэрхийлэх, нээх шилмэл хэлбэр бол эсээ юм. (Ц.Өнөрбаян)

Нөгөөтэйгүүр, эсээний үндсэн шинж, мөн чанарт хамгийн их дөхсөн тодорхойлолт нь “ЭСЭЭ бол БИ ӨӨРӨӨ юм” гэж тайлбарладаг. Эндээс эсээ нь хувь хүнд үзэл бодол, чөлөөт сэтгэлгээ, “Би” гэдэг дотоод ертөнцөө нээх боломжийг олгодог чөлөөт бичлэгийн төрөл болох нь харагдаж байна. Эсээ гэж юу вэ? гэсэн асуултад хариулахын тулд 1580 онд “Essays” (Туршицууд) нэртэй хэвлэгдэн гарсан францын гүн ухаантан М.Монтений бүтээлд анхаарлаа хандуулах шаардлагатай ба жинхэнэ эсээ хэмээх төрөл зүйлийн үндсэн шинжийг бүрэн төгс агуулсан бүтээлийг бичсэн гэж үздэг бөгөөд эсээний эцэг гэж нэрлэгдэхэд хүрчээ. Францын их сэтгэгч Мишель Эйким де Монтень Тулузын их сургуулиас боловсрол олж, хууль зүй, гүн ухаан судалдаг байсан бөгөөд тухайн үедээ хувийн номын сангаараа зартай байжээ. Номынхоо дунд хамаг л цагаа өнгөрөөдөг байсан гүн ухаантны бүх мэдлэгийн үндэс нь “өөрөө өөрийгөө тань” хэмээх эртний суурь сургаал байсан юм. Тиймээс ч тэрээр ”Миний номын агуулга тэр чигээрээ би өөрөө” гэж хэлсэн нь эсээ бүтээл нь өөрийгөө тодорхойлсон хувь хүний бодрол бясалгал байдаг гэдгийг онцолжээ. (Г.Аюурзанын орчуулсан М.Монтений "Сонгомол эсээнүүд" номыг олж үзэхэд илүүдэхгүй бөгөөд эндээс эсээний суурь ойлголтыг авах болно.)

Эсээг ерөнхийд нь мэргэжлийн эсээ, сургалтын эсээ гэж хоѐр хуваадаг. Мэргэжлийн эсээг уран сайхны, нийтлэлийн, гүн ухааны, эрдэм шинжилгээний эсээ гэх мэт ангилж үздэг байна. Сургалтын эсээ нь мэргэжлийн эсээ бичиж сурах өмнөтгөл гэж ойлгож болно. Канад, Австрали юм уу, Америкийн хэлний болоод бусад чиглэлийн боловсролын байгууллагад эсээ бол танин мэдэхүйд суурилсан сургалтын нэгэн хэлбэр болохын хувьд илүү хэрэглэгддэг. Сургалтын эсээнд хэт философи санаа, уран сайхны сэжим, ур чадвар шаарддаггүй. Эсээний бүтэц: Эсээ нь бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн эхлэл, их бие, төгсгөл гэсэн гурван хэсгээс бүрдэх ба дунджаар 5-6 параграф буюу цогцолбортой байдаг байна. Мэргэжлийн эсээг бүтэцлэх буюу хайрцаглах боломжгүй гэж үздэг бол, харин сургалтын эсээг тодорхой бүтэцтэй байхыг санал болгодог ба эсээний хамгийн түгээмэл бүтэц нь:

Эсээ бичихэд яарахгүй байх, судалгаатай байх, төөрөхгүй байх, эхлэлтэй байх, төгсгөлтэй байх гэсэн зарчмыг баримталдаг. Америк болон Англи, Европын орнуудад “Боловсролын нээлттэй сургалтын зарчим” хэрэгжсэнээр эсээний сэдвийг хэд хэдэн хувилбараар нээлттэй зарлаж, оюутнууд хэдэн долоо хоногийн турш эсээ бичдэг байна. Энэ нь эсээ бичихэд “Яарахгүй байх зарчим” – тай холбоотой бөгөөд тодорхой хугацаанд бичсэнээр эсээ бичигч тухайн сэдвийн хүрээнд ажиглалт таамаглал хийх, шинэ санаа төрөх, улмаар төсөөлөн ургуулж бодох, дүн шинжилгээ хийх зэрэг боломжоор хангагддаг байна. Түүний дараа эсээ бичихэд харьцангуй амар болно гэсэн санаа юм. БМДИ –ийн багшлах эрх олгох ба сунгах шалгалтын эсээний сэдвийг нэг сарын өмнө байгууллагын “itpd.mn” сайтад байршуулдаг нь үүнтэй холбоотой юм. Яарахгүй байх нь судалгаатай байх боломжийг бүрдүүлэх бөгөөд эсээ бичигч тухайн сэдвээр маш өргөн хүрээнд уншиж судлах шаардлагатай ба судлахгүйгээр эсээ бичих боломжгүй. М.Монтень болон Л.Түдэв гуайн эсээ маш нарийн судалгаатай байдаг. Судалгааны үр дүнд баримт бүрдэнэ. Эсээний баримтыг шууд ажиглалтын баримт, шууд бус ажиглалтын баримт гэж хоѐр хуваана. Мэдээллийг харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх зэрэг таван мэдрэхүйн замаар буюу мэдэрч танин мэдэхүйн замаар олж авсан баримтыг шууд ажиглалтын гэнэ. Харин хүмүүсийн туршлага, ном зохиол, бичиг баримт зэргээр дам олж авбал шууд бус ажиглалтын баримт болно. Эсээ бичигч нь агуулга мөн чанарыг илэрхийлэхүйц хамгийн сонирхолтой, өгөөжтэй, ач холбогдол бүхий баримтыг өндөр мэдрэмжээр сонгох хэрэгтэй. Баримт нь: 1. Сонирхолтой байх 2.

Эсээний эхлэл хэсэг

Хөтөч өгүүлбэр:

Эсээний эхэнд байрлаж, уг эсээ чухам юуны тухай өгүүлэх гэж буйг сэдэн мэдүүлэх зорилготой бөгөөд эсээний эхлэл цогцолбор төдийгүй, бүхэл эсээний турш чиглүүлэгч хөтөч нь болно.

Ерөнхий санаа: Эсээний товч агуулга, утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц тусгасан суурь мэдээлэл өгнө.

Эсээний үндсэн хэсэг

Баримт мэдээлэл:

Толгой өгүүлбэрийн санааг дэмжих баримт нотолгоо бүхий өгүүлбэрүүд

Толгой өгүүлбэр:

Цогцолборын эхэнд байрлаж, түүний мэдээллийн суурь болж, түлхүүр өгүүлбэрийн санааг дэмжих өгүүлбэр

Эсээний төгсгөл хэсэг

Зохиогчийн санаа:

Уншигчийг дэвшүүлсэн асуудлын талаар үргэлжлүүлэн бодох, уг эсээний талаар дахин нэг сануулах явдал юм.

Дүгнэлт:

Өгүүлж буй зүйлийн талаар төгс дүр зураг өгнө. Эсээний турш хэлэх гэж байсан гол санааг хураана.

