27
ХОЁРДУГААР БҮЛГИЙН ЗОРИЛГО: “Монголын орчин үеийн яруу найраг” бүлгээр сурагчид та бүхэн яруу найргийн ертөнцөөр аялж, шүлэг, яруу найргийн тансаг сайхныг улам гүнзгий мэдрэх болно. Ингэхдээ монголын орчин үеийн яруу найргийн томоохон төлөөлөгчдийн уран бүтээлээс уншиж, зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн уялдаа холбоог дүгнэх, далд утгыг тайлан тайлбарлах, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийн яруу тансгийг мэдэрч, сэтгэгдэл, мэдрэмж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Зохиолын хэлбэр, бүтэц, хэл найруулгаас суралцан, уран дүрслэл ашиглан санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж төгсгөн бичих Шүлэг, яруу найргаас цээжлэх, түүний уран дүрслэл, уран хэрэглүүр, үг хэллэгийг нь ашиглан ярих чадварыг эзэмших. Мөн өөрийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй, үндэслэлтэй илэрхийлэхдээ бусдын үзэл, санаа бодолтой харьцуулж, дүн шинжилгээ хийх 2 МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЯРУУ НАЙРАГ

МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

ХОЁРДУГААР БҮЛГИЙН ЗОРИЛГО:

“Монголын орчин үеийн яруу найраг” бүлгээр сурагчид та бүхэн яруу найргийн

ертөнцөөр аялж, шүлэг, яруу найргийн тансаг сайхныг улам гүнзгий мэдрэх болно.

Ингэхдээ монголын орчин үеийн яруу найргийн томоохон төлөөлөгчдийн уран

бүтээлээс уншиж, зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн уялдаа холбоог дүгнэх,

далд утгыг тайлан тайлбарлах, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийн

яруу тансгийг мэдэрч, сэтгэгдэл, мэдрэмж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

Зохиолын хэлбэр, бүтэц, хэл найруулгаас суралцан, уран дүрслэл ашиглан санаагаа

бүрэн гүйцэд илэрхийлж төгсгөн бичих

Шүлэг, яруу найргаас цээжлэх, түүний уран дүрслэл, уран хэрэглүүр, үг хэллэгийг

нь ашиглан ярих чадварыг эзэмших. Мөн өөрийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй,

үндэслэлтэй илэрхийлэхдээ бусдын үзэл, санаа бодолтой харьцуулж, дүн

шинжилгээ хийх

2 МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН

ЯРУУ НАЙРАГ

Page 2: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

ПУНЦАГИЙН БАДАРЧ

Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 ондтөржээ. 1960 оноос

уран бүтээлээ эхэлж, "Морьд" (1969),"Есөн эрдэнийн орон" (1972),

"Зургаан мөнгөн мичид" (1977), "Алтан тоос" (1980), "Ширхэг

цагаан сувд" (1980), "Намрын хонгор салхи" (1985), "Би энэ байна"

шилдэг шүлгүүд (1995), "Бөрттэй цагаан сарны дор" (1999),

"Бурхан багшийн сургаал" (2002), "Тэнгэрийн хас од"

(2003) түүврүүд хэвлүүлжээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал (1981), Д.Нацагдоржийн

шагнал (1988), Соёлын гавьяат зүтгэлтэн (1999), Ардын уран

зохиолч (2005) цол хүртжээ.

ЭХИЙН СЭТГЭЛ

Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзсэн ч

Санаа сэтгэл дэгэлзсэн ч

Сарних бодлын үзүүрт үр минь торойно.

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

Араажаваар дуулж байна лээ.

Сайн явна гэнээ миний хүү

Аяны хүн хэлж байна

Муу явна гэнэ миний хүү

Амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй ээ

Амьд яваа нь л ижийдээн

Алдар чинь шүү дээ.

Ижий нь хүүгээ

Их санах юм даа

Араг, савар хоёроо зөрүүлэн байж бодлоо

Аргал, чулуу хоёрыг

Андууран түүж саналаа

Алга аа, миний хүү.

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа

Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ.

Хүний хүү ижийдээ ирж гэнээ

Гол усаар л нэг

Найр наадам болж байна

Миний хүү шоронд орж гэнэ

Голы минь гогдон хэлж байна.

Аа яадгийм, ороо л биз гэж

Гадагшаа би хүүгээ өмөөрлөө

Ам нь цангаж байгаа байх даа

Муу хүү минь гэж

Дотогшоо би өмөлзлөө.

Гал шиг залуу явахад

Үсэрсэн оч минь юмсан

Ганц бие зандан явахад

Тасарсан навч минь юмсан.

Алаг бөмбөл эрдэнэ

Алган дээр байна гэж

Зөгнүүлж ирсэн

Ганц хүү минь дээ

Алтан бэлзэг гаднаас олоод

Амандаа үмхтэл залгичихлаа гэж

Зүүдлүүлж олдсон ганц үр минь дээ

Ядаж яваа юм бол миний хүү

Тэнд яваад юу хийх вэ

УНШИХЫН ӨМНӨ: Эртний дорно дахины яруу найргийн онол болох “зохист аялгууны

толь”-д шүлгийн тухай өгүүлэхдээ: “Ваальмик арш нэгэн үхсэн шувууг хараад

сэтгэл ихэд гуниглан шлок (энэ нь уйтгар гашуудал гэсэн санскрид үг, хожим

монголжиж шүлэг болжээ) бичсэн тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд

шүлгийн гарал нь хүний сэтгэл хөдлөлийн олон өнгө аясыг илэрхийлэн

гаргахад тохиромжтой, түүнийг нь нээх арга хэрэгсэл шинжтэй байж.

Ийнхүү зохиол бүтээлийн төрөл хийгээд зүйл (жанр) бүхэн өөрийн

эртний сурвалж, үүсч хөгжсөн домог түүхийн чанартай мэдээлэл, эсвэл онол

туурвил зүй үүсч хөгжих анхны үеийн онол гаргалгааны үндэс улбаатай байдаг

байна.

Хүүхдүүд та бүхэн “эхийн сэтгэл” шүлгийг уншаад, эхийн сэтгэл хөдлөлийг

яруу найрагч хэрхэн уран яруу илэрхийлснийг тайлбарлаарай.

Page 3: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Ижийдээ л хүрээд ир

Ядарч яваа юм бол миний хүү

Тэнд байгаад яах юм бэ

Ижийдээ л хүрээд ир.

Хүний нүдэнд бол

Хөгцтэй хад шиг

Хөх толгойтой

Хөгшин хүү минь

Ижийнхээ нүдэнд бол

Манцуйдаа тарвалзах

Мяндас цагаан хүү минь

Ижийдээ ир

Хөхөөрөө чамайг даллая

Үхэхээрээ чамайг айлгая

Миний хүү ижийдээ ир.

Ухаантай даа миний хүү

Хурай, хурай

Унага шиг ижийдээн

Давхиад ир

Гуруй, гуруй

(1996 он)

Эх сурвалж: (Гүн-Үйлс Д.“Алтан үеийн яруу найраг” УБ.,2011 х-13-15)

Үгийн тайлбар:

Араажав - радио (Зохиолч, хөдөөгийн хөгшний хэллэг дуудлагаар бичжээ)

Араг - аргал түүхэд зориулсан бургасаар матаж хийсэн сав, савар – аргал хомоол зэргийг

түүх, өвс бөөгнүүлэх зэрэгт хэрэглэдэг олон хуруу, салаатай хамах хэрэгсэл. Араг,

савар (хоршоо үг) – аргал хомоол түүхэд зориулсан эд хэрэгсэл.

Бэлзэг - бөгж

Манцуй - нялх хүүхдийн өлгий

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

1. Шүлгийг уншаад дууссаны дараа ямар мэдрэмж төрөв? Яагаад зохиолч, хүүгийн

дүрийг ийнхүү илэрхийлсэн юм бол?