Гол санааг тайлбарлахад зориулагдсан байхад анхаарна. Эсээний гол болон дэд санаануудыг дэмжин өргөтгөх баримт мэдээллийг зохион байгуулах хоѐр түгээмэл арга байдаг. 1. Цаг хугацааны дараалал баримтлах 2. Ач холбогдлын дараалал. Өөрөөр хэлбэл, хамгийн гол сонирхолтой чухал баримтаа хаана яаж байрлуулах вэ? гэсэн санаа юм. Баримт бол баталгаа нотолгоо, нөлөөлөл. Гайхам баримт жишээ бол эсээний амин сүнс. Баримт мэдээллээс ангид зохиомж нь уншигчдад нөлөөлөх боломжгүй юм. Мэргэжлийн шалгалтын эсээний шалгуурт “Баримт нотолгоо ашигласан байдал” (0,1,2 оноогоор дүгнэнэ.) гэсэн үзүүлэлт бий. Эсээнээс тухайн хүний мэдлэг, уншсан хүрээ, танин мэдэхүйн түвшин зэрэг нь харагддаг бөгөөд тухайн шалгалтын гол зорилго нь ч үүнийг илрүүлэх явдал юм. Багш нар цахим ертөнцөөс мэдээллээ нэг ижил хайлтын системээр ижил утгатай түлхүүр үгсийг ашиглан хайдаг, түүнийгээ шууд ашигладаг ба тухайн сэдвийн хүрээнд холбогдох ном гарын авлагыг бага судалдаг, мэдээллийг боловсруулалтгүй ашигладаг, баримт мэдээлэл нь бичих зорилготой уялдаагүй зэрэг байдал ажиглагдаж байна. Маш нарийн судалгаатай бол ерөөс төөрдөггүй, энэ нь эсээний шалгалтын “агуулга нь сэдэвтэйгээ тохирсон байдал” (0,0.5,1 оноогоор дүгнэнэ.) гэсэн шалгуурыг илэрхийлж байгаа юм. Эсээгээ эхэлсэн л бол яг тодорхой асуудалд төвлөрөх, асуудлынхаа хүрээнээс халихгүй байх л гэсэн үг. Нэг үгээр бол хэтэрхий олон асуудал уруу хүрээ хязгааргүй яваад үндсэн гол шугам буюу улаан шугамаасаа, зорилго, утга санаанаасаа төөрчихдөг. Мөн эсээний нэг чухал үзүүлэлт бол эсээ нь хэдэн үгтэй байх асуудал бөгөөд нийтлэг туршлагаас харахад 1000 ба түүнээс дээш үгтэй байх нь түгээмэл байна. Эсээ нь хамгийн багадаа 5 параграфтай байх ѐстой бөгөөд сэдвээс хамааран нэг параграф нь 100 - 200 үгтэй байх гэсэн ерөнхий жишиг байгааг Европын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын эсээ бичлэгээс харж болохоор байна. Бид мэргэжлийн шалгалтын эсээг 250-300 үгэнд багтаан бичүүлж байгаа ба заасан үгийн тооноос хэтрүүлэх буюу дутааж болохгүй. Энэ нь аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу? гэдгийг шалгаж байгаа хэрэг. Эхлэлтэй байх, төгсгөлтэй байх зарчим Эхлэл бол эсээ болон түүний сэдвийн талаарх уншигчийн анхны сэтгэгдэл, төсөөлөл юм. Иймд уншигчийн анхаарал, сонирхлыг татахаар эхлэх хэрэгтэй. Эсээг хэрхэн эхэлж болох тухайд:

Түлхүүр өгүүлбэрийнхээ санааг дэлгэрүүлэх баримтаар эхлэх

Бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санаа юм уу нөхцөлийг сонгон авах

Сэдвийнхээ чухал болохыг уншигчид тайлбарлан эхлэх

Ямар нэгэн хэрэг явдал, товч түүх ашиглаж эхлэх

Асуултаар эхлэх

Эшлэлээр эхлэх зэрэг аргууд байдаг ч сургалтын эсээнд хамгийн сайн эхлэл бол асуултаар эхлэх явдал гэж үздэг.

Эсээг хэрхэн төгсгөж болох тухайд:

Дүгнэлтээр төгсгөх

Асуултаар төгсгөх

Санал ба таамаглал дэвшүүлж төгсгөх зэрэг арга байдаг.

Мэргэжлийн эсээнд зохиогч санаагаа базаж, дүгнэж төгсгөдөг. Өөрөөр хэлбэл асуудлыг оюун дүгнэлтээрээ өөрөө шийдвэрлэдэг. Хамгийн сонирхолтой төгсгөл нь сургалтын эсээнд санал болгодог үргэлжлэлтэй мэт санагдах төгсгөл бөгөөд энэ нь асуултаар буюу асуулт үлдээх төгсгөл юм. Асуудал үргэлжилнэ. Үргэлжлэхдээ ямар нэг хэлбэрээр, өөр өнцгөөр үргэлжилнэ. Уншигч ургуулан бодож өөр өөрийнхөөрөө бодож төгсгөлд хүргэдэг. Энэ төгсгөл бол сургалтын эсээний хамгийн түгээмэл хэлбэр юм. Мэргэжлийн шалгалтын шалгуурт “Эхлэл, гол, төгсгөл хэсгийг гаргасан байдал”-ыг 0,1,2 оноогоор үнэлэхээр заасан байна. Хөтөч өгүүлбэр Хөтөч өгүүлбэр нь энгийн нэгэн сэдэв биш, харин уг сэдэв асуудлын талаар зохиогч юу хэлэхийг хүсэж байгааг илтгэсэн гол санааны хураангуй илэрхийлэл

юм. Энэ нь эсээ бичих явцад таны хөтөч болж, бичсэнээ бүхэлд нь хянахад тусална. Өөрөөр хэлбэл хөтөч санаандаа захирагдаж, түүний дагуу бичнэ гэсэн үг. Хөтөч санааг хэр сайн тодорхойлно, тэр хэрээр бичихэд амар болно. Хөтөч санаа тодорхой бус бол юм юм уруу орж, чухам юу хэлэх гээд байгааг тань уншигчид мэдэж чадахгүйд хүрнэ. Хөтөч өгүүлбэрийг бичихдээ дараах түгэээмэл алдаанаас зайлсхийх хэрэгтэй.

Ерөнхийлөн тунхаглах

Хэт өргөн хүрээтэй ерөнхий баримт дурдах

Хэт явцуу, энгийн болох

Олон санаа агуулах Толгой өгүүлбэр: Цогцолборын гол санааг илтгэнэ. Гол санаагаа олох явдал бичиж байгаа хүнд хэчнээн чухал байдаг вэ, толгой өгүүлбэр бол уншигчдад төчнөөн чухал байдаг юм. Энэ нь гол санаатайгаа ижил утгатай, өдөөх сонирхол төрлүүлэхүйц байх ѐстой. Хэрвээ толгой өгүүлбэр нь сонирхолгүй байвал баталгаа нотолгооны хэсэг хэчнээн сайхан байгаад ч нэмэргүй юм байдаг. Толгой өгүүлбэр нь:

Цогцолборын гол санааг мэдэгдэнэ.

Ихэвчлэн эхний 1-2 өгүүлбэр байна.

Онцлон үзсэн, хураангуй гол санааг илтгэнэ.

Хуурай биш, амьд сонирхолтой байна. “Өвөрмөц шинэлэг санаатай эсэх” (0,1,2 оноогоор дүгнэнэ.) гэсэн шалгуур нь эсээний хамгийн чухал үзүүлэлт юм. Эсээнд “өвөрмөц, содон сонин, шинэ, даацтай” санаа гаргаж бичих нь чухал. Зохиолч До.Цэнджав энэ талаар “Маш өвөрмөцөөр сэтгэж, бүр байшгүйгээр сэтгэж бич. "Юмыг гурван талаас нь харахад гурван өөр харагддаг" гэж М.Ганди хэлсэн байдаг. Тэр өөр өнцгийг харж бич. Манайхан нэг талаас хардаг. Цасыг яагаад цагаан гэж... Д.Пүрэвдорж гуай "Хар цас" гэсэн. "За-гийн эсрэг үгүй, үгүй-гийн эсрэг за" дээр зогсох. Гэхдээ түүнийгээ нотол. Хүний сэтгэлд шинэ сонин төрөгдөл үүстэл, нээрэн ингэж сэтгэж болох юм байна шүү гэж зөвшөөртөл, итгэтэл, үнэмштэл бич. Юмны мөн чанар руу, гүн рүү нь ор. Эрэл хайгуул хий. Оюун санааныхаа гүн тийш, хязгааргүй тийш эрэлхийлж бич” ... гэжээ. Яагаад эсээ гэж? Эсээ нь хувь хүний мэдлэг, чадвар, хандлагын илэрхийлэл болж чадна. Мэдлэг: Эсээнээс тухайн хүний мэдлэг, уншсан хүрээ, танин мэдэхүйн түвшин зэрэг нь харагддаг ба эсээний хамгийн гол шалгуур нь эсээнээс мэдлэг “ханхалж” байх ѐстой гэж үздэг. М.Монтень, Л.Түдэв гуайн эсээнээс маш гүнзгий мэдлэг харагддаг. Чадвар: Бичигч сэдвийн хүрээнд шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан дүгнэх, жиших зэрэг оюуны үйлийг хэрхэн хийж байгааг харах боломжтой. Хандлага: Эсээ бол ерөөс нэгдүгээр биеийн илэрхийлэл юм. Ардчилал нь иргэдийнхээ үзэл санааны чөлөөт илэрхийлэл дээр тогтдог. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь ардчиллын мөн чанар. Эсээ нь хүн өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлэх, түүндээ тулгуурлаад “би” гэдэг дотоод ертөнцөө нээх боломж гэдэг утгаараа бидэнд илүү ойр дөхөм байдаг. Эсээнээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой, мэргэжлээ юу гэж ойлгож байна, тухайн асуудлыг аль өнцгөөс яаж харж байна, үзэл бодол, үнэлэмж хандлага, үнэт зүйл, эрхэм чанар нь юу байна гэдгийг харах боломжтой.

Эсээ бол БИ ӨӨРӨӨ юм. Ном зүй:

1. Монгол хэлний эхийн хэв маяг А.Цог-Очир, Д.Эрдэнэсан УБ., 2016

2. Эсээ бичихүйн үндэс Ж.Өнөрбаян, Ц.Батбаатар УБ., 2006

3. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш боловсролын стандарт

[МУИС 2003, МУБИС 2009]

4. “Багшийн хөгжил” хөтөлбөр 2012.11.22 БШУ-ны сайдын А/136 тушаал

Дараах эсээнүүдээс дээр өгүүлсэн бүтэц, онцлогийг анхаарч уншаарай. Г. Аюурзана Зүүдний тухай яриа

Fled is that music.Do I wake or sleep John Keats

Амьдрал бол зүүд гэх нь бий. Зүүд тэгвэл юу вэ? Жинхэнэ амьдрал уу? Ингэхэд би зүүдэлж байна уу, амьдарч явна уу? (түлхүүр өгүүлбэр) (эхлэл) Зүүд, амьдрал хоѐрын ялгаа бүрхэг л дээ. Бүдүүлэг омог аймгийнхны хувьд ийм ялгаа ерөөсөө байдаггүй юм гэнэ билээ. Би хувьдаа зүүдийг энэ амьдралаас тусдаа зүйл гэдэгт итгэлтэй явдаг ч, эвгүйгээр зүүдлэгдсэн хэн нэгэнтэй инээмсэглээд ярилцчихаж чаддаггүй л юм. Зүүдний ертөнц бидний ертөнцтэй ерөнхийдөө адилхан. (толгой өгүүлбэр) Харин тэнд бид энэ ертөнцөд байдгаасаа хамаагүй чөлөөтэй, өөрийнхөөрөө байдаг. Ганц баримт дурдахад, би зүүдэндээ дугуй унаж сурсан юм. Дунд сургуулийн найзууд маань бүгд дугуй унадаг, би л ганцаараа чаддаггүй. Хоѐр ч дахин тун эвгүй унасны эцэст дугуйнаас өөрийн эрхгүй айдаг болж билээ. Түшүүлж байгаад нэгэнт дөрөө жийгээд эхэлбэл шулуун замд бол дажгүй явчихна. Харин ганцаараа дугуйгаа хөдөлгөөд явж чаддаггүй, бас эргэлт дээр будилдаг байв. Нэг удаа яавал дугуйг унагалгүй хөдөлгөж болдгийг зүүдлэв. Тэгээд эргэлтийг тун ч чадмаг хийж явна гэж зүүдэллээ. Дөрөөг доош жийсэн тал руугаа эргэхэд хялбар байх юм. Маргааш нь ангийнхаа хүүхдийн унадаг дугуйг гуйж зүүднийхээ мэдлэгийг туршиж үзвэл яг болж билээ. Бас зүүдэндээ бид үнэн төрхөөрөө байж чаддаг. (толгой өгүүлбэр) Энэ ертөнцөд бид нэрэлхэж, хуурамч дүр эсгэж амьдрах болдог. Зүүдэнд бол бид үнэхээр айж, үзэн ядаж, догдолж, дурлаж байгаагаа нүүрэндээ гарган үзүүлж, үг яриа маань бодлоос төдийлөн гаждаггүй. Зүүдний үйлдэл маань яг үнэн голоос хийгддэг. Тэгэхээр энэ ертөнц бол бусад хүмүүсийн ертөнц, харин зүүд бол гагцхүү миний л, өөр хаана ч үгүй, өөр хэний ч эзэмшлийн бус ертөнц гэсэн үг. Зүүдэнд байгаа хот хэдийгээр яг л газар дээрх Улаанбаатар, Москва, Копенхаген мөн боловч цөм миний зохиомжилсон хот шүү дээ. Жишээ нь, Москвад бол Тверийн гудамжаар уруудсаар яваад Улаан талбай руу очдог. Харин зүүдэнд бол Улаан талбайн оронд Тасганы овоо харагдаж болно. Яах аргагүй Тасганы овоо мөн боловч, Андерсений бульвар гээд биччихсэн гэрэлт хаягтай байх юу ч биш. Яагаад гэвэл, тэр чинь миний эзэмшил ертөнц. Тэндхийн дэг журмыг би өөрөө ч мэдэхгүй. Гэвч бүх дэг журам нь миний далд ухамсраас л гарч байгаа юм. Зүүдэнд тааралдах хүмүүсийг ч би оюун ухааныхаа нуугдмал ухамсраар бодож олсон. Хэдийгээр тэдний газар дэлхий дээрх дүр төрхийг олон хүн таньдаг ч, миний зүүдэнд тэд эндхийнхээсээ эрс өөр хүмүүс байдаг. Харин нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь, зарим өөдгүй муу хүмүүс зүүдэнд минь миний амийг аварч, үй зайгүй найз минь надад сэрүүндээ бол хэзээ ч итгэмгүй муухай зан гаргаж байсан шүү. Тийм тохиолдолд аль нь илүү үнэний хувьтайг яг таг хэлж би даанч чадахгүй. Зүүдийг энэ амьдралтай зэрэгцээ оршдог, өөр хэмжээс бүхий ертөнц гэх үзэл нэлээд түгээмэл. (толгой өгүүлбэр) Монголчууд Манж Чин гүрний үед орчуулаад бараг л өөрийн уран зохиол мэт үзэх болсон “Улаан асрын зүүд” хэмээх хятадын сонгодог романд яг л өөрийнхөө ахуй амьдралыг тэр чигээр нь зүүдэлж байгаа хүний тухай хэсэг бий. Бодот ертөнцийнх арай л биш нь мэдрэгдээд байдаг тул гол баатар “Үгүй мөн хачин аа! Яг манайх шиг байшин, цэцэрлэг байх гэж үү? Яг л манай зарц нартай адилхан хүүхнүүд бас байдаг аа?” гэж эргэлзсэндээ эзний нэрийг асуувал өөрийнх нь нэрийг хэлнэ. Өөртэй нь адилхан нэртэй, ижилхэн амьдралтай тэр эрхмийн царайг харахаар танил байшингийн шатаар өгсөж унтлагын өрөө рүүгээ шагайвал орон дээр нь нэгэн залуу эр унтаж байх аж. Залуу эр давхийн сэрснээ: “Би цэцэрлэгт салхилж явтал та нар намайг танихгүй, өөр хүнийг намайг гээд байна, тэгтэл миний энэ орон дотор өөр хүн унтаж байна” гэж зүүдэллээ» хэмээн зарц нартай ярих дуулдав. Гол баатар маань ч учрыг олохоор тийш ортол, нөгөө эр “Энэ чинь чи юу? Тэгвэл зүүд биш байх нь ээ?” гэж хачирхана. Төдөлгүй