2. Та бүхэн шүлгээс юуг ойлгов? Юуг өөрсдөдөө тусгаж авсан бэ?

3. Яруу найрагч энэхүү шүлгийг яагаад ийнхүү зохиомжилж бичсэн юм бол?

4. “Хүний нүдэнд бол

Хөгцтэй хад шиг

Хөх толгойтой

Хөгшин хүү минь

Ижийнхээ нүдэнд бол

Манцуйдаа тарвалзах

Мяндас цагаан хүү минь

Ижийдээ ир

Хөхөөрөө чамайг даллая

Үхэхээрээ чамайг айлгая

Миний хүү ижийдээ ир”

– гэсэн хэсгийн санааг тайлбарлана уу.

5. Энэ хэсгийн утгатай дүйх монгол ардын ямар зүйр цэцэн үг байдаг вэ?

6. Ээж нь хүүгийнхээ “муу явааг” сонсоод юу бодож шаналсан бэ?

7. Эх хүний нийтлэг дүр төрхийн

талаар ярилцана уу?

8. Эх хүний сэтгэлийн өчил ямар ямар

үед хэрхэн илэрч байгааг харуулсан

хэсгийг жишээ татан ярилцаарай.

ЭХИЙН ДҮР

Ч.Дагвадорж “Ээж минь

дээ”

Д.Нацагдорж “Миний ижий”

А.Дандий-Ядам

“Миний ээж”

Ц.Дамдинсү-рэн “Буурал ээж минь”

Ш.Сүрэнжав “Ээж минь”

Б.Лхагвасүрэн

“Ижийнхээ ачийг яалаа

даа”

Page 4: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

9. П.Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийн эхийн дүрийг доорх шүлгүүдийн эхийн дүртэй

харьцуулан өөрийн үзэл бодлыг илэрхийлээрэй.

10. Дүрийн мөн чанарыг илэрхийлэхийн тулд зохиолч ямар орчин, орон зайг сонгон

дүрсэлсэн бэ? Үйл явдал хэзээ, хаана болж байна?

БИЧИХ:

1. Бичил дүрслэлийн утгыг тайлбарлаарай.

Бичил дүрслэл Утгын тайлбар

Араг, савар хоёроо зөрүүлэн байж бодлоо

Аргал, чулуу хоёрыг

Андууран түүж саналаа

Алга аа, миний хүү...

2. Үрээ хайрлан санах эхийн санааг илэрхийлэхдээ ямар үг сонгосон байна вэ?

3. Хосоороо ажиллаж болно.

- Шүлгийнхээ аль нэг хэсгийг дуурайн бичих зорилгоор сонгоно уу. Ингэхдээ

юуны тухай өгүүлэхээ төлөвлөж, хэлэлцээрэй.

- Хэдэн мөртэй, хэдэн бадгаас бүтсэн байж болохыг төлөвлөөрэй.

- Бичсэн шүлгээрээ дамжуулан уншигчдад юу хэлэхийг хүссэн бэ?

- Зохиож бичихдээ ямар үгийг сонгож бичихээ сайтар бодоорой.

- Эхлээд ноороглож бичээд, бусдадаа уншуулж, зөвлөж ярилцаарай.

- Ноороглосноо засварлаж, сийрүүлэн бичээрэй.

- Үсгийн дүрмийн болон найруулгын алдааг сайн хянаарай.

4. “Эхийн сэтгэл” шүлгийнхээ утга санааны тухай эргэцүүлж бичихэд бэлдэнэ үү.

Бичихдээ:

Өөрийн үзэл бодлоор тайлбарлана

Сэдэв, утга санаа, дүр, бүтэц, зохиогчийн үзэл бодол гэсэн онолын нэр

томьёог хэрэглэнэ.

Ноороглож бичээд бусдадаа уншуулж, санал бодлоо солилцож,

зөвлөлдөөрэй.

Ноороглосноо дараа нь засаж, сийрүүлэн бичээрэй.

Үсгийн дүрмийн болон найруулгын алдааг сайн хянаж нягтлаарай.

ЯРИХ – СОНСОХ:

1. Эхийнх нь хүүгээ “өмөөрсөн” сэтгэлийг гаргасан хэсгүүдийг тоочин ярилцаарай.

2. Шүлгээс таалагдсан дүрслэлт үг, сэтгэлд нийцсэн болон содон санагдсан үг хэллэгээ

түүвэрлэн бэлдээрэй. Энэхүү үгсээ цээжлээрэй.

3. “Эхийн сэтгэл” шүлгээ эмээ өвөө, ээж аавдаа уншиж, бас ярьж өгье гэж төсөөлье.

4. Ийнхүү ярихдаа: Шүлгийн юуг нь онцолж ярихаа бодож сонгоорой.

Page 5: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Жишээ нь:

- Шүлгээс төрсөн сэтгэгдлээ ярих уу?

- Зохиолчийн үзэл бодол, мэдрэмжийн талаар ярихдаа өөрийн үзэл бодол,

мэдрэмжтэй харьцуулмаар байна уу?

- Шүлгийн онцлог, бүтцийн талаар мэдсэнээ ярих уу?

- Шүлэг дэх үг хэллэгийн талаар ярих уу? гэдгээ эргэцүүлэн бодоорой.

БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:

1. Гүн-Үйлс Д. Алтан үеийн яруу найраг. УБ.,2011

2. МУЗ-ын дээжис 108 боть

3. Бадарч. П Түүвэр зохиолууд

Page 6: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

БИ ТЭНГЭРИЙН ХҮҮ

Би

Тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм

Газрын охинтой гэрлэж

Нарны аяганаас

Цай уусан

Гашуун дарснаас хиртэж

Ганихралын орон дээр

ШАРАВЫН СҮРЭНЖАВ

Шаравын Сүрэнжав 1938 онд Төв аймгийн Авдарбаян

суманд төржээ. МУИС (1963), Москва хотноо А.М.Горькийн

нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын

дээд курсийг (1981)тус тус төгсчээ.

Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв.1960

оноос эхлэн уран зохиол бичсэн. Зохиолчдын эвлэлийн гишүүнд

1966 онд элсчээ. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин

үеийн сэдвээр голчлон бичдэг. Түүний бичсэн "Ерэн баатрын

дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг

ихэд татсан. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран

сайхны кино зохиолоор нь Гарьд магнай (1983), "Тод магнай (1990),

"Цэц магнай" (1995) уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын

шүлэг, найраглал нь Орос, Хятад, Япон, Чех болон бусад хэлэнд

олон удаа орчуулагдан гарсан байна. МЗЭ-ийн шагнал (1972),

МХЗЭ-ийн нэрэмжит шагнал (1979), Төрийн шагнал (1988), Ардын

Уран Зохиолч (1999) цол хүртсэн.

УНШИХЫН ӨМНӨ:

Ш.Сүрэнжав Москвад сурч байхдаа “Би тэнгэрийн хүү” шүлгээ бичсэн бөгөөд энэ шүлэг анх

ЗХУ-д хэвлэгдсэн.