мань эр сэрчих бөгөөд нөгөө зүүдэн дотор нь сэрсэн хоѐр дахь биеийнхээ хэлсэн үгийг зарц нартаа давтан хэлдэг. Иймэрхүү санаа хятадын философи сэтгэлгээнд бат суурьтай тогтсон үзэл бололтой. “Улаан сарын зүүд” бол XҮIII зууны үеийн зохиол бөгөөд бүр Христийн тооллоос өмнөх III зуунд аж төрж асан гүн ухаантан Жуанз (Жоуз ч гэдэг) эрвээхий болчихсон нисч явна зүүдэлснээ сэрээд эрвээхий, түүнийг зүүдлэгч хоѐрын аль нь чухамдаа жинхэнэ Жуанз болохыг удтал эргэцүүлэн бясалгасан байдаг шүү дээ. Энэчлэн яг ижилхэн зүүд зүүдэлсэн хүмүүс тэр тухайгаа хачирхан ярилцаж байхыг ч би нэг биш удаа сонссон юм байна. Бүр өөр өөр газар, өөр өөр цаг үед нэг зүүд үзсэн хүмүүс байхыг яана! Бие биеэ ч танихгүй хүмүүсийн зүүдний хачин уялдаа холбооны талаарх хамгийн сонин баримтуудын нэг нь Чингис хааны ач Хубилай хаан, XҮIII зууны английн романтик яруу найрагч Самюэл Тейлор Колриж хоѐрт хамаарна. Хубилай хаан өөрийнхөө ордныг барьж байгуулахаасаа өмнө зүүдэндээ харж, сэрүүтээ барилгын төлөвлөгөөг гардан хийж бариулсан юм санж. Энэ тухай Хубилайн удмын Гасан хааны элч өгүүлсэн гэж Рашид- ад-Дины «Судрын чуулган» дотор бий. «Судрын чуулган» европын хэлнээ анх удаа 1836 онд франц уруу орчуулагдсан гэдэг. Тэгвэл 1797 онд яруу найрагч Колриж тун хачин хэлбэрээр холбогдсон тавин хэдэн мөр шүлэг зүүдэлсэн нь чухамхүү Хубилай хааны ордны зохион байгуулалтын тухай өгүүлсэн байжээ. Колриж зүүдэлсэн мөрүүдээ утгын хувьд баяжуулан «Кublа Кhаn» хэмээх найраглал бичсэн нь өнөө хэр англи хэлний яруу эгшиглэнгийн оргил гэгддэг. Харин найраглалын амин сүнс нь хөгжимлөг сонсголондоо байдаг тул орчуулах гэсэн оролдлого бүр үр дүнгүй өнгөрдөг ажээ. Монголын хаан ирээдүйд сүндэрлэх орд харшаа зүүдэлсэн нь таван зуун жилийн хойно английн яруу найрагчид зүүдлэгдэж, улмаар тун өвөрмөц шүлэг болсныг Аргентины их зохиолч Борхес «...ордноо нуран сүйдэх үед эзэн хааны сүнс Колрижийн сэтгэлд нэвтрэн орж, гантиг хийгээд төмрөөс илүү бат бэх зүйл болох үгээр мөнхүү ордноо сэргээн босгоо буй за» хэмээн дүгнэсэн байдаг. Хэрэв тийм бол зүүдээр дамжуулан урьд, хойд нас гэж бий эсэхийг тааварлаж болох нь ээ? Дашрамд хэлэхэд, Колриж монголчуудтай холбоотой сонин таамаг нэг бусыг дэвшүүлсэн хүн. Македоны Александрын үхлийн талаар тодорхой баримт үгүй шүү дээ? Тэгвэл Колриж их байлдан дагуулагчийг эрх ямбанаас залхаад эзэнт гүрнээсээ оргож, монголчуудын хөлсний цэрэг болсон тухай өгүүлсэн нь бий. Юмыг яаж мэдэх вэ, английн тэр яруу найрагч өвөг дээдсийн минь хүчирхэг үеийг сайн мэдэх хэн нэгний сүнс ч юм бил үү. -Би ч гэсэн урьд хэн байсан, хожим хэн болохоо мэдмээр байна. Чи энэ тухай нэг зүүдлэхийг бодоорой гэж би үүнийг бичиж суух зуураа эхнэртээ хэллээ. Миний эхнэрийн зүүдэлсэн юмс ихэнхдээ биелдэг юм. Анхандаа бид хачирхдаг байсан боловч сүүлдээ мэргэн зүүд дэндүү олон тохиолдсон тул тоогоо ч алдчихсан. Тэр хэрээр хачирхахаа ч больсон. Бүр намайг хол газар хэрхэн явсныг зурагтаар харсан мэт яг таг зүүдэлсэн тохиолдол ч бий. Эндээс зүүдний бас нэг сонин чанар харагдаж байна. Зүүдээр хувь заяаны оноолтыг тааж мэргэлж болно! (толгой өгүүлбэр) Христос шашны анхны томоохон онолчдын нэг Ориген: «Бурхан урьдчилан анхааруулалгүйгээр хэнийг ч шийтгэдэггүй» гэж хэлсэн аж. Хүнд аливаа үйл явдлыг урьдаас мэдрэх зөн совин байдаг. Тэр нь ихэвчлэн зүүдээр илэрдэг бололтой. Авраам Линкольн алагдахаасаа хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө үхлийг зөгнөн зүүдэлж эхнэртээ, бас бус хүмүүст ярьсан байдаг. Харин ерөнхийлөгчиин амь насанд халдсан хойно л ойр дотнынхон нь тэр зүүдийг санацгаажээ. «Мянга нэгэн шөнийн үлгэр»-т гардаг булсан эрдэнэсийн тухай мэргэн зүүдийг та санаж байна уу? Зүүдэлсэн эрдэнэсээ хайгаад Египетээс Перс ордог адал явдалт тэнүүлчинд тэндхийн цагдаагийн дарга: -Тэнэг минь, надад л лав Каирт байдаг цагтай цамхаг бүхий байшингийн ѐроолд булаатай алт эрдэнэс гурван удаа зүүдлэгдсэн юм даг. Би тэр хоосон зүүдэнд итгэж тэнүүчлээгүй л байна. Ийм мунхаг юм бүү хөөцөлд гэж зөвлөдөггүй юу. Цагдаагийн

даргын зүүдэлдэг байшин бол мань тэнүүлчний байшин л даа. Ингээд тэр харьж, хашаан дотроосоо бөөн алт ухаж олоод баяждаг юм. Атаархмаар сайхан үлгэр шүү. Ид шидийн юм шиг ийм зохиолуудаас ч болдог уу, хүмүүс мэргэн зүүдийг л үнэтэй мэт, биелээгүй зүүдийг дэмий солиорол мэт санадаг. Би үүнтэй санаа нийлэхгүй. Зөн совинтой зүүдэнд хүний өөрийн уран зөгнөл тун бага. Харин ой тойнд багтамгүй солиотой замбараагүй зүүдэнд дасал болсон логик загварт баригдаагүй, уран бүтээлийн шинж давамгайлдаг. Зүүдэндээ уншиж суугаа сонины нүүрэн дэх том гарчиг ч угтаа тухайн зүүдлэгчийн л зохиол шүү дээ. Зүүд ердийн амьдралаас ялгагддаг хамгийн гол онцлог нь саяын дурдсан логикгүйд байх шиг. Ертөнцийн логик зүүдэнд ер үйлчилдэггүй. (толгой өгүүлбэр) Тэгэхээр хүний далд ухамсар, санаатай бус үйлдэлд логик байдаггүй гэсэн үг. Логикгүй, зөвхөн нууцлагдмал ухамсраар зохицуулагдаж байгаа зүүдний ертөнц уг ертөнцийг бүтээгээгүй бусад хүмүүст мөн танигдхааргүй юм. Жишээ нь, миний зүүд ямагт бүрэнхий, үл мэдэгхэн сүүмгэр манантай орчинд өрнөдөг,гагцхүү хар цагаан байдаг. Харин эхнэр минь тод өнгөтэй зүүдэлдэг тухайгаа ярьдаг. Хэдийгээр бүрсгэр,манантай, хар цагаан боловч би өөрийнхөө зүүдийг хар багаасаа үзсээр дасчихсан тул ямар ч тод, өнгөт зураг харж байгаагаас илүү учрыг нь олж, өчүүхэн зүйлийг ч ялгаж таньдаг. Өөр хүн бол тэнд юу болоод байгааг ч ойлгохгүй биз. Уг зүүд сэрсэн хойно логикгүй санагдана даа гэдгийг би заримдаа зүүдэн дотроо ухаардаг. Гэвч энэ миний санааг ер зовоодоггүй. Заримдаа хар дарж таагүй явдал тохиолдох бүр сонсогддог танил муухай цуурай анзаарагдаад эхэлмэгц эргэн тойрноо сайтар ажиглаад нөгөө л манантай өнгөгүй ертөнцийг таних аз таарвал «Энэ чинь зүүд байна шүү дээ. Мөдхөн сэрчихнэ, зүгээр» гэж өөрийгөө тайвшруулдаг юм. Ингэтлээ ижил дасал болчихсон хэрнээ би тэр ертөнцөөс наашаа ганц удааг л эс тооцвол шүлэг авчирч үзээгүй. Тэнд сонин гайхалтай хөгжим сонсч байсан ч сэрээд амандаа аялах гэхээр л болохоо больчихдог. Номоос уншсанаа эргэцүүлэн бодоход, зүүдээс төрсөн аялгуу сэтгэлд илүү хүчтэй нөлөөлдөг юм шиг. Та Жузеппе Тартинийн «Тrillo del Diavolo»-г хайж олоод сонсоорой. Битлзийн «Үеstеrdау» ч зүүдэнд төрсөн аялгуу шүү дээ. Зүүдлэгдсэн шүлэг зохиол, аялгууг хамгийн гол нь мартахгүй тэмдэглэж авах хэрэгтэй юм билээ. Би зүүдээ ер нь л мартчихдаг юм. Зүүдтэй хамт зүүдлэгдсэн шүлгүүд минь ч мартагджээ. Мартагдсан, сэргээн санах гээд ер чадахгүй байгаа бүхэн хамгаас онцгой хамгаас нандин байсан юм шиг санагддаг нь хачин шүү. Зүүднээс бүрэн гүйцэд сэрэх заримдаа харь гаригаас ирэх мэт бүр үхлээс сэрэх мэт хэцүү. Унтаж буй яг тэр өрөөндөө хэвтэж байгаагаар зүүдэлсний дараа нэг хэсэгтээ л хаана байгаагаа тодорхойлох гэж барьц алдана. Тийн үүлгэртэж самуурсны дараа үхэл учиргүй танил юм шиг, бас санаснаас хавьгүй ойрхон байх шиг төсөөлөгддөг. Харин гайхамшигтай сайхан зүүднээс сэрэхэд хэдий хайран ч, сэтгэлд далдын нэг их баяр бий болчихсон байдаг. Гэхдээ л би Бертран Расселд залуу насанд нь нэгтээ зүүдлэгдсэн шиг тийм гайхамшигтай зүүдийг олж үзээгүй л явна. Уг зүүд ийм: Ширээн дээр орхисон цаасан дунд нэгэн хуудсан дээр «Энэ хуудасны ар талд бичсэн зүйл худлаа!» гэсэн бичиг харагджээ. Хуудсыг эргүүлээд үзвэл: «Энэ хуудасны ар талд бичсэн зүйл худлаа » гэсэн байх нь тэр. Дөнгөж сэрүүтээ Рассел ширээ рүүгээ ухасхийж. Тийм хуудас ширээн дээр нь огт байсангүй. Энэ зүүдний тухай санаандгүй олж уншаад би хичнээн атаархав аа! Гэхдээ хэзээ нэгэн цагт надад үүнээс ч сонин бичиг зүүдлэгдэнэ гэж итгэдэг. Миний далд ухамсарт ер нь юу ч нуутдаж байж мэднэ. Юу ч нуугдаж ... Юу ч... (төгсгөл) 2001.5.6 Г.Аюурзана Мэдэхгүйн тухай яриа Сайн мэддэг юмаа хүн хүндэлдэггүй. “Мэдэхгүй” хэзээд бишрэм хүндэтгэлтэй, аугаа их. (түлхүүр өгүүлбэр) Хүний мэдэх зүйлсийг тоолж болно. Мэдэхгүй зүйлсийн тоо эцэс хязгааргүй, баримжаалах аргагүй. Хэзээ нэгэн цагт танин мэдэж болох зүйлсээс хэзээ