... “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан, дуулуулна”

гэж их уран сэтгэмж оруулан, ихэд амьд өсгөлүүн санааг гаргаснаараа, мөнөөх тэнгэрийн

доорх, газрын дээрх морин толгойтой хуурын тэр нэг орон, дээр тэнгэр эцгийн оронтой

тэмцэлдэх мэт болж, нөгөөтэйгүүр тэр их тэнгэр нар өнөөх морин толгойтой хуураар нь

дутагдах мэт болж, түүнээс цааш тэнгэр нарыг үзэх монголчуудын утга билиг, уран сайхны

соёлын уламжлалаар бол, уран Бишүгарам гэх тэнгэрийн дархны урдтаа ухааныг нь олж

урлаж хийж чадаагүй, уран Гандарва гэх яруу эгшигт тэнгэрийн хоолойны эрдэм хийгээд уран

Мэнага гэх тэнгэрийн дуучны хуурын эгшгээс ч урдтаа дуу эгшиг нь сонсогдоогүй, гагцхүү

морин толгойтой хууранд л байх тийм яруу эгшгээр тэнгэр нар дутаж суудаг мэт олон олон

санааг дам далддаа хурааж өгүүлсэн мэт болж байна...

“Зохист аялгууны толь” хэмээх яруу найргийн онолд дэвшүүлснээр “Бусдаас ангид яруу найраг

үгүй аваас мэргэд түүнийг үглээ тотьтой адил” хэмээсний учир монгол яруу найрагчийн эрдэм

нь чухамдаа “бусдаас ангид яруу найраг”-ийг бүтээсэн зүйл болно.”

Л.Хүрэлбаатар “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү”

Page 7: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Хөрвөөж үзсэн

Цагаан цасан дээрээс будрахад

Хөөцөлдөн эрхэлж,

үүлс сандайлан

уулсаас уулсад

дүүжин хийж

нааддаг байсан

Цагийн бороо тэнгэрээс асгарахад

Хөхин баясаж,

утас дамжих шиг

усан ширхгээр нь авиран гарч

оддыг сондор болгон хэлхэж

цэцгийн толгойд зүүж өгч явсан.

Би

Тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм

Хурмастын аянгаас

гал могой ташуур шүүрэн авч

Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан

Мунхгийн хор шингэсэн хорголжин хар нүднээс нь

Мугалзуур эвэрт үхэрт олиулан бэртэж явсан.

Муугийн гайг шившин хөөж, бусдад ариуныг урин

Мөлхөж яваа хүүхдийн өвдөг доор

Цэцгийн дэлбээ ивж явсан.

Хүний юу бодож явааг харцнаас нь уншдаг байсан

Үгийнх нь үзүүрээс үнэн, худал хоёрын

Утасны учгийг ялгадаг байсан.

Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан

Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж, хүмүүст амсуулсан

Нэг нь амтархан шимж байхад

Нөгөө нь аяглан тамшаалж байсан,

Аанай бас тургиж ч байсан,

Алинд нь ч би гомдоогүй.

Би

Тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэх зуур

Тэрхэн зуурын зүүд болж

Газар дэлхий дээр ирсэн юм

Сэрэхтэй нь зэрэг би явна.

Тэр болтол нь

Та нартайгаа

Уулс түшиж,

Туульс хайлж,

Морин толгойтой хууранд тань

Монгол аялгууг хоршин дуулж сууна...

Эх сурвалж: (Гүн-Үйлс Д. Алтан үеийн яруу найраг. УБ., 2011. х-132-134)

Page 8: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Үгийн тайлбар:

Сондор – шүр, сувд зэрэг үнэт эрдэнэсээр хийсэн хүзүүний чимэг

Олиулах – үхэр эврээрээ сэжлэн мөргөх

Аяглах - элдэв аяг гаргах, олон ааш авир гаргах

УНШСАНЫ ДАРАА:

ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:

“...Шүлгийнхээ төгсгөлд:

Газрынхан минь ээ, хүмүүс минь ээ та нар

Намайг явахын цагт

Энэ морин толгойтой хуураа л өгөөрэй.

Үүгээр чинь би тэнгэр эцгээ

Уяруулан хайлуулан дуулуулна

Үүлэн тансаг хур болон ивлэж

Үргэлжид тэгвэл та нарыг ивээнэ.

Би

Тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи

Ганцхан энэ мөрийг минь

Гайгүй сайн тогтоож аваарай! гэсэн байдаг.

Ингэж, тэнгэр эцгийн зүүдлээд сэрэхлээр явчих “тэнгэрийн зүүдний хүү” биш, тэр

нэгэн цагаас энэ нэгэн үеийг үргэлжилж иртэл газар дээрээ ирж буцаж, тэнгэрийн хүүгийн

үйлсийг бүтээгээд газар дээр нь мөрөө, гантиг чулуун дээр нь нэрээ үлдээж буцах “газрын

хүү”, тэгэхдээ бүр “Монгол газрын хүү” гэдэг санаанд хүргэж, яруу найргийн тэр их холоос

хэлж эхэлсэн “Би тэнгэрийн хүү” гэдэг өгүүлэмжээр “газрын хүү”-гийн гайхамшгийг нээчихэж

байгаа нь яруу найрагчийн яруу үг, уран сэтгэмжийн үлэмж мэдэл, далд зөн, дотоод сонороор

нээгдэж тайлбарлагдах зүйл мөн.

Монгол, дорно дахины яруу найрагт эртнээс уламжлалтай байсан бясалгалын ухаан

буюу самандийн эрдэм гэдэг ийм аж. Ингэж бясалгаж хийсвэрлэж, үлгэрлэж дүрслэхийн олон

боломжийг ашиглаж, яруу найраг, гүн ухааны санааг төгсгөн бичих нь ямар нэг тогтсон хэв

загвараас зохиолч бүрийг гаргаж, тэдний хувь онцлог, өвөрмөц найруулгын өнгө аяс, амт

үнэрийг ялгаруулдаг байна. Чин сүзэгт номун ханы 3-р дүр тэнгэрийн орноос Бурхан багшийн

шарирам шүдийг эрж авч, газрын ертөнцдөө олж ирснийг өгүүлдэг бол, Ш.Сүрэнжавын “Би

тэнгэрийн хүү” хэмээх шүлэгт газрын ертөнцийн, тэр дундаа монголын морин толгойтой

хуурыг тэнгэрийн оронд аваачиж эгшиг дуугаар нь тэнгэр эцгийг баясгах тухай өгүүлсэн нь

чухамхүү “тэнгэрийн” соёлын уран сайхны сэтгэлгээг уран дүрийн эрдмээр шинэчлэн

баяжуулсан хэрэг мөн...”

(Л.Хүрэлбаатар “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү”)

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

1. Шүлгээ олон дахин уншиж үзээрэй

2. Шүлгийг уншаад чамд ямар мэдрэмж төрөв? Гайхсан уу, догдолсон уу, эргэлзсэн үү,

баярласан уу, биширсэн үү...

Page 9: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

3. “Би

Тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм”... үүнийг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ хэлээрэй.

4. Найрагчийн дэвшүүлсэн санааг тунгаан бодож, гол сэдэв, утгыг тодруулаарай.

1. ...Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан

Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж, хүмүүст амсуулсан

Нэг нь амтархан шимж байхад

Нөгөө нь аяглан тамшаалж байсан,

Аанай бас тургиж ч байсан,

Алинд нь ч би гомдоогүй... гэсэн хэсэгт “рашаан” гэж юуг далд утгаар хэлсэн бэ?

5. Дээрх шүлгийн тодруулсан хэсгийг сайтар уншаад, юуны тухай урнаар илэрхийлэн

бичсэнийг тайлбарлаарай

6. Шүлэгт:

...Цагаан цасан дээрээс будрахад

Хөөцөлдөн эрхэлж,

үүлс сандайлан

уулсаас уулсад

дүүжин хийж

нааддаг байсан

Цагийн бороо тэнгэрээс асгарахад

Хөхин баясаж,

утас дамжих шиг

усан ширхгээр нь авиран гарч

оддыг сондор болгон хэлхэж

цэцгийн толгойд зүүж өгч явсан... хэмээн дүрсэлсэн

үгсийг яруу найрагч сонгосны учир юу вэ?