ч танигдахгүй зүйлс ямагт олон Тиймээс ч “Мэдэхгүй” хэмээх үг хамгийн мэргэн зөв хариулт болдог тохиолдол өч төчнөөн. (эхлэл) 1. Чулуу бол хэдэн мянган жилд нэг удаа амьсгалдаг амьд биет гэсэн дүгнэлтийг саяхан хэсэг эрдэмтэд гаргажээ. Сонин мэдээ байгаа биз? «Өдрийн сонин»-д би «Чулууны амь» хэмээх танин мэдэхүйн бэсрэг эсээ бичиж нийтлүүлэхэд Стоунхэнж, хөдөлдөг хөшөөд, Калифорнийн цөл дэх ширгэсэн нуурын элсэн дээгүүр гулгагч чулуудын тухай манайхан их сонирхож байв. Харин миний хамгийн их ач холбогдол өгсөн, надтай тохиолдсон нэгэн өвгөний яриаг уншигчид нэг их анзаараагүй. Би тэр өвгөнийг 1992 оны зун Шаргалжуутад харсан юм. Торниухан ургаа хад бүхэнд чихээ наан удтал суудаг мөнөөх өвгөнтэй нэг удаа зориуд уулзаж, учрыг асуувал: Намайг багад энд нэг гозгор чулуу байсан юм. Зүрхний эмгэгт их сайн гэлцдэг байв. Түүнд чихээ наан чагнахад яг л хүний зүрх цохилж байгаа юм шиг лүг-лүг, лүг-лүг хийн цохилох сонсогддог байсан. Сүүлийн хэдэн жил би тэр л чулууг хайж явна. Ерөөсөө олж чадахгүй байна гэж билээ. Хөөрхий настай хүний чих хатуу байсан ч юм билүү. Би зэрэгцэж суугаад хэдэн чулуу чагнадаггүй юу гэж одоо харамсдаг. Арван жилийн өмнө шүү дээ. Залуу ч, тэнэг ч явжээ. Тэр лүг-лүг хийн цохилдог чулууны тухайд эрдэмтэд хялбархан тайлбар хэлэх байх л даа. Тэр тусмаа Шаргалжуутын халуун рашаан дэлхийн гүнээс оргилдог юм чинь, газар доорх түлхэлтийн чимээ гэж үзэх магадлал өндөр. Гэхдээ чулуу бүхэнд тийм цохилт мэдрэгдэж байсан бол, хуучны улс аль нэгийг нь онцлохгүй шүү дээ? Тэр чулуунд үнэхээр зүрх байдаг ч юм бил үү. Говьд олгой хорхой гэж учир нь олдохгүй, гайхалтай амьтан бий. Шинжлэх ухааны нэр нь бараг л говийнхны ярьдгархуу, “Аller-gorhai-horhai”. Далайд цахилгаан цэнэг ялгаруулдаг загас байдгийг бид мэднэ. Тэгвэл олгой хорхой нь биеэсээ цахилгаан цэнэг харвадаг хуурай газар дээрх цорын ганц амьтан бололтой. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, өндөр настан Лувсандаш гуайн ярьснаар бол, олгой хорхой нь дэлэм хэрийн урт, өнгө байдлаараа бүдүүн хиамтай төстэй, биеийнх нь аль хэсэг толгой, аль хэсэг сүүл болохыг ялгахын аргагүй амьтан байдаг, явсан газраа долгионтсон зураас мэт мөр үлдээдэг гэнэ. Элсэн дээр том хиам шиг зүйл харагдах л юм бол говийнхон алсуур тойрч гардаг. Учир нь, олгой хорхой ойртон очсон амьтныг хэдэн метрийн цаанаас үл үзэгдэх гүйдлээр харваж нам алдаг аж. Хэдэн жилийн өмнө говьд явсан геолог хайгуулын ангийн нэгэн хүн газар ухаж байгаад гэнэтхэн үхэдхийн унасан бөгөөд удалгүй тэр хавийн элсэн дороос асар том олгой хорхой гарч ирсэн гэдэг. Үүнээс үзвэл, уг хорхой нь бас элсэн дороос ч хорт гүйдлээ цацаж чаддаг бололтой. Тэгээд ч говийнхон зүгээр явж байсан тэмээ гэнэт шургачин унаж үхэхийг олонтаа харсан байдаг бөгөөд олгой хорхойнд харвуулчихлаа гэцгээдэг. Олгой хорхой нь өдрийн ихэнхийг элсэнд шургаж өнгөрөөдөг аж. Харин энэхүү аймшигт хорхой чухам ямар гарлын, юугаар хооллодог, яаж үрждэг, хэдүй үеийн амьтан болохыг өнөөгийн шинжлэх ухаан судалж чадаагүй л байна. Ерөнхий байдлаар нь үлэг гүрвэлийн үед л ийм бүдүүлэг биет амьтан байсан гэж таамагладаг ч олгой хорхой судлаачдад нэг ч удаа баригдаагүй болохоор юу хэлэх вэ. Говийнхон болохоор,олгой хорхой эвцэлдэж үрждэггүй, үхдэггүй, мөнх настай амьтан гэсэн домог ярьцгаадаг. 2. Монголын бас нэг хачирхалтай оньсого бол эмэгчин алмасанд баригдаж, агуйнд нь олон жилийг өнгөрөөж, бүр үр хүүхэдтэй болсон хүний тухай яриа ч бий. Алмасыг зарим нутагт Хүн хар гөрөөс гэх ба тэр нь бүх биеэрээ үсээр бүрхэгдсэн, чийрэг бахим биетэй, асар хурдан гүйдэг, бас маш их хүч чадалтай, авдрын чинээ чулуудыг толгой дээрээ өргөөд айлын дайтай хол шидчихдэг хүн дүрстэн гэлцдэг. Холоос харахад эмээлээ үүрээд явж байгаа хүн шиг гэдгийг бодоход, нэлээд бөгтөр бололтой. Алтайн нуруу, Тэнгэр уулсыг алмасын гол нутаг гэж үзсээр иржээ. Өнөө хэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өөлдүүд алмасыг уулын савдаг хэмээн тахидаг аж. Тахиж тайдаг шүтээнээ тэд, мэдээж, хэнбугайд ч зааж өгөхгүй. Тиймээс сүүлийн үеийн хоѐр ч шинжилгээний анги юу ч олоогүй буцсан хэрэг. Ховд гол урсан ордог Хөхийн уулсын

Сэжигтийн хавцал хэмээх газар жилд дор хаяж 2-3 удаа алмастай тааралддаг тухайгаа энэ нутгийнхан сэм хуучилдаг. Алмасыг нүдээрээ үзсэн гэх хүмүүсийн ярианд түшиглэн, 1979 онд англичууд тусгайлан алмас хайх шинжилгээний анги зохион байгуулан Монголд ирүүлсэн удаатай. Уг анги алмасын мөрийг ч олж хараагүй боловч, бүрэлдэхүүнд нь явсан антропологич Майра Шекли «Зэрлэг хүн» хэмээх ном бичиж, тэндээ “...монголчуудын ярианаас би алмас байдагт бүрэн итгэлээ» гэж тэмдэглэсэн байна. Эрдэмтэд энэхүү алмас гээчид нь одоогоос 300 мянган жилийн өмнө устаж үгүй болсон хэмээх неандерталь хүмүүсийн үлдэгдэл байж болохыг үгүйсгэдэггүй. 3. Байгальд таахын аргагүй хачин нууц дэндүү олон. 1992 онд 200-гаад халим далайгаас үсрэн Тасмани арлын эрэг рүү гарч амиа хорлоцгоосон явдал дараа жил нь ахин давтагдсан бөгөөд тэр нь бүр 430 халим байсан тухай зурагтаар харсан юм сан. Халимнаас гадна дельфинүүд ч ийм хачин «зан» гаргадгийн нэг жишээ гэхэд л, тэд 1959 онд 200-гуулаа Австралийн эрэг рүү үсрэн гарч элсэн дээр удтал хөрвөөн амь тавьжээ. Ийм түүх шинэ зүйл биш бөгөөд бүр Эртний Герегийн философич Аристотелиэс халимнууд ийн олноороо амиа хорлодгийн учрыг асууж байсан аж. Их мэргэн « Мэдэхгүй» хэмээн хариулжээ. Цэнхэр бар, одой заан, Лох нуурын савдаг гэхчлэн учир нь олдохгүй хачин амьтдын тухай, Африк болон Латин Америкт ургадаг махчин моддын тухай, сүү уудаг шүтээнүүд, уг нь байгальд тийм шувуу баихгүй гэх боловч нэгэнтээ яахын аргагүй бяцхан жаалыг шүүрэн одсон хангардийн тухай гээд амьд байгалийн оньсогыг тоочоод баршгүй. 4. За, тэгээд Перугийн уулсад байдаг онгоцноос л харж болох эрт үеийн хачин зургийн тухай, Атлантида, Лемури зэрэг нууц нь тайлагдаагүй эх газруудын тухай гээд юу эсийг бид мэдэхгүй билээ. Хавьгүй энгийн зүйл болох Doors хамтлагийн дуучин Жим Моррисон хаачсан тухай ч бид мэдэхгүй. Тэр ч бүү хэл, түүхэнд хамгийн олон бичигдсэн домог болох АНУ-ын хоѐр ерөнхийлөгч Авраам Линкольн, Жон Кеннеди нарын хувь тавилангийн хачин уялдааны учрыг ч хүн төрөлхтөн олохгүй биз. Түүнээс гадна харь гаригиин дохио, нисдэг таваг гээд бараг бүхний танил болчихсон оньсого бий. Сансарт удаан хугацаагаар ажилласан нисэгчдийг гэхэд л харь гаригийнхантай хувийн харилцаа тогтоочихсон байдаг, асар их нууцыг олж мэддэг ч газарт буусан хойноо дэлгэхээсээ айдаг гэхчлэн ярьцгаадаг. Эдгээр жишээ тус бүрээр нэг нэг өгүүлэл бичиж болно. 5. Ээжийн минь эцэгт тохиолдсон нэгэн хачин учрал миний сэтгэлийг ямагт догдлуулдаг. Энэ тухай би хаа нэгтээ цухас бичсэн л дээ. Гэхдээ эл түүхийг хойшид ч олон дахин шинэчилж бичих болно. Өвөө минь залуудаа (26 настай байсан болов уу) нэгэн сайхан тэргэл сартай шөнө сумын төвөөс хөдөө гэр рүүгээ харьж явжээ. Баянхонгорын Гурванбулаг сумын нутагт Нарийны гол гэж бий. Гол өгсөж явтал, араас нь нэг морьтон гүйцэж ирсэн юм билээ. Тэр нь зүс танихгүй, жигтэйхэн ганган хувцастай, залуухан сайхан бүсгүй байсан бөгөөд ямар ч хүний нүд унамаар хилэн хар морины нь хондлой сарны туяанд ногоорон гялалзаж үзэгдсэн гэдэг. Тэд түр зам нийлж, ойр зуурыг ярилцаад л салжээ. Хөдөө сумынхан бие биеэ андахгүй. Тэр нутгийнх яавч биш мөнөөх бүсгүй «Харих гэж явна» гэж хэлээд цацагтай чамин ташуураар морио гуядан ухасхийсэн гэдэг. Голын эхэнд харин өвөөгийнхөөс өөр нэг ч айл байсангүй. 30 жилийн дараа, 1966 онд өвөө мөн л өдөр шиг саруулхан сартай шөнө мөн л Нарийны эхэнд байх гэр рүүгээ явж байж. Гэнэтхэн араас нь гилтгэнэсэн хилэн хар морьтой, залуухан бүсгүй гүйцэн иржээ. Морь, бүсгүй хоѐрын сайхныг дүрсэлж хэлэхийн ч аргагүй. Хамгийн жигтэй нь мөнөөх 30 жилийн өмнөх бүсгүй өчүүхэн ч хувираагүй, яг дүрээрээ байсан гэнэ. Мөн л ойр зуурыг хөөрөлдөөд, бүсгүй ч «Харина» гээд нөгөө л цацагтай ташуураараа морио гуядан ухасхийж. Дөнгөж хөтөл давуут араас нь нэхэж гарвал юу ч үгүй хоосон, гагцхүү эзэнгүй тоос л замхран үзэгджээ.

Энэ түүхийг би нагац ахаасаа сонссон сон. Тэр явдлын дараахан өвөө минь тэнгэрт хальсан юм билээ. Ийм явдал надад ч тохиолдож магадгүй. Би тэр өвөөгийнхөө гал дээр төрсөн юм. 6. Хүн эдэлж хэрэглэдэг зүйлсийнхээ ихэнхийг өөрийн гараар үйлдвэрлэж бүтээдэг ч, тэдгээрийг амьгүй эд агуурс гэж бүрэн итгэлтэй хэлэх аргагүй. Учир нь байгальд нэгэнт бэлэн байсан бодос, биетүүдийн дүрсийг бид өөрийн хэрэгцээнд зориулан хувиргахаас хэтэрдэггүй шүү дээ. Байгалийг алах аргагүй, тэр мөнх настай юм. Магадгүй, энэ л шалтгаанаар заримдаа огт амьгүй зүйлс амьд амьтны ааш авир гаргадаг биз. 1955 оны намар Холливудын залуу жүжигчин «Порше 550-Спайдер» маркийн уралдааны машин худалдаж авснаа Английн нэрт жүжигчин Алекс Гиннесст үзүүлжээ. Уг машинд нэг л муу зүйл шингэсэн мэт санагдсанд Гиннесс энэ сэтгэгдлээ хэлж л дээ Машины эзэн ч шоолон инээгээд өнгөрч. Харин яг долоо хоногийн дараа Жеймс Дин хэмээгч тэр залуу нөгөө машинтайгаа осолд орж нас барсан баина. Машины сэгийг нэгэн засварын газрын эзэн худалдан авсан бөгөөд ямбий «Порше» өргүүрээс мултран унаж, нэг засварчны хөлийг хугалжээ. Өөр нэгэн эр цоо шинээрээ байсан хоѐр дугуйг нь авч машиндаа тавьтал зүв зүгээр явж байгаад мөнөөх хоѐр дугуй зэрэг буудаж, жолооч золоор амьд гарчээ. Дараа нь чөтгөр шүглэсэн «Порше»-гийн хөдөлгүүрийг авч тавьсан өөр нэг машин эргэлт дээр онхолдож, эзнээ ч, ойролцоо зогсож байсан цагдааг ч алсан аж. «Порше»-гийн хойд булыг авч машиндаа тавьсан нэгэн эмч унаа нь жолоодлогогүй болсноос мод мөргөж нас барсан байна. Хэдэн сарын дараа «Порше»-гийн сэгииг тээвэрлэж явсан ачааны тэрэг гэнэт удирдлагагүй болсонд жолооч амиа аврахаар бүхээгнээсээ үсэрчээ. Тэгээд ч нэмэр болсонгүй, гайтай «Порше» яг дээрээс нь унасан гэдэг. Эцэст нь, «Порше» хулгайд алдагдснаар энэ хачин түүх замхарчээ. Машины хулгайч Калифорнийн цөлд үхсэн үү, уулын хавцал руу ниссэн үү, бүү мэд. Холливуд энэ түүхэд үндэслэн уран сайхны кино хийсэн нь Монгол телевизээр орчуулагдан гарч байв. Доор тэмдэглэсэн хэсгээс “Хүний сэтгэлд шинэ сонин төрөгдөл үүстэл, нээрэн ингэж сэтгэж болох юм байна шүү гэж зөвшөөртөл, итгэтэл, үнэмштэл бич” гэсэн эсээний шинжийг анхаарч угшаарай.

Дээр өгүүлсэн салангид яриануудыг аанай л «Мэдэхгүй» холбож байна. Аль ч ярианы нь цаад нарийн учрыг хэн ч мэдэхгүй. Хэн нэгэнд энэ бүхэн ойлгомжтой энгийн зүйл байж болно л доо. Тэгвэл тэр Хэн нэгэн маань хүн л яавч биш. Хүмүүс бид өөрсдийгөө энэ хорвоог танин мэдэх, орчлонгийн бүх үзэгдлийн нууцыг тайлах, газар дэлхийг эзэмших эрхтэй гэж үздэг. Энэ маань харин алдаатай үзэл шиг санагдана. Тиймгүй сэн бол, тайлбарлахын аргагүй ийм далд оньсого алхам бүрийг маань хясаад баймааргүй л юм. Оньсого гэдэгтээ би ямар нэгэн бодисын найрлага, тэнгэрт цахилгаан зурсхийн цахидгийн ч юм уу, солонго татдагийн учир, амьтны хөгжлийн хувьсал, нийгэм дэвжихийн хэрээр хүний сэтгэлгээнд гарч буй өөрчлөлт зэргийг хамруулж байгаа юм биш. Эдгээр нь хавьгүй энгийн, наагуур, бидний таньж тайлбарлах ѐстой зүйлс. Анхнаасаа бидэнд танигдахаар заяагаагүй тэр л анхдагч шалтгааныг чухам оньсого гэмээр байна. Тэр анхдагч шалтгааны үүднээс бол, энэ хорвоо биднийх биш бололтой. Бид зүгээр л зочид гийчид, байгаль дэлхий бол найрсаг зочломтгой айл. Үнэхээр найрсаг зочломтгой айл мөн үү, биш үү гэдгийг ч бид мэдэхгүй. Амьгүй зүйлс үнэндээ биднээс ч илүү амьтай байхыг, амьгүй гэж үзсэндээ хөрөөдөж, харуулдаж, зүлгэж, засварлана гэдэг ѐстой амьгүйн шинж ч юм бил үү, бид мэдэхгүй. Элсэнд шургачихаад нууцаа дэлгэхгүй байгаа тэр битүүлэг амьтан, эсвэл хүнээс дөлж хад агуйд суугаа үлэмж биетэн нарийндаа энэ газар дэлхийн бүрэн эрхт эзэд нь ч байж мэднэ. Жинхэнэ эзэн нь учраас хэзээ ч, юуг ч өөрчлөн бусниулахыг хүсдэггүй ч юм бил үү? Бид мэдэхгүй.