БИЧИХ:

Эрдэмтэн Л.Хүрэлбаатарын “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү” судалгааны

өгүүллийг уншаад төрсөн сэтгэгдлээ бичнэ үү.

Шүлэг буюу эх зохиол, шүүмж буюу судалгааны бичвэрийн уялдаа холбоо, ялгаа заагийг

сайтар тунгаан бодож, шүүмж бичээрэй. Бичсэнээ бусдадаа уншуулж, нөхөдтэйгөө

зөвлөлдөж, санаа бодлоо харилцан солилцоод, нарийн нягталж засварлан бичээрэй.

“Би тэнгэрийн хүү” шүлгийн хэлбэр, бүтцийг дуурайн санаагаа илэрхийлэн шүлэг зохион

бичээрэй.

ЯРИХ – СОНСОХ:

1. Бодит амьдралд байхгүй хийсвэр мэт санагдсан зүйлээ тоочиж, ярилцаарай.

2. Тэрхүү хэсгийг түүвэрлэн уншаад, үзэл бодлоо илэрхийлээрэй.

3. Шүлгээс уран дүрслэлт үг, өөрт таалагдсан үг хэллэг, онцгой содон санагдсан үг хэллэг

зэргийг түүвэрлэн, сэтгэгдлээ илэрхийлэхэд бэлдээрэй.

4. Ярих чадвараа дараах шалгуураар дүгнээрэй.

Page 10: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Маш

сайн

Хангалттай Дахин сайжруулах

шаардлагатай гэж

бодож байна.

Шүлгийн тухай ярихдаа уран дүрслэл

ашиглаж ярьсан уу?

Шүлгийн тухай ярихдаа зохиолоос

сонирхол татсан үг хэллэгийг ашиглаж

ярисан уу?

Уран дүрслэлийг цээжилсэн үү?

Ярихдаа өөртөө итгэлтэй, бусдын

сонирхлыг таттал ярьж чадсан уу?

БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:

1. Сүрэнжав Ш. Хөх тэнгэрийн хур. УБ., 1980

2. Сүрэнжав Ш. Мартаж болшгүй он жилүүд. УБ., 2000

3. Сүрэнжав Ш. Сэтгэлийн увидас. УБ., 2006

4. Хүрэлбаатар Л. Дуун утгын яруу зохист. УБ., 2007

5. Байгалсайхан С. Шаравын Сүрэнжав. УБ., 2002

6. Дэнсмаа Д. Шаравын Сүрэнжавын яруу найргийн туурвилын туршлага, сургамж. УБ.,

2010

7. Дэнсмаа Д. Тэнгэрийн харьяатын ертөнцөд. УБ.,2015

8. Монгол уран зохиолын дээжис. 59, 60. УБ., 2006

.

Page 11: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

УНШИХ ЯВЦАД:

1. Шүлгийг уншихад ямар мөр бадаг нь сэтгэлд чинь тод үлдэж байна вэ, түүнийгээ

дэвтэртээ тэмдэглээрэй.

УНШИХЫН ӨМНӨ:

“Ээж минь дээ” дууг мэдэхгүй монгол хүн бараг байхгүй байх. Хүүхдүүд та нар ч гэсэн сайн

мэднэ. Энэ дууг эхлээд анги нийтээрээ дуулаарай.

Шүлэг төрсөн түүхээс: ...1988 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө байсан санагдаж байна. Ажилдаа

дөнгөж ирээд суутал шүлэг бичмээр санагдаад:

Газар холоос санахад

Гаднаа бөртийж харагдах юм

Галуу шувуу ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа... гээд бичтэл “Ээж минь дээ” шүлгийн бүх

дахилтууд ааг амьсгаагүй сэтгэлд орж ирэх мөрт

Будантай юу буурал хорвоодоо

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу, зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө... гэхчилэн дараа дараагийн үндсэн бадгууд

зохиогдсон... (Дагвадорж Ч. “Будантай юу буурал хорвоод бүүвэйлж өсгөсөн” ээжээ бодоход

шүлэг бичихгүй байхын аргагүй байсан. XX зууны Монгол уран зохиолын онол-түүхийн судалгаа.

УБ.,2011. Х-346-349)

ЧОЙСҮРЭНГИЙН ДАГВАДОРЖ

Хотгойд яст, “Ээж хадныхан” овогт Дагвадорж 1942 онд

“Дэлгэр мөрөн” –ий дэнжид төржээ.Хөвсгөл аймгийн Арбулаг

сумын уугуул. Бага, бүрэн дунд сургууль (1951-1961), МУИС-ийн

монгол хэл, уран зохиолын ангийг (1961-1966) төгссөн,

1977-1980 онд аспирантурт суралцаж, 1981 онд “Монголын

орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил”

сэдвээр Хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Ч.Дагвадорж нь “Дэлхийн үндэсний шүлгийн холбоо”-ны

дэд ерөнхийлөгч, утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын

холбооны гишүүн , МУСГЗ, яруу найрагч, яруу тайлбарлагч, хэл

бичгийн ухааны доктор, профессор, “Нэвтэрхий тольч”.

“Цэргийн албаны гоо зүй” (1975), “Номоос төрсөн бодол”

(1977), “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” (1989), “Монголын

орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил”

(1983), “Уран утгын яруу тайлал” (2006) бие даасан судлал

шүүмжлэлийн ном туурвиж, “Монголын орчин үеийн уран

зохиолын түүх”(1989), “Дэлхийн уран зохиолын бага нэвтэрхий

толь” (2004), “Монголын нэвтэрхий толь” I,II (2000) хамтын

бүтээлийг зохиоход оролцсон.

“Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Хотгойд аялгуу”,

“Ээж минь дээ” зэрэг яруу найргийн 20 гаруй ном хэвлүүлснээс

“Ээж минь дээ” дуу нь хятад, солонгос, можар, англи хэлээр

орчуулагдаж, Дундад Ард улсын доторх 56 үндэстний дийлэнхийн

хэлээр орчуулагджээ.

Page 12: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

2. Өмнө үзсэн П.Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлэгтэй харьцуулж, адил төстэй ба ялгаатай

талыг тайлбарлана уу.

ЭЭЖ МИНЬ ДЭЭ

Будантай юу буурал хорвоодоо

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ

Буруу юу, зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ

Газар холоос санахад

Гаднаа бөртийж харагдах юм

Галуу шувуу ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм

Тоостой юу шаргал хорвоодоо

Торниулж өсгөсөн ээж минь дээ

Тоотой юу хэдэн насандаа

Тоглуулж өсгөсөн ээж минь дээ

Нутаг холоос санахад

Нулимсан дунд минь бүрэлзэх юм

Нуурын шувууд ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох

юм

Нартай юу ганц л хорвоодоо

Намайгаа гэсэн ээж минь дээ

Наргиантай юу олон өдөртөө

Наадуулж бойжуулсан ээж минь дээ

Тун чиг холоос санахад

Тоосон дунд минь бүрэлзэх юм

Тогоруу шувуу буцахлаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм. (1988 он)

Жич:Энэ шүлэгт дуучин С.Цэрэнчимэд аялгуу хийж, өөрөө анх дуулжээ.

Эх сурвалж: (Дагвадорж Ч. “Ээж минь дээ” УБ.,1993.19-р тал)

Үгийн тайлбар:

Бөртийх – холоос юмны бүрэг бараг үзэгдэх

Бүрэлзэх – юмны бүрэг бараг харагдах, сүүмэлзэх

УНШСАНЫ ДАРАА:

ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:

“... Дууны шүлэг

Уянгын зохиолын хамгийн эртний гаралтай түгээмэл зүйлийн нэг нь дууны шүлэг юм.