Бодоод байхад, байгаль доторх хүний ааш бол айлд түр зуур ирчхээд байгаа харийн гийчнээс л гарах завшаанч араншин юм. Тийм араншин гаргах мөртлөө тэр айлаас явахгүйг хичээнэ. Хөөж байгаа дохиог үл ойшооно. Өөрийг нь дайлж цайлахаас залхчихаад байгаа хорвоотой зууралдагч хүмүүст л зориулж халимнууд олноороо нэгэн зэрэг амиа егүүтгэж байхыг үгүйсгэхгүй. Амь гэдэг чинь эцсийн эцэст юу болохыг ч бид мэдэхгүй. Хүмүүсийн өөрсдийнх нь дотор ч гэсэн хэчнээн оньсого бийг баримжаалах боломжгүй. Бурхан байна уу,алга уу? Үхэл ойрхон отож зогсоно уу, хол уу? Дурлал хайр гэж чухамдаа үнэн үү, худал уу? Зүүд маань зүүд үү, эсвэл жинхэнэ амьдрал уу? Эхлэл төгсгөлгүй цаг хугацаа, эцэс хаяагүй орон зай гээчийг бид өөрсдөө бодож олоо юу, эсвэл бидэнд зориулан Хэн нэгэн зохиогоо юу? Яасан ч шаналгаатай бэрх асуултууд билээ! Эдгээрийг тойрч гарах арга гэж үгүй. Дайрч туулсны эцэст бид ердөө л Хэн нэгний тоглоом байснаа ойлгох ч юм бил үү? Үүнийг ойлгохын цагтаа л бид жинхэнэ орон гэртээ очиж магадгүй. Бидний ахархан амьдралын хувьд нэг ѐсны тоглоом болсон машин техник, байшин барилга чимэг зүүлт ч үнэндээ биднийг бодвол тоглоомын шинжийг хавьгүй бага агуулсан; биднийг машин жолоодон, байраа засварлан, бөгж зүүн тоглож байхад ч яг жинхэнэдээ бол биднээр өөрсдөөр маань тоглон зугаацаж байдаг агуу их оюун ухаан ч юм бил үү? Бид даанч мэдэхгүй. Мэдэхгүй. Мэдэхгүй учраас л тэр бүгд оршсоор байгаа ч байж мэднэ. (төгсгөл) 2001.5.15.

Дээр өгүүлсэн эсээний түгээмэл бүтцийг дараах жишээнээс харна уу. (Л.Түдэв гуайн энэ эсээ нь эрдэм шинжилгээний эсээ бөгөөд эндээс эсээний түгээмэл бүтцийг жишээлэн

харах боломжтой. Ийм бүтцийг өөр тов тодорхой харуулах эсээ төдийлэн элбэг биш байдаг.)

Аалзны хорвоо

Бие нь өчүүхэн мөртлөө амьдрах аргаараа том энэ амьтан...

( хөтөч өгүүлбэр)

Муухай царайлж байгаад их нууцтай амьтан шүү, аалз!

(зохиогчийн санаа)

Гэвч ирээдүйн сансар судлалд аалз их юм өгөх магадгүй амьтан юм

(дүгнэлт)

Мухар цагаан ямаа (аалз)... (эхлэл)

агуу их цэвэрлэгч,

агуу их махчин

аалзнаас зэвүүцдэг.

нэхмэл- чин

...аалзны нууцыг нээж чадаагүй байна.

барилга - чин

хөдөлмөрийн багаж зэвсэг

нь нэн боловсронгуй

Цөм л айж,

бишүүрхэж аалзыг хаа яваа газар нь

няц дарахыг

эрмэлзэнэ

1 млрд 700 сая хүнийг нэг жилийн дотор аалз идчихсэнтэ

й тэнцэх тийм их хорхой шавж устгаж өгдөг.

...тор, эсвэл нүх, урхи бас аргамж, цалмаар хүртэл ан хийдэг ...

Газар доор нүх ухаад түүндээ

нугастай, даруулгатай хаалга хийж, дотор ханыг нь шүлсдэн өнгөлж ус орохгүй болгоод

амьдардаг...

..гурван км урт шүлсэн

утас гаргаж чадна..

.

Нэхсэн торон

дээгүүрээ маш

хурдан гүйдэг

мөртөө аравгар

олон хөл нь

торондоо

яагаад

орооцолддоггүй

г мэдэж

амжаагүй

байна...

дэмжих өгүүлбэр буюу баримт нотолгоо

толгой өгүүлбэр

П.Батхуягийн “Хурд” эсээний задлалаас дараах онцлогийг анхаарч харна уу.

Хөтөч өгүүлбэр, түүнийг дэмжих баримтыг хэрхэн сонгосныг

Баримтууд бүгд шууд бус ажиглалтын баримт болохыг

Баримт нь хөтөч өгүүлбэрээ хэрхэн дэмжиж байгааг

Эсээний агуулга, сэдэв хэрхэн холбоотой байгааг

“Энэ хурд ямар учиртай ХУРД вэ?, Зул бадамлахын өмнө тодордог шиг хүн... гэх гунигт бодлыг ч төрүүлнэ” гэсэн энэ хурд буюу хөгжил нь мөхөл үрүү яваад байх вий гэсэн зохиогчийн өвөрмөц санааг

“Ёстой мэдэх юм алга. Гэхдээ ХУРДАЛСААР байна” – гэсэн төгсгөл. Цаашаа ч хурдална. Үргэлжлэлтэй мэт санагдаж байна. Хурд яаж үргэлжлэх юм бол, хурд төгсөнө гэдэг нь юунд хүрэх юм бол гэх мэтээр өөрсдийнхөөрөө төгсгөнө.

Хурд

Гэхдээ бүх зүйл нэг хачин ХУРДАД шилжиж буй гэдэгтэй би санал нийлдэг. (хөтөч өгүүлбэр)

Хурд ердөө физик хэмжигдэхүүн гэж ойлгогдохоо болиод уджээ. (эхлэл)

Газрын эзэн

Л.Толстой шиг арван хэдэн жил нэг роман

бичиж байгаа

зохиолчийг одоо

дэлхийн хаанаас ч олохгүй.

Энэ зууны хүүхдүүд төрөөд нэг сар хүрэв үү үгүй юу? хөл гараа сарвалзуулаад... тав зургаан настай хүүхдүүд интернет ертөнцөд дураараа сэлгүүцэж..

Хүмүүс долоо хоног ямар хурдан өнгөрч байна вэ? хэмээн дуу алдах, Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарж... өвс ногоо ширэлдэн ургаж...

Япон: - Хэрэв би нэг өдрийн хичээл тасалбал бүтэн сар нөхөж гүйцэх гэж зовох болно. Тиймээс үхчихээгүй бол хичээлдээ явахаас өөр аргагүй... Ганцхан өдрийн хичээл таслахад л ХУРД чамайг хүлээхгүй тоосроод л алга болох нь.

... Одоо

олон мөр шүлгийг тогтож уншаад цагаа алдах боломж ямар ч насны хүнд үлдсэнгүй. . Үнэхээр богино шүлэг одоо бороо шиг асгарч

байна.

Өнөөх шавь нь багшийнхаа болоод бусдынхаа тэнгэрт тулах тоосыг хараад л хоцорчээ. Араас нь хэчнээн хурдлаад барааг нь олж хараагүй алдсан.

Энэ хурд ямар учиртай ХУРД вэ? Зул бадамлахын өмнө тодордог шиг хүн... гэх гунигт бодлыг

ч төрүүлнэ.

Үнэндээ энэ их хурд таатай сайхан санагдахгүй л байна.

Үнэхээр олон

сайхан зүйлийн

дэргэдүүр анзаарах сөхөөгүй амьдарч

явна.

Өнөөх гайхал хурд

Ямар аймаар юм бэ? Одоохондоо бид тийм ХУРДАНД автчихаагүй байгаа ч олон зүйл дээр хурдалж эхлээд байгааг анзаарч байна.

дэмжих өгүүлбэр буюу баримт нотолгоо

Энэ ямар гээч ХУРД вэ? Одоо бидний амьдралыг авч яваад байгаа ХУРД ч мөн адил ямар хурд вэ? Онолын ойлголтоор харьцангуй хурд уу?, эсвэл

гипер хурд уу? (дүгнэлт)

зохиогчийн хандлага, үнэлэмж

Ёстой мэдэх юм алга. Гэхдээ ХУРДАЛСААР байна. (зохиогчийн санаа)