Хүний санаа сэтгэлийн хувирал өөрчлөлтийн олон өнгө аясыг өөртөө шингээж, түүгээрээ

хөгжмийн эгшиг найрлын зохицлыг урин дуудсан богино шүлгийг дууны шүлэг гэнэ.

- Чойсүрэнгийн Дагвадорж хэмээх энэ эрхэм хүмүүн бичгийн их мөрөнд умбаж

эрдэмтэн, яруу найрагч гэсэн тодотголтойгоор “тоостой юу шаргал хорвоог” элээн баран

алхална. Тодотгол гэдэг нэгэн насны бичгийн их үйлэнд хэтэрхий энгийн мэт авч оносон,

төлөөлсөн нэрийтгэлийн хувьд даанч донжтой зохирдог ажаам. Түүний, эхийн тухай болон

элбэрэл журмын далд уянга бүхий яруу найраг, эрдэм судлалын ажил, бичил тэмдэглэл,

хүүрнэл өгүүллэгийн талаар ярья гэвэл их зүйл бий...

Ч.Дагвадорж нь монголын зохиолчдоос анх

удаа ээжийнхээ дүр бүхий гэрэлт хөшөөг байгалийн

хаданд урлаж “ээж минь дээ” дууныхаа нэг бадгийг

аялгууны тэмдэглэгээний хамт 1998 онд хаднаа

сийлснээс хойш хөвсгөл аймгийн арбулаг сумын 6-р

багийн нутаг ямаат уулын “битүүгийн ам” хэмээх

газрыг олон түмэн “ээж хад” хэмээн нэрлэж

бишрэн хүндэтгэх болжээ.

Page 13: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Зөвхөн, яруу найрагчийн шүлгийн долгис нь гэхэд л их мөрний цутгалан адил

дотоод амьтай бөгөөд түүний сэтгэлийн хэлбэлзлийг анирдан чагнаархах юм бол дэндүү

омголон атлаа намуухан халгиатнам...”

(Цэвээндорж Д. Ижий далайгаа дуулсан уянгын их урсгалан. “Эрин цагийн

шүүмж” УБ., 2009. х-199-204)

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

1. Шүлгээр дамжуулан ямар санааг гаргав, шүлгийн гол утга санаа юу вэ?

2. Зохиолч яагаад “Будантай хорвоо” гэснийг тунгаан, санал бодлоо илэрхийлээрэй

БИЧИХ:

1. “Гаднаа бөртийж харагдах юм” гэсэн дүрслэлээр дамжуулан ямар дүр зургийг

илэрхийлсэн бэ? Өөрийн үзэл бодлоо бичнэ үү.

2. Тус шүлгийн хэлбэрийг дуурайн хоёр бадаг шүлэг зохион бичээрэй

3. Сонгож бичсэн үгээ утгыг нь дэлгэрүүлж, уран санаагаар баяжуулж тайлбарлан

бичээрэй. Шүлгийн бүтэц, зохиомжийг ажиглаад, уран дүрслэлийг түүвэрлэн бичиж

тайлбарлана уу

4. Бадаг бүрээс зөвхөн давтамж бүхий үгсийг үлдээн бичвэл өгүүлбэрийн ямар загвар

үүсэх вэ?

ЯРИХ-СОНСОХ:

1. Шүлэгт илэрч байгаа хүүгийн сэтгэлийн өгүүлэмжийг үгээр яаж илэрхийлснийг

тэмдэглэн ярилцаарай.

3. Шүлгийн дахилт бүрийн төгсгөлийг сайтар ажиглаж, бодож тунгаагаарай. Зохиолч

үүгээрээ юуг хэлэхийг хүн хүссэн бэ?

4. Ээжийгээ санагалзсан хүүгийн цаг улирал нь жилийн аль улирал байна вэ? Яагаад? Энэ

тухай зохиолч бидэнд хэрхэн мэдээлсэн бэ?

5. Бадаг тус бүрийн эхний мөрүүдэд байгаа “хорвоо” гэдэг үгийг хэрхэн тодотгон

холбосныг харилцан ярилцаарай.

6. Энэхүү дууг монгол ардын дууны өв уламжлалтай холбон тайлбарлана уу.

БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:

1. Дагвадорж Ч. XX зууны Монгол уран зохиолын онол-түүхийн судалгаа. УБ.,2011.

2. Байгалсайхан С. XX зууны монгол зохиолчид. Чойсүрэнгийн Дагвадорж (намтар,

уран бүтээлийн товчоон) УБ.,2004

3. Гүн-Үйлс Д. Алтан үеийн яруу найраг. УБ.,2011

4. Дагвадорж Ч. “Ээж минь дээ” УБ.,1993

Page 14: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

а

УНШИХ ЯВЦАД:

1. Шүлгийг уншаад юуг

мэдэрснээ

эргэцүүлээрэй

2. Зохиолчийн сэтгэлийн

ямар өнгө аяс илэрч

байна вэ? Ямар үг,

дүрслэл онцгой

санагдав? Яагаад?

УНШИХЫН ӨМНӨ:

Үе тэнгийнхээ андын бичсэн “Сэлбэ” шүлгийн сэдэв, санааны талаарх товч бичвэртэй

танилцаад, өөрсдийн санаа бодлоо харилцан ярилцаарай.

Сэдэв: Сэлбэ гол

Зорьсон санаа: Усгүй бол цусгүй болохтой адил. Усгүй бол хатна, цусгүй бол vхнэ.

Гол санаа: Сэлбэ гол маань голдрилоороо урсах байтугай, хатаж ширгэхэд хvрсэн талаар

харууссан санааг зохиолч илэрхийлсэн.

(Б. Халиун 12б анги)

ЦЭНДИЙН ЧИМИДДОРЖ (1955-2011)

Яруу нйрагч, cэтгvvлч Чимэддорж 1955 онд Дундговь

аймгийн Дэрэн суманд төржээ. Дундговь аймгийн ХАА-н

техникvм /1974/, Марксизм,Ленинизмийн оройн дээд сургууль

/1990/ төгсөж, сэтгvvлч мэргэжилтэй болсон. Дундговь аймгийн

мал эмнэлэг, ''Улаан туг'' сонин, Монголын радиод ажиллаж байв.

''Морь буусан шагай'' (1985), ''Долоон бурхан'' (1991),

''Хээтэй араншин'' (1991), ''Ерэн есөн атаа'' (1992), ''Хазаар дарсан

шvлгvvд'' (1994), ''Унаган зvvлт'' (1997), ''Нэгэн зуун найман эрих''

(1999), ''Тэнгэрийн наадам'' (1998), ''Улаан тэргэл өдөр'' МУЗ-ын

дээж, 97 боть (2003) гэх мэт яруу найргийн түүврүүд хэвлүүлжээ.

Ц.Чимэддорж нь адуу мал, хурц хурдан хvлгvvдээ магтан

дуулагч, онгод найраг нь хvлгийн хийморь лугаа өөдөө нэгэн

байлаа. Ц.Чимэддорж найрагч Дэрэнгийн хар азарга, Сvрэнхорын

хээр, Маарын хээр, Доржсvрэнгийн хээр, Гарамжавын өсгий

цагаан хар гээд монголын хурдан ажнай хvлгvvдийг бараг

бvгдийг нь шvлгээр мялаасан байдаг.

''Болор цом'' яруу найргийн наадмын 1989,1999 оны

тэргvvн шагнал хvртсэн бөгөөд 1996 онд ''Долоон бурхан од'',

''Малчин'', ''Сэлбэ'' шvлгээрээ МЗЭ-ийн шагнал, 2006 онд

Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МУСГЗ цол хvртжээ.

Page 15: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

СЭЛБЭ

Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал туултайгаа хатирч бэлчирлэдэг усан

Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгнэ

... Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна

Улаан голоор чинь урсаж байгаа

Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж байгаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ

Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг

Тогтоож чадалгүй уурга чиргүүлэн алдсан байж

Зэм халдаамгүй Алтайн цаадах

Зэрэглээ залгилсан халтар говийн

Бидрээ гээтэл цалгилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ

Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа! 1988 он

Үгийн тайлбар:

Ширээх - хатуу болгох

Шидэмс - богино , муу дээс

Бидэр - жижигхэн зурвас толбо мэт болон харагдах хээ

Хярах – амьтны эмээн болгоомжилж, нуугдан бүгж, хөдлөхгүй чимээгүй хэвтэх

Эмнэг – атар догшин, эдэлгээ уналганд сураагүй, онгон

УНШСАНЫ ДАРАА:

ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:

“...Ц. Чимиддорж нь “Сэлбэ” шүлэгтээ байгаль орчноо хамгаалах санааг эрс зоримог, хүчтэй

агаад урнаар өгүүлсэн. Тэрээр байгалийн сэдэвт шүлэгт зонхилж байсан магтаалын болон

уянгын аясыг шинжлэх ухаан технологийн эрин үед хүн төрөлхтний анхаарлыг татаж буй

байгаль орчинг хамгаалах өргөн цар хүрээтэй утга агуулгаар баяжуулж, санаагаа уран тод

дүрслэлээр илэрхийлснээрээ яруу найрагт өөрчлөлт шинэчлэлтийн хандлагыг бий болгоход

хувь нэмэр оруулсан юм... ”

(ШУА, ХЗХ. Монголын орчин үеийн уран зохиолын түүх,4-р боть (1980-2000). УБ.,2014.21-р

тал)

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

1. Шүлэгт ямар асуудлыг хөндөж тавьсан бэ?

Page 16: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

2. “бөг бөг шогшино, тушаатай морь шиг дэгнэ” гэсэн дүрслэлээр ямар далд утгыг

илэрхийлж байна вэ?

3. Дээрх утгыг тайлбарлахдаа үг бүрийн цаадах үндсэн утгыг ярилцаж, тайлан

тайлбарлаарай.

4. Уг шүлэгт гадаад, дотоод орчин хэрхэн дүрслэгдсэн бэ?

5. Сэлбэ голын тухай өгүүлсэн дүрслэл нь дотоод сэтгэлтэй хэрхэн холбогдож байгааг

ярилцаарай

6. Шүлэгт хэрэглэсэн адилтгал, зүйрлэлийн жишээг олно уу.

7. “Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа” гэсний утгыг тайлбарлаж, харилцан санаа

бодлоо солилцоорой.

БИЧИХ:

1. Хүмүүн бидэн байгальтайгаа буруу харьцсанаас болоод Сэлбэ гол шиг болоод байгаа

бидний өмнө тулгамдсан олон асуудал бий. Тэр санааг дэвшүүлж, үзэл бодлоо уран

сайхнаар илэрхийлж, байгалийн бодит жишээн дээр тулгуурлан шүлэг зохион

бичээрэй.

2. Шүлгийн санаанаас сэдэвлэн, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах сэдвээр эсээ бичиж

болно. Ингэхдээ ямар хэлбэрээр, яаж бичихээ сайтар төлөвлөж, холбогдох нэр томьёог

хэрэглэн, баримтаар нотолж, тайлан тайлбарлаж бичээрэй.

ЯРИХ-СОНСОХ:

1. Шүлгийн хэсгээс өөрт таалагдсан хэсгийг цээжлэн, яриандаа ашиглаарай. Жишээ

нь:

... Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна... гэх мэтээр сонгон

цээжилсэн хэсгээ ярихдаа ашиглаж болно.

БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:

1. МУЗ-ын дээжис, 97-р боть. УБ.,...

2. ШУА, ХЗХ. Монголын орчин үеийн уран зохиолын түүх,4-р боть (1980-2000).

УБ.,2014.

Page 17: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

ТАНГАДЫН ГАЛСАН

Т.Галсан 1932 оны Баянхонгор аймгийн Заг гол сумын нутагт төржээ.

МУИС-ийн хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн

төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж

байв. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол

бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн

ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил

хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер,

АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач,

улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, баримтат киноны

ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны

сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар

ажиллажээ. Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг

санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрх дээд сургуулиудад багшлан, бүтээлээ

туурвисаар явна. Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Монгол Улсын Ардын Уран

зохиолч, яруу найргийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч.

ӨГСҮҮР ЗАМЫН ДУУ

Онхол цонхолгүй вандан ширээ говийн

Оорцог тоорцог толгод минь намайг өршөө

Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь

Оготно бор толгодоо уул...уул гэж эндүүрч явжээ

Оцор цацар довцог-ууд дундаа сүмбэр

Очир хэлбэрт уулс минь намайг өршөө

Отгонтэнгэр-ийн зулайг гишгэхээсээ урьд би

Оргил... Өндөр, оргил гэж уулс-аа андуурч явжээ

Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн

Отгонтэнгэр их хайрхан минь намайгаа өршөө

Отго жинстэй алтайг өлмийлөхөөсөө урьд би

Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ

Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон

Онгод билгийн их алтай минь намайгаа өршөө

УНШИХЫН ӨМНӨ:

Зохиолч Т.Галсангийн намтраас өгүүлсэн доорх хэсгийг уншаад, өөрийн бодол дүгнэлтээ

нөхөдтэйгөө хуваалцаарай.

Зохиолчийн намтраас: Анхны шүлгээ 1947 онд бичиж, уран бүтээл нь 1950-аад оноос төв, орон

нутгийн сонин хэвлэлд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ гаргасан.

Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа

Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “Орос-

Монгол толь”-ийн хавсралтыг шатаажээ. Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн

“Өнөр хүний зүрх” ном нь түүнийг монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Тэрээр 1990

оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн

“Өр”, “Сталины хөшөө” зэрэг “Эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд

нийтлүүлсэн байдаг...

“Өгсүүр замын дуу” шүлгийг уншихдаа бадаглалын онцлогийг сайн ажиглаарай.

Page 18: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Од зүлгүүрддэг хималай-г давахаасаа урьд би

Орчлонгийн зулай гэж алтай-гаа андуурч явжээ

Онхол цонхолгүй вандан ширээ говийн

Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө

Оосор бүчгүй сансрын уудмаас халихад

Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байж шүү дээ... 1982 он

Эх сурвалж: (Хаянхярваа Д... нар “Монгол найргийн сувдан эрих” УБ.,2010. х-130-131)

Үгийн тайлбар:

1. Онхол цонхол – бартаа ихтэй, хотойж гүдийсэн байдал

2. Вандан – уужим, урт

3. Оорцог тоорцог – ганцаар тусгаар (хорш үг)

4. Толгод – олон жижиг толгой, дов толгод

5. Олонцог–эмээлийн суудалд хийсэн зөөлөвч

6. Довцог – ов тов өндөрхөн газар, бяцхан дов

7. Отго жинс – ноёд түшмэдийн хэргэм зэргийн ялгааг үзүүлэхмалгайн тэмдэг, өд болон

чулуу

УНШСАНЫ ДАРАА:

Шүлгийн бүтцэд уран сайхны зорилгоор хийсэн давталт, дахилт, хэмжээ тохируулах

зорилгоор ашигласан нугалбар болон хөг эгшиг, айзам хэмнэл, бадаглалын тухай онолын

нарийн ойлголтууд бий. Үүнийг Т.Галсангийн “Өгсүүр замын дуу” шүлгийн бадаглалын

жишээн дээр багштайгаа хамтран ажиглалт хийж мэдэж аваарай.

ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:

“...Ардын уран зохиолч Т.Галсангийн “Өгсүүр замын дуу” /1982/ шүлэг гүн утга, баялаг

сайхан хэл, өө сэвгүй байгуулалт, мөргөл тахилгын хэлбэр, ухаарлын эевэргүү хөг аялгуу

бүхий гүн ухааны аяс хандлагатай. Энэ шүлэг яруу найрагчийн туулсан амьдралаа эргэн

нягталж, хүмүүний өсөн дэвжихийн зам мөр, орчлонгийн жам ёсонг эх нутгийнхаа “оорцог

тоорцог бор толгод”-оос эхлэн “очир хэлбэртуулс”, “Отгонтэнгэр хайрхан”, “отго жинстэй

Алтай”, “од зүлгүүрдэх Химлай”-г давсан амьдралын замналаасаа танин ухаарсныг бадаг дотор

харшуулж, бадаг хооронд ахиуллын ур маягийг зохистой хослуулан урласан гүн ухааны цогц

санаа гэж болно...” (С.Энхбаяр нар)

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

“Онхол цонхолгүй вандан ширээ говь”, “Оорцог тоорцог толгод”, “Оцор цацар

довцогууд” хэмээх дүрслэлийн онцлог, үгийн утгыг тайлбарлан, дүрслэлийн өнгө аяс,

хөг аялгуу, өвөрмөц болсны нууцыг тайлбарлана уу.

Шүлгийг цээжлээд, уран уншаарай.

БИЧИХ:

Шүлгээс юуг ухаарсан бэ?

Ахиуллын уран маягийг ашигласан хэсгийг шүлгээс түүвэрлэн бичээрэй. Ихээс бага

руу, багаас их рүү ахиулахын ялгаа ба онцлогийг ажиглаарай.

Page 19: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Шүлгийн хэлний онцлогийг тодорхойлж бичнэ үү.

БИЕ ДААН УНШИХ ЗОХИОЛ:

1. Галсан Т. “Жирмийн сүлжээ” УБ., 2001, дөрвөн боть

2. Хаянхярваа Д... нар “Монгол найргийн сувдан эрих” УБ.,2010.

3. Монголын сонгомол яруу найраг УБ., 2005

Page 20: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР (1957-1999)

О.Дашбалбар нь 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт

төрсөн. М.Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд

сургуулийг /1984/ төгссөн.

1970-аад оноос уран бүтээлээ эхэлж, “Оддын аялгуу”, “Гол ус

намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Гэрэлт хайр”, “Бакула

Ренбүчи”, “Бурхны мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай

дахь дүрсүүд”, зэрэг номуудаа хэвлүүлжээ. Тэрээр мөн “Мөнхийн

бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”,

“Ардаасаа нуусан ардын эмнэлэг”, “Тусгаар тогтнол-дээд шүтээн”,

“Би Зөвлөлтийн ард түмэнд хайртай” зэрэг олон арван нийтлэл

бичсэн нэрт нийтлэлч байлаа.

Тэрээр эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч, утга зохиол, улс төрийн томоохон

төлөөлөгч байв. МЗЭ-ийн болон Монгол улсын Төрийн шагналт зохиолч.

УНШИХ ЯВЦАД:

1. “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” хоёрын утга,

сургамжийг харьцуулаарай

ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож

Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж

Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь

Өнгө алаг энэ хорвоо дээр

Өөрийн сайндаа чи төрөөгүй

Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах

Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж

Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад

Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч

Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа

Амтат бяслаг, хуруу зузаан өрмийг нь

Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ

Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ

Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой

Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж

Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү

УНШИХЫН ӨМНӨ:

Хүүхдүүд ээ, Та нар “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-ийг уншсаныхаа дараа энэ шүлгийн

хариу болгож, “Найрагч ахдаа хүргэх шүлэг” гэсэн шүлэг зохион бичнэ үү.

Ийнхүү бичихдээ, “Уянгын зохиол бол хүний сэтгэл санааны байдлыг гол төлөв шүлэглэн

гаргадаг. Уянгын зохиолоос хамгийн төгс боловсорсон авианы байгууламж бүхий нь шүлэг”

гэдгийг санаарай.

Page 21: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Ширхэг ширхгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо

Шинэ цаснаас урьтаж, аавдаа нэг очоорой

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай

Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйд гэмшээрэй

Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ

Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож

Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй

Энд чи буруудаж явахад эцгийн чинь нэр доргино

Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах юу л бол

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн

Алтан нар шиг ганцхан юм шүү

Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа

Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай

Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь

Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам

Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд

Аавын гэрийн босгыг алхаж үзээрэй

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж

Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж

Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина

Аав чинь гэрийн хойморт алтайн уул шиг ханхайж

Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж

Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ

Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч

Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж

Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна

Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч

Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж

Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг

Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи

Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана

Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч хогшил хураагчаас

Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи

Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс

Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи

Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү

Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

Дээдийн номтой мэргэдийг эрж

Дэлхийгээр тэнэх хэрэггүй

Дэргэдээ байгаа суут ухаантныг

Дэндүү ойшоолгүй явснаа бод

Page 22: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны

Амин голд нэвтэрсэн мэргэд

Аав ээж хоёр чинь юм шүү

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж

Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй

Аавдаа шил юм өгөх хэрэггүй

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй

Аль алинаар нь тэд дутаагүй

Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л

Ээж, аав хоёртоо хүргэж өг

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү

Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ

Учир мэдэхгүй нялх байхдаа ч

Ухаан суусан идэр насандаа ч

Уул овоо шиг л юмыг ах нь

Улс амьтанд амлаж явлаа

Асарч тэтгэсэн ээж аавынхаа

Ачийг нэг мөсөн хариулж

Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж

Алтан аяганаас уулгахын дайтай

Андуурч эндүүрч явлаа

Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл

Орчлонгийн тоглоом даанч хатуу

Алба ажлын эрхээр алс газар одоод

Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд

Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа

“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг

Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү

Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно

Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж

Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг

Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй

Алдааг минь та нар бүү давтацгаа

Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа

Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг

Ах нь мэдэхгүй ээ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож

Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж

Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь

Өнгө алаг энэ хорвоо дээр

Өөрийн сайндаа чи төрөөгүй

Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах

Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла

Эх сурвалж: (Монголын уран зохиолын дээжис.74-р боть. Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ

УБ., 2001.)

Page 23: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

Үгийн тайлбар:

Эргэнэг – монгол гэрийн гал тогооны хэрэглэлийг агуулах хорго сав, тавиур

Гангар – нарийн ур хийцтэй шаазан

Тагш – модон аяга

Моод (мода) - загвар

УНШСАНЫ ДАРАА:

1. Шүлгийг уран уншаад чухам яагаад яруу сонсголонтой байгааг тайлбарлаарай.

2. “Залуус дүү нартаа” гэсний учрыг сайтар бодоорой.

3. Ээж, аавын дүр төрх, сэтгэл зүйн ялгаа, хүүгийн чин сэтгэлийн өчил үг, захиас

даалгаврыг эргэцүүлэн бодоорой.

ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:

Зохиолын сэдэв: Зохиолын сэдэв гэдэг бол хүний аж амьдралын олон үзэгдлийн дотроос

зохиолчийн бодол сэтгэлийг эзэмдэж, уран бүтээлийн бодол оюунд товлогдсон тэр зүйл юм.

Зохиолын уран үг хэл:

Оросын нэрт яруу найрагч В.В.Маяковский: ”Мянган тонн үгийн хүдрийг түүж байж,

Магадгүй нэг үгийг олж болно” гэж хэлжээ. Их жанжин Д.Сүхбаатар: “Нэг үгээс мянган утга

цацарна” ч гэсэн байдаг. Иймээс зохиол, тэр тусмаа шүлэг, яруу найргийн үгсийн сонголт нь

жинхэнэ тунгаамал, шижир алт мэт нандин байдаг. Үүнийг хүүхдүүд та нар, алдартай яруу

найрагчдын шүлэг зохиолоос нэгэнт мэдэх бөгөөд түүний нэг жишээ нь О.Дашбалбарын

“Залуус дүү нартаа хүргэх шүлэг” билээ. Ийм учраас аливаа зүйлийг зохион бичихдээ үг

сонголтыг оновчтой хийж, түүний утга, дүрслэлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй юм.

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

1. Хүний амьдралын жам ёсны тухай гүн санааг өгүүлсэн хамгийн гол хэсгийг олоод,

хүний амьдралын утга учир чухам юунд орших тухай тайлбарлаарай.

БИЧИХ:

1. Шүлгээс өөрт хамаатай, сэтгэлдээ хамгийн ойр санагдсан санаа бүхий хэсгийг

сонгож бичнэ үү

2. Алба ажлын эрхээр алс газар одоод

Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд

Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа

“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг

Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү

Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно

Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав ээж чинь сэрүүн тунгалаг байж

Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг

Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй

Алдааг минь та нар бүү давтацгаа

Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа

Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг

Ах нь мэдэхгүй ээ... энэ хэсгийг уншаад өөрийн үзэл бодлоор тайлбарлан бичээрэй

Page 24: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

ЯРИХ-СОНСОХ:

1. “Найрагч ахдаа хүргэх шүлэг” хэмээн зохион бичсэн шүлгээ нөхдөдөө уншиж, хэрхэн

бичсэн тухайгаа тайлбарлана уу

2. Үгсийн бүтэц, утга шилжсэн хэсгийг түүвэрлэн, тайлбарлаж ярина уу

3. Монгол хэлний баялаг өв сан, түүний утга энэ шүлэгт хэрхэн илэрсэн байна вэ?

4. Өөрийн зохиосон шүлгээ эх шүлэгтэйгээ харьцуулж, утга бүтцийн онцлог, нэр

томьёоны төсөөтэй ба ялгаатай талыг ярилцаарай

БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:

1. Дашбалбар О. Тэнгэр шиг бай (шүлгийн CD) УБ., 2011.

2. Монголын уран зохиолын дээжис.74-р боть. Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ УБ.,

2001.

3. Сүглэгмаа Х. Очирбатын Дашбалбар. УБ., 2009.

Page 25: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

ЭРХ ЧӨЛӨӨ

Чөлөөтэй омголон дураараа байх би дуртай

Чөдрөө тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай

Талын шувууд торонд биш талдаа жиргэх дуртай

Тааваараа бус орчлон өөрөө Эрх чөлөөнд дуртай

Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй

Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй

Эрх чөлөө гэж хэчнээн ч хашгирлаа гэсэн

Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай

Эгэл даруу гэр, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог

Энгэртээ тэвэрсэн үрс, насны минь хань намайг хорьдог

Элгэн садан ард түмэн, эх орон минь намайг хорьдог

Энэнээс өөр эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ

УНШСАНЫ ДАРАА:

ЭХ ЗОХИОЛ СУДЛАЛ:

“...1990-ээд оны иргэний уянгын хүчтэй дуу хоолой болсон найрагчийн нэг нь Ц.Хулан юм.

“Эрх чөлөө” шүлэгт эрх чөлөө, омголон дураараад хүн бүхэн дуртай гэхдээ бүслүүргүй гэр,

хазааргүй морь гэж байдаггүй шиг эх орныхоо харьяа хявцаанд би оршдог. Ингэж эх орондоо

ЦООДОЛЫН ХУЛАН

1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 23 дугаар дунд

сургууль, УБИС (одоогийн МУБИС)-ийг төгсөж, наяад оноос

уран бүтээлээ эхэлжээ. “Гүнж аялгуу”(1997), “Гуниг

тайтгарал”( 1999), “Торгоны маань хээ” (2001), “Москвагийн

явдал” (2000), “Цэнхэр үдэш”(2005), “Алтан зэгсний ангир”

шүлгийн номоо хэвлүүлсэн байна.

“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын

шагналын эзэн(1999), Г.Сэр-Одын нэрэмжит шагнал (1994)

болон МЗЭ-ийн нэрэмжит шагнал (1999), Д.Нацагдоржийн

нэрэмжит шагнал (2002) хүртсэн.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол (2014)

хүртжээ.

УНШИХЫН ӨМНӨ:

Шүлгийг уншихын өмнө “Эрх чөлөө” гэдэг ойлголтыг чи хэрхэн тайлбарлах вэ?

Ардчилал,аз жаргал, эрх чөлөө, эрх мэдэл... гэдэг үгийг өөрийнхөөрөө тайлбарлана уу?

Page 26: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

“хоригдох” минь миний эрх чөлөө юм гэжээ. Энэ нь эх орны эзэн байхын утга буюу иргэн

байхын үүргийг чухалчилсан санаа юм...”

(ШУА, ХЗХ. Монголын орчин үеийн уран зохиолын түүх,4-р боть (1980-2000).

УБ.,2014.)

ЗАДЛАН ШИНЖЛЭХ ДААЛГАВАР:

УНШИХ:

1. Ерээд оны яруу найрагчдын нэгэн үеийн төлөөлөл болсон эмэгтэй найрагчдын нэг нь

Хургаагийн Сүглэгмаа билээ. Түүний уран бүтээл, яруу найргийн дээжээс та бүхэн

өмнө танилцаж байсан. Энэ удаа түүний “Талын хөх салхи” шүлгийг бүрэн эхээр нь

уншаад, Цоодолын Хулангийн “Эрх чөлөө” шүлэгтэй утга агуулга, уран дүрслэл,

онцлог шинжийг нь харьцуулж тайлбарлаарай.

2. Жишээ нь:

“... Амьд явахад минь

Хамт байж

Алга болоход минь

Хайж үлдэх

Энэ хөх салхи

Талын хөх салхи...” (Х.Сүглэгмаа. Буйд газрын шүлгүүд. 2004.12-р нүүр)

… Талын шувууд торонд биш

талдаа жиргэх дуртай

Тааваараа бус орчлон өөрөө

Эрх чөлөөнд дуртай...

Эхний шүлэгт, дураар сэлгүүцэх “эрх чөлөөт” талын хөх салхийг хорвоогийн мөн чанар, хүний

амьдралын жам ёстой холбон, сэтгэлгээний өргөн далайцаар хэрхэн дүрсэлснийг, дараагийн

шүлэгт “хорионд” байх “эрх чөлөө”-ний тухай өгүүлсэн зэргийн далд утгыг тайлан

тайлбарлана уу.

БИЧИХ:

1. Ц.Хулангийн “Эрх чөлөө” шүлгийн гол санааг эргэцүүлэн бодож тунгаагаад, товч

тодорхой бичээрэй

2. Шүлгийн хэлбэр, бүтцийг дуурайлган “Эрх мэдэл” гэсэн шүлгийг зохион бичээд, дээрх

шүлэгтэй харьцуулж, төсөөтэй ба ялгаатай талыг нь тайлбарлаарай

ЯРИХ-СОНСОХ:

1. Зохиолд дэвшүүлсэн асуудал, гол санааг ярилцан, ангидаа хэлэлцүүлэг хийж болно.

Page 27: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН - mier.mn · “Монгол газрын морин толгойтой хуураар “Тэнгэр эцгээ уяруулан, хайлуулан,

2. Эх орондоо “хоригдох” минь миний эрх чөлөө юм - гэсэн найрагчийн санааг

баяжуулан, өөр өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, саналаа солилцоно уу.

БИЕ ДААЖ УНШИХ ЗОХИОЛ:

1. Сүглэгмаа Х. Буйд газрын шүлгүүд. УБ., 2004.

2. Хулан Ц. Зүгээр л нэг амьдрах сан. УБ., 2006

3. Хулан Ц Алтан зэгсний ангир. УБ., 2013